Monday, June 21, 2010

Чи чоно, би үнэг...


Чи чоно бол
Би үнэг нь болъё
Чиний чадал хүрээгүй бүгдийг
Арга залиараа хуурч нөхье

Чи шүүр бол
Би тосгуур нь болъё
Чиний туусан бохир буртагийг
Зөөж аваачаад хол цацчихъя

Чи аадар бол
Би аянга нь болъё
Үер буулгаж хүчээ гайхуулахад
Цахилгаан бадруулж сүр нэмье

Чи чөтгөр бол
Би там нь болъё
Чиний шүүсэн гэмтнүүдийг
Залхааж цээрлүүлээд хашрааж өгье

Харамсалтай нь
Чин үнэн бол
Чи чоно
Би туулай...

2010/06/20

О.Агиймаа

Битгий санаа зов, бүсгүй минь


Битгий санаа зов
Бүсгүй минь
Бусдын юмыг хумсалж сураагүй юм аа
Би нөхөрт чинь санаархаагүй
Хорвоо дэлхийгээр дүүрэн
Хоосон хуруутай мутруудаас
Хуримын бөгжтэй гарыг
Атгаж би яах юм бэ?

Санаа амар бай
Сайхан бүсгүй минь
Үдшийн жаргалын төлөө би
Үрийн чинь заяаг харлуулахгүй
Эзэнтэй зүрхийг сугалж
Эр эмийг хагацуулдаг нь би биш
Хүний дотоож өмсдөггүй шиг
Чиний нөхрийг би зээлэхгүй

Айж сандрах хэрэггүй бүсгүй минь
Авааль нөхрөө хэнээс ч илүү хайрла
Аргамжыг нь татахад
Агт морь ч эргэдэг байхад
Арга эвийг тохируулбал
Алдуул нөхрийг тогтоох бэрх биш
Амьдралаа аврах эсвэл булшлах нь
Айлын эзэгтэй чиний л сонголт

2010/06/20

О.Агиймаа

Миний амьдрал үүгээр дуусахгүй


Яв даа хайрт минь, буц
Бодлоо өөрчлөхөөс минь өмнө
Эргэлзэж тээнэгэлзэлгүй
Эрх чөлөө рүүгээ
Түргэхэн зугт
Намайг өрөвдөхийн хэрэггүй
Өвдөж сөгдөөд гуйсан ч
Нулимс унагаж үсээ зулгаасан ч
Нүдээ аниад л цаашаа яв
Нүгэл биш амьдрал юм
Гомдол харууслаас өөр ханьгүй
Ганцаардлын хар нүх рүү унасан ч
Миний амьдрал ингээд дуусчихгүй

Хүзүүнд чинь байсан
Хайрын гинжээ би таслалаа
Харамсаж хоргодоод хэрэггүй
Харин нүдэнд харагдаж, чихэнд сонсогдохгүй
Холын хол руу од
Тэвчээрийн далайг ганцаар гатлахад
Сургасан багш нь чи шүү дээ
Зүрхээ сугалаад хоосон цээжтэй хоцровч
Би чамаар дутахгүй

Нэрийг чинь дэвтрээсээ
Дүрийг чинь сэтгэлээсээ
Арчсан үед чи намайг санана
Хариу нэхээгүй хайрыг үгүйлж
Орхиод одсон нуурандаа
Ахиад буухыг оролдох үед

Чиний амьдрал үүгээр дуусахгүй ээ гэж
Чамд хэлээд би инээмсэглэнэ

2010/06/19

О.Агиймаа

Найдвар хамгийн сүүлд үхдэг...


/Үлгэр/

Бусдаас юугаараа ч ялгарамгүй эгэл нэгэн охин байж гэнэ. Эцэг эхгүй өнчин л дөө, гэхдээ залуу охид ямар байдаг билээ? Яг л тэдэн шиг хөгжилдөн наадах, инээн баясах дуртай цовоо цойлгон охин байж гэнэ. Бүх охид тэнгэрт анивчих одонд нүдээ анин хүслээ шивнэдэг байсан бол манай бүсгүй үдшийн тэнгэрт цор ганцаараа ихэмсгээр гэрэлтэх сарнаас нэгэн зүйл гуйдаг байж. Хүссэн үедээ өөр лүү нь нисч чадах даль жигүүртэй болгохыг... Охин хэдий сарнаас жигүүр гуйсаар удсан ч мөрөөдөл нь биелэхгүй л байлаа. Гэвч хүн өөрт байгаагүй эдийн төлөө тэгтэл шаналдаггүй болохоор аар саархан зүйлд сатааран өдөр хоногыг өнгөрөөсөөр л байлаа.

Бусдаас ялгарах юмгүй хаврын нэгэн шөнө аанай л тэргэл саранд хүслээ шивнэн залбирч байтал сарны өчүүхэн хэсэг салчих шиг эсвэл туяа нь бүр хурц болчих шиг. Хий юм харав уу гэж санан нүдээ нухаад хартал үгүй юм аа. Яахын аргагүй сарны нэг хэсэг тасраад өөр лүү нь ирж явна. Охин амаа ангайн харцаа салгаж чадахгүй зогсохдоо зүрх нь лүг лүгхийн баяртайгаар цохилно. Чин сэтгэлийн хүсэлт заавал биелдэг юм байна. Сар хүртэл түүний гуйлтыг сонссон байна шүү дээ. Итгэж л чадвал энэ дэлхий дээр биелдэггүй ид шид, сайхан төгсгөлгүй үлгэр байдаггүй юм байна. Охины судсаар цустай хамт нь итгэл найдвар урсана.

Сарнаас тасарсан туяа ойн цоорхойд буух шиг болоход охин тийш хамаг хурдаараа яаравчлав. Нимгэн шаахайны нь цаанаас чулуу нухан хөндүүрлэж байсан ч битүү ургасан бут сөөг нүүр гарыг шавхуурдан шалбалавч охин огт анзаарсангүй. Харин сарнаас түүнд илгээсэн бэлгээ харахсан гэхээс догдлон улам хурдлана. Далавч л гуйсан болохоор илгээсэн байж таараа. Харин яаж хэрэглэдэг юм бол оо? Зүгээр л хоёр далавч байдаг юм болов уу? Нуруундаа зүүхэд наалдаад биеийн нэг хэсэг болдог юм болов уу? Эсвэл ямар нэгэн шингэн байгаа байх уусны дараа жигүүр ургуулдаг. Юг ямар байдалтайг нь гадарлахгүй ч үнэн зүрхний хүсэл нь биелж байгаа болохоор жаргалтай байлаа.

Охин ойн цоорхойд ирэв. Нүд сохлом хурц гэрлэнд нүдээ гараараа дарахаас өөр арга байсангүй. Нүдээ хагас анин мөрөөдлийн даль жигүүрээ харахыг хичээв. Аажим аажимаар гэрэл бүдгэрэхэд... Ээ бурхан минь түүний гуйснаас тэс өөр зүйл тэнд байлаа. Залуухан сайхан эр. Хараад л баймаар ямар ч сайхан залуу вэ дээ? Саран авхай надад далавчны оронд ийм хүн илгээлээ гэж үү? Өөлөх зүйл байхгүй тэр эрээс харцаа салгаж чадамгүй юм. Харин царай нь зовиур шаналгаатай харагдана. Анзаарвал түүний нуруунаас цус садарч байлаа. Охин үл таних эрээс ичиж бас эмээж байсан ч шархадсан үед нь элдэв юм асуултай нь биш дэргэд нь очоод өвдөглөн суув.

Нүд нь аниатай байсан ч тэр залуугийн дүр охины бяцхан зүрхийг тэр гэхийн тэмдэггүй, урд нь хэзээ ч мэдэрч байгаагүй, өөрөө юу гэдгийг нь ч хэлэх боломжгүй таатайхнаар цохилууллаа. Өмнө нь нэг ч удаа уулзаж байгаагүй хэрнээ түүнийг насаараа мэддэг байсан ч юм шиг. Түүнтэй ямар нэгэн далд хүчээр холбогдсон ч юм шиг. Түүний царай, түүний үнэр, түүний гар бүгд нэг л танил дотно. Хэзээ нэгэн цагт нандигнадаг байсан зүйлээ алдчихаад буцаагаад олчихов уу? Өө мулгуу охин, намайг ингээд гөлөрч байх хооронд түүний өвчин зовиур хэвээрээ л байгаа шүү дээ. Ямар ч байсан энд нь байлгаж болохгүй, аваад явах хэрэгтэй.

Бяцхан охин өөрөөсөө яаж гарсан нь мэдэгдэхгүй чадлаар залууг ямар ч л байсан гэртээ авчирч орон дээр хэвтүүлэв. Шархыг нь боож цэвэрлээд сайхан залууг ширтээд суулаа. Цонхоор сарны гэрэл тусахад залуу дагжин чичирч ёолов. Энэ байдал нилээн хэд давтагдахад охин анзаарч хөшигөө татахад шархтан тайвширч нам унтлаа. Бүсгүй цурам хийсэнгүй. Тэр ховсдуулчихсан мэт, залуугийн дэргэдээс алхам ч холдомгүй. Бүр нүдээ цавчих үедээ ч залууг харахаар яаран нүдээ нээнэ.

- Сарнаас жигүүр гуйхад яагаад түүнийг илгээсэн юм бол? Эсвэл энэ хүнийг миний жигүүр болж амьдраг гэсэн юм болов уу? Түүний нэрийг хэн гэдэг юм бол? Тэр бас намайг хараад ингэж догдлох болов уу? Би түүнийг анх хараад л хайртай байсан гэдгээ мэдэрсэн шиг тэр бас надад хайртай болов уу? Түүний дуу хоолой нь ямар бол? Тэр сэрээд намайг хараад инээмсэглэх байх даа? Бас ямар сайхан урмын үгсээр намайг тэтгэх бол? Тэр мөчид би хязгааргүй жаргалтай болох биз. Тэгээд надтай үүрд хамт байна байх даа? Саран бид хоёрыг учруулсан болохоор бидний аз жаргалыг адислана даа. Баярлалаа сар минь.

Тэнгэрээс унасан эрийг сэрээгүй байхад охин ганцаараа ийнхүү ярилцаж өөрөө ургуулсан төсөөлөлдөө баярлан хөөрнө. Тэр мөчид хорвоо дээр охиноос илүү жаргалтай хүн байсангүй. Тийм ээ тэр жигүүрээ олчих шиг боллоо. Түүний төсөөлснөөс өөр жигүүр, гэхдээ хэдэн мянга дахин илүү. Сайхан залуугаа сэрэхийг тэсч ядан хүлээлээ.

- Сэрснийх нь дараа юу болох бол? Тосгон даяар гэнэт гарч ирсэн сайхан эрийн тухай хэл ам гарна даа. Бас бүх охид түүнийг өөрийн болгох гэж оролдоно. Гэхдээ би түүнийгээ хэнд ч алдахгүй, бас бүгдээс нь хамгаална. Тэр бол зөвхөн миний хайрт. Хэн ч түүнийг надаас илүү хайрлаж чадахгүй. Бид хоёр бие биедээ зориулагдсан.

Охин энэ маягаар өөртэйгөө ярилцсаар хором бүр түүний хувьд жил шиг өнгөрч залууд улам л дасч байлаа. Унтаж буй залуугийн үг хэл, үйл хөдлөл бүрийг нь төсөөлөн бодож тэрэндээ итгэн хайр нь гүнзгийрсээр. Зүүрмэглэх байтугай нүд цавчих мөчөө ч харамлан залууг ширтэн суутал үүр хаяарч эхэллээ. Сайхан залуу үл мэдэг яраглан нүдээ алгуурхнаас нээв. Охин баярласандаа золтой л орилчихсонгүй. Яг л төсөөлж байсан сайхан нүд. Уйтгартай мөрт ухаалаг харцтай бүх насаараа ширтэвч уйдамгүй нүд. Охин инээмсэглэлээ барьж дийлэхгүй байлаа. Нүүр нь туяарч нүд нь гялалзана. Залуу одоохон өндийгөөд хайрт минь, миний аврагч минь гэж хэлээд тэврэх юм шиг санагдана.

Залуугийн сайхан нүд бүсгүй дээр тусаж бага зэрэг гайхашран харав. Энэ үед биеэр нь цахилгаан гүйдэл гүйх шиг дотор нь эрвэгэнэж эгээтэй л ухаан алдаад уначихсангүй.

- Би хаана ирчихсэн байна вэ?
- Чи... чи манайд байна.
- Яагаад?
- Өчигдөр шөнө би саранд..., үгүй ээ ойн цоорхойд явж байтал чи тэнгэрээс унаад ирсэн. Тэгээд би чамайг гэртээ авч ирсэн юм.

Залуу эр сандран нуруугаа тэмтчиж үзэв. Тэгээд урам нь хугарсан мэт орны толгой лагхийтэл түшин суулаа. Өнөөх сайхан нүд нь бүр ч их гунигтай болчихов.
- Чи намайг тэнд нь үлдээчихгүй дээ...

Ийм хариулт сонсоно чинээ санаагүй байсан охин цочин давхийв.

- Юу??? Би чамайг шархадсан байхад хувь заяанд чинь даатгаад харанхуй ойд орхих байсан гэж үү? Чи амь насаа ч алдаж болох байсан шүү дээ.
- Жигүүргүй амьдрах үхсэнээс ямар ялгаатай гэж?
- -?
- Жигүүрээ таслуулсан сахиусан тэнгэрт үхлээс илүү жаргал үгүй...

“Тэр сахиусан тэнгэр байсан юм байна. Тэнгэрт хүслээрээ элин хальдаг диваажингийн элч бурхны зараал сахиусан тэнгэр юм байна. Харин хэн юуны учир түүний жигүүрийг тайрч хаяад үхэлтэй нь хамт үлдээдэг билээ? Арай миний хүсэлтээс болсон юм биш байгаа?” гэж охин дотроо бодов. Хөөрхий охин өөрөө түүний жигүүрийг хутгаар тасласнаас ялгаагүй санаа зовов. Ямар ч байсан тэнгэр элчийн жигүүр ахин ургатал түүнтэй хамт байж туслахаар шйдлээ.

Харин залуу тасарсан далавч нь нөхөн ургана гэдэгт итгэсэнгүй. Бурхдын диваажингаас хүмүүсийн муухай ертөнцөд нэг насаараа цөлөгдсөн хувь заяандаа гомдоно. Эндэхийн юу ч түүнд сонин биш. Түүний байсан орноос энэ дэлхий мэдээж хэрхэн илүү гарах билээ? Хөөрхий охин л тэнгэр элчтэй хамт байгаадаа баярлан хөөрнө. Тэрүүхэн тэндээ байдаг чадлаараа халамжилж хүмүүсийн хэл амыг дарж, тосгоны хэдэн бүсгүйгээс түүнийг нуун харамлана. Гэсэн ч тэнгэр элчийн нүдээр хүмүүний амьдралын үйл бүхэн хичнээн өчүүхэн утгагүй харагдаж байгааг тэр мэдсэнгүй.

Цаг хугацаа өнгөрч сахиусан тэнгэр ч бүсгүйн халамжинд аажим аажимаар дасан хүний хорвоог ажиглах нүд нь бага зэрэг өөрчлөгджээ. Тэр охиныг бас өөртэйгөө ижил далавчаа таслуулсан сахиусан тэнгэр юм байна гэж бодох болов. Охин бусад хүмүүстэй адилгүй, бас хэн ч түүнийг ингэж сайн ойлгодоггүй. Яах аргагүй нэг л өөр зүйл байгааг тэр мэдрээд байв. Охин ч тэнгэр элчийн үгэнд итгэх болжээ. Охин сахиусан тэнгэр боллохоор л сар түүний хүслийг гүйцээсэн нь тэр байж. Бие биедээ зориулж бүтээгдсэн хоёр сахиусан тэнгэрийн нэг нь газарт, нэг нь тэнгэрт байсан болохоор хамтад нь байлгах гэж... түүний далавчийг тайрсан юм байна.

Өөрөөс нь болсон болохоор тэр хайртынхаа жигүүрийг ургуулахын төлөө бүгдийг хийж түүндээ урам хайрлана. Заавал итгүүлэх гэж оролдоно. Итгэх л юм бол ид шид биелж л таарна. Залуу түүний төсөөлж байсан шиг тийм ч уриалгахан сайхан ааштай биш. Бусад хүмүүсийн нүдэнд тэр тайван жаргалтай харагддаг ч хүмүүний ертөнцөд унасандаа гутарч явдаг. Харин охин түүнээс зүрхээ буцааж авъя гэсэн ч хүч нь хүрэхээргүй болсон байлаа. Тийм ч болохоор жигүүртэй болгочихвол түүнд өгөөгүй хайраа өгч магадгүй хэмээн горьдоно. Энэ мөчид ч түүний судсаар цустай нь хамт итгэл найдвар урссаар байв.

Нэгэн зун, нэгэн намар, нэгэн урт өвөл харвасан сум шиг өнгөрч хавар боллоо. Анхны бороо шивэрч, нялх ногоо цухуйх үес тэд залууг олсон ойн цоорхойд зугаалж яваад өвлийн зузаан дахаа тайлтал... бурхан минь залуугийн далавч ургачихсан байлаа!!! Тэр бөөн баяр хөөр, түүний ийм жаргалтай байхыг охин хэзээ ч харсангүй. Цав цагаахан өдтэй жинхэнэ диваажингийн эзэнд л байх жигүүр. Залуу нисэхэд бэлэн болжээ, үүрдийн жаргалын орон луугаа.

- Баяртай хонгор минь хавар боллоо, миний явах цаг ирлээ.
- Хаашаа тэр вэ? Би чамайг надтай хамт үлдэнэ гэж бодсон шүү дээ.
- Үгүй дээ, би хаанаас ирсэн тийшээ буцаж явах ёстой.
- Тэнгэрийн нэрийг барин гуйя, намайг аваад яваач дээ. Би чамгүйгээр амьдарч чадахгүй.
- Тэнэгхэн минь дээ. Чамд далавч байхгүй. Тэнгэрийн орон хүртэл даанч хол, би чамайг авч явж дийлэхгүй. Тэгээд ч чамайг тэнд дасч чадна гэж би бодохгүй байна.
- Чамтай л бол би хаана ч хамаагүй амьдранаа.
- Чамайг эндээ үлдсэн нь дээр гэж би бодож байна.

Залуу нисэхийг оролдоход бүсгүй даган үсрэв. Бас л ид шид. Түүнд ч гэсэн жигүүр ургачихсан байлаа. Ялгагдахын аргагүй дөрвөн хос жигүүр агаарт дэвнэ. Охин баярлан ийн хашгирав.

- Хараач, хараач дээ!!! Надад ч гэсэн жигүүр ургачихаж. Би тэгэхээр чамтай хамт нисэж чадна гэсэн үг. Хэлээгүй бил үү? Итгэх л юм бол ид шид биелж үлгэр сайхнаар төгсдөг гэж...

Харин залуугийн сайхан нүд охин руу харахдаа хайраа нууж чадахгүй гунигтай болсон ч

- Тэнэгхэн минь чи үлдсэн нь дээр. Би чамайг тэнд аваачихыг хүсэхгүй байна. Энэ бол чиний дассан газар, дассан амьдрал. Надаас болж энэ бүгдээ солихыг би хүсэхгүй байна.
- Гэхдээ би...
- Би чамайг, чиний сэтгэлийг мэднэ. Гэхдээ хонгор минь надад итгэ. Чи дэлхий дээр үлд
- Үгүй. Би чамд чи надад зориулагдан төрсөн. Надад жигүүр байгаа цагт би чамтай хамт явах л болно. Хэрэв чи намайг авч явахыг хүсэхгүй байвал үүгээр миний жигүүрийг таслачих.

Охин хурц иртэй хутга сарвайв. Залуу бага зэрэг эргэлзсэн ч өнөөх хутгыг нь шүүрч аваад буруу харж нүдээ тас анин охины далавчыг огтолж орхив. Охин шүдээ бутартал хөмхийгөө зууж нэг ч авиа гаргасангүй. Залуу түүн рүү харж чадахгүй дальдран дальдичсаар цааш нисэхдээ

- Уучлаарай хонгор минь, намайг үнэхээр уучлаарай. Хэзээ нэгэн өдөр чи энэ нь дээр байсныг ойлгоноо. Чи чадалтай болохоор эдгэх болно. Харин би... би яг үнэндээ чиний төсөөлж байгаа үлгэрийн диваажингийн хаалгач биш гал шатаж хүмүүс тарчлан орилолдсон тамын сахиул юм шүү дээ. Чам шиг хөөрхөн амьтныг тэр халуун тогоо руу аваачиж би лав зүрхлэхгүй. Гэхдээ би тэнд л байх учиртай. Чи надтай хамт тамд унахын тулд өөртөө жигүүр ургуулах шаардлагагүй байсан юм. Баяртай бас дахин уучлаарай гэж хэлээд бараа нь бүдгэрсээр уусан алга болов.

Ойн цоорхой дох нов ногоон зүлгээр нэг цацчихсан юм шиг цасан цагаан өдөн дунд цусандаа хутгалдсан бүсгүй хэвтэнэ. Амь тавих мөчөө хүлээн татаганан хэвтэхдээ эцсийн хүчээ шавхан дуу нь сонсогдохгүй ч энэ л үгсийг уруул нь давтана.

-Ургуулчихаад таслуулахаа мэдсэн бол анхнаасаа жигүүр ургадаг гэдгийг мэдээгүй нь дээр байж. Олчихоод алдахаа мэдсэн бол анхнаасаа хайгаагүй нь дээр байж. Хайрлачихаад хагацахаа мэдсэн бол үхсэн нь дээр байж...

Түүний судсаар гүйх цус дууссан боловч тэр минь эргээд ирнэ гэх итгэл найдварын нарийхан утсан дээр амь нь торгож үлдээд тэнцэгнэн дэнжигнэж байлаа...

/үргэлжилж магадгүй/

2010/06/06

О.Агиймаа

Жанжины гэргий Аделина


/Малгайчинд зориулсан малгай/

Гэрэлт нарны гэгээн цацраг эхний туяагаа тэнгисийн усанд шүргүүлэн алдахад тэнгэр тэр чигтээ сайхан боловсорсон тоор шиг нэг хэсэг нь ягааран зарим хэсэг нь улбар шар бас бага зэрэг улайсан харагдана. Тэнгисийн бүлээн салхи сэвшин үлээхдээ хэн нэгэн чихэн дээр амьсгалах мэт дотор эрвэгнүүлнэ. Цахлай шувууд хос хосоороо эргэлдэн нисэхдээ чихэнд чимэггүй ч өөрсөддөө л “гайхамшиг” болсон хэлээр хайрын үгсээ ганганан гунганалдана. Тэнгисийн эрэг дээрх байшингийн том том гантиг баганатай дугариг тагтан дээр гунигт дуу гиюүрэн аялж хатгамалаа хатгах бүсгүй дөнгөж сэрж буй байгалийн гоо үзэсгэлэнг анзаарсан ч юм шиг үгүй ч юм шиг... Бүсгүйн долгионтой шаргал гэзэг гоолиг нуруугаа даган урсах нь хүрхрээ шиг. Нүд нь яг л энэ тэнгисийн ус шиг хөх-ногоон өнгөтэй. Тийм нүдэнд нулимс хурсан ч анзаарагддаггүй байх гэмээр...

Маргадын өнгөт намирсан нимгэхэн даашинзных нь цээжин хэсэгт цус дуссан байлаа. Дайн тулаанд явсан эрс энэ шинэхэн цус, хүүрний үнэрийг маш сайн мэдэх биз. Гэхдээ энэ үнэр түүний даашинзнаас биш орных нь хөлд гараа сарвайн амь тавьсан залуухан, биерхүү чийрэг эрийн цогцосноос үнэртэж байв. Шалаар нэг тунарсан цус нь бүсгүй рүү тэмүүлэн урсана. Дэрэн дороосоо нэг ч шөнө салгаж үзээгүй чинжаал хутга нь залуугийн цусан дунд хэвтэнэ. Аделина тэр зүг рүү нүдний булангаар ч харсангүй шивэгчдээ сэрэхийг хүлээнгээ дуу аялан тэнгисийн зөөлөн чийгэнд хатгамалаа урлана.
Тун удалгүй тавиур дээр гүцтэй ногоон цай, анар жимсны хамт барьсаар орж ирсэн дотны шивэгчин хатагтайн өмнөх ширээн дээр өглөөний цайг нь тавьчихаад яаравчлан гарч барлагуудыг дуудав. Зарц нар гүйлдэн ирж цогцсыг зайлуулж асгарсан цус нөжийг цэвэрлэхэд үнэрт нь зэвүүцэн дагжиж
- Би өглөөний цайгаа энд уухгүй ээ, баярлалаа. Харин хүүхдүүд дээрээ очиж сэвлэгийг нь үнэртэх минь. Тэд маань сэрсэн үү? хэмээв.

Аделина цустай хувцсаа хун мэт цагаахан даашинзаар сольчихоод хонгилын шат руу яаран алхав. Хичнээн хурдан алхах ч тэр ихэмсэг бөгөөд тайван харагдана. Урт шаргал үс нь намирна, арьс нь эрүүл толигор. Хэмнэлээр нь л түүнийг гэж таньж болохоор өвөрмөц алхана. Алхаад өнгөрсөн газарт нь энд Аделина байсан шүү гэх шиг зөвхөн түүний хэрэглэдэг мэлрэг цэцэг болон зэрлэг сарнайн хандтай тосны анхилам үнэр нь үлдэнэ.
Зарц нар нь түүний цустай даашинзыг модон шонд тогтоон харшийн гадна өлгөнө. Харин дэргэдүүр өнгөрөх хүмүүс жанжины гэргийн ор луу мөлхөөд эргэж ирээгүй хүмүүсийн тоо бас нэгээр нэмэгджээ хэмээн дор бүрдээ ойлгов. Энэ удаад бүр хивсний хамгийн том наймаачны ганц хүү шүү.

- Эрхэм шүүгч минь тэр шулам удам залгах ганц хүүгийн минь толгойг залгичихлаа. Ээ тэнгэр минь. Одоо би энэ хур их хөрөнгөө хэнд өвлөж үлдээх билээ? Миний амьдралын утга учир юу болж үлдэв? Аресын нэрийг барин тангараглая, би тэр солиотой хүүхнээс өшөөгөө авахдаа л авна даа. Тэгээд яс үсийг нь түмэн хэсэг бутлаад тэнгисийн усанд цацчихсан цагт оршуулгыг нь ч хийх аргагүй болно. Ер нь яалаа гэж хүүгийн минь аминд хүрж байгаа юм бэ? Эр эмийн ёс чинь хорвоогийн жам бус уу? Эвий муу үр минь.
- Атанасиосын эхнэрийн унтлагын өрөө лүү орсон хэн ч амьд гарч ирдэггүйг бүгд мэднэ. Танай хүү анхных биш бас хүүгээр чинь төгсгөл болохгүй ч байж мэднэ. Гэвч бидэнд Аделинад хариуцлага хүлээлгэх ямар нэг арга алга. Чи өөрөө мэдэж байгаа байлгүй дээ. Түүний нөхөр хийсэн бүтээсэн юм ихтэй, ард иргэд бүгд түүнийг хүндэлдэг. Хэдийгээр Атанасиос үхсэн ч одоо болтол чадалтай хэвээрээ байгаа. Тиймээс эхнэрээр нь оролдох юм бол бидэнд том аюул нүүрлэж магадгүй юм.
- Чөтгөр алгад, тэр муу Атанасиос үхчихсэн байхад бид эхнэрт нь ч гар хүрч чаддаггүй. Яагаад ийм шудрага бус байна вэ?
- Надад ч гэсэн мэдэх юм үнэндээ алга. Харин тэр Аделина их чанга хүүхэн гэдгийг л мэдэж байна, яг л эр нөхөр шигээ. Хэдэн ч эрийг цааш нь харуулчихав даа...

Аделина хонгилын шатаар өгсөж эхлээд хүү Агатиасын өрөөнд оров. Хүү нь аль хэдийн босчихсон хуучны судар номын хуудас эргүүлэн сууж байлаа. Тэр дөнгөж 12-хон настай ч яг л аав. Өндөр нуруутай тэгш гоолиг биетэй. Өргөн уужим магнай нь ухаантай болохыг илтгэнэ. Өтгөн хөвсгөр хар үс нь нарны гэрэлд гялтгана. Агатиас эцэг шигээ агуу удирдагч болно. Тэр насандаа ахадсан хэрсүү хүүхэд. Бас яг л Атанасиос шиг хэн ч юу ч нуух аргагүй хурц харцтай. Магадгүй тэр бодол унших авъяасаа хүүдээ өвлүүлсэн байж ч болох юм.

- Өглөөний мэнд хүү минь. Шөнө тайван амарсан уу?
- Хайрт ээж минь таныхаа энэ өдрийн амгаланг айлтгая. Хүү нь өнгөрсөн шөнө тань руу хорт могой гэтэж явна гэж зүүдлээд унтаж чадсангүй. Тэгээд шөнөжин сэлэм эргүүлэх дасгал хийлээ. Аавыгаа үгүйд би ээж дүү хоёроо хамгаалах үүрэгтэй шүү дээ.
- Эцэг чинь чамаар үнэхээр их бахархах байсан даа хүү минь. Ийм хүү заяасан эцэгт чинь үнэхээр их талархаж байна. Чи бид түүний үргэлжлэл шүү дээ.
- Ээж минь би таниас нэг юм асууя гэж эртнээс бодож байсан. Гэхдээ сэтгэлийг тань өвтгөчихвий гэж халшраад чаддаггүй байлаа?
- Тэгэлгүй дээ хүү минь, чиний амнаас намайг зовоох үг унахгүй гэж би бат итгэж байна.
- Эцэг маань аугаа удирдагч байсныг би мэднэ. Гэхдээ тэр яагаад бидний төлөө амьдралгүй бусдын төлөө үхэл рүү явах замыг сонгосон юм бэ? Гэр бүл нь, бид түүнд чухал биш байсан юм гэжүү?
- Хүү минь эцэг чинь чухам үнэндээ бусдын төлөө биш бидний төлөө л амь үрэгдсэн юм. Хүмүүний хорвоо дэндүү бузар. Энд амьдрахын тулд нэг бол өөрсдөө дасан шингэх эсвэл ертөнцийг тэр чигт нь эргүүлэх хэрэгтэй байдаг юм. Харин эцэг чинь өөрийн хамгийн чухал эрдэнэс болох гэр бүлээ тэр бохир заваан ертөнцөд амьдруулахийг хүсээгүй болохоор өөрчлөх шийдвэрийг амь насаа золин байж гаргасан юм. Тэгээд бидний өөрчилсөн ертөнц бүх хүмүүсийн амьдралд нөлөөлж байгаа.
- Хичнээн тийм ч биднийг үүрд орхин одохгүй байж болох сонголт түүнд байгаагүй гэж үү дээ? Би аавтайгаа ан хийж, ном уншиж сэлмээр тулалдмаар байна. Би түүний дэргэд байхдаа аюулгүй гэдгээ мэдэрдэг.
- Тэр өөрөө хүсэх л юм бол уух дуртай улаан дарсыг нь хийдэг том оо гэгчийн усан үзмийн тариалантай болж дөрвүүлээ эгэл жирийн амьдралаар амьдарч болох байсан. Том торхонд дүүргэсэн сагсайсан усан үзэмнүүдийг нүцгэн хөлөөрөө бяцлангаа дуулж бүжиглэж болох л байсан. Эсвэл ямар ч баяд ноёдоос дутуугүй хөлжиж ч чадах байсан. Бүр хүсвэл эцэгт чинь хаан сэнтий ч хол биш байсан юм. Гэхдээ тэр бол жирийн л нэг цэрэг эсвэл гэдсээ хагартал идсэн язгууртан дээдэс биш жинхэнэ жанжин хүн байсан. Тэр ард түмнийг удирддаг "амьд бурхан" нь байсан. Цэргүүдийг захирч ихэс дээдсийг айлгадаг байсан. Тэр хүсвэл бүх дэлхийг өөртөө тааруулан өөрчилж чадах байсан. Хэрэв Атанасиос эгэл цэргийн энгийн амьдралаар эсвэл хаад ноёдын зугаа цэнгэлтэй амьдралаар амьдраад өнгөрсөн бол ард нь үлдсэн бид одооных шигээ тайван нүүр бардам нэр төртэй амьдарч чадахсан болов уу? Хэн нэгэнд дарлуулах эс бөгөөс хумхын тоос болох байсан биз. Эгэл эсвэл хөрөнгөлөг амьдралаар хүн нэг амьдраад л төгсдөг, дараа нь хэн ч санахгүй. Гэтэл эцэг чинь амь үрэгдсэн мэдээг сонсоод хичнээн хүн харуусч нулимс унагалаа? Хот даяар гунигт автан оршуулгын ёслолд нь оролцох хүмүүс Грекийн өнцөг булан бүрээс цуварсаар л байсан шүү дээ. Эцэг чинь домог юм миний хүү, Харин чи энэ домгийг үргэлжлүүлэх учиртай.
- Ухаант ижий минь мунхаг хүүгээ өршөөгөөрэй. Аав минь өөрийн амь насаа биднийг санаа амар амьдруулахад зориулсан юм байна. Гэтэл би довын цаадхыг ч харалгүй өчүүхэн сэтгэжээ. Нээрээ Афинд өөр хэний гэр бүл эцгийнхээ хойно ингэж нэр төртэй амьдарч байгаа юм бэ? Өөрөөсөө ичиж байна. Аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэхийн тулд би илүү ихийг сурч мэдэх хэрэгтэй юм байна. Хүндлэх сэтгэл улам бүр төрж байна, миний аав ямар агуу хүн юм бэ? Би ямар хувь заяагаар та хоёрын хүү болон төрөө вэ???
- Харин ч бурхад бид хоёрт чамайг илгээсэнд талархдаг юм шүү хүү минь. Тэд чамайг ивээг. Ээж нь одоо охин дүү дээр нь очъё доо.

Аделина өлмий дээрээ гишгэсээр охиныхоо өрөөнд оров. Адониа унтаж байлаа. Яг сахиусан тэнгэр гэсэн үг. Буржгар шар үс нүүрнийх нь талыг халхлана. Уртаас урт сормуус, эгдүүтэй шонтгорхон хамар бас инээмсэглэсэн уруул. Дэргэдээс нь алхам ч холдмооргүй ариухан. Том болоод ээж шигээ сайхан бүсгүй болох нь эргэлзээгүй. Гэхдээ тэр дөнгөж зургаахан настай. Бас аавыгаа нэг ч удаа хараагүй... Түүнийг гэдсэнд байхад нь Атанасиос дайнд мордсон юм. Аделина охиныхоо булцгар хацар дээр нь үнсэв.

- Энхрий үр минь сэрээрэй, наран аль хэдийн мандчихсан.
- Ээж ээ би өнгөрсөн шөнө муухай бодон гахайнууд тань руу дайрч байна гэж зүүдлээд гэтэл аавын хэрээ ирээд тэд нарыг тоншоод алчихсан. Харин аав намайг тэврээд дуу дуулж өгсөн, нөгөө таны дандаа аялдаг дууг. Тэгээд би ааваасаа холдмооргүй байсан болохоор сэрмээргүй л байсан. Би аавыгаа хараагүй ч мөн гэдгийг нь мэдээд байсан. Та надад аавын тухай ахиад яриад өгөөч?
- Афины баатар Тесаусусаас ч ухаантай, хамгаас хүчит Геркулэсээс ч хүчирхэг, хамгийн зоригт Мелеагараас ч зоригтой жинхэнэ баатар жанжин байсан юм. Аав нь өвч хуягаа өмсөж гил хар Клитусаа унаад хотын гудмаар явахад харсан хүн бүр дуу алддаг байж билээ. Долгиотсон тас хар үстэй бас доод эрүүндээ дэгжин сахалтай. Чи минь аавынхаа хүний сэтгэл дотрыг нэвт ширтдэг нүдийг урт гэгчийн сормуустай өвлөж авсан шүү дээ. Бурхад түүнд гоо үзэсгэлэн, оюун ухаан, сайхан сэтгэл, зориг тэвчээр бүгдийг харамгүй заяасан даа.
- Би аавтайгаа уулзаж байгаагүй ч гэсэн үргэлж дэргэд байгааг мэдэрдэг.
- Тэгэлгүй яахав зулзага минь. Би ч гэсэн мэдэрдэг. Хайр заавал хамт байхад илэрдэггүй. Хичнээн алсад байсан ч бүр бие махбодь нь байхгүй болсон ч хайр оршсоор байх болно. Чиний энд, зүрхэнд чинь байдаг юм. Тэгээд бас дуудагдах нэр чинь үргэлж түүнтэй холбоотой байх болно. Чи минь үгүй болсон аавынхаа амар амгалангийн үргэлжлэл юм шүү дээ. Тэр биднээр дамжуулан амьдарч байгаа.
- Би аавыгаа хэзээ ч үгүй болсон гэж бодохгүй ээ.
- Алдрай үр минь түргэхэн хувцаслаад цайгаа уу даа. Ээж нь эмээгийнх нь амрыг эрэхээр явлаа.

Аделина хонгилын шатаар буцаж уруудан хадам эхийнхээ өрөө рүү оров. Хүүгээ алдсанаас хойш шаналсаар байгаад цонхийсон хадам ээждээ мэхийн ёслов.
- Элбэрэлт ээж минь тайван сайхан амарч амттай сайхан зүүд зүүдлэв үү? Охин нь танд шинэ хатгамал хатгасан шүү.
- Ээжийнх нь бие чилээрхээд тун базаахгүй байна. Урд шөнө ахиад хэн нэгэн өрөөнд чинь хулгайгаар орж ээ дээ? Сайхан бүсгүйг хараад сэтгэл алдрах нь байх л асуудал. Чи минь залуу хүн, амьдралаа бодоод хэн нэг сайн хүний гэргий болсон нь дээргүй юу? Ээж нь чамайг буруутгахгүй. Амьдралыг ганцаар барах хэцүү шүү дээ.
- Та юу ярина вэ ээж минь??? Би чинь аль хэдийн гэрлэчихсэн хүн шүү дээ. Таны хүү бүх Грек даяар нэр алдар нь түгсэн агуу их жанжин Атанасиосын эхнэр байж өөр хүнтэй хуримлана гэж байж болох уу? Атанасиос биш л бол өөр хэн ч надад тэнцэхгүй. Таны хүү миний төлөө амиа өргөсөн байхад би таны хүүгийн төлөө яагаад амьдарч болохгүй гэж?
- Муу хүү минь өнгөрснийхөө дараа чамайг ганцаар амьдраг гэж хүсэхгүй л байсан биз.
- Таны хүү өөрийг нь бүчих түм буман бүсгүйгээс яагаад ганцхан намайг сонгосон гэж бодож байна? Үзэсгэлэн төгс бүсгүйчүүл зөндөө байсан ч тэр намайг сонгосны учир нь үгүй болсных нь дараа ч өөр хэн нэгний өвөрт шургахгүй үнэнч гэдгийг тэр мэддэг байсан юм. Тийм ч болохоор надаар дамжуулан амьдарч чадахаа мэдээд сэтгэл тайван нүд аньсан юм даа ээж минь. Ахиж надад ийм үг бүү хэлээч, гуйя таниас. Би хүүгийн чинь тал бие, ач нарын чинь ээж. Тийм болохоор таныгаа асарч амьдрах нь миний азжаргал.
- Өршөөгөөрэй охин минь, сүү шиг сэтгэлийг чинь сэвтээх гэсэнгүй. Чамайг л бодож хэлсэн үгс шүү.
- Мэднэ ээ ээж ээ. Гэхдээ таниас минь өөр хүн надад ингэж хэлсэн бол би биеэ барьж дийлэхгүй байсан. Нөхрийнхөө төлөө нэр төртэй амьдарч чадахгүй бол үхсэн минь дээр.

Ээжийн царай гэрэлтэв. Аделина хадам эхийнхээ өмнө сөхөрч суугаад духан дээрээ үнсүүлээд гарлаа. Цасан цагаан даашинзаа тайлж оршуулгын хувцас шиг эсвэл эгээтэй л хэрээний арьс шиг тас хар нөмрөг нөмрөөд гэрээсээ гарав. Тэр нуруугаа цэхлэн толгойгоо өндөрт өргөж явдаг. Эртний баатруудын хэрэглэж байсан зэр зэвсэг, хуяг дуулгыг сүмд үзмэр болгон тавьдаг. Харин Аделина өөрөө энэ үеийн баатраас үлдсэн амьд "үзмэр" болохоор нөхрийнхөө төлөө үнэ цэнэтэй амьдардаг. Харц нь бүгдээс дээгүүр ихэмсэг бөгөөд төөрөлдөм гүн. Түүний энэ нүднээс Атанасиос л ганцхан бодлыг нь тааж уншиж чаддаг байсан юм. Эргэлзээгүй тэр хоёр бие биедээ зориулагдан төрсөн. Өрөөсөн тал нь энэ хорвоогоос явсан ч түүнийхээ нөмөр түшигээр тэр толгой бардам алхаж явна. Зээлээр яваа хүмүүс бүгд амнаасаа нэг ч үг унагалгүй Аделина руу бахдан ширтэнэ. Өөр хэн нэгэн түүний оронд байсан бол алуурчин нэр зүүж үхлийн муугаар төгсөх байсан биз. Гэвч бүгд Атанасиосыг хүлээн зөвшөөрч хүндэлдэг, түүнд итгэдэг байсан болохоор Аделинагийн шудрага үнэнчид эргэлзсэнгүй. Тэр бол жанжины гэргий шүү дээ.
Аделина худалдааны гудамжинд үзэсгэлэн төгсөөрөө алдартай Сефарина бүсгүйтэй тааралдав.

- Чи миний хонгоруудын нэгийг цааш нь харуулчихсан юм аа даа? Уг нь хивсний худалдаачны хүү миний жагсаалтын нилээн дээгүүр явж байсан юмсан.
- Чи хонгорынхоо хазаарыг илүү чанга татаж явахгүй дээ. Хормой руу минь гараа шургуулсан хэнийг ч би нөгөө ертөнц рүү илгээх болно.
- Гэхдээ би чамайг огт ойлгохгүй юм? Нэгэнт үхчихсэн хүний ардаас чи насаараа аз жаргалыг мэдрэлгүй гуниглаж амьдрах юм гэж үү?
- Аз жаргал гэж юуг хэлэхээс чинь хамаарна. Миний хувьд ариун хайр бол аз жаргал. Хайраа бэлэглэсэн хүн минь амьд биш байсан ч хамаагүй. Би тэр хайрыг мэдэрч түүндээ жаргаж явдаг.
- Хэ хэ. За тийм байж, гэтэл тэр энэ ертөнцийн бус хайр чинь чамайг хангалуун байлгаж чадах уу?
- Хангалуунаас илүү байлгадаг. Харин түүнд минь халдах гэсэн хэний ч зүрхэнд би чинжаал шааж чадна. Нэр төртэй амьдарч чадахгүй бол үхсэн минь дээр. Гэхдээ эр нөхөр нь бие барах байтугай зэргэлдээ тосгон орох хооронд өрөөлийн өвөрт хөлөрч хэвтдэг хүмүүс намайг хэзээ ч ойлгохгүй. Үүнийг мэддэг байсан болохоор ч Атанасиос чамайг сонгоогүй юм. Баяртай.

Сефаринаг үг дуугарч амжаагүй байхад Аделина орхин одов. Хорсож зивүүцсэн Сефарина толь гарган ирж зүсээ нэг тольдон Аделинагаас илүү үзэсгэлэнтэйгээ ахин нэг батлаж аваад нууц амраг дээрээ очихдоо түрхэх анхилуун тос хайн цааш эргэлээ.
Харин Аделина хэдийгээр нулимс унагамаар байсан ч шүд зуун тэвчинэ. Түүний эр нөхөр эмэгтэй хүний нулимсыг унагахгүй гэсэндээ л дайнд мордсон. Хайртынхаа амины үнэтэй нулимсыг нандигнадаг болохоор тэр уйлдаггүй. Түүний биед хайраар холбогдож үнэн сэтгэлээр гагнагдсан хоёр зүрх цохилж, хоёр сүнс амьдардаг...
Нар жаргах тун ч дургүй улбар туяагаа чадлаараа сунгахад тэнгис дээр үл мэдэг дуу нь сонсогдоно. Шөнө болгон нэр төр үхэл хоёрын тэмцэл. Энэ шөнө ч хорт могойнууд гэтэж эсвэл халтар бодонгууд дайрч мэднэ. Жанжины эхнэр сүүлийн хэдэн жил эр нөхрийг нь орлож байгаа чинжаалаа дэрэн дороо хийгээд зүүдэндээ Атанасиостойгоо уулзахаар хэвтэв.

2010/06/04

О.Агиймаа

Амиа хорлогчийг өмөөрөх нь


Сонин телевизээр хэн нэгэн бүтэлгүй этгээд амиа хорлосон талаар мэдээ гарахад давхийн цочдог байсан бол сүүлийн үед дөжирч өдөр тутмын цаг агаарын мэдээ сонсож байгаа юм шиг л санагддаг болчихож. Тэгээд энэ талаар бага зэрэг бодохоор шийдэв. Тэгээд бас энэ бол бас л хэн нэгэн бүтэлгүй этгээдийн дэмий бодрол, практикт хэрэгжүүлэх санаа оноо огтхон ч байхгүй тул шүүж цэгнэх эсвэл үнэт сургааль хайрлах хэрэггүй гэдгийг найрсгаар сануулчихъя аа.

Хүмүүс амиа хорлосон нэгний талаар юу гэж ярьдаг билээ? Толгойгоо сэгсрэн шогширч шүүрс алддаг. Хайран сайхан амь амьдралаа үрсэн тэнэгийг нь бас ард үлдсэн хүмүүсээ бодолгүй амиа хичээснийг нь гайхдаг... Түүнээс илүү зовлонг үүрч байгаа хүмүүс амьдрах гэж зүтгэж байхад бүгдийг орхиод одсон сэтгэлийн тэнхээ муутай арчаагүй амьтан гэж дүгнэдэг. Бүр сайн дураараа амьдралаас татгалзсан хүмүүст газар олгодоггүй. Амьдралаас өөрөө татгалзсан нэгнийг өөрийн өнцгөөс харж шүүгчийн үүргийг гүйцэтгэнэ. Би ч тэдний нэг байлаа, хэсэгхэн хугацааны өмнө.

Би өглөө бүрийг инээн угтдаг. Шувууд жиргэхэд, зөөлөн салхи мөр илбэхэд, балчир үрс хөөрөн тоглоход, тэнгэрт хуралдсан үүлс янз бүрийн хэлбэр үүсгэхэд, хөтлөлцөн алхах хосуудыг харахдаа, ээжийнхээ чанасан кашыг идэхэд, найз нөхөд дээрээ инээмсэглэн очихдоо, саяхан дэлбээгээ нээсэн ягаан сарнайгаа үнэрлэхэд, зөөлхөн чихмэл туулайгаа тэврэхдээ ч би азжаргалыг мэдэрч амьдралыг хайрладаг. Энэ хорвоогийн 6 тэрбум хүн бүгд нийлж байж хөдөлдөг энэ агуу амьдралд би ч гэсэн хийх ажил, үүрэг зорилготой ирсэн гэж боддог. Даанч тэр даалгавраа мэдэхгүй...
Хүн яах гэж төрсөн тэр үүргээ биелүүлж чадвал улам их урам зориг орж урагшлан давшдаг биз. Харин тэр төрөлхийн зорилгодоо хүрч чадахгүй бол уруудан доройтож хүн сүг болдог юм болов уу? Тэгээд цааш амьдралаа үргэлжлүүлэх гэхээр гишгүүрээ олдоггүй байх. Магадгүй бас бүх зорилгоо биелүүлээд дуусгачихсан хүнд амьдрал утгагүй санагдаж эхлэдгийг үгүйсгэхгүй.

Хар залуугаараа л хорвоог орхилоо гэх юм. Залуу ч бай хөгшин ч бай хэзээ нэгэн цагт үхэлтэй учрах л болно. Харин ч жаргал хэзээ нэгэн цагт ирнэ гэж өөртөө итгүүлэн өчнөөн жил зовон зовон амьдраад насны бөгсөнд жаргасан юмгүй үхчихвэл үгүй ээ мөн харамсалтай яа? Тэгж “шатаж” байсанд орвол эртхэн нүд аньчихвал амар ч юм шиг.
Тэгээд чамайг төрүүлж өсгөсөн эцэг эх, ойр дотныхноо бодохгүй хувиа бодсон гэж магад. Гэтэл ээжийнхээ яс махаа уран тасдан байж төрүүлсний гавъяаг гаргаж чадахгүй нүдэнд үзэгдэх төдий амьд сүг сүүдэр алхаж явбал яана? Эсвэл төрүүлсэндээ ч харамстал нь өөдгүй амьтан болчихсон байвал яана? Эрх биш махан биеийг нь тэвэрч сэтгэлээ дэвтээх ч хийморь сүнс нь аль хэдийн энэ биендээ байхгүй...

Цаашид хийж бүтээх ажил зөндөө байна, тун удахгүй бүх юм сайхан болно гэж үү? Чи магадгүй зорилгодоо хүрэх замаасаа хазайгаагүй болохоор тэр нэгэн “азгүй амьтны” нүдээр амьдралыг харж чадахгүй байгаа байх. Миний нүдээр бүх ердөө л юм хар, цагаан, саарал. Гашуун шорвог. Өнгөгүй үнэргүй амтгүй. Урд нь яаж амьдарч ирснээ, өдийг хүртэл юу хийж явснаа ч ойлгохгүй. Юу ч чухал биш. Хорвоо ертөнц түүн дээр оршин буй бүх юмс хүмүүс мод ургамал, байшин барилга тэр ч бүү хэл тамхины утаа, наранцэцгийн үр, хийсч яваа чихрийн цаас хүртэл нэгэн бүхэл зүйл харин би тэр бүхлээс тасран алслагдаж буйгаа мэдрэнэ. Би төрөхдөө ямар нэгэн зүйлийг энэ их амьдралын төлөө хийх амлалттай төрсөн, амлалтаа биелүүлж чадаагүй бол амьдрал надад аймшигтай хатуу хандаж өшөөгөө авна. Тэрнээс зугтах цорын ганц арга нь бүр мөсөн явах байж болох юм. Гэхдээ үхсэний дараа энэ бүгдээс ангижирдаг юм болов уу би мэдэхгүй. Өөр ертөнцөд өөр амлалт, өөр даалгавртайгаар ахин төрдөг байж ч магадгүй.

За тэгээд үхлээ гэхэд хэн ч надаар дутахгүй дээ. Үсрээд л хэд хоног уйлж гашуудаад, хэдэн сар шинэ мэдээ болгож яриад хэдхэн жилийн дотор ор тас мартана. “Өө яасан харамсалтай юм бэ? Сайхан охин байсан юмсан. Юугаар дутсан гэж тэгж байдаг юм бол доо? Ум ма ни бад мэ хум” Тэгээд л өөр өөрийн мөрөө хөөнө. Юугаар дутсаныг адилхан байдалд орсон нэгэн л гадарлана. Бусад нь өөрийн зогсож буй азжаргалтай өнцгөөс харж шүүн тунгааж мэдэмхийрнэ. Хэрэв насаараа эрж хайж хүлээж зорьж байсан зүйлээ олчихоод ойлгочихоод биелүүлж чадахгүй алдвал цаашаа яах гэж амьдрана гэж? Ууж идэж унгаж хэхрээд урсгал даган гэлдрэх гэж үү? Тэгвэл хүн нэртэй болохоос тэжээмэл малаас ялгаа юун? Муу амьдрахаар сайн үх гэдэг үг үнэн ч юм шиг. Хэрэв энэ олон хар толгойноос онцгойрч өөрийнхөө зорилгыг биелүүлж чадахгүй түмний нэг хэвээр үхэх юм бол амьдралд дурлах юун? Хэн ч биш төрөөд хэн ч биш хэвээр амьдарсаар хэн ч биш хэвээр үхээд хэдхэн жилийн дараа мартагдахын тулд өчнөөн жилийг шүд зуун өнгөрөөх гэж үү дээ? Яг адилхан өнгөрүүлсэн 100 жил ч нэг цаг ч хоорондоо ялгаагүй дээ.

Бүтэлгүй дурлалаас болж үхлийг сонгосон нэгэнд ахиад дурлал ирэх л байсан гэхийн оронд яг түүнийг хайрлах даалгавртай төрөөд чадаагүй болохоор цэг тавьжээ гэж бодож үзсэн үү? Эсвэл их сургуульд орж чадаагүй амиа хорлосон япон сурагчийн зорилгоо гүйцээх шат нь түүгээр дуусгавр болсон юм байна гэж бодоод үзээрэй. Би амиа хорлохыг олон нийтэд уриалах гэсэнгүй ээ. Зүгээр л тэдгээр хүмүүс амьдралын үнэ цэнийг та биднээс дутуугүй мэддэг л байсан байж таарна. Харин зориг гаргасан шийдвэрийн шалтгааныг нь хүндлээд хэн нэгний амьдралыг битгий шүүгээрэй л гэх гэсэн юм. Бусдын төлөө төрөөгүй бусдын өмнөөс амьдраагүй бас бусдын өмнөөс үхээгүй. Чиний нүдээр тэр жаргалтай байж болох ч түүний хувьд бүх зүйл дууссан байж болно. Харин хэрвээ чи надтай санал нэгдэхгүй байвал хүн болж төрсөн зорилгоосоо хазайгаагүй байна гэсэн үг дээ, баяр хүргье!!!

2010/05/30
О.Агиймаа

Сохор толь


Надад бололцоо л олдвол толины урд саатах дуртайгаа нуух юун. Миний хамгийн сайн найз бол толь. Тэр надад үнэнийг хэлдэг цорын ганц үнэнч туслах. Илт зохимжгүй байхад гайхамшигтай үзэсгэлэнтэй байна гэж хэлэх, эсвэл хэнээс ч сайхан байхад санаатайгаар өөртөө итгэх итгэлийг минь хугалах гэж оролдох үед хэн ч толь шиг зөвлөгөө өгч чаддаггүй. Тийм ч учир боломж олдвол тольтой нөхөрлөж өөрийнхөө хичнээн сайхан харагдаж байгааг эсвэл хэрхэн улам сайжрах талаар бодож явдаг нь охидын нийтлэг дүр.

Толинд харах бүрт бүсэлхийгээ давсан тас хар гэзэгтэй, урт сормуустай алаг нүдээ эргэлдүүлсэн инээхэд улаан уруулаар эмжсэн тэгш цагаан шүднүүд нь яралзсан гоолиг биетэй зэгзгэр бүсгүй харагддаг. Би юу ч өмссөн сайхан харагдаж, дотроосоо гэрэлтэн үргэлж аз жаргалтай байна. Сайн сайхан бүрийг сэтгэлдээ амирлуулан явахад амьдрал ийм гэгээлэг өнгөлөг байдаг юм байна гэж итгэдэг. Үнэнч туслах толины хажуугаар өнгөрөхдөө өөртөө сэтгэл дундуур үлдсэн удаа үгүй. Толин дээр тусах дүрс сэтгэл шиг минь үүрдийн сайхнаараа байх юм шиг санаж явлаа.

Би өвдөв. Хэлж сануулалгүй ирдэг хорвоогийн зовлон миний нуруун дээр буулаа. Өтгөн сайхан үс минь өдөр өдөрт шингэрсээр эцэст нь хусуулав. Улаан уруул минь хатаж омголтоод нүдэнд минь гал цог алга. Байнга хэвтэрт байсаар туранхай зэгзгэр гэдэг үг ч надад хамааралгүй болсон. Гэсэн ч хүсэл мөрөөдөл, чин сэтгэл минь хэвээрээ л байсан.

Харин бодит байдлыг байгаагаар нь илтгэдэг үнэнч толь надад үлдсэн өчүүхэн найдварыг булшилсан юм. “Би... би энэ хүн мөн гэж үү дээ?” хэмээн чичирсэн дуугаар өөрөөсөө асуув. Толины тусгалд ойх тэр бүсгүйд надтай төстэй зүйл огтхон ч алга. Харахаас нүд хальтрам өрөвдөлтэй бүсгүйн гуниглаж шаналсан царай харагдана. Гэвч, гэвч миний сэтгэл санаа өөдрөг байгаа шүү дээ. Би урдын үзэсгэлэнтэй бүсгүй хэвээр байж бусдад сайн санаж хорвоо дэлхийг хайрлан нүдээрээ инээсээр байгаа. Дотроосоо нүд сохлом хурц гэрэл цацруулсаар байгаа. Би өмнө нь хэн байсан тэр хэвээрээ байхад толин дох дүрсний ялгаа дэндүү их байна.

Толь сохор юм байна. Тэр хэнээс ч илүү худалч зөвлөгөө өгдөг байсан юм байна. Бидний бие биеэсээ олж харж чаддаг сэтгэл гэдэг зүйлийг огт мэддэггүй юм байна. Толь чинь хоосон хөндий зүйл юм байна. Битгий ахиж толинд итгээрэй, би ч гэсэн. Алив ер нь энэ муу сохор толиор яадаг юм? Хагалаад хаячихъя... Май чи!!! Худал ярьсны чинь шийтгэл энэ. Мянган хэсэг болоод хэвтэж бай!!!

2010/05/23

О.Агиймаа

Онцгой


Дэвид нисч явна. Бие нь хөнгөрч, зүрх нь минутанд ганцхан удаа цохилж байx шиг санагдав. Өөрийнхөө эд эс бүрийг ширхэгчлэн сонсоно. Түүний бие махбодь дээд зэргийн мэдрэмтгий болж, тархи нь эцэстээ тултал ажиллана. Бүр биенийхээ хэдэн сая нүхээр ялгарч буй хөлсний дусал бүрийг тоолж болмоор. Тэр машинтайгаа хавцлаас нисч явна. Цаг хугацаа зогсов...

Энэ хооронд ёстой бүх л амьдрал нь нүдний өмнүүр эхлэл төгсгөл, эмх замбараатайгаар ээлж дараалан хөвөрнө. Хүүхэд нас, төрж өссөн жижигхэн 2 давхар даруухан хүрэн байшин, хашаандаа тарьсан цэцгээ биднээс илүү хайрлаж харамладаг, өдөрт ердөө гуравхан удаа мишээдэг хүрэл хөшөө шиг хүйтэн хөндий аав, цаг үргэлж мэлрэг цэцэгтэй нил ягаан хормогчоо зүүчихээд гал тогооны өрөөндөө “I say a little prayer” дууг аялангаа бялууны шинэ жор зохиодог ээж, боломж л гарвал гутланд нь элс хийх зэргээр шоглодог дээрэлхүү ах Патрик, үдэшлэгийн хатан хаан болж хөлбөмбөгийн багийн залууст тоогдох туйлын зорилготой, сургууль дээр таарахаараа танихгүй дүр үзүүлдэг хуурамч язгууртан эгч Глориа, байнга энгэр ханцуйнаас нь зүүгдэн нулимстай нүдээр ширтэн урваганаж байдаг бяцхан дүү Жой нарынх нь царай харагдав.

Тэр хэзээ ч онцгой нэгэн байсангүй. Цэцэрлэгт, бага сургуульд, дунд сургуульд, ахлах сургуульд, их сургуульд ч тэр. Бусдаас ялгарах юмгүй энгийн нэгэн хөвгүүн, залуу байсан. Хамгийн үзэсгэлэнт охидыг Дэвид шохоорхохоос цаашгүй. Тэд царайлаг, хав дөрвөлжин нэг үгээр дажгүй залууст татагддаг. Хамгийн сайн дүнд Дэвид санаархахаас цаашгүй. Хуруу зузаан шил зүүж насандаа ахадсан олон ном уншиж судласан гавалууд сайн дүнг нь авчихна. Хамгийн өндөр цалинтай ажлын ярилцлаганд Дэвид оролцохоос цаашгүй. Хамгийн ОНЦГОЙ хүмүүс л өндөрт гардаг. Дэвид шиг энгийн хүмүүс ажилчин шоргоолжны амьдралаар л амьдрах заяатай. Илүү ч үгүй дутуу ч үгүй.

Секундыг сая хуваасны нэг хугацаа өнгөрөхөд тархиных нь мухарт байх дурсамжийн гэгээтэй хэсэг эхлэлээ. Өдөр уртсаж нялх ногоо соёолсон бороотой хаврын нэг үдэш Моллиг анх харж билээ. Тэр өдөр гэрийхээ ойролцоох жижигхэн хоолны газарт заншил ёсоор жигнэсэн тахианы цээж мах, бас бус дагалдах салат ногоо хамгийн гол нь өдрийн норм 50 гр шотланд вискигээ хүртчихээд зүсрэн шиврэх бороог хараан зүхсээр алхаж явсан юм.

–Надад бусад шиг хүсэл тэмүүлэл зорилго, эд хөрөнгө, ядаж намайг гэх хэн ч байхгүй дээрээс нь энэ хараал идсэн борооноос халхлах шүхэр ч алга. Чөтгөр алгад, ингэж явснаас үхчихсэн нь ч амар юм уу? Энэ хорвоо надаар дутах ч үгүй биз, тэр онцгой хүмүүс нь миний өмнөөс бүгдийг хийчихнэ дээ гэж аман дотроо үглэнэ. Гэтэл хажуудаа хорвоо ертөнцийг тэр чигт нь гийгүүлсэн алтан шаргал үстэй дагина суулгасан онгироо залуу нүдний булангаар хялайн харж инээмсэглээд мөнгөлөг спорт машиныхаа хурдыг нэмэн замын шавар, шавхай цацан өнгөрлөө.

-Хараал ид, чамайг хараал идээсэй. Яагаад бурхан минь??? Би яагаад ийм азгүй, энгийн юм бэ? Би яагаад онцгой биш юм??? Гэж Дэвид тэнгэр лүү харан хамаг тэнхээгээрээ орилов. Тэр мөчид ард нь намуухан мөртлөө жингэнэсэн инээд сонсогдлоо. Дэвид давхийн цочиж жингэнэх дуун гарсан зүг рүү толгой эргүүлэн хараад хөшиж орхилоо. Усан цэнхэр сарпан нь намирсан час улаан шүхэртэй залуухан бүсгүй түүнийг шоолон хөхөрч байв. Дэгжин хээнцэр биш ч нүдэнд дулаахан, даруухан бүсгүй байлаа. Хар хүрэн долгиотсон үстэй, цайвар арьстай, гойд царайлаг биш. Хамран дээрээ үл мэдэгдэм хэдэн сэвхтэй юм. Хамгийн гол нь түүний нүд хорвоо ертөнцийг бүхэлд нь багтаасан мэт гүнзгий санагдана. Бас жингэнэсэн инээд нь борооны хар үүлийг нэвтлэн гийх нарны цацраг мэт. Хэсэг зуур цаг хугацаа зогссон мэт болж билээ.

-Та яагаад онцгой биш гэж? Усан бороонд шүхэр ч үгүй шалба норчихоод замын голд бурхан руу орилоод зогсож байгаа хүнийг л би хамгийн онцгой гэж хэлэх юм байна. Тийм ээ Молли түүнийг онцгой гэж хэлсэн юм. Тэр үг л Дэвидэд урам зориг өгсөн. Моллитой танилцсанаас хойш амьдрал нээрээ үл ялиг өөрчлөгдсөн ч юм шиг. Гэхдээ л тэгтлээ онцгойрсон зүйл байхгүй л дээ. Олдог мөнгө нь ихсээгүй, амьдрал нь дээшилж гэнэтийн үйл явдал тохиолдсонгүй. Гэсэн ч ажлаа тараад яардаг хүнтэй болсон. Харин түүнийгээ мэдэгддэггүй байсан. Түүнийг ухаан орсон цагаас л аав нь цэцгүүдээ энхрийлэн илбэж байснаас ээжийг нь хайрлаж байхыг харсан удаа байхгүй.

Харин Молли Дэвидээс хэзээ ч хайр нэхэж, бусад бүсгүйчүүд шиг элдвийн шаардлага тавиж хэрүүл маргаан гаргадаггүй байв. Гэхдээ уулзах бүртээ ухаалаг цэнхэр нүдээрээ инээмсэглэн угтана. Дэвидийн сэтгэлд юу ч хүрдэггүй бол Молли тэр бүгдийг зөөллөж амьдралын хором бүрийг аз жаргал болгон эргүүлнэ. Дэвид баяртай байх гэж ер нь үгүй, тэр онцгой нэгэн байхыг хүснэ, түүний төлөө ядаргаанд ортолоо ажиллана. Жижиг сажиг зүйлд уур бухимдлаа гаргана. Харин Молли хэзээ ч эмзэглэж гомдож байсангүй. Нөгөөх л жингэнэсэн инээдээрээ инээнэ.
Удаан хамт байх тусам Дэвид улам түрэмгий болж Молли түүний аяар байх болов. Ямар нэгэн хэрүүлийг тэр эхлүүлнэ, харин Молли л цэнхэр нүднээсээ таслан урсгав уу гэмээр том том нулимсаа дуслуулан байж уучлалт гуйн аргадна. Яваандаа энэ бол дүрэм болов. Дэвид илүү мэрийн ажиллаж албан тушаал нэг шатаар ахилаа. Тэд гэр бүл дотны найз нөхдийн хүрээнд даруухан хуримлав.

Хуримын даашинзны дэлгүүрийн хоргоны өмнө цэнхэр нүд нь хязгааргүй их бахдал биширлийг агуулан зогсох Молли. Үүлэн дунд хөвөх мэт үргэлжилсэн хэдэн зуун цагаан даашинз дундаас Молли нэг л даашинзыг бараг таван хором гөлөрч зогсжээ. Гар ажиллагаа их орсон нь харахад л тодорхой өрөөсөн мөртэй, ташааныхаа чамин нугалаандаа сувдан чимэглэлтэй загасан хормойтой даашинзыг Молли онцолжээ. Худалдагч санал болгоход Молли өмсч үзэв. Ээ тэнгэр минь энэ даашинз Моллид л зориулагдан бүтээгдсэн бололтой. Ташааных нь нугалаас бэлхүүсэнд нь яг таарчээ. Хэр баргийн юманд сэтгэл нь хөдөлдөггүй Дэвид хүртэл дуу алдах шахав. Түүний сүйт бүсгүй ийм үзэсгэлэнтэй байсан гэж үү? Харин даашинз жирийнийг бодвол арай үнэтэй байв. Уг нь ч Дэвидийн мөнгө хүрэх л байсан. Гэхдээ тэр арай хямдыг авахыг санал болгож Молли ч зөвшөөрлөө. Нэг их онцгойрох юмгүй хямдхан даашинзаа уутанд хийлгэж байхдаа урам хугарсан харц шилэн хорго руу шидэхийг нь Дэвид анзаарсан ч анзаараагүй царай гарган өнгөрсөн билээ. Бурхан минь би ч адгийн новш хог шаар юм даа. Тэр даашинзыг авч өгөхөөсөө би юунд гар татав даа?

Амьдрал үргэлжилсээр... Дэвид бусдаас онцгой нэгэн байхын хүслэнд автаж бүр ч шаргуу ажиллана. Гэртээ ирж хонохгүй байх өдөр ч бий. Молли уурлаж гомдоно гэж ер үгүй. Харин өглөө ирэхэд нь индүүдсэн цэвэрхэн хувцас, ширээн дээр халуун хоол хүлээж байдаг байлаа. Молли өөрөө орондоо буруу харан хэвтэнэ. Шүршүүрт орж хувцсаа сольж өмсчихөөд хоолноосоо хэд халбагадаад гарах хоорондоо бас л уур буцлана. Эр нөхөр нь шөнөжин ажиллаад ирж байхад босч ирээд мэндэлчихгүй ногоороод л, уг нь би онцгой нэг байсан бол илүү сайхан эхнэр авах байсан гэж боддог байж билээ. Нүгэлт намайг битгий өршөө бурхан минь. Бүх л амьдралаа намайг тав тухтай байлгах гэж гаргуунд нь хаясан хөөрхий тэр бүсгүйн талаар би нэг ч удаа бодож байсангүй. Шөнөжин намайг ирэхийг хүлээгээд л хоол хийж байгаад өглөө ядраад зүүрмэглэдэг байсан биз? Би яагаад урд нь анзаарсангүй вэ? Хорон үг чулуудчихаад гарахын оронд нь нэг удаа хацар дээр нь үнсээд баярлалаа гээд гараад явсан бол тэр минь хичнээн их баярлах байсан бол??? БИ ЯМАР ТЭНЭГ ХҮН БЭ???

Дэвид хичээнгүйлэн ажиллаж өөрийн компанитай болсон. Түүнд мөнгө, албан тушаал, эрх мэдэл, нэр хүнд бүгд бий боловч тэр хөндий хүйтэн. Тэр өөрийгөө онцгой гэж мэдэрдэггүй хэвээр. Түүнийг залуухан үзэсгэлэнт бүсгүйчүүд тойрон хүрээлнэ. Тэр ч хүссэнээрээ уулзаж зугаацна. Гэсэн ч амьдрал уйтгартай нэгэн хэвийн. Юуны төлөө яагаад ийм юм? Мэдэхгүй. Молли ч Дэвидийн дүнсгэр байдалд уусаад жингэнэсэн инээд нь гарахаа больжээ. Үргэлж бодлогоширсон, гунигтай бүсгүй цонх ширтэн сууна. Бас тэр урьдынх шигээ Дэвидийн хэлсэн бүгдийг ёсчлон гүйцэтгэхээ больж сав л хийвэл ам зөрөх гээд байдаг болжээ.
Дэвид 11 унтлагын өрөө, усан сан, 750 м2 талбайтай тансаг харшдаа хүрэлцэн ирлээ. Хаалгач үйлчлэгчид бөхөлзөн тонголзон гарч ирж тосон оруулна. Оройн хоол нэг тийм чимээгүй хөндий. Өрөө дамнасан ширээний 2 үзүүрт бие биенийхээ барааг арайхийн харж хооллоно. Хувийн тогооч арааны шүлс асгарам тансаг идээнүүд ширээгээр нэг өрөх ч нэр нь үл санагдах жижигхэн зоогийн газарт Моллитой иддэг байсан хэсэг ногоотой жигнэсэн тахианы цээж мах, 50 гр шотланд вискины амтанд хүрэхгүй. Одоо тэд хоорондоо бараг ярилцахаа больжээ. Ярилцах сэдэв ч олдохгүй.

Тэд элэг дэвтээх үр хүүхэдтэй болсонгүй. Молли хүүхэдтэй болохыг хүсдэг ч Дэвидэд хэлэхээс зүрхшээнэ. Тэд эхнэр нөхөр нэртэй л болохоос нэг оронд ч унтахаа больжээ. Тэр ганцаардлаа дотроо л хадгална. Дэвид 3 өдөр гэртээ ирж хоносонгүй.Тэд анх танилцсан өдөр шиг бороотой хаврын орой Моллигийн тэвчээр алдарчээ. Уул овоо шиг хувцас хогшлоосоо хамгийн чухал хэдийг цүнхэндээ хийж баглаад хувийн машинаар биш хөлсний тэргээр арилаад өгчээ. Урьдын адил уйтгарт гэртээ хөл тавьсан мөчид л Дэвид эвгүйрхэв. Хэн нэг зарц нь эзэгтэй явсныг хэллээ. Ханхай хоосон том байшин хүйтэн салхи үлээн угтав. Уур бухимдал дээд цэгтээ хүрч таарсан болгоноо хагачиж өшиглөв. Моллигийн хамгийн хайртай хятадын Сүн улсын үеийн шаазан ваар гарт нь өртөн юу ч үгүй болтолоо хэмхэрлээ. Дэвид л алга болох эрхтэйгээс Моллиг ингээд газрын гаваар орно гэж төсөөлсөн ч үгүй. Хайж сураглаад ч хаанаас ч олсонгүй.

Дэвид Моллиг ингээд алга болчихсонд дэмий л бухимдаж тасартлаа уув. Юу ч бодохыг мэдрэхийг хүссэнгүй. Хөл дээрээ алхах тэнхэлгүй болсон Дэвид өөрийгөө захирч чадалгүй үсрэн гараад гараш руугаа очиж хамгийн эхний эгнээнд тавьсан, энэ дэлхий дээр ердөө 500-хан ширхэг байдаг Альфа Ромео Компедицион машинд ухасхийн суув. 4 секундэд 100 км цаг хурд авах чадалтай төмөр хүлгийнхээ аагийг гайхуулан уулын тойрог замаар тэр нисэх мэт давхина. Түүний толгойд уур, өшөө хорсол, үзэн ядалтаас өөр юу ч байсангүй. Молли түүнтэй хамт байхгүйд биш орхиод явсанд л ясны дургүй хүрнэ. Түүний тархи эв эрүүлээр сэтгэх боловч бие нь бодлынхоо хурдыг гүйцэхээ болив. Гараа хөлөө хуруугаа толгойгоо хөдөлгөж чадахгүй болов. Нүдэнд үл үзэгдэх төмөр гинжээр тас хүлчихсэн мэт дэмий л хөлс урсахаас өчүүхэн ч хөдлөж чадахгүй байлаа. Ам ангайвч хоолой нь хатаад аа гэх авиа ч гарсангүй. Эрх биш түүний нүд л ийш тийш хөдлөн амьд байгааг нь гэрчилнэ. Цаг хугацаа оронзайны өмнө тэр дэндүү болхи удаан болсон мэт. Тэгээд Дэвид огцом эргэлтэн дээр жолоогоо дарж амжсангүй замын төмөр хашлагыг сэт дайран нисэв.

Тэр машинтайгаа нисэж явна. Түрүүхэн цаг хугацаа, оронзайн түүнийг хаян урсаж байсан бол яг одоо эсрэгээрээ Дэвидийн тархи гэрлийн хурдаар ажиллан бүх амьдралаа ганцхан хормын дотор нэгд нэгэнгүй эргэн харж буруу зөвөө шүүн цэгнэв. Тэр тэс өөр хүн болжээ. Ямар нэгэн далдын хүчин түүнийг ямар новшийн зан гаргасныг ямар хөгийн амьтан болчихсон байсныг өөр хүний нүдээр харуулжээ. Тэр харамсаж байв. Үнэхээр голдоо ортол харамсана. Үхэж байгаагаа мэдэх үед сэтгэл санаа зөвхөн үнэнийг хүлээн зөвшөөрдөг. Тэр юун дээр алдаж явснаа ойлгосон. Онцгой болох гээд хөлс нулимсаа урсган байхдаа өөрийг нь жинхэнэ онцгой болгож байсан хүн нь Молли байсныг анзаараагүй явжээ. Хэн ч биш байхад нь Молли л түүнийг онцгой гэж үнэлсэн. Хүнд хэцүү цаг мөч бүрт Моллигийн урам зориг урагшлах хүч нь болж явсныг, түүнгүйгээр тэр урагш нэг ч алхаж чадахгүй ухрах байсныг ухаарлаа.

Гэтэл Дэвид Моллигийн төлөө юу хийлээ? Хүний үнэргүй адгийн новш. Хөөрхий бүсгүйд чулуун зүрхтэн шиг хандаж үргэлж харааж загнадаг байсан. Хэзээ хамгийн сүүлд цэцэрлэгт хүрээлэнгээр хамт зугааллаа? Хэзээ театрт жүжиг ший хамт үзэв? Хэдэн насны төрсөн өдрөөр нь би цуг байж баяр хүргэлээ? Молли тэнгэрийн элч тулдаа намайг тэсч өдийг хүржээ. Би бол хүйтэн цустай өрөдвөх сэтгэлгүй амьтан. Нүд минь одоо нээгдлээ. Би үхэж байгаагаа мэдэж байна. Хэрвээ энэ бүх зүйл тохиолдоогүй байсан бол би түүндээ хичнээн их хайртай байснаа л хэлмээр байна.
Моллигоо чанга гэгч нь тэврээд энэ олон жилийн турш түүнийг тарчлаасан хөгийн амьтан байсныхаа төлөө би өвдөг сөгдөж байгаад уучлалт гуйна. Ханатал нь үнсэж эрхлүүлнэ, хөөрхий бүсгүйн сэтгэл нь хичнээн дэвтэх байсан бол? Би өдөр бүр ажлаасаа яаран яаран ирээд анх танилцахдаа уулздаг байсан жижигхэн хоолны газартаа жигнэсэн тахианы цээж махаа идчихээд Моллитойгоо гудамжаар алхаж од тоолонгоо мөрөөдлийг нь сонсох байсан. Түүндээ би хэд л бол хэдэн удаа хүссэн хуримын даашинзыг нь авч өгөөд ахин хуримаа хийнэ. Би амьдралаа Моллид зориулан өөрчилнө. Түүнийг би жинхэнэ эр хүний ёсоор жаргаах байсан. Хөөрхөн хүүхэдтэй болчихоод яаж эрхлүүлэхийг нь хараад бахархаж суух байсан. Аав маань цэцгийн дэлбээгээ энхрийлдэг шиг тэр миний тарьсан цэцэг болох байсан. Ай хөөрхий одоо яалтайв дээ? Хэрвээ надад одоо амьдрах онцгой боломж гардаг л юм бол би алдаагаа бүгдийг нь засаж эхнэрээ хамгийн ихээр хайрлаж халамжлан үргэлж жингэнэсэн инээдээр нь хорвоог чимж явах болно бурхан минь. Түүний хацар дээгүүр нулимс урсана...

Энэ бүгдийг Дэвид ганцхан секундэд бодсон юм. Гэнэт цаг хугацаа ахин хурдаа авч түүний бодолд гүйцэгдэхээ болив. Машин уулын уруу өнхөрч хоёр ч удаа хий эргэлдээд бүдүүн гэгчийн царс модыг голоороо хугартал хамраараа хэмх мөргөн зогсолоо. Улаан цэнхэр гэрлүүд анивчин, дуут дохио хангинан цагдаа түргэнийхэн ирж сэг болсон машиныг битүүмжлэн Дэвидийг авч явлаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуугилдан хот даяар жижигхэн бужигнаан болов. Дэвид суудлын бүсээ зүүгээгүй байсан хэдий ч хачирхалтай эсвэл азтай гэж хэлж болохоор явдал тохиолдсон юм. Түүний 3 хуруу тулж, нэг хавирга хугарч, баруун талын хөмсөг сэтэрч, мод мөргөх үед шүдээ тас зууснаас болж уруулаа бага зэрэг хэгзэлснээс өөр гэмтэл байсангүй. Эмч шинжээчдэд үнэхээр гайхамшиг гэхээс өөр үг олдсонгүй. Хүмүүс Дэвидийг дээд тэнгэрээс заяат хүн, үхэх цаг нь болоогүй, бурхан өөр дээрээсээ буцаасан гэх мэтээр ярилцаж байв.

Дэвид эмнэлгийн өрөөнд нүдээ нээлээ. Шинэхэн гоодаль цэцгийн үнэр нэн тааламжтай уур амьсгал буүрдүүлнэ. Өрөөн доторхыг тойруулан харав. Тарьмал цэцгээ хүүхдүүдээсээ илүү хайрладаг хүрэл хөшөө шиг аав, мэлрэг цэцэгтэй нил ягаан хормогчоо зүүчихээд бялууны шинэ жор зохиодог ээж, боломж л олдвол шоглодог дээрэлхүү ах Патрик, таарахаараа танихгүй дүр үзүүлдэг хуурамч язгууртан эгч Глориа, хэдий том болсон ч энгэр ханцуйнаас нь зүүгдэн урваганаж байдаг дүү Жой нарынх нь царай харагдав. Тэдэн дунд Молли байлаа. Усан цэнхэр даашинз өмсөж долгиотой хар хүрэн үсээ шуужээ. Гүн цэнхэр нүдэнд нь гэмшсэн, санаа зовсон байдал илт... Бас нүүр нь бэлцийж хавагнасныг ажихад уйлсан нь илэрхий байлаа. Молли Дэвидийн орны толгойд дөхөн ирж

-Намайг үнэхээр уучлаарай хайрт минь. Би үнэхээр ийм явдал болно гэж бодсонгүй. Эр нөхрөө хаяж явдаг нь миний буруу. Би чамд дэндүү их гомдсон байсан. Би тэгээд ойр зуурын эд зүйлээ цуглуулаад Сицилд байдаг нагац эгч Клара байна шдээ? Түүн дээр зочилж очих гэж байсан юм. Тэгээд тэнд хоног толгойгоо сэргээж тайвшрангаа юм бодохоор шийдсэн. Чамд хэлээгүй нь миний буруу. Онгоцны буудал дээр нислэгээ хүлээж байтал зурагтаар чиний ослыг гаргахад миний зүрх зогсчих шиг болсон. Би замын турш юу хийчих вэ гэж бодож миний буруугаас болж чамд ямар нэг зүйл тохиолдсон байхвий гэдгээс үхтэлээ айж уйлсан... Би тэнгэр бурхнаас чамайг амьдруулаад намайг оронд нь үхүүлээч гэж зөндөө гуйж залбирсан. Чи минь намайг бодвол амьд явах эрхтэй онцгой хүн шүү дээ. Дэвид ээ би чамд хайртай.

Дэвид хамаг чадлаа шавхан байж өндийн суугаад Молли рүү харах мөчид нь нүд нь гялалзав. Молли асар их горьдлого тээж хорвоо ертөнцийг агуулсан харцаар Дэвидийг цоо ширтлээ.

-Уучлаарай, эр нөхрөө хаяж харанхуй шөнөөр оргон зайлагч энэ хүүхнийг би танихгүй юм байна. Би өөрөөс нь болж амиа алдах дөхсөн байхад өөдөөс минь хараад нулимс дуслуулахаасаа ичихгүй байна уу? Би онцгой хүн шүү, хадагтай та одоо хурдан миний нүднээс далд орж үз” гэж хэлээд буруу харан хэвтэв. Молли өрөөнөөс толгой унжуулан нулимаа цувуулсаар сажлан гарав. Ай бурхны өгсөн онцгой боломж оо гэж...

2010/05/19

О.Агиймаа

Шүхрээр яах юм бэ?


Нэгэн хэвийн гунигтай, залхуутай орой. Зүрх байх хэсэгт хоосон хар нүхнээс өөр юу ч үгүй. Цээж дүүрэн амьсгаа авч чадахгүйдээ дэмий бачимдана. Уйтгарламаар. Дотор харанхуй. Би яагаад...? Би юуны учир...? Би хэзээ...? Би яах гэж...? Уйлмаар. Гэсэн ч нулимс байхгүй. Хичнээн шахавч нэг дусал ч гарахгүй. Харин сэтгэл дотор бөглөрнө. Би хүснэ. Гэхдээ юуг? Өөрөө ч мэдэхгүй. Гэвч олох ёстойгоо л мэдрэнэ. Надад нэг ч гэсэн дохио сануулга өгөөч дээ бурхан минь...

Гэнэт сэтгэл хөвсөлзүүлж догдлуулсан зөөлөн үнэр хамар цоргив. Цочсон миний биенээс уйтгарт бодол үсрэн зугтав. Хөөж барихыг хүссэнгүй. Харин тэр л үнэр... Чийгний, дэндүү удаан хүлээсэн борооны үнэр. Нүдээ анин гүнзгий амьсгал авлаа. Хүйтэн, уйтгартай, дуусдаггүй урт өвлийн тас няс жаварт бээрч бэгжиж явахдаа зөвхөн чамайг л хүлээж явснаа би ойлгов. Ирж яваа зун цаг, үргэлжийн жаргалийг амласан анхны бороог л би өөрийн мэдэлгүй хүлээхдээ зөнгөөрөө хатуу ширүүн өвлийн зудыг давсан юм байна. Харин тэр ирчихэж. Тэгээд намайг дуудаж байна.

Би түүнрүү яарна. Зүрх минь цээжиндээ багтахгүй хүчтэй цохилно. Шатан дээр ч хөл хүрсэнгүй далавчтай мэт дүүлээд гарав. Нүүрэнд минь гуниг гутрал бодлогоширол зовлонгийн аль нь ч байхгүй. Зөвхөн инээмсэглэл л тодроно. Бороо намайг зөөлөн шивэрсээр угтлаа. Дотор тээглэсэн гайтай бул чулуу шиг нулимс хамаг гунигийг хаман урсана. Чи бас намайг хүлээж байсан юм уу? Намайг л зөөлөн дуслуудаараа илбэх гэж хахир хүйтэн өвлийг давсан уу? Тийм гэх шиг бороо улам ширүүснэ. Тэгэхдээ хэмнэл нь нэг л танил дотно.

Эрэл сурал болсон нандин эрдэнээ олоход хүн хичнээн баярладаг билээ? Яг л тийм мэдрэмж ургана. Дусал болгоныг нь газарт унагалгүй өөртөө шингээх шунал төрнө. Харамлана. Зөвхөн над дээр, зөвхөн намайг... Бороо минь чи зөвхөн минийх. Бороо бүр хүчтэй оров. Моддын навчсыг сэржигнүүлэн дээврийн модыг пижигнүүлэн бөмбөрдөх аялгуунд би бүжнэ. Сэтгэл зовох юу ч байхгүй. Диваажингийн амар амгалан.

Аянга цахилгаан цахиж аадар бороо цутгана. Би бүр онгиров. Надад тэр шүхэр чинь хэрэггүй. Хувцас гутал норох надад огт сонин биш. Ахиад зөндөө олдоно. Харин энэ л борооны ширхэг болгон нь алдмааргүй. Ариухан дуслуудаараа намайг угаа бороо минь. Өвөлжин биед минь нэвчсэн утаа тортогны угаарыг уусга! Нүүрний минь энгэсэгийг ч урсга! Сүрчигний минь үнэрийг арч! Ороосон үсийг минь задал! Хиймэл бүхэн арилаг!!!Би чамтай зөвхөн өөрөөрөө байхыг хүснэ. Мөн чанар, би бас чи. Тэгээд л гүйцээ. Хувцас шалба норж, гутланд ус нэвтрэв.

Бүлээн бороонд л норох гэж би өвлийг өнгөрөөсөн байхад тэр шүхрээр чинь би яах юм бэ? Худал хуурмаг хиймэл бүхнээ энэ гэгээхэн дуслуудад уусган угаах л гэж хүссэн байхад, аз жаргал урин дулааныг зөгнөх энэ бороонд хатсан сэтгэлээ услах л гэж төрсөн байхад тэр шүхрээр чинь би яах юм бэ???

2010/05/16

О.Агиймаа

Хайлсан гар утас буюу Хүлээлгэсэн залууст


Чи ямар нэгэн асуудалд төвлөрч чадахгүй, дотор чинь нэг л тайван бус байна уу? Найз нөхөдтэйгөө уулзаж гадуур явмаар, эсвэл жоохон хөөцөлдөөд шийдчихмээр ажил байдаг. Ямар ч байсан лаглайж суух завгүй чухал хүн шүү дээ чи чинь. Гэтэл толгойд чинь бодож байгаа юм юу ч байхгүй, хов хоосон. Саяхан юу бодож байснаа ч санахаа больчихлоо. Тэгээд тэнэж одсон бодлоо олох гээд чи хамаг тамир тэнхээгээ барна. Бас яах учраа олохгүй самгардаж хараал урсгах ч энүүхэнд...

Ширээн дээр байгаа гар утас байн байн хангинахад нүднийхээ булангаар харж минутын зайтай улаан товчлуур дээр дарна. Хэт их завгүй байснаас болоод хий юм сонслоо гэж сүүлдээ бодно. Тоохоо ч болино. Дэлгэцний зурган дээрх хагас нүцгэн хүүхний зураг далдартал мессэж ирсэнд дургүй нь хүрч уншихгүй устгаж хаяна. Үүрэн телефоны компаниудыг дуудлага замаас нь “үржүүлсэн” хэрэгт хэрэгт хардана. Уур буцлана. Утсаа унтраана. Хааяа хөөрхий зол муутай утас ирсэн дуудлагыг дамжуулсан хэргийн буруутан болж золигт гарна.

Энэ бүгд нэг охиноос л болж байгаа тийм үү? Тэрэнтэй тэрэнгүй хорвоо дэлхий уужим хийх юм зөндөө байхад мөнхийн араас чаргууцалдсан тэр хүн. Ямар ч үнэ хүндгүй дуртай үедээ яваад очиход инээгээд угтдаг, дургүйгээ хүрвэл хаяад гарахад нус нулимсаа цувуулаад үлддэг тийм л охин. Түүнд нэвтрэхгүй хаалга цоож гэж байхгүй, харин хөөж туугаад явуулчих чадалтай амьтан байхгүй. Тэгээд чи эцэс төгсгөлгүй гүйлтийн уралдаанд тарчлана.

Тэр тун удахгүй араас дагахаа болих байх гэж найдна, өөртөө итгүүлэх гэж оролдоно. Тун удахгүй өөрийнхөө дэргэдээс холдуулчихаад сэтгэл тайван амьдрах талаар төсөөлөн бодож баярлана. Өрөөлд түүний хичнээн ядаргаатай талаар гомдол тавина. “Тэр хийх ажилгүй амьтан. Гэхдээ надад даанч хайртай юм. Боломж олдвол би түүнээс сална. Бололцоо олдох л юм бол миний шаналал дуусч, тэвчээр гаргасны шагналаа хүртэнэ. Ахиад жоохон л тэсчихвэл би жаргалтай ганц бие болно.” гэж хэн нэгэнд хэлээд тас тас хөхрөнө. Карманд нь байнга хангинаастай утас хайлна...

Харин тэр бүгдийг үл тооно. Тэр зөвхөн чиний араас дагана. Чамайг дагахад ямар ч садаа байхгүй, тэр байлгадаггүй. Тэр өөрийг нь шантруулах бүхнээс ангид байдаг. Өрөвдмөөр... Толгойд нь дүүрэн орооцолдсон бодол, зүрхээр нь дүүрэн чиний үлдээсэн шарх сорви. Тэр чиний хувьд юу ч биш бол чи түүний бүх амьдрал нь. Түүний утсаа атган шаналан суугаа дүр зураг чамд ядаргаа, харахаас дургүй хүрмээр доожоогүй амьтан. Тэгээд харахыг хүсэхгүй бол чи нүдээ анихад л хангалттай. Вот!!! Ингээд тэр ядаргаатай охин ч, ядаргаатай нулимс ч энэ хорвоод огтоос байхгүй болчихлоо, одоо цааш алхахад чөлөөтэй. Чи түүнийг аль болох харахыг хүсэхгүй тэнгэр ширтэх ч тэр хүлээнэ...

Хэсэг хугацааны дараа тэвчээр чинь нимгэрч чи түүнд уурлана. Алга болно. Тэр үед чи өөрийгөө бүсгүйчүүдийн хайрыг булаасан сайхан залуу, дайнд ялсан баатар болсон шиг санана. Зөндөө сайхан бүсгүйчүүд байна. Улам зугтана. Зай холдоно. Харин тэр үүнд итгэж чадахгүй өөрийн хайран сайхан хугацаа, тэвчээрээ алдан хүлээсээр...

Орой болгон иддэг гэрийн гурилтай шөл тийм ч амттай санагддаггүй. Хааяа ч гэсэн өөр хоол цохих сайхан. Гэхдээ гадуур иддэг хоол маань ямар чанартай байдагийг мэддэг бил үү? Тэгээд хоол биш хог идчихээд хордлогод орж аахилж хэвтэхэд гэрийн гурилтай шөл л аминд орж, магтан дуулдаг шүү дээ. Хүн гэж тийм л амьтан. Өөртөө байсан, байгаа энгийн хирнээ үнэт зүйлийг анзааралгүй өөр бусад хуурамч гял цал руу нүд болон сэтгэлээ чулуудаж явдаг. Аливаа юмны мөн чанарыг биш гаднах төрхийг л олж харах юм бол “хордлогонд орж” мажийх магадлал төдий чинээ их байна гэсэн үг. Сайхан амттай, сайхан харагддаг ч хортой “идээ-ний” хандлага анхнаасаа өөр байдаг юм.

Тийм бүсгүйн сайханд нь автаад чи гуйдаг. Чиний утас тасралтгүй яриад биш атгуулаад хайлдаг юм. Тэр хэзээ ч чиний тухай сонирхдоггүй харин түрийвчийг чинь сонждог юм. Гараа сунгахаасаа өмнө хошуу цорвойдог юм. Тэр хийх зүйлгүй гиюүрээд явж байсан ч чамд үргэлж завгүй байдаг юм. Од харвахад зөвхөн алт эрдэнэс бодож нүдээ аньдаг юм. Түүнд ирэх зам, буцах зам нь нэг байдаг юм. Тийм хүн цалингаа авсан өдөр нүүрэндээ нялуун инээмсэглэл тодруулж үлдсэн цагт нь өөр нэгний цалинг үрэлцээд явж байдаг юм. Тэр өмнө чинь нулимсаа гаргаж шаналсан дүр үзүүлэвч дотроо баярлаад алгаа ташиж байдаг юм. Тэр хүн чиний төлөө хийсэн юмгүй мөртлөө хамгаас ихийг шаардаж байдаг юм. Тэр хүн чамайг хутга бүлүүлчихээд хэвтэж байхад хурууныхаа шалбарсан өндгөнд харамсч орилдог юм. Чамайг зүрхээ сугалаад өгөхөд тэр жинлүүрийн нөгөө талд зоостой жигнэдэг юм. Хэрэв чи эргэлзэж байвал тэр сайн дураараа хүлээхийн оронд бэлэн хоолтой өөр нэг алтан тор хайгаад нисч оддог юм. Тэр үед гоо сайхан гэдэг сэтгэлийнх байдгийг, ахиж хэзээ ч тийм амттай гурилтай шөл байдаггүйг, хайрыг хамт байхдаа л хайрлах хэрэгтэйг чи ухаардаг юм.

Харин энэ хоород чиний нүдэнд өртөөгүй ч зөвхөн чамайг үнэнчээр хайрлах хэн нэгэн утсаа атган хүлээсээр л...

2010/05/13

О.Агиймаа

Хайлсан гар утас буюу Хүлээсэн охидод


Чи ямар нэгэн асуудалд төвлөрч чадахгүй, дотор чинь нэг л тайван бус байна уу? Байж суух газраа олохгүй өрөөн дотроо холхиж нэг хийсэн үйлдлээ өөрийн эрхгүй давтаж хийгээд л... Бас бодол санаа чинь эмх цэгцгүй, хэрвээ толгойноос чинь сугалаад гаргаад ирдэг бол бөөгнөрөлдсөн бөөн утас шиг болчихож багширалдсан юм байгаа биз? Тэр орооцолдооныг гаргах гээд чи хамаг тамир тэнхээгээ барна. Бас яах учраа олохгүй самгардаж нулимс урсах ч энүүхэнд...

Ширээн дээр байгаа гар утас руу байн байн нүднийхээ булангаар хяламхийж, минутын зайтай оролдож үзнэ. Хэт их хүлээснээс болж хий юм сонсоно. Цочиж сандрана. Тэгээд дэлгэцэн дээр ув улаан зүрхний зургаас өөр юу ч харагдахгүй бол урам хугарна, хорхой бүр нэмэгдэнэ. Үүрэн телефоны компаниудыг замаас нь “ажилласан” хэрэгт хардана. Хааяа хөөрхий зол муутай утас ирээгүй дуудлаганы буруутан болж золигт гарна.

Энэ бүгд нэг залуугаас л болж байгаа тийм үү? Яах учир нь мэдэгдэхгүй чамайг бөөн оньсого таавар, асуултан дунд цор ганцааранг нь үлдээчихээд алга болдог тэр хүн. Дуртай үедээ харааж зүхэж байсан ч ургаад л гараад ирдэг, гэнэт гарч ирсэн шигээ хэрвээ хүсвэл хичнээн уйлж гуйсан ч яваад оддог тийм л хүн. Түүнд нэвтрэхгүй хаалга цоож гэж байхгүй, бас тогтоон барих гинж төмөр олдохгүй. Тэгээд чи эцэс төгсгөлгүй хүлээлтийн хүлээсэнд тарчлана.

Тэр чинийх гэдэгт найдна, өөртөө итгүүлэх гэж оролдоно. Тун удахгүй өөрийнхөө дэргэд сэтгэлээрээ уячихаад үүрд хамт байх талаар төсөөлөн бодож баярлана. Өөрийнхөө бодлоос ч түүнийгээ өмгөөлж хамгаална. “Тэр завгүй л байгаа. Гэхдээ намайг бодож байгаа. Боломж олдвол тэр над дээр ирнэ. Бололцоо олдох л юм бол миний шаналал дуусч, тэвчээр гаргасны шагналаа хүртэнэ. Ахиад жоохон л тэсчих.” гэж өөртэйгөө ярилцан цонхоор гөлрөнө. Гарт нь тас атгаастай утас хайлна...

Харин тэр бүгдийг үл тооно. Тэр өөрийн замаар урагшилна. Түүнд ямар ч садаа байхгүй, тэр байлгадаггүй. Тэр бүхнээс ангид байдаг. Атаархмаар... Толгойд нь орооцолдсон нэг ч бодол байхгүй, зүрхэнд нь хэн нэгнээс үлдсэн ганц ч сорви байхгүй. Тэр чиний хувьд бүх зүйл бол чи түүний хувьд юу ч биш. Чиний утсаа атган шаналан суугаа дүр зураг түүний сэтгэлийг өвтгөхгүй, зүгээр л залхаана. Тэгээд харахыг хүсэхгүй бол тэр нүдээ анихад л хангалттай. Вот!!! Ингээд тэр ядаргаатай охиныг ч, ядаргаатай нулимсыг ч энэ хорвоод огтоос байхгүй юм шиг цааш алхана. Чамд түүний хамрын нүх л харагдсан ч чи хүлээнэ...

Хэсэг хугацааны дараа тэвчээр чинь нимгэрч чи түүнийг гуйна. Аргадна. Чи өөрийн бардам зангаа түүний өөртөө итгэх итгэлд хандивласан гэж ойлгоорой. Улам холдоно. Зай томроно. Чи үүнд итгэж дасч чадахгүй хэр их хугацаа, тэвчээр, итгэлээ алдахыг хэн ч мэдэхгүй.

Хэтэрхий амархан олдсон зүйл тийм ч үнэ цэнэтэй санагддаггүй. Бид цатгалан үедээ дээд зэрэглэлийн рестораны ерөнхий тогоочийн гарын хоолыг тавган дээрээ үлдээж баярхдаг. Харин өлсөж явахад олдсон үмх махны үнэрийг хүртэл шуналтайгаар сордог. Хүн гэж тийм л амьтан. Өвдөг сөгдөх тусам чи “тавган дээр” хаягдаж хоцроод хогийн сав руу орох магадлал төдий чинээ их байна гэсэн үг. Үнэхээр бүгдийг нь идэх байсан хүний хандлага анхнаасаа өөр байдаг юм.

Тийм хүнийг чи гуйдаггүй гуйлгадаг юм. Чиний утас атгуулаад биш тасралтгүй яриад хайлдаг юм. Тэр зөвхөн өөрийнхөө тухай магтдаггүй, чиний тухай бүгдийг мэдэхийг хүсдэг юм. Эхлээд уруулыг чинь биш гарыг чинь үнсдэг юм. Тэр хорвоогийн хамгийн ажилтай хүн байсан ч чамд үргэлж завтай байдаг юм. Чамайг яг үмх мах шиг “ховдоглох” хүн бусдад үнэрийг чинь ч алдчихвий гэж айгаад дэргэдээс чинь нэг алхам ч холддоггүй юм. Од харвахад зөвхөн чамайг бодож нүдээ аньдаг юм. Түүнд ирэх зам гэж байхаас эргэх зам байдаггүй юм. Тийм хүн мянган хана хэрэм, хаалга цоожийг эвдээд чам дээр ирдэг хүчтэй, нэг ширхэг үсээрээ түүнийг хүлэхэд мултарч чаддаггүй тийм дорой байдаг юм, ганцхан чиний өмнө. Чиний нулимсыг харж хичнээн шаналавч тэр нүдээ анилгүй тосож авдаг юм. Тэр хүн чиний сүрчигтэй алчуурны төлөө бусдыг дуэльд дуудаж чаддаг юм. Тэр хүн өөрөө хутга бүлүүлсэн байсан ч хурууны чинь өндөг шалбарахад боож өгдөг юм. Тийм хүн чамайг хэрвээ хүсвэл зүрхээ сугалаад алган дээр чинь тавидаг юм. Хэрэв чи эргэлзэж байвал тэр сайн дураараа хүлээхийн хүлээсэнд тарчилж чаддаг юм.

Харин чи сэтгэлийг чинь хайрлах байтугай хүндэлдэггүй нүдээ тас аньсан хэн нэгнийг утсаа хайлтал атган хүлээсээр л...

2010/05/13

О.Агиймаа

Заяаны хань

Миний дүр чиний төсөөллийн гүнж байгаасай. Махан биенд төрсөн гэхэд итгэмээргүй үзэсгэлэн гоо бүрэлдсэн “дагинас” зөндөө байдаг ч зөвхөн чамайг сонгосон сэтгэлийн гэгээг гадаад төрхөнд минь шингээж хараад онцгойлон хайрлаарай. Надаас бусдыг олж харахгүйн тулд сайхны өмнө буруугүй нүдээ “сохлоорой”

Миний үг чиний хувьд зөрчдөггүй хууль байгаасай. Хааяахан би чамд зориулж мэдрэмжээ эгшиг авиагаар илэрхийлнэ. Чин сэтгэлийн үгсийг минь чихнийхээ хажуугаар өнгөрөөлгүй сувд мэт түүж аваад зүрхээ чимээрэй.

Миний нулимс чиний замыг угаан ариутгаж байгаасай. Чамайгаа зовоохгүйн тулд гомдол харууслын нулимс хоолойд торж, хамаг биеийг чичрүүлж байвч би залгиж нууна. Харин гадагш урсгасан дусал болгон нь зөвхөн догдолсон сэтгэлийн тусгал баярын нулимс байгаасай.

Миний итгэл чамд зүйрлэмгүй их хүсэл эрмэлзэл, найдвар төрүүлж ирээдүй рүү гэрлийн хурдаар урагшлах зүтгүүр нь болоосой. Шантрах үед чинь зэмлэлгүй дэм өгч, сагсуурах үед чинь дагалгүй сануулга өгч чамтай би үргэлж хамт байна. Миний хүсэл мөрөөдөл чиний тэмдэглэлийн дэвтрийн эхний хуудсанд үргэлж байгаасай.

Миний халамж хүн болж төрсөний чинь учрийг ойлгуулж, нулимс унагаасай. Зүдрэх үед би чиний тохойг түшиж, гуних цагт чинь уйтгар үргээж шөнөжин ярилцана. Хариу нэхээгүй сэтгэлийн хариуд чи миний дэргэд сайн дураараа үүрд үлдээрэй.

Миний уруул зөвхөн чиний рашаан уух хундага нь байгаасай. Үсний минь ширхэг бүр чамайг энхрийлэн илбэнэ, эд эс бүхэн минь чиний төлөө намайг эрч хүчээр сэлбэнэ. Миний бие зөвхөн чамайг нэвтрүүлдэг диваажингийн хаалга байгаасай.

Миний гар зөвхөн чамайг бүүвэйлдэг зөөлөн өлгий байгаасай. Амьдралд оноход биш алдахад би чамайгаа илүү их хайрлаж гайхамшгийг чи миний тэврээс мэдрэх болно. Тэгээд бяр чадал нь хэд дахин нэмэгдсэн чи минь цааш алхаарай.

Миний нүд зөвхөн чиний дүрийг хайдаг байгаасай. Төгс сайхан биш байсан ч сэтгэлд дотно чинийхээ царайг би мянган удаа зураад харахад мянган өөр хүн харагдана. Өдөр бүр өөр авъяасыг нээн илрүүлж, өглөө бүр шинээр дурлаарай.

Миний зүрх зөвхөн чиний өмч байгаасай. Өч төчнөөн тасалгаа өрөөтэй орд харш шиг уужим саруулхан зүрхэн дотроо олон “иргэнтэй” хүмүүс байдаг л байх. Харин ганцхан хүн чадан ядан багтах умгархан тэр өрөөний түлхүүр зөвхөн чинийх байгаасай.

Миний зүүд бидний жаргалыг зөгнөдөг байгаасай. Өдөр шөнийн алинд ч бай чинийхээ дэргэд байх ганц хормыг ч би дэмий алдахгүй. Тэвэрт чинь унтаж байхдаа чамайг зүүдлэн үнэгчилэхэд өхөөрдөн инээмсэглээрэй.

Миний амьдралын гол дүр нь чи байгаасай. Эргэн тойронд олон хүн ирж буцаж байвч ганцхан би чиний хажууд сар шиг дагуул болж бүх амьдралаа зориулъя. Хоолтой хоосон хоногуудын алинд нь ч хувирч өөрчлөгдөлгүй чиний талд байна.

Миний ирээдүй чи л байгаасай. Амлалт нэхэж зовоохгүй, албадаж хүчээр барихгүй. Угаас бие биедээ зориулагдаж төрсөн болохоор нэгнээ хайрлаж энэ насыг баръя. Үнэнч сэтгэлийг дээдлэх намайг олсон болохоор азтай гэдгээ ухаарч хазгай гишгэлгүй амьдраарай.

Миний аз жаргал чи л байгаасай. Цагийн хуудас өчнөөн жилийг элээж, гундсан үрчийсэн хоёр хөгшин өөрсдийн гараар бүтээсэн түүхээ үр ачдаа өгүүлж суух үедээ ч залуу насны догдлолсон харц нь хэвээрээ байгаасай.

Цаг нь болоогүй тэр учралыг төсөөлөн суухдаа би ингэж л бодлоо. Олдох л юм бол чамайг би олсоор биш сэтгэлээрээ аргамжаад алдахгүй дээ. Хэзээ учирахаа, хаана юу хийж явааг чинь мэдэхгүй ч надаар хайрлуулах заяатай төрсөн залуу минь...

2010/05/12
О.Агиймаа

Би дуртай...


Би танихгүй хүн рүү харахад над дээр туссан харцаа буруулахад дуртай
Харин ичих ч үгүй шалиг инээмсэглэхэд дургүй

Би бүлээн салхи хүзүүн дээр үнсэж үсийг минь илбэхэд дуртай
Харин хог шороотой хамт хормой сэвэлзүүлэх хавсарганд дургүй

Би сүргээрээ бөөгнөрөөд хөхрөлдөх цөөвөр чононуудад дургүй
Харин тэргүүнээ ямагт өргөж ганцаар урагшлах ирвэсэнд дуртай

Би хоёрын хооронд болсон болоогүй жижигхэн ногоон алимнуудад дургүй
Боловсорч гүйцсэн атгасан гарын чинээ шүүслэг улаан алиманд дуртай

Би идэх тусам бялууруулдаг зөгийн баланд дургүй
Шүлс асгарч хэл дарвиганасан ч тэмүүлээд байдаг исгэлэнд дуртай

Би амьд нэртэй ч тансаг цаасны тасархайд ороосон цэцгийн цогцсонд дургүй
Харин навч нэмэх бүртээ найдварыг хамт түгээдэг даруухан тасалгааны ургамалд дуртай

Би үдэш унтахад аялдаг уянгалаг бүүвэйн дуунд дургүй
Харин өглөө сэрээж хараалыг минь иддэг ч сэрүүлэгнийхээ цангинах цовоо дуунд дуртай

Би алтан нар халуун илчээрээ нозооруулж хайлуулахад дургүй
Харин бүүдийсэн хар үүл жавараа илгээж амьд байгааг минь мэдрүүлж алгадаад авахад дуртай

Би бусдын адил зөөлөн шиврэх бороонд алхах дургүй
Мөндөр хаялж аянга цахисан аадар бороонд шалба норж гүйх дуртай.

Би хэд харайж тойроод тэр чинээгээрээ хурдан буудаг дов толгодод дургүй
Харин авирах тусам оргил нь холддог, нэг гарсан бол буумааргүй санагдах мөнх цаст ууланд дуртай

Би нэг үдэш гоёх гэж хүнээс зээлсэн чамин даашинзанд дургүй
Хуучирч элэгдсэн ч биед дасал болсон тэр л хувцсаа орой бүр өмсөх дуртай

Би ертөнцийн өнгө будаг бүрийг харах гэрэл гэгээнд дуртай ч
Бодлоос бусад бүх зүйл уусан алга болж зөвхөн үнэн үлддэг тас харанхуйд бүр илүү дуртай.

2010/05/11

О.Агиймаа

Би хэтэвчинд чинь багтахгүй


Эрэгтэй хүний нүдээр эмэгтэй хүн гэж байхаа боличихсон байна. Бүр ор сураггүй алга болчихож. Харин бүгдээрээ эд бараа болж хувираад үнэ бичсэн шошго тэмдэгтэйгээ алхаж явдаг болжээ. Тэгээд л эрчүүд дэлгүүрийн лангуун дээрээс сонгож байгаа аятай гудамжаар зөрөх “бараануудыг” гэдсээ илэн, уруулаа хазлан хомхой харцаар ажиглангаа түрийвчээ тэмтэрч үздэг болчихож. Бэл нь хүрэхгүй нэг нь хулгайн харц шидэж, хоосон горидохоос цаашгүй. Угаасаа үнэгүй юм гэж хаа ч байхгүй...

Эрчүүд ямар ч хүсэл эрмэлзэл, эрх мэдэл бас зүрх байхгүй хөөрхөн гэгчийн хүүхэлдэйнүүдийг хийц хэмжээнээс нь хамаараад худалдаж авах сонирхолтой болчихож. Зарим нэг нь бүр хэд хэдээр нь аваад энд тэндэхийн агуулахад хадгална гээч. Тэгэхээр зөвхөн эр хүйстнүүд “хүн” гэдэг төрлийг төлөөлж хорвоо дээр үлдсэн байж таарлаа. Харин эмэгтэйчүүд бол тэднийг амьдрахад нь туслах багаж хэрэгсэл төдий зүйл байх нь...

Тэр хөөрхөн “хүүхэлдэй” нь юу боддог, юу хийж чаддаг, ямар өнгөнд дуртай, алгебр эсвэл химидээ сайн, бороо эсвэл цасны алийг таашаадаг, фанта спрайт коланы алийг нь хэрэглэдэг болох огт падгүй. Зүгээр л дэгжин чамин байж бусдын өмнө гэрэлтсэн энгэрийн зүүлт, орон дотор халуун пийшин нь болж, бусад үед түрийвчний мухарт хэвтэж байхад боллоо. Болж өгвөл толгой нь ажилладаггүй шинэ “үүлдрийн” эмэгтэй бүтээлгэчих гээд эрдэмтэн судлаачдыг мөнгөөр зодож байгаа сураг ч дуулдсан. Махан биетэй болохоос хийлдэг хүүхнээс ер нь ялгаа байхгүй.

Зах зээлийн хуулиар эрэлтийг дагаж нийлүүлэлт өсдөг билээ. Эдгээр эрчүүдийн түрийвчинд багтаад “хийлдэг хүүхэлдэй” болох сонирхолтой охид байдагийг үгүйсгэхгүй ээ. Гэхдээ бас буруутгахгүй. Угаасаа эмэгтэй хүн бол хүн биш бараа гэсэн нүдээр ажиглуулаад сурчихсан нийгэмд өөрийгөө бараа гээд багаасаа тархиа угаалгачихсан ч юм бил үү? хэн мэдлээ.
Гэхдээ эрчүүд эд бараа гэж хардаг ч өөрийгөө хүн гэдгээ мэддэг, мэдэрдэг бүсгүйчүүд зөндөө бий. Бие цогцос, ухаан бодолоо, хамгаас чухал нэр төрөө нандигнан эрхэмлэж тэргүүнээ өндөрт өргөж явдаг охид байдаг юм. Бас өөрсдийгөө хүн гэдгээ мэдэхгүй хийлдэг “хүүхэлдэйн тавилантайгаа” эвлэрсэн ижил заяатнуудаа сэрээж орилохыг хүсдэг юм. Би тэдний нэг нь гэж бардам хэлж чадна.

Үнэлж чадамгүй угаас барамгүй хүн гэдэг махбодинд төрсөн болохоор түүнийхээ ашгийг арай өөр байдлаар гаргахыг хүсдэг билээ. Хэн нэгэн эрхмийн хэтэвчинд би багтахгүй. Тэр бол шившиг. Харин замын хог цэвэрлэгч, албан газрын 00 угаадаг үйлчлэгч хийхээсээ би ичихгүй. Өөрийн чадлаар амьдарч байгаа болохоор бахархал. Цэвэрхэн төрснийхөө төлөө байр машин бэлгэнд авахгүй, толгойгоороо тэдгээрийг чинь худалдаж авна.

Толгойгоо би тоотой хэдхэн тохиолдолд гудайлгана. Төрийнхөө сүлдний өмнө, төрүүлсэн ижий аавынхаа өмнө, сургааль айлдагч багшийн өмнө, ёсолж авсан ханийхаа өмнө ноомой дөлгөөн байх болно. Түүнээс биш зүг зүгээс ирэх самуун харц, садар яриа, амттан шимттэн алт мөнгөний өмнө би сөхрөхгүй. Алмаз сувд хэдий гялалздаг ч хайртын минь харцанд бүдгэрнэ. Арьс булга хэдий зөөлөн дулаан ч хайртын минь мойног гар шиг халуун биш. Сэтгэлт хоёрын аура нийлэхээрээ умгар амбаарыг ямар ч ордон харшаас илүү болгох чадалтай.

Дөт дардан замыг би сонгохгүй, гэнэт олдсон хоол гэдсэнд цөвтэй байдаг гэсэн. Бусад нь шоолж инээлдсэн ч хамаагүй бартаа саадтай тойруу тэр л замаар би алхана. Тэр зам залуу нас, зүсийг минь сорно уу хамаа алга. Хожим хүүхдүүдээ унтахад нь ярьж өгөх түүхээ бүтээж байгаа нь тэр.
Хөрс шороонд булагдах үед эд хөрөнгө биш түүх л үлдэж энэ нэг ийм хүн байсан шүү гэж нотолно.

Ааш муутай байсан гэнэ үү, адайр зантай байсан ч гэнэ үү хамаа алга. Харин энэ бүсгүй эд бараа шиг биш өөрийн дураар уйлж дуулж, уярч хайлж, дурлаж догдолж, уурлаж гутарч, бас инээж баясаж өөрөө шийдвэрээ гаргаж яг л хүн шиг амьдарсан юм. Хэн нэгний алтан торонд биш, хэн нэгний мөнгөн гинжинд биш, хэн нэгний түрийвчний баталгаа болсон хүүхэлдэй биш яг л хүний ёсоор амьдарсан. Өөрийн зүрх сэтгэл, хүсэл мөрөөдлөө Louis Vuitton цүнх эсвэл Land Cruiser машинаар солиогүй энгийн хүний жамаар тэр амьдраад үхсэн юм. Яг ингэж хүн шиг амьдарсан мянга мянган бүсгүйчүүдийн нэг юм гэж миний түүх хойч үед хүүрнэх ёстой.

Тийм түүхээ бүтээж байгаа болохоор бидэнд өөрийн чинь хэтэвчинд орох хүсэл алга. Битгий эд бараа гэсэн нүдээр хар, бид бүгдээрээ үнийн шошгоо тасдаад хаячихсан!!!

2010/05/10

О.Агиймаа

Таних тэмдэг буюу бурхантай тэрсэлдсэн жижигхээн охин


Амьдрал дэндүү ээдрээтэй ядаргаатай. Заримдаа бүр залхмаар ядармаар. Юу хийгээд байгаагаа өөрөө ч мэдэхээ байж, дур гутдаг. Хэний төлөө юунд хүрэх гээд яагаад ингээд яваад байгаагаа ойлгодоггүй. Одоо ч гэсэн би юуны төлөө энэ үгсийг бичиж суугаагаа мэдэх юм алга.

Хүн бүрт төрөхөөс үхэх хүртэлх хугацаанд асар их адал явдал тохиолдож олон ч удаа ээдрээтэй замд мухардаж, буцаж бас зөв зам руугаа гарч үзсэн байдаг биз. Амьдрал өөрөө ямар нэгэн зүг чигийн самбаргүй салаалсан олон зам байдаг юм шигээ. Заавал бүгдийг нь явж гүйцээж байж зөв голдиролыг нь олдог.

Ер нь бурхан яагаад ийм олон төөрдөг салаа замыг хүн бүрт тусад нь зориулан бүтээдэг юм бол? Жүжгийн зохиолч юм болов уу? Хэдэн тэрбум дүртэй жүжиг зохиочихоод олон түүхийг нэгд нэгэнгүй нарийн детальтай нь бодож олсон хүүхэлдэйн театрын эзэн. Хүн бүрийн түүхийг зохиож, хувь заяаг нь огтлолцуулж зурж суухдаа үсээ үгтээж тархиа гашилгасан байх даа хөөрхий амьтан. Геометртээ муу ч гэсэн хар дүрсээр аймшигтай зураг гарч байна. Өөрийгөө ч ингэж тамлаж биднийг ч ядрааж байхаар энэ бүх орооцолдоог амархаан аргаар шийдчихгүй дээ тэ?

Миний бодлоор хүмүүс амьдралдаа хамгийн олон алдаж төөрдөг нь хайр сэтгэлийн асуудал юм шиг ээ. Заяаны хань гэж бидний нэрлэж заншсан, харин бурхны хувьд дэглэсэн “жүжгийнх нь” нөгөө гол дүр болох тэр л хүнийг бид хайж бэдэрдэг. Зарим нь олж, зарим нь үүрд алдаж зарим нэг нь олохгүй байсаар насыг бардаг.

Тэгээд хэн нэгэнтэй учирлаа гэхэд заяаны хань эсэхийг нь таньж мэдэхэд бас их асуудалтай. Бурхан агуу уран дархан болохоор “жүжигтээ” зориулан ижил төстэй зүйл нэгээхэн ч үгүй тоолохын аргагүй олон “хүүхэлдэй” урласан байгаа. Гэхдээ яг таарч тохирдог хос хосоор нь л бүтээсэн. Ийм их ажлыг гардаж хийсэндээ ч юм уу? Эсвэл хайнга хандсан уу? Тэр гол зүйлээ мартчихсан. Таних тэмдэг!!!

Ямар ч үйлдвэрээс бүтээгдсэн эд шошго, таних тэмдэг, хэрэглэх заавар гэх мэттэй байдаг. Гэтэл бурхан өөрийн бүтээлүүддээ зориулалтыг нь бичиж тэмдэглэж өгөөгүй. Анхнаасаа бурхан зохиол дотор нь төөрч будилж яваад хоорондоо учирч жаргахаар зохиогдсон тэр хүмүүст хос хосоор нь адилхан таних тэмдэг тавичихгүй яасан юм бол оо? Хос мэнгэ, хос шивээс эс бөгөөс юу ч байсан яах вэ дээ. Энэ өчнөөн “хүүхэлдэйнүүдийн” амьдралыг саад бартаатай нь зохиочихож чадсан юм, хоёр хоёроор нь дүрс зураад орхичих тийм ч том проблем биш шүү дээ.

Тэгсэн бол буруу зөрүү өчнөөн хүмүүстэй тааралдаж сэтгэлээ эмтлэхгүй, зөвхөн надад зориулагдаж төрсөн түүндээ зүрхээ бүтнээр нь ариухнаар нь бэлэглэх байсан. Тийм байсан бол дэлхий даяар таних тэмдгийн архив ч юм уу мэдээллийн сүлжээ байдаг байсан байх. Төрөхөд нь л таних тэмдгийнх нь зургыг аваад тэдэн оны тэдэн сарын тэднийн өдрийн тэдэн цаг тэдэн минутад тэр газар тэрний тэрнээс төрсөн тийм гэдэг хүний таних тэмдэг гээд л мэдээллийн сандаа оруулчихна. Тэгээд нас биед хүрэхээрээ өөрийн хосоо хайж олоход ядах зүйлгүй.

Бурхан яагаад өөрийн ч бидний ч амьдралын ээдрээг хялбарчилалгүй заавал бие биеэр нь эрүүлээд, бэдрүүлээд, алдуулаад, зовоогоод байдаг юм бэ? Эсвэл алган дээр нь нэг нэгнээ олохгүй төөрөлдөх өчүүхэн биднийг хараад баясаад суух дуртай юм болов уу? Тэгвэл ч Карабас-Барабас маягийн муухай амьтан байдаг байх нь дээ. Эсвэл тэр бүгдийг нэвт шувт хардаг болохоор биднийг өөр шигээ санаад тэр таних тэмдэгийг дотор маань үлдээчихсэн байдаг юм болов уу? Миний зүрхийг сугалж аваад харахад чинийхтэй ижилхэн мэнгэ эсвэл шивээс юу ч юм байдаг болов уу?

Бурхан их ухаантай болохоор ээдрээг багасгах ямар нэг арга зохиосон л байж таараа. Гэхдээ өөдгүй амьтан оньсогыг өөрсдөөр нь таалгах гээд бидэнд хэлж өгдөггүй...

2010/05/08

О.Агиймаа

Эм хүн эм хүндээ хайртай байж болохгүй гэж үү?


Хаврын урь ороод охид бүсгүйчүүд минь хөөрхөн дэгжинээ гайхуулж хотын гудамжаар алхаад л... Би яагаад ч юм сайхан эмэгтэй хүнийг харах дуртай. Эрэгтэй хүн шиг сонсогдож байна уу? хэхэ. Би өөрөө эмэгтэй хүн ч хаа нэгтээ үзэсгэлэнтэй бүсгүйтэй тааралдвал өөрийгөө харьцуулж боддоггүй. Атаархаж хорсдог ч үгүй. Зүгээр л гоо үзэмжийг нь бахдаж бишрэх дуртай. Болж өгвөл дүрийг нь цаасан дээр буулгачихмаар санагддаг, гэхдээ миний зурах ч гэж дээ. Мэргэжлийн хүн харвал ичмээр дамшиг даа.

Би заримдаа мөрөөддөг юм. Манай хот цэвэрхэн гудамжтай, цэцэрлэгт хүрээлэнтэй, өсгийтэй гуталтай бүдрээд унахааргүй замтай болчихоосой гэж. Тэгээд аятайхан хувцасласан эмэгтэйг элдвээр дуудаад байхааргүй, эсвэл бошинзных нь хормойг сөхөж харах гээд байдаггүй соёлтой эрчүүдтэй болчихоосой гэж бодно. Тэгээд алаглан хувцасласан бүсгүйчүүд гудамжыг цэцгийн хүрээлэн болгон хувиргаад сайхан биеэ гайхуулан бардамхан инээмсэглээд зөрөхдөө бие биедээ нүдээрээ магтаалын үг шидэлцдэг байгаасай гэж хүсдэг.

Даанч бодит байдал дээр хог хийсч шивтэр үнэртсэн гудамжны овон товон замаар өндөр өсгийт дээр алхах эмэгтэй хүний турьхан бие бялдарт арай л хүнд дасгал болоод байх шиг санагддаг юм. Ядарч ядаж байхад бас гүзээгээ унжуулсан эсвэл гутлаа чирсэн “хар юмнууд” оролдож нэг үзнэ, оролдоод нүүр өгөхгүй болохоор доромжилж нэг үзнэ. Бүр болохгүй бол чулуу шиддэг тэнэгүүд ч байх. Муухай биш сайхан байсны төлөө л ингэж “шийтгэдэг” шүү дээ. Ийм олон садаатай байдаг болохоор л бүсгүйчүүд хөмсгөө зангидаж гүн бодлогоширолд орж явдаг байх.
Тэгээд юун бусад руугаа урмын харц илгээх манатай. Харин ч зүү чулуудаад зөрдөг...

Бөөнөөрөө хэсэг бүлгээрээ байгаа эм хүйстнүүд (энд нас ер нь чухал биш) дэргэдүүр нь өнгө үзэмж сайтай ижил хүйсний хүн өнгөрөхөд ган гэх ганц хийх авиа гаргалгүй цоо ширтдэг, тэр үедээ ам нь мөн давхар ярвайлттай байх нь бий. Тэгээд бараа нь далд ороогүй байхад толгойгоо нийлүүлээд л өөрийн үгсийн сангийн өөдгүй гэсэн үг бүрээр өнгөлөг бүхнийг нь буддаг. Ихэнх эмэгтэйн атаархуу зан. Өөрөөсөө давуу нэгнийг хүлээн зөвшөөрөөд түүнээр нь бахдаж чаддаггүй муухай зан. Хичнээн муулаад давж гарахгүйгээс хойш ядаж хорон үг чулуудахгүй бол өөрийнх нь ч өрөөлийн ч энергийн давхаргад сайн юм даа.

Ийм байхад эр хүн эр хүндээ хайртай гэдэг үг үүсэхээс өөр яах ч билээ? Уг нь бүсгүйчүүд бие биедээ эгч дүү мэт ханддаг бол амьдрал хичнээн өөр болохыг төсөөлөөд үз дээ. Зовлон жаргал адилтай бид бүгд л ижилхэн тавилантай шүү дээ. Эмэгтэй хүмүүс эмэгтэй хүмүүсээ хайрлаад энэ заяагаа хуваалцаад алхвал их л хөнгөрөх байх даа.

Хэн нэгний өмдний цахилгаан нь онгойчихсон бол “одоо энэ муу гоё доо” гэж алгаа үрэн баярлахын оронд найрсагаар сануулчихдаг, дэлгүүрт худалдагчийн ятгалгаар илт зохимжгүй хувцас сонгож байгаа нэгнээ хараад хорон инээмсэглэлгүй үнэнийг нь шууд хэлчихдэг байх л наанаа жижигхэн л тус. Гэхдээ цаанаа том халамж.

Тэгээд амь нэгтэй бүсгүйчүүд бие биедээ хайртай болохоор бусдын нөхөртэй орооцолддоггүй. Өөрийн үрээс ялгаагүй бүлтгэр үрсийг өнчрүүлдэггүй. Өөрөө хэзээ нэгэн цагт бас л тэр бүсгүй шиг үрээ элгэндээ тэврээд, гэртээ хоноогүй нөхрөө хүлээж, нулимсаа дуслуулж хийсэн хоолоо ахин дахин халааж суух тавиланд унахыг хэн байг гэх вэ? Залуу нас мөнх биш. Гоо сайхнаараа далайлгаж “зээлсэн” хүний юмыг хэзээ нэгэн цагт буцаагаад өгч л таараа. Тэр үед гоо үзэсгэлэн нь харин зээлийн хүүндээ явчихсан байдаг. Бусдад хатуу хандсаны хариуг хорвоо зөрүүлээд өөрөөс чинь нэхнэ. Тэр үед эмэгтэй хүн байж эмэгтэй хүнээ хайрлах минь ч яалаа гэж гаслах байх.

Хөөрхөн бүсгүй минь нүүрээ буд. Будалгүй л яахав. Угаасаа буддаггүй эмэгтэй гэж байдаг бол тэр гуравдагч хүйстэн гэж хэн ч билээ хэлсэн байдаг юм билээ. Дэгжин цэмцгэр хувцасла. Залуу насаараа өөрийгөө чимээд залуу насаа өнгөлөг хувцсаар чим. Эр хүний зүрхний түг түг чимээг өндөр өсгийнийхээ тог тог хэмнэлтэй зохицуулж аясаараа хөдөлгөх чинь хэлж баршгүй таашаал. Гадаад дүр төрхөө чадах чинээгээрээ торд, охин хүүхэд өнгө шилэгдэнэ гэж Дэй сэцэн дэмий нэг хэлээгүй биз. Харин зүрх сэтгэл, оюун ухаанаа гадаад дүрийнхээ толины тусгал болгочих юмсан гэж боддог. Би чадаагүй л байх шиг байна. Мишээсэн хүн рүү би инээмсэглэдэг ч хялалзаад зөрөх охин руу би инээмсэглээд харж даанч чадахгүй юм. Бид бие биенээ эгч дүүс шиг хайрлаад хамтдаа энэ хорвоог цэцэгсийн хүрээлэн болгох гээд хичээвэл ямар вэ хацар гоо охид минь???

2010/05/08

О.Агиймаа

Би хоол хийж чаддаггүй, уучлаарай


Залуу хархүү эхнэр шалгаруулж авч байна. Өөрөө ерөнхий шүүгч. Ээж, аав, гэрбүлийхэн, найз нөхөд гэх мэт зөвлөх шүүгчидтэй. Шалгаруулалтад олон бүсгүй ирсэн байлаа, өндөр нам, тарган туранхай, хувцас оёдог, тоо заадаг, тэшүүрээр гулгадаг. Залуугийн сэтгэлт бүсгүй бас эхнэрт нэр дэвшигчдийн дунд байлаа. Түүний хувийн дугаар 29. Шүүлтэд орох ээлж нь болов.
Хадам ээж: За охин минь чи миний хүүд юу хийж өгч чадах вэ?
Бүсгүй: Би хүүд чинь үнэнч зүрхээ хэзээ ч хариу нэхэхгүйгээр бэлэглэж чадна.
Хадам ээж: Өөр?
Бүсгүй: Өдөр бүр сэтгэлийг нь хайраар бялхуулан уйтгар гунигийг үргээх инээмсэглэлээ зориулна.
Хадам ээж: Арай олигтойхон зүйл алга уу?
Бүсгүй: Үдэш оройтоход нь нойргүй хонож, өглөө бүр түрүүлж сэрээд үнсэлтээрээ сэрээж би чадна.
Хадам ээж: Ердөө л энэ үү?
Бүсгүй: Нэг насны жаргалыг хүүд чинь зориулж, таныг төрсөн ээжээс дутуугүй өргөж амьдаръя.
Хадам ээж: Өшөө???
Бүсгүй: Би алтан хэвэлдээ үрийг нь тээж төрүүлж өгье
Хадам ээж : Эмэгтэй хүн бүр наадхыг чинь хийчихэж дөнгөнө охин минь. Хийж чадахаар арай дөнгүүрхэн зүйл алга уу?
Бүсгүй: Би зовлонд халтирахад нь түшье, бүгд мөрөө буруулах үед нь би гарыг нь чанга атгая.
Хадам ээж: Бас л чамлалттай л санагдаж байна даа
Бүсгүй: Би эхлээд энэ хорвоогоос хальчихвал тэнгэрийн орноос сахиус нь болж харж хамгаалъя. Тэр минь түрүүлж явбал би нэг насаа ганцаараа элээж өөр хэнийг ч бодолгүй амьдаръя.
Хадам ээж: За тун удахгүй хариугаа хэлье, гараад хүлээж бай
Шүүгчдийн бүрэлдхүүн тэр чигтээ уярчээ, зарим нэг нь нууцхан нулимсаа арчиж харагдана. Харин хадам ээж " За хүү минь хувийн дугаар 3, 17, 31 нараас сонголтоо хийсэн нь дээр биз дээ? Дандаа айлын том охид байна, ажил үйлд уран биз" гэх нь тэр. Бүгд палхийлээ. Хүү "Ээж минь ээж минь хэн ч 29 дугаартай бүсгүй шиг үнэнч сайхан сэтгэлтэй, чин шудрага байсангүй. Хэн ч надад тийм жаргал амласангүй. Тэгээд ч би түүнд хайртай шүү дээ" гэв. Харин ээж "Тэр бүсгүй чинь анкетэн дээрээ хоол хийж чаддаггүй гээд биччихсэн байна" гэж хэлэв. Сарын дараа залуу хархүү шалгаруулалтад 3 хувийн дугаартай оролцсон нийтийн хоолны тогооч бүсгүйтэй гэрлэлтээ батлуулжээ.

2010/05/07

О.Агиймаа