Monday, June 21, 2010

Шүхрээр яах юм бэ?


Нэгэн хэвийн гунигтай, залхуутай орой. Зүрх байх хэсэгт хоосон хар нүхнээс өөр юу ч үгүй. Цээж дүүрэн амьсгаа авч чадахгүйдээ дэмий бачимдана. Уйтгарламаар. Дотор харанхуй. Би яагаад...? Би юуны учир...? Би хэзээ...? Би яах гэж...? Уйлмаар. Гэсэн ч нулимс байхгүй. Хичнээн шахавч нэг дусал ч гарахгүй. Харин сэтгэл дотор бөглөрнө. Би хүснэ. Гэхдээ юуг? Өөрөө ч мэдэхгүй. Гэвч олох ёстойгоо л мэдрэнэ. Надад нэг ч гэсэн дохио сануулга өгөөч дээ бурхан минь...

Гэнэт сэтгэл хөвсөлзүүлж догдлуулсан зөөлөн үнэр хамар цоргив. Цочсон миний биенээс уйтгарт бодол үсрэн зугтав. Хөөж барихыг хүссэнгүй. Харин тэр л үнэр... Чийгний, дэндүү удаан хүлээсэн борооны үнэр. Нүдээ анин гүнзгий амьсгал авлаа. Хүйтэн, уйтгартай, дуусдаггүй урт өвлийн тас няс жаварт бээрч бэгжиж явахдаа зөвхөн чамайг л хүлээж явснаа би ойлгов. Ирж яваа зун цаг, үргэлжийн жаргалийг амласан анхны бороог л би өөрийн мэдэлгүй хүлээхдээ зөнгөөрөө хатуу ширүүн өвлийн зудыг давсан юм байна. Харин тэр ирчихэж. Тэгээд намайг дуудаж байна.

Би түүнрүү яарна. Зүрх минь цээжиндээ багтахгүй хүчтэй цохилно. Шатан дээр ч хөл хүрсэнгүй далавчтай мэт дүүлээд гарав. Нүүрэнд минь гуниг гутрал бодлогоширол зовлонгийн аль нь ч байхгүй. Зөвхөн инээмсэглэл л тодроно. Бороо намайг зөөлөн шивэрсээр угтлаа. Дотор тээглэсэн гайтай бул чулуу шиг нулимс хамаг гунигийг хаман урсана. Чи бас намайг хүлээж байсан юм уу? Намайг л зөөлөн дуслуудаараа илбэх гэж хахир хүйтэн өвлийг давсан уу? Тийм гэх шиг бороо улам ширүүснэ. Тэгэхдээ хэмнэл нь нэг л танил дотно.

Эрэл сурал болсон нандин эрдэнээ олоход хүн хичнээн баярладаг билээ? Яг л тийм мэдрэмж ургана. Дусал болгоныг нь газарт унагалгүй өөртөө шингээх шунал төрнө. Харамлана. Зөвхөн над дээр, зөвхөн намайг... Бороо минь чи зөвхөн минийх. Бороо бүр хүчтэй оров. Моддын навчсыг сэржигнүүлэн дээврийн модыг пижигнүүлэн бөмбөрдөх аялгуунд би бүжнэ. Сэтгэл зовох юу ч байхгүй. Диваажингийн амар амгалан.

Аянга цахилгаан цахиж аадар бороо цутгана. Би бүр онгиров. Надад тэр шүхэр чинь хэрэггүй. Хувцас гутал норох надад огт сонин биш. Ахиад зөндөө олдоно. Харин энэ л борооны ширхэг болгон нь алдмааргүй. Ариухан дуслуудаараа намайг угаа бороо минь. Өвөлжин биед минь нэвчсэн утаа тортогны угаарыг уусга! Нүүрний минь энгэсэгийг ч урсга! Сүрчигний минь үнэрийг арч! Ороосон үсийг минь задал! Хиймэл бүхэн арилаг!!!Би чамтай зөвхөн өөрөөрөө байхыг хүснэ. Мөн чанар, би бас чи. Тэгээд л гүйцээ. Хувцас шалба норж, гутланд ус нэвтрэв.

Бүлээн бороонд л норох гэж би өвлийг өнгөрөөсөн байхад тэр шүхрээр чинь би яах юм бэ? Худал хуурмаг хиймэл бүхнээ энэ гэгээхэн дуслуудад уусган угаах л гэж хүссэн байхад, аз жаргал урин дулааныг зөгнөх энэ бороонд хатсан сэтгэлээ услах л гэж төрсөн байхад тэр шүхрээр чинь би яах юм бэ???

2010/05/16

О.Агиймаа

1 comment:

  1. Шинэхэн дурлалтай учирсан хүн бүрт зориулсан юм шүү

    ReplyDelete