Monday, June 21, 2010

Сохор толь


Надад бололцоо л олдвол толины урд саатах дуртайгаа нуух юун. Миний хамгийн сайн найз бол толь. Тэр надад үнэнийг хэлдэг цорын ганц үнэнч туслах. Илт зохимжгүй байхад гайхамшигтай үзэсгэлэнтэй байна гэж хэлэх, эсвэл хэнээс ч сайхан байхад санаатайгаар өөртөө итгэх итгэлийг минь хугалах гэж оролдох үед хэн ч толь шиг зөвлөгөө өгч чаддаггүй. Тийм ч учир боломж олдвол тольтой нөхөрлөж өөрийнхөө хичнээн сайхан харагдаж байгааг эсвэл хэрхэн улам сайжрах талаар бодож явдаг нь охидын нийтлэг дүр.

Толинд харах бүрт бүсэлхийгээ давсан тас хар гэзэгтэй, урт сормуустай алаг нүдээ эргэлдүүлсэн инээхэд улаан уруулаар эмжсэн тэгш цагаан шүднүүд нь яралзсан гоолиг биетэй зэгзгэр бүсгүй харагддаг. Би юу ч өмссөн сайхан харагдаж, дотроосоо гэрэлтэн үргэлж аз жаргалтай байна. Сайн сайхан бүрийг сэтгэлдээ амирлуулан явахад амьдрал ийм гэгээлэг өнгөлөг байдаг юм байна гэж итгэдэг. Үнэнч туслах толины хажуугаар өнгөрөхдөө өөртөө сэтгэл дундуур үлдсэн удаа үгүй. Толин дээр тусах дүрс сэтгэл шиг минь үүрдийн сайхнаараа байх юм шиг санаж явлаа.

Би өвдөв. Хэлж сануулалгүй ирдэг хорвоогийн зовлон миний нуруун дээр буулаа. Өтгөн сайхан үс минь өдөр өдөрт шингэрсээр эцэст нь хусуулав. Улаан уруул минь хатаж омголтоод нүдэнд минь гал цог алга. Байнга хэвтэрт байсаар туранхай зэгзгэр гэдэг үг ч надад хамааралгүй болсон. Гэсэн ч хүсэл мөрөөдөл, чин сэтгэл минь хэвээрээ л байсан.

Харин бодит байдлыг байгаагаар нь илтгэдэг үнэнч толь надад үлдсэн өчүүхэн найдварыг булшилсан юм. “Би... би энэ хүн мөн гэж үү дээ?” хэмээн чичирсэн дуугаар өөрөөсөө асуув. Толины тусгалд ойх тэр бүсгүйд надтай төстэй зүйл огтхон ч алга. Харахаас нүд хальтрам өрөвдөлтэй бүсгүйн гуниглаж шаналсан царай харагдана. Гэвч, гэвч миний сэтгэл санаа өөдрөг байгаа шүү дээ. Би урдын үзэсгэлэнтэй бүсгүй хэвээр байж бусдад сайн санаж хорвоо дэлхийг хайрлан нүдээрээ инээсээр байгаа. Дотроосоо нүд сохлом хурц гэрэл цацруулсаар байгаа. Би өмнө нь хэн байсан тэр хэвээрээ байхад толин дох дүрсний ялгаа дэндүү их байна.

Толь сохор юм байна. Тэр хэнээс ч илүү худалч зөвлөгөө өгдөг байсан юм байна. Бидний бие биеэсээ олж харж чаддаг сэтгэл гэдэг зүйлийг огт мэддэггүй юм байна. Толь чинь хоосон хөндий зүйл юм байна. Битгий ахиж толинд итгээрэй, би ч гэсэн. Алив ер нь энэ муу сохор толиор яадаг юм? Хагалаад хаячихъя... Май чи!!! Худал ярьсны чинь шийтгэл энэ. Мянган хэсэг болоод хэвтэж бай!!!

2010/05/23

О.Агиймаа

1 comment: