Monday, June 21, 2010

Жанжины гэргий Аделина


/Малгайчинд зориулсан малгай/

Гэрэлт нарны гэгээн цацраг эхний туяагаа тэнгисийн усанд шүргүүлэн алдахад тэнгэр тэр чигтээ сайхан боловсорсон тоор шиг нэг хэсэг нь ягааран зарим хэсэг нь улбар шар бас бага зэрэг улайсан харагдана. Тэнгисийн бүлээн салхи сэвшин үлээхдээ хэн нэгэн чихэн дээр амьсгалах мэт дотор эрвэгнүүлнэ. Цахлай шувууд хос хосоороо эргэлдэн нисэхдээ чихэнд чимэггүй ч өөрсөддөө л “гайхамшиг” болсон хэлээр хайрын үгсээ ганганан гунганалдана. Тэнгисийн эрэг дээрх байшингийн том том гантиг баганатай дугариг тагтан дээр гунигт дуу гиюүрэн аялж хатгамалаа хатгах бүсгүй дөнгөж сэрж буй байгалийн гоо үзэсгэлэнг анзаарсан ч юм шиг үгүй ч юм шиг... Бүсгүйн долгионтой шаргал гэзэг гоолиг нуруугаа даган урсах нь хүрхрээ шиг. Нүд нь яг л энэ тэнгисийн ус шиг хөх-ногоон өнгөтэй. Тийм нүдэнд нулимс хурсан ч анзаарагддаггүй байх гэмээр...

Маргадын өнгөт намирсан нимгэхэн даашинзных нь цээжин хэсэгт цус дуссан байлаа. Дайн тулаанд явсан эрс энэ шинэхэн цус, хүүрний үнэрийг маш сайн мэдэх биз. Гэхдээ энэ үнэр түүний даашинзнаас биш орных нь хөлд гараа сарвайн амь тавьсан залуухан, биерхүү чийрэг эрийн цогцосноос үнэртэж байв. Шалаар нэг тунарсан цус нь бүсгүй рүү тэмүүлэн урсана. Дэрэн дороосоо нэг ч шөнө салгаж үзээгүй чинжаал хутга нь залуугийн цусан дунд хэвтэнэ. Аделина тэр зүг рүү нүдний булангаар ч харсангүй шивэгчдээ сэрэхийг хүлээнгээ дуу аялан тэнгисийн зөөлөн чийгэнд хатгамалаа урлана.
Тун удалгүй тавиур дээр гүцтэй ногоон цай, анар жимсны хамт барьсаар орж ирсэн дотны шивэгчин хатагтайн өмнөх ширээн дээр өглөөний цайг нь тавьчихаад яаравчлан гарч барлагуудыг дуудав. Зарц нар гүйлдэн ирж цогцсыг зайлуулж асгарсан цус нөжийг цэвэрлэхэд үнэрт нь зэвүүцэн дагжиж
- Би өглөөний цайгаа энд уухгүй ээ, баярлалаа. Харин хүүхдүүд дээрээ очиж сэвлэгийг нь үнэртэх минь. Тэд маань сэрсэн үү? хэмээв.

Аделина цустай хувцсаа хун мэт цагаахан даашинзаар сольчихоод хонгилын шат руу яаран алхав. Хичнээн хурдан алхах ч тэр ихэмсэг бөгөөд тайван харагдана. Урт шаргал үс нь намирна, арьс нь эрүүл толигор. Хэмнэлээр нь л түүнийг гэж таньж болохоор өвөрмөц алхана. Алхаад өнгөрсөн газарт нь энд Аделина байсан шүү гэх шиг зөвхөн түүний хэрэглэдэг мэлрэг цэцэг болон зэрлэг сарнайн хандтай тосны анхилам үнэр нь үлдэнэ.
Зарц нар нь түүний цустай даашинзыг модон шонд тогтоон харшийн гадна өлгөнө. Харин дэргэдүүр өнгөрөх хүмүүс жанжины гэргийн ор луу мөлхөөд эргэж ирээгүй хүмүүсийн тоо бас нэгээр нэмэгджээ хэмээн дор бүрдээ ойлгов. Энэ удаад бүр хивсний хамгийн том наймаачны ганц хүү шүү.

- Эрхэм шүүгч минь тэр шулам удам залгах ганц хүүгийн минь толгойг залгичихлаа. Ээ тэнгэр минь. Одоо би энэ хур их хөрөнгөө хэнд өвлөж үлдээх билээ? Миний амьдралын утга учир юу болж үлдэв? Аресын нэрийг барин тангараглая, би тэр солиотой хүүхнээс өшөөгөө авахдаа л авна даа. Тэгээд яс үсийг нь түмэн хэсэг бутлаад тэнгисийн усанд цацчихсан цагт оршуулгыг нь ч хийх аргагүй болно. Ер нь яалаа гэж хүүгийн минь аминд хүрж байгаа юм бэ? Эр эмийн ёс чинь хорвоогийн жам бус уу? Эвий муу үр минь.
- Атанасиосын эхнэрийн унтлагын өрөө лүү орсон хэн ч амьд гарч ирдэггүйг бүгд мэднэ. Танай хүү анхных биш бас хүүгээр чинь төгсгөл болохгүй ч байж мэднэ. Гэвч бидэнд Аделинад хариуцлага хүлээлгэх ямар нэг арга алга. Чи өөрөө мэдэж байгаа байлгүй дээ. Түүний нөхөр хийсэн бүтээсэн юм ихтэй, ард иргэд бүгд түүнийг хүндэлдэг. Хэдийгээр Атанасиос үхсэн ч одоо болтол чадалтай хэвээрээ байгаа. Тиймээс эхнэрээр нь оролдох юм бол бидэнд том аюул нүүрлэж магадгүй юм.
- Чөтгөр алгад, тэр муу Атанасиос үхчихсэн байхад бид эхнэрт нь ч гар хүрч чаддаггүй. Яагаад ийм шудрага бус байна вэ?
- Надад ч гэсэн мэдэх юм үнэндээ алга. Харин тэр Аделина их чанга хүүхэн гэдгийг л мэдэж байна, яг л эр нөхөр шигээ. Хэдэн ч эрийг цааш нь харуулчихав даа...

Аделина хонгилын шатаар өгсөж эхлээд хүү Агатиасын өрөөнд оров. Хүү нь аль хэдийн босчихсон хуучны судар номын хуудас эргүүлэн сууж байлаа. Тэр дөнгөж 12-хон настай ч яг л аав. Өндөр нуруутай тэгш гоолиг биетэй. Өргөн уужим магнай нь ухаантай болохыг илтгэнэ. Өтгөн хөвсгөр хар үс нь нарны гэрэлд гялтгана. Агатиас эцэг шигээ агуу удирдагч болно. Тэр насандаа ахадсан хэрсүү хүүхэд. Бас яг л Атанасиос шиг хэн ч юу ч нуух аргагүй хурц харцтай. Магадгүй тэр бодол унших авъяасаа хүүдээ өвлүүлсэн байж ч болох юм.

- Өглөөний мэнд хүү минь. Шөнө тайван амарсан уу?
- Хайрт ээж минь таныхаа энэ өдрийн амгаланг айлтгая. Хүү нь өнгөрсөн шөнө тань руу хорт могой гэтэж явна гэж зүүдлээд унтаж чадсангүй. Тэгээд шөнөжин сэлэм эргүүлэх дасгал хийлээ. Аавыгаа үгүйд би ээж дүү хоёроо хамгаалах үүрэгтэй шүү дээ.
- Эцэг чинь чамаар үнэхээр их бахархах байсан даа хүү минь. Ийм хүү заяасан эцэгт чинь үнэхээр их талархаж байна. Чи бид түүний үргэлжлэл шүү дээ.
- Ээж минь би таниас нэг юм асууя гэж эртнээс бодож байсан. Гэхдээ сэтгэлийг тань өвтгөчихвий гэж халшраад чаддаггүй байлаа?
- Тэгэлгүй дээ хүү минь, чиний амнаас намайг зовоох үг унахгүй гэж би бат итгэж байна.
- Эцэг маань аугаа удирдагч байсныг би мэднэ. Гэхдээ тэр яагаад бидний төлөө амьдралгүй бусдын төлөө үхэл рүү явах замыг сонгосон юм бэ? Гэр бүл нь, бид түүнд чухал биш байсан юм гэжүү?
- Хүү минь эцэг чинь чухам үнэндээ бусдын төлөө биш бидний төлөө л амь үрэгдсэн юм. Хүмүүний хорвоо дэндүү бузар. Энд амьдрахын тулд нэг бол өөрсдөө дасан шингэх эсвэл ертөнцийг тэр чигт нь эргүүлэх хэрэгтэй байдаг юм. Харин эцэг чинь өөрийн хамгийн чухал эрдэнэс болох гэр бүлээ тэр бохир заваан ертөнцөд амьдруулахийг хүсээгүй болохоор өөрчлөх шийдвэрийг амь насаа золин байж гаргасан юм. Тэгээд бидний өөрчилсөн ертөнц бүх хүмүүсийн амьдралд нөлөөлж байгаа.
- Хичнээн тийм ч биднийг үүрд орхин одохгүй байж болох сонголт түүнд байгаагүй гэж үү дээ? Би аавтайгаа ан хийж, ном уншиж сэлмээр тулалдмаар байна. Би түүний дэргэд байхдаа аюулгүй гэдгээ мэдэрдэг.
- Тэр өөрөө хүсэх л юм бол уух дуртай улаан дарсыг нь хийдэг том оо гэгчийн усан үзмийн тариалантай болж дөрвүүлээ эгэл жирийн амьдралаар амьдарч болох байсан. Том торхонд дүүргэсэн сагсайсан усан үзэмнүүдийг нүцгэн хөлөөрөө бяцлангаа дуулж бүжиглэж болох л байсан. Эсвэл ямар ч баяд ноёдоос дутуугүй хөлжиж ч чадах байсан. Бүр хүсвэл эцэгт чинь хаан сэнтий ч хол биш байсан юм. Гэхдээ тэр бол жирийн л нэг цэрэг эсвэл гэдсээ хагартал идсэн язгууртан дээдэс биш жинхэнэ жанжин хүн байсан. Тэр ард түмнийг удирддаг "амьд бурхан" нь байсан. Цэргүүдийг захирч ихэс дээдсийг айлгадаг байсан. Тэр хүсвэл бүх дэлхийг өөртөө тааруулан өөрчилж чадах байсан. Хэрэв Атанасиос эгэл цэргийн энгийн амьдралаар эсвэл хаад ноёдын зугаа цэнгэлтэй амьдралаар амьдраад өнгөрсөн бол ард нь үлдсэн бид одооных шигээ тайван нүүр бардам нэр төртэй амьдарч чадахсан болов уу? Хэн нэгэнд дарлуулах эс бөгөөс хумхын тоос болох байсан биз. Эгэл эсвэл хөрөнгөлөг амьдралаар хүн нэг амьдраад л төгсдөг, дараа нь хэн ч санахгүй. Гэтэл эцэг чинь амь үрэгдсэн мэдээг сонсоод хичнээн хүн харуусч нулимс унагалаа? Хот даяар гунигт автан оршуулгын ёслолд нь оролцох хүмүүс Грекийн өнцөг булан бүрээс цуварсаар л байсан шүү дээ. Эцэг чинь домог юм миний хүү, Харин чи энэ домгийг үргэлжлүүлэх учиртай.
- Ухаант ижий минь мунхаг хүүгээ өршөөгөөрэй. Аав минь өөрийн амь насаа биднийг санаа амар амьдруулахад зориулсан юм байна. Гэтэл би довын цаадхыг ч харалгүй өчүүхэн сэтгэжээ. Нээрээ Афинд өөр хэний гэр бүл эцгийнхээ хойно ингэж нэр төртэй амьдарч байгаа юм бэ? Өөрөөсөө ичиж байна. Аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэхийн тулд би илүү ихийг сурч мэдэх хэрэгтэй юм байна. Хүндлэх сэтгэл улам бүр төрж байна, миний аав ямар агуу хүн юм бэ? Би ямар хувь заяагаар та хоёрын хүү болон төрөө вэ???
- Харин ч бурхад бид хоёрт чамайг илгээсэнд талархдаг юм шүү хүү минь. Тэд чамайг ивээг. Ээж нь одоо охин дүү дээр нь очъё доо.

Аделина өлмий дээрээ гишгэсээр охиныхоо өрөөнд оров. Адониа унтаж байлаа. Яг сахиусан тэнгэр гэсэн үг. Буржгар шар үс нүүрнийх нь талыг халхлана. Уртаас урт сормуус, эгдүүтэй шонтгорхон хамар бас инээмсэглэсэн уруул. Дэргэдээс нь алхам ч холдмооргүй ариухан. Том болоод ээж шигээ сайхан бүсгүй болох нь эргэлзээгүй. Гэхдээ тэр дөнгөж зургаахан настай. Бас аавыгаа нэг ч удаа хараагүй... Түүнийг гэдсэнд байхад нь Атанасиос дайнд мордсон юм. Аделина охиныхоо булцгар хацар дээр нь үнсэв.

- Энхрий үр минь сэрээрэй, наран аль хэдийн мандчихсан.
- Ээж ээ би өнгөрсөн шөнө муухай бодон гахайнууд тань руу дайрч байна гэж зүүдлээд гэтэл аавын хэрээ ирээд тэд нарыг тоншоод алчихсан. Харин аав намайг тэврээд дуу дуулж өгсөн, нөгөө таны дандаа аялдаг дууг. Тэгээд би ааваасаа холдмооргүй байсан болохоор сэрмээргүй л байсан. Би аавыгаа хараагүй ч мөн гэдгийг нь мэдээд байсан. Та надад аавын тухай ахиад яриад өгөөч?
- Афины баатар Тесаусусаас ч ухаантай, хамгаас хүчит Геркулэсээс ч хүчирхэг, хамгийн зоригт Мелеагараас ч зоригтой жинхэнэ баатар жанжин байсан юм. Аав нь өвч хуягаа өмсөж гил хар Клитусаа унаад хотын гудмаар явахад харсан хүн бүр дуу алддаг байж билээ. Долгиотсон тас хар үстэй бас доод эрүүндээ дэгжин сахалтай. Чи минь аавынхаа хүний сэтгэл дотрыг нэвт ширтдэг нүдийг урт гэгчийн сормуустай өвлөж авсан шүү дээ. Бурхад түүнд гоо үзэсгэлэн, оюун ухаан, сайхан сэтгэл, зориг тэвчээр бүгдийг харамгүй заяасан даа.
- Би аавтайгаа уулзаж байгаагүй ч гэсэн үргэлж дэргэд байгааг мэдэрдэг.
- Тэгэлгүй яахав зулзага минь. Би ч гэсэн мэдэрдэг. Хайр заавал хамт байхад илэрдэггүй. Хичнээн алсад байсан ч бүр бие махбодь нь байхгүй болсон ч хайр оршсоор байх болно. Чиний энд, зүрхэнд чинь байдаг юм. Тэгээд бас дуудагдах нэр чинь үргэлж түүнтэй холбоотой байх болно. Чи минь үгүй болсон аавынхаа амар амгалангийн үргэлжлэл юм шүү дээ. Тэр биднээр дамжуулан амьдарч байгаа.
- Би аавыгаа хэзээ ч үгүй болсон гэж бодохгүй ээ.
- Алдрай үр минь түргэхэн хувцаслаад цайгаа уу даа. Ээж нь эмээгийнх нь амрыг эрэхээр явлаа.

Аделина хонгилын шатаар буцаж уруудан хадам эхийнхээ өрөө рүү оров. Хүүгээ алдсанаас хойш шаналсаар байгаад цонхийсон хадам ээждээ мэхийн ёслов.
- Элбэрэлт ээж минь тайван сайхан амарч амттай сайхан зүүд зүүдлэв үү? Охин нь танд шинэ хатгамал хатгасан шүү.
- Ээжийнх нь бие чилээрхээд тун базаахгүй байна. Урд шөнө ахиад хэн нэгэн өрөөнд чинь хулгайгаар орж ээ дээ? Сайхан бүсгүйг хараад сэтгэл алдрах нь байх л асуудал. Чи минь залуу хүн, амьдралаа бодоод хэн нэг сайн хүний гэргий болсон нь дээргүй юу? Ээж нь чамайг буруутгахгүй. Амьдралыг ганцаар барах хэцүү шүү дээ.
- Та юу ярина вэ ээж минь??? Би чинь аль хэдийн гэрлэчихсэн хүн шүү дээ. Таны хүү бүх Грек даяар нэр алдар нь түгсэн агуу их жанжин Атанасиосын эхнэр байж өөр хүнтэй хуримлана гэж байж болох уу? Атанасиос биш л бол өөр хэн ч надад тэнцэхгүй. Таны хүү миний төлөө амиа өргөсөн байхад би таны хүүгийн төлөө яагаад амьдарч болохгүй гэж?
- Муу хүү минь өнгөрснийхөө дараа чамайг ганцаар амьдраг гэж хүсэхгүй л байсан биз.
- Таны хүү өөрийг нь бүчих түм буман бүсгүйгээс яагаад ганцхан намайг сонгосон гэж бодож байна? Үзэсгэлэн төгс бүсгүйчүүл зөндөө байсан ч тэр намайг сонгосны учир нь үгүй болсных нь дараа ч өөр хэн нэгний өвөрт шургахгүй үнэнч гэдгийг тэр мэддэг байсан юм. Тийм ч болохоор надаар дамжуулан амьдарч чадахаа мэдээд сэтгэл тайван нүд аньсан юм даа ээж минь. Ахиж надад ийм үг бүү хэлээч, гуйя таниас. Би хүүгийн чинь тал бие, ач нарын чинь ээж. Тийм болохоор таныгаа асарч амьдрах нь миний азжаргал.
- Өршөөгөөрэй охин минь, сүү шиг сэтгэлийг чинь сэвтээх гэсэнгүй. Чамайг л бодож хэлсэн үгс шүү.
- Мэднэ ээ ээж ээ. Гэхдээ таниас минь өөр хүн надад ингэж хэлсэн бол би биеэ барьж дийлэхгүй байсан. Нөхрийнхөө төлөө нэр төртэй амьдарч чадахгүй бол үхсэн минь дээр.

Ээжийн царай гэрэлтэв. Аделина хадам эхийнхээ өмнө сөхөрч суугаад духан дээрээ үнсүүлээд гарлаа. Цасан цагаан даашинзаа тайлж оршуулгын хувцас шиг эсвэл эгээтэй л хэрээний арьс шиг тас хар нөмрөг нөмрөөд гэрээсээ гарав. Тэр нуруугаа цэхлэн толгойгоо өндөрт өргөж явдаг. Эртний баатруудын хэрэглэж байсан зэр зэвсэг, хуяг дуулгыг сүмд үзмэр болгон тавьдаг. Харин Аделина өөрөө энэ үеийн баатраас үлдсэн амьд "үзмэр" болохоор нөхрийнхөө төлөө үнэ цэнэтэй амьдардаг. Харц нь бүгдээс дээгүүр ихэмсэг бөгөөд төөрөлдөм гүн. Түүний энэ нүднээс Атанасиос л ганцхан бодлыг нь тааж уншиж чаддаг байсан юм. Эргэлзээгүй тэр хоёр бие биедээ зориулагдан төрсөн. Өрөөсөн тал нь энэ хорвоогоос явсан ч түүнийхээ нөмөр түшигээр тэр толгой бардам алхаж явна. Зээлээр яваа хүмүүс бүгд амнаасаа нэг ч үг унагалгүй Аделина руу бахдан ширтэнэ. Өөр хэн нэгэн түүний оронд байсан бол алуурчин нэр зүүж үхлийн муугаар төгсөх байсан биз. Гэвч бүгд Атанасиосыг хүлээн зөвшөөрч хүндэлдэг, түүнд итгэдэг байсан болохоор Аделинагийн шудрага үнэнчид эргэлзсэнгүй. Тэр бол жанжины гэргий шүү дээ.
Аделина худалдааны гудамжинд үзэсгэлэн төгсөөрөө алдартай Сефарина бүсгүйтэй тааралдав.

- Чи миний хонгоруудын нэгийг цааш нь харуулчихсан юм аа даа? Уг нь хивсний худалдаачны хүү миний жагсаалтын нилээн дээгүүр явж байсан юмсан.
- Чи хонгорынхоо хазаарыг илүү чанга татаж явахгүй дээ. Хормой руу минь гараа шургуулсан хэнийг ч би нөгөө ертөнц рүү илгээх болно.
- Гэхдээ би чамайг огт ойлгохгүй юм? Нэгэнт үхчихсэн хүний ардаас чи насаараа аз жаргалыг мэдрэлгүй гуниглаж амьдрах юм гэж үү?
- Аз жаргал гэж юуг хэлэхээс чинь хамаарна. Миний хувьд ариун хайр бол аз жаргал. Хайраа бэлэглэсэн хүн минь амьд биш байсан ч хамаагүй. Би тэр хайрыг мэдэрч түүндээ жаргаж явдаг.
- Хэ хэ. За тийм байж, гэтэл тэр энэ ертөнцийн бус хайр чинь чамайг хангалуун байлгаж чадах уу?
- Хангалуунаас илүү байлгадаг. Харин түүнд минь халдах гэсэн хэний ч зүрхэнд би чинжаал шааж чадна. Нэр төртэй амьдарч чадахгүй бол үхсэн минь дээр. Гэхдээ эр нөхөр нь бие барах байтугай зэргэлдээ тосгон орох хооронд өрөөлийн өвөрт хөлөрч хэвтдэг хүмүүс намайг хэзээ ч ойлгохгүй. Үүнийг мэддэг байсан болохоор ч Атанасиос чамайг сонгоогүй юм. Баяртай.

Сефаринаг үг дуугарч амжаагүй байхад Аделина орхин одов. Хорсож зивүүцсэн Сефарина толь гарган ирж зүсээ нэг тольдон Аделинагаас илүү үзэсгэлэнтэйгээ ахин нэг батлаж аваад нууц амраг дээрээ очихдоо түрхэх анхилуун тос хайн цааш эргэлээ.
Харин Аделина хэдийгээр нулимс унагамаар байсан ч шүд зуун тэвчинэ. Түүний эр нөхөр эмэгтэй хүний нулимсыг унагахгүй гэсэндээ л дайнд мордсон. Хайртынхаа амины үнэтэй нулимсыг нандигнадаг болохоор тэр уйлдаггүй. Түүний биед хайраар холбогдож үнэн сэтгэлээр гагнагдсан хоёр зүрх цохилж, хоёр сүнс амьдардаг...
Нар жаргах тун ч дургүй улбар туяагаа чадлаараа сунгахад тэнгис дээр үл мэдэг дуу нь сонсогдоно. Шөнө болгон нэр төр үхэл хоёрын тэмцэл. Энэ шөнө ч хорт могойнууд гэтэж эсвэл халтар бодонгууд дайрч мэднэ. Жанжины эхнэр сүүлийн хэдэн жил эр нөхрийг нь орлож байгаа чинжаалаа дэрэн дороо хийгээд зүүдэндээ Атанасиостойгоо уулзахаар хэвтэв.

2010/06/04

О.Агиймаа

1 comment:

  1. Ёстой гайхалтай бичжээ, үнэхээр уншихад сонирхолтой бас чадварлаг бичсэн байна. Зохиолч болох байж ээ кк.

    ReplyDelete