Thursday, July 22, 2010

Уучилж чадахгүй


“-Муу усан толгойтой эргүү тэнэг! Ямар гавъяа байгуулсан гэж ичих ч үгүй өөдөөс дүрлийтлээ ширтэнэ вэ? Чамаас ханхлах сархадын үнэрийг, хүзүүнд дээр чинь тамгалсан улаан уруулын будагны мөрийг, чиний урд шөнө хийсэн нүглийг Номхон далайн ус ширгэтэл угаавч арилахгүй биз. Хараал идмэр чинь салтаандаа унжсан эдээ ч захирч чадаагүй байж бас өөрийгөө эр хүн гэж нэрлэнэ?

-Тэгвэл би чамд хүн амьтан хоёр юугаараа ялгардаг талаар хөнгөхөөн тайлбарлаад өгье. Хүн гэдэг амьтан ухамсраараа бусад адгууснаас ялгардаг юм. Хонь хонин сүрэг дотроо түүртэх зүйлгүй хорголоо гаргадаг бол хүн бусад хүмүүсийн дэргэд бие засдаггүй юм. Идэш тэжээлгүй гахай амь гарахын төлөө тооройгоо барьж иддэг бол хүн үрдээ эцсийн дусал ус, үмх талхаа өгөөд өөрөө өлбөрч үхэж чадна. Золбин ноход гадаа гудамжинд хаа сайгүй, адил төрлийн ямар ч амьтантай “үр удмаа үлдээх амин чухал үйл хэргээ” хийдэг бол хүмүүс байнгын хостой, түүнтэйгээ зөвхөн хоёулаа үлдэх үе хүртэл тэвчинэ. “Хүүхэд үйлдвэрлэхийг” тэсгэлгүй их хүсэж байсан ч шүү дээ! Хүнийг адгууснаас ялгадаг бас нэгэн гол хүчин зүйл бол мэдрэмж, сэтгэл хөдлөл тэр дундаа хайр. Хэрэв хайр үгүйсэн бол бид ноход шиг хаа сайгүй биш юмаа гэхэд хэнтэй ч хамаагүй “үр удмаа үлдээх ариун үйл” үйлдэх байсан биз. Гэхдээ амьтдад хүртэл орооны үе гэж байдаг юм шүү! Тэгж бодохоор өөрийгөө хүн гэж нэрлэсэн чамаас хувь илүү байгаа биз?

-Хүнээс гадна сонгосон нэг л хостойгоо бүх насаараа амьдардаг цөөхөн хэдэн зүйлийн амьтан бий. Гэхдээ тэд хүн шиг хайр сэтгэлээр холбогддог үгүйг би мэдэхгүй. Ямартаа ч насан туршаа сонгосон хостойгоо амьдрах үест гэр бүл үүснэ. Гэр бүлээр амьдардаг амьтад үр төлөө гишгэдэггүй. Яг л хүн шиг. Харин хүн гэр бүлээ төмөр тор, сараалжин гинжээр биш итгэлээр тогтооно. Гэтэл гэр бүлээ үгүй хийх зүйлийг чи өөрөө хийчихлээ. Нэгэнт итгэл эвдсэн бол чи төмөр тор, сараалжин гинжээр хүлэвч гэр бүлээ тогтоож үл дийлнэ. Бүх тоосгыг нь нэг нэгээр өрж босгосон цамхаг, хана хэрмийнхээ суурийг чи өөрөө цуулчихлаа. Адгуус зангаа чи ганцхан удаа тэвчсэнсэн бол, хоёр хөлнийхөө хооронд байрлах тэр эрхтэнээ нэг л удаа захирч чадсансан бол, архины халуунд толгойгоо мэдүүлэхээс нэг л өдөр болгоомжилсон бол та хоёрын босгосон цамхаг хичнээн удаан оршин тогтнож түүх өгүүлэх байсныг хэн ч үл мэднэ. Одоо харин хог новш, халгай шарилжаар дүүрсэн балгас л чамд үлдэх нь энэ.

-Уг нь чи үүнийг хүсээгүй тийм үү? Юугаар ч дутаагүй, дутаагаагүй дүүрэн сайхан амьдрал байсан. Хэрвээ санаснаар болдогсон бол чи хайр сэтгэлээ хадгалж үлдэх байсан, би мэднээ. Бид бие биедээ хайртай байсан. Тэр зүгээр л нэг шохоорхол биш жинхэнэ хайр байсан. Яг л нэг нэгэндээ зориулж төрсөн болохоор хамт байх тэр үеийг би үгээр илэрхийлж ч чаддаггүй байв. Бид аз жаргалтай байсан. Нүдээ цавчаад нээх бүртээ бие биенийхээ дүрийг хайна гэж, ямар ч хүнд хэцүү зовлон тулгарсан хамт түшээд туулна гэж, өөр хэн нэгнийг өвөртөө багтаах бүү хэл нүдээрээ ч сонжихгүй гэж ам тангаргаа өгсөн, тэгээд энэ амлалт эцсийн амьсгалаа автал үргэлжилнэ гэж бодсон. Гэтэл чиний адгуусан тачаалдаа мунхарч ядам хуруунаасаа бөгжөө мултлан хармаалсан энэ шөнө хүртэл үргэлжлэх хувьтай байж. Дүүрчихсэн амьтан.

-Урд шөнө өвөрт чинь хөлөрсөн бүсгүй, тэр сайхан бүсгүй. Гэхдээ чи түүний нэрийг ч мэдэхгүй, мэдээд ч ямар ч ашиггүй. Тэр ахин хэрэг болохгүй гэдгийг чи өөрөө ч мэдэж байгаа. Тэр чамд агшин зуурын ужид цэнгэл бэлэглэсэн ч насан туршийн зовлон чирч ирсэн. Тэр бол бусдын адил нэгэн, ердөө л хэн нэгэн. Цор ганц биш. Цор ганцдаа чи хайртай. Өөр хэн ч хэзээ ч чамд тэр хайрыг мэдрүүлж чадахгүй. Цор ганц чинь биш болохоор тэр. Хэдийгээр хуруунд чинь хайрын баталгаа байгаагүй ч зүрхэнд чинь бол байсаан. Дүр төрх нь хэзээ ч мартагдашгүй. Ямар ч тэнгэрлиг гоо үзэсгэлэнгээр орлуулашгүй. Өөр эмэгтэй цээжийг чинь дэрлээд хэвтэхэд бурхны өмнө амласан амлалтаа санаад дотор чинь харанхуйлаа биз дээ? Энгэрийн халаасаа байн байн тэмтэрч бэлзэгээ шалгасан. Тэгээд хуримын гивлүүрээ нэвтлэн цоо ширтэх харцыг зүүдлээд цочиж сэрсэн. Юу хийчихэв ээ гэж шаналаад шөнөжин цурам хийгээгүй. Гэхдээ хийсэн л бол хийсэн. Үүнийг өөрчлөх арга энэ хорвоо дээр одоохондоо үгүй. Зүй нь үйлдсэнийхээ дараа биш өмнө нь бодмоор.

-Уучилж чадахгүй. Битгий над руу ингэж хар. Гөлгөн нүд гаргасан ч ялгаагүй. Үгүй, яагаад ч чадахгүй нь. Энэ хорвоо дээрх бүх хүнээс илүүтэйгээр хайрладаг ч үнэхээр чадахгүй нь. Царайг чинь харах бүртээ юу хийж явсан тэр шөнийг чинь төсөөлж дотор муухайрах биз. Бүх ураг садан, найз нөхөд танил дотныхоо хүмүүсийн өмнө амласнаа биелүүлж чадаагүйгээс хойш ахиж алдаж эндэхгүй гэж амлаад ч яах юм? Үр хүүхдүүддээ бодооч ий? Нэрийг нь ч үл мэдэх гоо бүсгүйн нүцгэн биеийг тэврэх үедээ тэднийг мартчихсан байв уу? Арчаагүй адгийн шаар юм даа чи.

-Гэр бүлээ яаж ийж байгаад хадгалж үлдсэн ч бид хэзээ ч урдных шигээ амьдарч чадахгүй гэдгийг чи ойлгож байна уу? Бузар царайг чинь харах бүртээ би инээмсэглэсэн ч дотроо зэмлэн буруушаах болно. Ахиж хэзээ ч итгэж чадахгүй. Итгэл үгүй гэр бүлд инээд хөөр, халуун дулаан уур амьсгал яаж байх юм бэ? Тэр нэгэн шөнө хийсэн зүйлийн чинь төлөө би чамайг эцсийн амьсгаагаа хураах хүртлээ үзэн ядаж, буруутгаж амьдрах болно. Чиний хийсэн гэм нүглийг би хэзээ ч уучилж чадахгүй. Хэзээ ч!!! Чи ойлгож байна уу? Хэзээ ч...

-Би цаашаа аль замаар алхах ёстой, ямар шийдвэр гаргахаа мэдэхгүй байна. Гэхдээ би аль ч замыг сонгосон чи үхэн үхтлээ нуруун дээрээ асар том булуу тээж амьдрана гэсэн үг. Тэр нэг үдэш сар гурав харагдтал согтсон ч ядам хурууны бэлзэг байрнаасаа хөдлөлгүй гялтганаж асан бол чиний амьдрал хувь заяа хичнээн өөр байх байсныг бодохоор харамсалтай. Бүр дэндүү харамсалтай. Гэвч яая гэхэв үүрдийн сэтгэлийн зовлон, буруушаалт зэмлэлийг чи өөрөө л сонгосон хойно. Жаргал даагаагүйн зовлонгоо үүрэхэд бие болоод сэтгэлээ бэлд дээ. Тун удахгүй хамгийн хүнд мөч ирэх болно. Амжилт хүсье, азгүй амьтан минь”

Аль түрүүн шүршүүрт орчихоод нойтон биеэ урамгүйхэн арчин зогсох залуу шүдний оо үсэрч халтартсан толинд тусах дүрсэндээ ингэж хэлчихээд шалаар дүүрэн тарсан хувцаснуудаа нэг нэгээр нь цуглуулав. Нэрийг нь үл мэдэх бүсгүйн чихэрлэг нялуун сүрчигний үнэр, уруулын будагны толбо үлдчихвий гэсэн шиг арьсаа зулгартал үрдсэнээс болоод энд тэндээ улаан эрээн болжээ. Бүх хувцсаа ном журмынх нь дагуу цэвэрхэн өмссөний дараа энгэрийн хармаанаасаа хуримын алтан бөгжөө гарган ирж ядам хуруундаа зүүгээд нандигнан илбэв. Орон дээр нимгэн даавуунаас өөр зүйлээр өөгүй сайхан биеэ халхлалгүй нойрсож буй үзэсгэлэнт бүсгүй рүү ч нүдний булангаар харсангүй. Түүнийг бөөн хараал зүхэл эс бөгөөс чимээгүйхэн зэмлэх харц, гомдлын нулимс гээд эр хүний хамгийн том шаналлууд хүлээж байгаа ч тэр гэргий хүүхэд рүүгээ, гэр рүүгээ яарч байлаа.

О.Аврора

Sunday, July 18, 2010

Юу ч асуулгүй инээгээд угтана


-Тэр минь надаас яваад хичнээн ч хугацаа өнгөрсөн юм бэ дээ? Мэдэхгүй. Зүрхэнд минь он цагийн, хүлээлтийн гүн урчлээсүүд суусаар л... Намайг гаднаас хараад сэтгэл дотор минь нуугдаж буй тэр их зовлон шаналалыг мэдэх аргагүй. Би инээж хөхрөөд дуу аялж цэцэгсээ тариад л, хийдэг бүхнээ хийгээд энгийн амьдралаараа амьдарсаар. Гэрийхэн маань ч надад хичнээн хэцүү байгааг анзаардаггүй. Бүтэн өдөржин дотроо шаналан гаднаа хүчээр инээж явдаг ч, орой болоход хөнжилдөө шургаад түүнийхээ хөлсний үнэр шингэсэн цамцыг тэвэрч ганцаардлаасаа болоод нүдээ хавдтал уйлна даа. Харин маргааш нь ахиад л там шиг өдөр эхлэнэ. Энэ өдрүүдийн тоо алдарчээ.

Толгойгоор дүүрэн эргэлзээ. Хайрт минь буцаж ирэхгүй тэр чигтээ явчихсан бол яана гэсэн айдас намайг эзэмддэг. Тэгээд “Үгүй ээ, тэр минь буцаж ирэх байлгүй дээ, үгүй бүр заавал ирнэ” гэж өөртөө итгүүлнэ. Тэгээд өөртэйгөө ярилцана. Үдэш бүр өөртөө зориулан давтан хэлдэг эдгээр үгсээ тэр эгээтэй л Библийн судар уншиж байгаа мэт цээжээр хэлдэг болжээ.

-Хэрвээ тэр минь эргээд ирэх юм бол би юу ч асуулгүй инээмсэглэл цацруулан угтана. Тэгээд түүнийгээ тэвэрч зогсоод духан дээрээ үнсүүлнэ. Хэрвээ над дээр буцаад ирэх л юм бол би уйлж унжихгүй, хаагуур юу хийж явсныг нь ч шалгаахгүй зүгээр л уруул дээр нь удаан гэгч нь үнсээд гарыг нь атгана. Буцаад ирэхэд нь би ахиж алга болохгүй гэж амлахыг шаардахгүй, байхгүйд нь хичнээн уйлж шаналснаа ч хэлэхгүй. Би бүгдийг нь залгичихна. Тэгээд л хайр шингээсэн харцаар тэрнийгээ энхрийлэн хараад инээмсэглэнэ.

Буцаад ирэхэд нь би нэхсэн ороолтоо зүүж өгнө, гэхдээ байнга зүү гэж шахахгүй. Эргээд ирэхэд нь би түүндээ ямар нэг хариуцлага үүрүүлэхгүй. Би тэрнээсээ юу ч шаардахгүй, хариу нэхэхгүйгээр зүгээр л хайрлана. Яг урьдынх шигээ би чадах бүх зүйлээ түүний төлөө хийж, байгаа бүгдээ зориулна. Алс ирээдүйн тухай ч би дурсахгүй, өнөөдрөөрөө л сэтгэл ханана. Би тэрэндээ хичнээн хайртай ч, ахиж түүндээ би чамд хайртай гэж хэлж сэтгэлийг нь өвтгөхгүй. Хэлээрээ биш хийж байгаа үйлдлээрээ би түүнд мэдрүүлнэ. Буцаад над дээр ирснийхээ дараа хичнээн муухай аашилж байсан ч би түүнийг зэмлэхгүй. Бүх бурууг өөр дээрээ хүлээнэ.

Гараа гаргаад сэтгэлээ шингээн хоол хийж өгнө. Баярлалаа гэж хэлэхгүй байсан ч би гомдохгүй. Би бусад бүсгүйчүүд шиг халамж хүсч, үглэж, яншиж, уйлж, уурлаж, орилж, хорьж цагдаж элдэв янзын ааш гаргахгүй. Түүнийг өөрөөсөө түлхэх өчүүхэн зүйл ч хийхгүй. Хэрвээ би түүнийг эргээд ирвэл ганц л болзол тавина, энэ нь надаар хайрлуулах. Тэр над дээр эргэж ирдэг л юм бол түүнээс шалтгаалах бүх зүйл дууссан гэсэн үг. Харин үлдсэнийг нь би өөрөө хийнэ. Хичнээн хэцүү байсан ч, сэтгэл дотор минь нулимсаар үерлэвч би нэг ч дуслыг цалгиулалгүй тэвчинэ. Тэгээд ганцаараа үлдэх үедээ ханатлаа уйлаад тайвширчихна.

Өөртөө хайргүй хүнтэй хамт байх хэцүү ч, би тэснэ тэвчинэ. Бас чадна. Түүнийг намайг хайрлахгүй байхын аргагүй болтол нь хайрлана. Үргэлж тайван, үргэлж хүлээцтэй, үргэлж инээмсэглэж, үргэлж түүнийхээ талд байж, сэтгэлд нь гүнээс гүн шигдэнэ. Тэгээд тэр миний хайр халамжинд хүссэн хүсээгүй дасч, миний хажууд байхдаа л амар амгаланг мэдэрдэг болно. Учир нь би тэрнээс өнгөрсөн одоо ирээдүйн түм буман асуудлыг асууж шалгаадаггүй, заавал дэргэдээ уяатай юм шиг хамт байхыг шаарддаггүй, хайр нэхэж зовоодоггүй, хариуцлага нэмж ядраадаггүй мөртлөө хамгийн ихээр ойлгож, дэмждэг хайрладаг итгэлтэй хүн нь байх болно. Надаас өөр ямар ч эмэгтэй түүнд ингэж хандахгүй, над шиг эмэгтэй хэзээ ч ахиж таарахгүй гэдгийг тэр аяндаа ухаарах болно.

Зарим нэгний төсөөлж ч чадахгүй их хайраар хүн бүр түүнд атаархтал нь өчүүхэн ч хариу шаардалгүй хайрлаж, эрхлүүлнэ. Зүрхнийх нь шархыг бага багаар анагааж, урдны бүгдийг аажуухнаар ой тойноос бүрмөсөн арчиж хаяна. Цаг хугацаа хангалттай байвал илүү сайхан дурсамжуудаар түүнийхээ зүрхийг нөхнө. Бүр намайг өөрийн эрхгүй хайрлатал нь, хайрлаж суртал нь зааж өгөх болно. Дэндүү ариун, дэндүү үнэнч сэтгэлээрээ мөсөн зүрхийг ч уярч хайлтал хайрлана. Голын ус он жилийн уртад чулууг мөлийлгөдөг шиг би түүнийхээ сэтгэлд өөрийн гэсэн оронзайг үүсгээд алгуурхнаар тэр оронзайгаа томсгоно.

Би хүнд байдаг бүх л тэвчээрийг гаргаж, тууштайгаар хайрласан цагт, хэзээ нэгэн өдөр тэр миний нүдрүү эгцлэн ширтэж байгаад “Би чамдаа хайртай” гэж чин сэтгэлээсээ хэлэх өдөр ирж л таараа. Тэр үед харин миний хайрлуулах ээлж ирэх болно. Хэрвээ, хэрвээ тэр хүн эргээд ирэх л юм бол хайртай гэдэг үгийг хоёр чихээрээ сонсох энэ өдөр заавал ирэх болно... Хэрвээ тэр минь надад эргээд ирвэл би юу ч асуулгүй инээгээд угтана. Тэгээд надаар хайрлуулах нэг л болзлоо тавина...

Түүнийг үдшийн залбирлын оронд хэлэх болсоор удсан амны уншлагаа давтан үглэж байтал өрөөний хаалга зөөлөн чихран онгойж аяга ногоон цай, шахмал эм барьсан залуухан хүдэр чийрэг сайхан эр орж ирэв. Үзэсгэлэнт эр түүн рүү хайр энхрийлэл шингэсэн харцаар ширтээд халамжтай зөөлөн хоолойгоор:

-“ Эмээ минь нойрны эмээ уух цаг боллоо. Та намайг ухаан орсон цагаас л орой болгон хэзээ ч ирэхгүй хэн нэгнийг хүлээж шаналсаар ирсэн шүү дээ. Залуу халуун насандаа ирээгүй юм, одоо ч ирэхээсээ өнгөрөө биз дээ? Тэр хүн чинь аль нэг айлын мухарт таныг энэ хорвоо дээр байдаг гэдгийг ч санахгүй, ач гуч нарынхаа дунд суугаа биз ээ. Эс бөгөөс хотын захын оршуулгын газрын чулуун хөшөөн дор үүрд хэвтэж байж ч магад. Та минь нэг насаараа ингэж тарчиллаа, одоо үлдсэн жаахан хугацаагаа ч бас л ингэж үрэх юм гэж үү? Үр ач бид нараараа тойруулаад өнөөдөртөө сэтгэл ханаад сайхан амьдар л даа?” хэлэв.

Ач хүүгийнхээ сарвайсан эмийг залгиад цайгаа оочлох үед турьхан эмгэний нүдийг гомдол тунирхлын нулимс бүрхэж амандаа ийн бувтнана.

-“Тэр минь ирнэ ээ, би мэдэж байна. Тэгээд та нарын бүгдийнх нь буруу байсныг батална, тэр надад хайртай гэдгээ ухаарсан даруйдаа эргэж ирнэ. Би харин юу ч асуулгүй инээмсэглээд угтана...”

Эмгэний нүүрэнд л он цагийн, хүлээлтийн гүн үрчлээс суусан болохоос зүрх нь ширхэг ч хуниасгүй толигор хэвээрээ ажээ...

О.Агиймаа

Saturday, July 17, 2010

Зүгээр нэг даашинз биш байгаасай


Роза нэгэн залууд өөрийгөө хянах чадваргүй болтол сэтгэл алдарчээ. Тэр урд нь хэн нэгэнд ингэж солиортлоо дурлаж байсангүй. Зөвхөн түүний төлөө зүрхээ сугалж гаргаад гоёмсог хайрцаганд хийж чамин туузаар ороогоод бэлэглэхэд ч бэлэн. Түүний эмэгтэй хүний нэр төр, бардам зан ч шалдаа буужээ. Залууг өөрийн болгохын төлөө тэр юуг ч золиослоход бэлхэн байлаа. Амь амьдралаа хүртэл шүү! Гэхдээ Роза түүнд биш өөртөө эргэлзэн шаналж сууна…

Роза эмэгтэй хүн л юм болохоор дэлгүүр хэсч худалдаа хийх их дуртай. Хадаасан өсгийт дээр хөлөө чилтэл өдөржин гунхах амар биш ч дэлгүүр хэсч хүссэн зүйлээ авах нь түүнийг эрч хүчээр сэлбэдэг. Өвөл болох дөхөж хавар намрын хувцас нимгэдэж эхлэх болсон үед Роза яаралтай шаардлагатай зузаан гутал, үстэй куртка худалдаж авах зорилгоор дэлгүүр явлаа. Харин дэлгүүрт ороод яах гэж ирсэн зорилгоо мартан тод өнгөтэй, хөнгөн намирсан гоёмсог даашинзнуудад л нүдээ унаган амаа ангайн зогсоно. Роза даашинзанд үнэхээр дуртай. Түүний шүүгээнд нилээн хэдэн даашинзны цуглуулга байдаг. Даавуун материалтай даруухан загвартай, торгомсог гоёлын, нэвт гэрэлтдэг секси, урт, богино, мөртэй мөргүй, дэрвэгэр бариу гээд л олон даашинзтай. Найзууд нь даашинзны хэрэг гарвал Розын шүүгээг онгичиход ер нь бол санаанд тохирсон нэг юм олоод л буцдаг.

Харин Роза намаржин, өвөлжин, хаваржин зөвхөн даашинз л худалдаж авдаг. Дэлгүүрийн манеканд өмсгөсөн гоёмсог даашинзыг худалдаад авчихвал туйлын зорилго нь ханах мэт, тэр даашинзаа өмсөөд гудамжаар явахад хамгийн үзэсгэлэнтэй, өөртөө итгэлтэй бардам байх юм шиг санагдана. Тэгээд л таалагдсан даашинзаа авах гэж бүсээ чангалж хоолоо сойж эхлэнэ. Даашинзаа өөрийн болгож л байвал чихэлдэж шахалдсан нийтийн тээврээр өдөр бүр явах юу ч биш. Санаандаа орсноо заавал биелүүлж байж салдаг болохоор тэр. Тэгээд мөнгө олох л юм бол гүйж очоод даашинзаа авах нь тэр. Юун өдөн куртка, өвлийн гутал. Даашинзаа л авчихвал өвлийн хүйтэнд ч өмсөөд явмаар санагдаж хурдан зун болохыг хүлээж урин дулааны цагт шинэхэн даашинзаа өмсч бусдын харцыг булааж явмаар санагдана.

Харин хүсэн хүлээсэн зун цаг нь болоход Роза өнөөх зовж, зүтгэж байж худалдаж авсан гоё даашинзнуудаа огт өмсдөггүй. Хичнээн хичээсэн ч тэр хүсдэггүй. Энэн дээр ч тохирох гутал шаахай алга, тэр даашинзыг өмсөх гэхээр хэтэрхий содон болчих гээд байна гэж шалтаглаад биед дасал болсон нөгөө л ноосон хүрэм, жинсэн өмд, илгэн шаахайгаа өмсөнө. Харин хайртай даашинзнууд нь шүүгээн дотроо нүд мялаагаад өлгөөстэй байж байх л Розад тааламжтай мэдрэмж төрүүлнэ. Заримдаа гэртээ өмсч толины урдуур дэмий хэд эргэлдэж өөртөө сэтгэл хангалуун гэгч нь инээмсэглээд өлгүүрт нь тохож, шүүгээний мухарт “дүүжлэнэ”. Худалдаж авснаасаа хойш нэг ч өмсөлгүй өлгүүртээ цоо шинээрээ хуучирсан даашинз Розад өчнөөн бий. Даашинз бол ердөө л тэр өдөр Розын өөрийн болгох гэж шунасан, ургуулан бодох төсөөлөлд нь өөрийг нь чимдэг, өөрийг нь эмэгтэй хүн гэдгийг мэдрүүлдэг хэрэгсэл төдий.

Розад сэтгэлээ илчлэх залуус хааяа хааяахан тааралданаа. Роза хэдийгээр тэдэнд нүүр өгдөггүй ч байлгаж байх нь таатай санагддаг. Заримдаа гаргаж ирж өмсч үзээд буцаагаад өлгөдөг даашинз шиг Розыг хүссэн үед нь тэрний төлөө юу ч хийж чадахаар хүмүүс байгааг мэдрэх сайхан байдаг. Өөрөөрөө бахархдаг. Байнга уулзаж учирдаггүй ч уйтгарлаж ганцаардах үед нь хөгжөөх утасны дугаарууд түүнд бий. Тэднийг өөрөөсөө түлхдэг мөртлөө алга болчих юм бол гайхна. Өөртөө итгэх итгэл нь багасна. Тэр залуус ч бас Розын төсөөлөлд өөрийг нь чимж, сайхан эмэгтэй гэдгийг нь мэдрүүлдэг хэрэгсэл.

Роза өөрийн болгохыг хүссэн залуугаа хүсэл эсвэл шуналын аль нь болохыг мэдэхгүй. Магадгүй тэр Розын хувьд зүгээр л маш тансаг уран хийцтэй даашинз юм болов уу? Розад байдаг бусад даашинзнуудаас арай дээр үеийн загвартай, гар аргаар урласан гайхамшигтай сайхан даашинз гэж санагддаг байвал яана? Роза хүссэн бүхнээ өөрийнх болгодог сурсан зангаараа энэ даашинзыг авах л гэж улайран зүтгэж байгаа юм болов уу? Залуу нас, бардам зангаа үл хайхран зүтгэж өөрийн болгочихоод тэр нэгэн залууг өөртөө хэтэрхий дасгаж итгүүлж хайртай болгочихоод, дэндүү их хичээл зүтгэл гаргаж олж авсан тэр "даашинзаа" хэзээ ч өмсөхгүй, зүгээр л шүүгээндээ дүүжлээд орхичихвол яана вэ? Хүсэл гэж бодсон энэ бүх зүйл ердөө өөрт нь дурлаж өгөхгүй байгаа залуугийн сэтгэлийг урвуулах шунал байвал яах бол?

Роза ердөө л өөрийг нь гэдэггүй зүрхэнд нь шунасан бол, сурсан зангаараа зүрхийг нь өөрийн болгочихоод дараа нь сонирхлоо буурахаар шүүгээ рүүгээ хумхиад чихчихвэл яана гэсэн айдаст автан сууж байна. Роза төөрөлдсөөр, сэтгэлээ чагнаж чадахгүй сууна. Тэр нэгэн залуу Розын хувьд түүнийг дааруулахгүй байж чадах үстэй дотортой хүрэм үү? Энэ насандаа ганцхан удаа өмсөөд үлдсэн бүх амьдралынхаа турш нандигнан хадгалах хуримын даашинз уу? Эсвэл хэзээ ч өмсөхгүй ганган чамин даашинз нь юм болов уу гэдгийг тэр өөрөө ч сайн мэдэхгүй байна. Зүгээр нэг даашинз нь биш л байгаасай даа...

О.Агиймаа