Monday, June 21, 2010

Заяаны хань

Миний дүр чиний төсөөллийн гүнж байгаасай. Махан биенд төрсөн гэхэд итгэмээргүй үзэсгэлэн гоо бүрэлдсэн “дагинас” зөндөө байдаг ч зөвхөн чамайг сонгосон сэтгэлийн гэгээг гадаад төрхөнд минь шингээж хараад онцгойлон хайрлаарай. Надаас бусдыг олж харахгүйн тулд сайхны өмнө буруугүй нүдээ “сохлоорой”

Миний үг чиний хувьд зөрчдөггүй хууль байгаасай. Хааяахан би чамд зориулж мэдрэмжээ эгшиг авиагаар илэрхийлнэ. Чин сэтгэлийн үгсийг минь чихнийхээ хажуугаар өнгөрөөлгүй сувд мэт түүж аваад зүрхээ чимээрэй.

Миний нулимс чиний замыг угаан ариутгаж байгаасай. Чамайгаа зовоохгүйн тулд гомдол харууслын нулимс хоолойд торж, хамаг биеийг чичрүүлж байвч би залгиж нууна. Харин гадагш урсгасан дусал болгон нь зөвхөн догдолсон сэтгэлийн тусгал баярын нулимс байгаасай.

Миний итгэл чамд зүйрлэмгүй их хүсэл эрмэлзэл, найдвар төрүүлж ирээдүй рүү гэрлийн хурдаар урагшлах зүтгүүр нь болоосой. Шантрах үед чинь зэмлэлгүй дэм өгч, сагсуурах үед чинь дагалгүй сануулга өгч чамтай би үргэлж хамт байна. Миний хүсэл мөрөөдөл чиний тэмдэглэлийн дэвтрийн эхний хуудсанд үргэлж байгаасай.

Миний халамж хүн болж төрсөний чинь учрийг ойлгуулж, нулимс унагаасай. Зүдрэх үед би чиний тохойг түшиж, гуних цагт чинь уйтгар үргээж шөнөжин ярилцана. Хариу нэхээгүй сэтгэлийн хариуд чи миний дэргэд сайн дураараа үүрд үлдээрэй.

Миний уруул зөвхөн чиний рашаан уух хундага нь байгаасай. Үсний минь ширхэг бүр чамайг энхрийлэн илбэнэ, эд эс бүхэн минь чиний төлөө намайг эрч хүчээр сэлбэнэ. Миний бие зөвхөн чамайг нэвтрүүлдэг диваажингийн хаалга байгаасай.

Миний гар зөвхөн чамайг бүүвэйлдэг зөөлөн өлгий байгаасай. Амьдралд оноход биш алдахад би чамайгаа илүү их хайрлаж гайхамшгийг чи миний тэврээс мэдрэх болно. Тэгээд бяр чадал нь хэд дахин нэмэгдсэн чи минь цааш алхаарай.

Миний нүд зөвхөн чиний дүрийг хайдаг байгаасай. Төгс сайхан биш байсан ч сэтгэлд дотно чинийхээ царайг би мянган удаа зураад харахад мянган өөр хүн харагдана. Өдөр бүр өөр авъяасыг нээн илрүүлж, өглөө бүр шинээр дурлаарай.

Миний зүрх зөвхөн чиний өмч байгаасай. Өч төчнөөн тасалгаа өрөөтэй орд харш шиг уужим саруулхан зүрхэн дотроо олон “иргэнтэй” хүмүүс байдаг л байх. Харин ганцхан хүн чадан ядан багтах умгархан тэр өрөөний түлхүүр зөвхөн чинийх байгаасай.

Миний зүүд бидний жаргалыг зөгнөдөг байгаасай. Өдөр шөнийн алинд ч бай чинийхээ дэргэд байх ганц хормыг ч би дэмий алдахгүй. Тэвэрт чинь унтаж байхдаа чамайг зүүдлэн үнэгчилэхэд өхөөрдөн инээмсэглээрэй.

Миний амьдралын гол дүр нь чи байгаасай. Эргэн тойронд олон хүн ирж буцаж байвч ганцхан би чиний хажууд сар шиг дагуул болж бүх амьдралаа зориулъя. Хоолтой хоосон хоногуудын алинд нь ч хувирч өөрчлөгдөлгүй чиний талд байна.

Миний ирээдүй чи л байгаасай. Амлалт нэхэж зовоохгүй, албадаж хүчээр барихгүй. Угаас бие биедээ зориулагдаж төрсөн болохоор нэгнээ хайрлаж энэ насыг баръя. Үнэнч сэтгэлийг дээдлэх намайг олсон болохоор азтай гэдгээ ухаарч хазгай гишгэлгүй амьдраарай.

Миний аз жаргал чи л байгаасай. Цагийн хуудас өчнөөн жилийг элээж, гундсан үрчийсэн хоёр хөгшин өөрсдийн гараар бүтээсэн түүхээ үр ачдаа өгүүлж суух үедээ ч залуу насны догдлолсон харц нь хэвээрээ байгаасай.

Цаг нь болоогүй тэр учралыг төсөөлөн суухдаа би ингэж л бодлоо. Олдох л юм бол чамайг би олсоор биш сэтгэлээрээ аргамжаад алдахгүй дээ. Хэзээ учирахаа, хаана юу хийж явааг чинь мэдэхгүй ч надаар хайрлуулах заяатай төрсөн залуу минь...

2010/05/12
О.Агиймаа

2 comments:

  1. bi bn sh dee Agiimaa lol

    ReplyDelete
  2. Сайн уу Агиймаа,
    Үнэхээр л дурласан хүн энэ бүхнийг ингэж мэдэрч бичиж чадна. Би үнэхээр азтай юм аа. Тийм сайхан дурлалыг амссан. Би чамтай адил гэхдээ нэг л зүйлээр ялгаатай мэт санагдаж байна. надад энэ дурлал нь ирчихсэн. Сэтгэл зүрхээрээ бүх зүйлээрээ мэдэрч байсан, байгаа, байхыг хүсэж байгаа бүх зүйлсийг минь чи яруу үгсээр уран хэлхжээ. Чиний нийтлэлүүдийг уншаад би өөртөө итгэх итгэл, зориг авч байна. Сайхан бүсгүй чамд хамгийн үнэнч сэтгэл, дүрэлзсэн хайрыг хүсье.

    ReplyDelete