Friday, September 9, 2011

"Харагддаггүй" өвөө

Ойрд ажил ихтэй завгүйхэн, гэсэн мөртлөө ажлаа тарчихаад өсгийтэй гуталтай ч гэр лүүгээ алхмаар санагдсан. Замын бөглөрөл гэдэг алхсанаас гурав дахин уддаг болохоор. Билэг их дэлгүүрийн гутлын тасаг агуулах чөлөөлөх худалдаа зарлаад хүн амьтан гадна нь зах шиг л бужигнаж байна.

Аймшгийн хүйтэн нь багасаад цаг агаар сайхан болсон ч сэтгэл санаа нэг л тавгүй. Магадгүй саяны хүйт миний зүрхэнд орчихсон ч юм билүү? Алхсаар Москва рестораны дэргэд ирэв. Жинлүүртэй өвөө алга. Харин том сийрсэн ууттай хуванцар сав үүрсэн өөр нэг өвөө явж байна. Хувцас хунар, царай зүсээрээ, байгаа байдлаараа манай жинлүүртэй өвөө хажууд нь "цэмбэгэр". Бараг үсгүй халзан дээрээс нь ямар ч мах өөхгүй шөвийсөн туранхай өвөөгийн нүүр нь бараг л арьс нөмөрсөн араг яс. Бүхэл бүтэн хүн алхаж яваа ч түүнийг анзаарах хүн нэгээхэн ч үгүй. Харин санамсаргүй дөхөхдөө хамар амаа таглан ярвайж холдоно. Өнөөдөр орой таксидах байсан мөнгөө энэ өвөөд л өгөх учиртай байсан юм болов уу гэж бодлоо.

Би хөгшид хүүхдүүдэд өглөг өгөх дуртай. Харин хүмүүс гуйлгачинд гараасаа юм өгвөл буянаа алдана гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Би өөртөө буян хураах гэж биш бас хямсалзаж, гэдэгнэж бусдад юм өгдөггүй.Өгвөл өгсөн шиг өг, чадахгүй бол больсон нь дээр. Хорвоо чамаар дутахгүй нь мэдээж. Дарга захирлуудын өмнө гаргадаггүй инээмсэглэлээ ядарч яваа тэр хүмүүст багахан хэмжээний өглөгтэй цуг өргөх шиг сайхан зүйл байхгүй. Хорвоо гэдэг таахын аргагүй. Чи нэг л буруу гишгэж тэр хүмүүсийн оронд очихгүй гэх баталгаа гүй. Тэр үед хүмүүс чамд гараа хүргэхээс ч сэжиглэж, нохой мэт халтар зоос өөдөөс чинь шидвэл ямар санагдах вэ???

Тэгээд хог үүрсэн өвөөгийн хөнхийж ширгэсэн хоёр нүд рүү харж байгаад аль болох сайхан инээмсэглэж мөнгөн дэвсгэртээ хоёр гардуулан өгсөн. Гар нь цэв хүйтэн. Би анх удаа л өөрөөсөө хүйтэн гартай хүн байдгийг мэдлээ. Миний гар бусдад бас ингэж санагддаг болов уу? "Гялайлаа хүү минь, өндөр болоорой" гэж хэлээд шүдгүй амаараа инээхэд нь сэтгэл санаа зүйргүй сайхан болж цаашаа алхсан.

Бид эргэн тойрны сайхан бүхэнд ханаж цадаад муу муухайг олж харах нүдгүй болчихсон юм болов уу? 9911-тэй дугаар шинэ ланд 200-ын үнэ хүрч, зиндаархах дуртай хүмүүс оюун ухаанаараа, сайхан сэтгэлээрээ биш гутал цүнхээр уралддаг болсон цагт хүний зүрх сэтгэл үзэгдэхээ больсон юм болов уу?

Эсвэл бүгдийнх нь амьдрал зовлон зүдгүүртэй, хар бараан болохоор өөрсдийгөө яая гэсэн хүмүүсийн нүдэнд юу ч биш харагддаг юм уу? Ямартаа ч цор ганцаараа нуруугаа бөгтийтөл шуудайтай сав үүрсэн хорчгор өвөөгийн хонхойсон ухархайнаас гэрэлтэх нүдийг мартаж чадахгүй л байна...

Tuesday, August 30, 2011

Ажил амьдрал буцласан өдрүүд



Ажилдаа ороод сар гаран л болж байна. Шинэ Гялбаа сэтгүүл л дээ. Дөнгөж ороод л эхний дугаар гаргах ажил дээр таарсан болохоор учраа олохгүй баахан л сандарч гүйснээ бодвол одоо бас ч гэж "архагшаастай". Ер нь Гялбаа гэлтгүй эмэгтэйчүүдийн сэтгүүлд л ажиллах хүн юм гэдгээ энэ хооронд мэдэрлээ. Яагаад Гялбаад ажиллах болсон гэвэл би бусдын бэлэн хоолыг ам руугаа хийх дургүй, нэгэнт мундаг зүйл дээр нэрээ гарсан гараагүй төдий байх дургүй /зөвхөн миний л хувьд/. Харин оргүй хоосноос өөрийн гараар гайхамшиг бүтээх юмсан гэсэн хүсэл үргэлж л төрдөг байсан. Бодит амьдрал дээр гайхамшиг биш юм аа гэхэд Гялбаа сэтгүүлийг зах зээл дээр өрсөлдөхүйц болгож, хөл дээр нь тогтоохыг л хүсч байна. Маниатайгаа төлөвлөсөн зүйл ч зөндөө бий.

За энэ ч яахав. Саяхан ажилд орсноос хойших анхны хүлээн авалт болов. Бүх зургийг одоохондоо дэлгэж болохгүй учраас өөрийнхөө л ганц хоёр зургийг оруулахаас даа, сарын дараа Одгэрэл эгчтэйгээ авхуулсан зургаа дэлгэе ккк...





Thursday, August 18, 2011

Мэддэг ч мэддэггүй зам /2011 оны 8-р сарын 18-ны өдрийн тэмдэглэл/


Хорооллын хоёр захад ажил, гэр минь байх. Угтаа манайх гэдэг айл 1983 онд одоогийн байраа дөнгөж ашиглалтанд ороход нь нүүж ирээд л түүнээс хойш хаашаа ч явсангүй. Бага байхад сургууль гэр хоёр хорьхон алхмын зайтай, дэндүү уйтгартай санагддаг байв. Хол сургуультай хүүхдүүд шиг автобусаар явахгүй, халаасандаа мөнгөгүй, цайны газрын хоол идэхгүй, харих замдаа энэ тэрүүгээр тэнэхгүй болохоор өдөр бүр нэгэн хэвийн маршруттай.

Ажилд орлоо. Уг нь дажгүй, гэхдээ байрлал нь хоёрын хооронд гурвын дунд. Хол ч биш ойр ч биш. Хоёр км орчим. Хөлсний тэрэг бол зоолттой 3 км-ээс дээш үнэ хэлнэ. Мөнгөө харамласандаа биш зүгээр л шудрага бус байхад ясны дургүй болохоор амар аргаар мөнгө олдог залхуу жолоочдод өөрийнхөө олсон 500 төгрөгийг ч дэмий гарзадмааргүй байдаг. Нийтийн тээвэрт суухаар шороон замаар сүнгэнэж сүнгэнэж ертөнцийн мухарт аваачаад хаячихна, хүн амьтны бараа хартлаа овоо л алхана. Гутал бол будаа. Тэгээд л хавтгай гутал өмсөөд алхдаг хоббитой боллоо. Гэхдээ өглөө бол үнэндээ амждаггүй юм, нойр ихтэй болохоор. Харин ажлаа тарчихаад зуны орой юм бодож зугаалах шиг кайф хаана байна вэ?

Өдөр бүр насаараа амьдарсан хорооллынхоо өмнө нь огт явж үзээгүй шинэ замаар гэртээ харьж, өөр маршрут гаргах юм шүү гэсэн зорилт тавиад байгаа юм. Ер нь яагаад сүлжилдсэн олон байр байшин, зам жим байхад дандаа л төв замаар явдаг байсан юм бол, өмнө нь?

7 өнгөрөөж ажлаасаа гарав. Үүдэнд уяатай манаач сембирнар Бетти сүүлээ шарвуулан өндөр өндөр үсэрч байгаа нь намайг хараад баярласны шинж. Өдөрт хоолныхоо өөхийг гаргаж өгдөг юм. Салах ёс гүйцэтгэн хүзүү чихийг нь илж эрхлүүлэхэд тэр том нохой нялх гөлөг мэт өмнө минь шарвалзана. Харин танихгүй эрэгтэй хүн ойр хавьд харагдах л юм бол нөгөө эелдэг төрх нь ул мөргүй арилж уруул хамар нь ярзалзан нүд нь хилэнтэй гялалзана. Нохойноос салаад цааш алхахдаа гараа хартал нуль хир болчихож.


Сайхан орой байна. Дулаахан бас намуухан. Жижигхэн бас хөөрхөн байшингууд өнгөрөв. Цааш явсаар урд нь огт очиж үзээгүй байшингуудыг чиглэн явав. Хогийн савны дэргэдэх шатаар уруудав. Зүүн эргэв. Бяцхан тоглоомын талбайд хүүхдүүд пиг байлаа. Өсвөр насны охид дугуй унаж хөвгүүд сагс тоглоно. Гурван нялх биетэй эх өлгийтэй хүүхдээ салхилуулж сууна. Чанга чанга хуцсан жижигхэн цагаан хаваа энхрийлэн тэврэх дөрөв орчим насны охин дээр хүүхдүүд овоорчээ. Нүүр нүдгүй шороонд будагдсан бяцхан хүү усан буу үүрээд гүйж байна. Дүүжингийн нэг талд хоёр охин нөгөө талд ганц хүү суугаад бахархалтай мишээнэ. Яагаад ч юм тэр хавь нэг л таатай. Тэнд үлдэж ахиад бага зэрэг ажигламаар санагдав. Чимээгүй бүгдийг нь хараад л мишээгээд суув. Тэнэг харагдсан ч болно, гэхдээ тэнд угаасаа намайг хэн ч танихгүй... Гэтэл нөгөө халтайсан жаал гүйж ирээд "Эгч ээ, миний гутлыг үдээд өг" гэж хэвлүүхэн нь аргагүй хэлэв. "Чи буугаар байлдаж байж үдээсээ үдэж чаддаггүй ээ?" гэж би баруун хөлнийх нь жижигхээн гутлын нарийхан үдээсийг үдэж байхдаа асуув. "Чаддаггүй юм өө, чаддаггүй юм" гэж хэлээд тоглоомондоо яарсан бололтой "дайснуудтайгаа" хөөцөлдөөд алга болов. Би инээмсэглэсээр сандал дээрээ үлдэв.

Арван тав орчим минут тоглоомын талбайд суулаа. Замаа үргэлжлүүлэхээр тоглоомын талбайн баруун урд буланг чиглэв. Машины гарашийн цаана гарц байгаа гэж бодсон нь тэр. Хашаа хатгаж битүүлсэн байв. Ахиад аз жаргал цацруулсан тоглоомын талбайн хажуугаар өнгөрөв. Байшинг тойров, битүү гараш. Гарашин дунд төөрөв. Машин гарах газар байж л таараа тул яаж ийж нэг юм гарашны дундаас гарав. Цэцэрлэг тулж ирэв. Хашааг нь дагаад юм бодонгоо төмөр хайсанд гараа шүргүүлэн алхлаа. Яагаад ч юм би багаасаа л хашаа, хөшиг, өндөр ургасан өвс ногоонд гараа шүргэж мэдэрч алхах дуртай байсан. Өөдөөс ирж яваа залуу гайхсан шинжтэй харахыг мэдрэв. Цаашаа явав. Үргэлжилсэн байшингуудад тулав. Тэр байрны өмнө ургасан мод бараг 9 давхрын хэртэй өндөр байгааг анзаараад бахдав. Зам дээр ягаан даашинзтай халзан толгойтой охин хуванцар сагсан дээр суугаад машин болж тоглож байв, гэтэл араас нь жинхэнэ машин ирээд сигналдахад цочсондоо уйлав.

Шинэхэн гутал минь хөл холгож эхлэв. Байшингийн төгсгөлд ирэхэд хоёр сонголт байв. Ахиад үргэлжилсэн байшингуудын хажуугаар явах, төв замаар явах. Маргаашдаа шинэ нээлт үлдээхийн тулд би өнөөдөр хуучин замаа сонгов. Төв замтай нийлэв. Түрүүний тайван амгалан байдал ор тас алга боллоо. Гудамж дүүрэн хүн. Хөөрхөн муухай янз бүрийн царайнууд. Амьсгалж буй агаарыг минь булаацалдаж байх шиг санагдана, эсвэл би булааж байгаа мэт харна. Зөрөх зай байсаар байхад заавал биед хүрэх, дайраад өнгөрөх хүмүүс. Яагаад өдөр болгон энэ замаар явдгаа би анх удаа гайхав. Замын хажууд "Чих хамар хэл цоолж, шивээс хийнэ" гэсэн залуус сууж байна. Ямар хүн нь ч гадаа чих хамар хэлээ цоолуулаад, шивээс хийлгээд сууж байдаг юм бол гэж бодож амжив.

Миний мэдэхийн бараг ухаан орсон цагаас Москва рестораны өмнө суудаг нэг жинлүүртэй өвөө байдаг юм. Нүдэнд дулаахан царайтай, энгэртээ ахмад дайчны одонтой тэр өвөө байнга л яг тэр газраа сууж байдаг билээ. Ягаан дээлээ саарал болж гундтал өвөл зунгүй яг л тэр газраа нөгөө л жинлүүр, нөгөө л сандал, цагаан малгайтайгаа байж л байна. Заримдаа жингээ мэдсээр байж өвөөд орлого оруулмаар санагдаад зогсож үзнэ. Ямархан үр хүүхдүүдтэй хүн ингэж өтөл насандаа даарч хөрч, өлсөж ядардаг юм бол гэж өрөвдөнө. Харин сүүлийн үед тэр хавиар явах багассаныг хэлэх үү, өвөөг олж хараагүй олон сар болсон байлаа. Дотор минь гуниг төрөөд явчих нь тэр. Өчнөөн л жил хөшөө мэт сууж байгааг нь хараад дасчихсан тэр өвөө буцчихсан бол? гэж бодохоор сэтгэл нэг л хөндүүр, гудамж тэр чигээрээ хоосон болчих мэт.

Жинлүүртэй өвөөгийн гудамжинд дөхөж очтол харин өвөө хуучин тод ягаан байгаад саарал болтлоо гандаж урагдаж сэмэрсэн дээлээ ногооноор сольчихоод сандал, жинлүүр хоёроо сугандаа хавчуулаад миний өөдөөс алхаж явна. Би ядтал урд нь өвөөгийн алхаж явахыг огт хараагүй байв Яагаад ч юм амьд мэнд байгаад нь жигтэйхэн их баярлав. Энэ олон жилийн турш нэг л газар байж байдагт нь дассан хүмүүсийг хэдийгээр танихгүй ч тэдний оронзай сэтгэл дотор байдгийг мэдэв. Нэрийг нь мэдэхгүй жинлүүртэй өвөөд би хайртай юм байна лээ

Цаашлаад цемэнтэн зам дээр хулдаас дэвсээд баахан 5000-ын гутал зарж байна. Хоёр хүүхэн сонирхож нэг нь барьж нөгөө нь углаж үзнэ. Хажуугаар зөрсөн бүсгүйн анхилуун сүрчиг хамрын нэг нүхээр сэнгэнэв, харин нөгөө нүхээр 00-ын үнэр үнэртэв. Алийг нь ч үнэртэхгүйн тулд би хамраа чимхлээ. Зам дагуу суугаад зөрсөн эмэгтэй бүрийг сонжих залуугийн харц тусахыг мэдэрч эвгүйцэв. Гараа атгав. Нар шингэлээ.

Хөл бүр ч холгож эхлэв. Зам гарах гэтэл миний мэддэг хоёр ч гарцыг хайсаар битүүлсэн байлаа. Учрыг ойлгосонгүй. Баахан регги охид хөвгүүд байна. Зам гараад харих замдаа таван жилийн өмнө саваагүйтэж ороод Роригоо худалдаж авсан амьтны дэлгүүр лүү шагаймаар санагдав. Яваад орлоо. Яг л миний Роригийн сууж байсан аквариумд яг миний Рори шиг хар цагаан муужгай сууж байв. Бас л миний Рори шиг нар салхи үзэхгүй байсаар байгаад рахиттай болсон байх даа, эвий эвий гэж бодоод амьтны дэлгүүрийн эзэнд амьтдаа нар үзүүл гэж захиад гарав.

Шууд харимааргүй санагдаж багийн найзаа дуудав. Хөл холгосон ч чирээд жоохон алхав. Зайрмаг идлээ. Баахан чалчлаа. Ханасангүй ахиж идлээ, ханиалаа. Бас баахан л юм бурав. Бүрий болсон хойно гэртээ оров. Өнөөдрийн "аялалаа" ахин нэг эргэцүүлэв. Таньж мэддэг зүйлээ өөр нүдээр, өөр өнцгөөр харж шинийг нээх боломжтой байдаг юм байна. Цоо шинэ биш ч сонирхолтой байж болдог л юм байна. Маргааш харин өөр замаар харьж үзнээ. Беттигийн шүлсдсэн халтар гараар гутлаа тайлтал холгосон оромноос цус шүүрч байлаа...

Monday, July 25, 2011

Liam Neeson




Түрүүхэн Moviebox суваг дээр Liam Neeson-ы тоглосон Taken гэдэг кино үзээд мэлмэртлээ баахан уйлав. 17 настай охиноо хүний наймаачдад алдаад олж авах гэж бараг зуун хүн алдаг тэтгэвэртээ гарсан тагнуулчтай кино л доо. Охиноо аврах гэж тэмцэж байгаа аавыг хараад уяраад уйлсым бишээ. Арзайсан "муухай" хар юм маань л Liam Neeson, Liam Neeson гээд байдаг болохоор гэнэт аймшигтай их саналаа. Гэрийн хорио, өвчин гэдэг хүсэхээр зүйл ч биш юмаа...

Sunday, July 24, 2011

Тайван нойрсоорой

Хэдийгээр би энэ бүсгүйн том фен биш ч, хувь хүнийх нь талаар огт мэдэхгүй ч бурхнаас заяасан гайхалтай дуу хоолой, нэгэн авъяас үгүй болсонд харамсч байна.

Амьд ахуйд нь хүмүүс царай зүс бие хаа, амьдралын хэв маяг, зуршлуудаар нь өөлж гоочлон алдааг нь олж хардаг байснаас авъяас билгийг нь үнэлж, бие хүнийхээ хувьд юу мэдэрч, ямар асуудал зовлонтойг ойлгодог байсан нь цөөн хэдхэн.

Түүний дуунууд зовлон шаналал, гуниг гутрал, хагацал үгүйрэл дүүрэн зүрхний нь гүнээс гардаг байсан байх гэж бодогддог. Тийм ч болохоор жинхэнэ дуу шиг байж чаддаг биз. Энэ ертөнцөөс олж аваагүй тайтгарал, аз жаргалаа диваажинд мэдрэх болтугай. Нулимс чинь аяндаа хатна...


Thursday, July 21, 2011

Хийсвэр ертөнцийн бодит хүн






Миний арван жилээ хамт төгссөн ганц цоглог найз Ж.Номундарийн "Урлах эрдмийн дээд сургуулийг" төгсөхдөө диплом хамгаалсан коллекци. Өө жоохон байхад манай хүн гов готик, би бав барби хар ягаан хоёр амьтан өдөржин л хэлхэлдээд гадуур тэнэдэг байж билээ. Шал өөр үзэл бодол, ертөнцтэй мөртлөө яагаад ч харшилдахгүй санаа нийлдгийм бүү мэд? Уг нь арван жилээ төгсөх үеэр Номунаа МУИС-ын сэтгүүлзүйн ангид, би "Урлах эрдмийн" хувцас дизайнерын ангид конкурсээ бэлдэж байсым. Манай хүн юм хум бичдэг, би зурдаг байлаа. Бүр давтлага мавтлага авчихсан.


Гэхдээ яагаад ч юм хувь заяаны төөргөөр бид хоёрын мөрөөдөл солигдож хоёр ангидаа зөрөлдөж ороод Номунаа зурдаг, оёдог болж би бичих болсийм даа. Өмнө нь өдрийн тэмдэглэлээ л хачин гоё хөтөлдөг байж билээ. Одоо уншихаар бас л бөөн философи, зүгээр нэг ингэсэн тэгсэн гэж хүүрнэж тоочоогүй дотоод сэтгэлийн зүйл их бичсэн байдаг юм. Хөөрхөн л дөө, тэр жоохон мөртлөө том том юм боддог охин. За ямар ч л байсан Номунаагийн маань хувцаснууд бүгд л өөр өөрийн илэрхийлэл, гүн утга санаатай гайхалтай бүтээл болсон. Энэ фото зургуудийг Номунаагийн уран сэтгэмжээр өөрчлөн төсөөллийн ертөнцийн бодит хүн болсон ажгуу. Энэ хувцсуудаас өмсөж энэ хорвоо дээр оршин байдаггүй нэгэн болсондоо баяртай байна.


November/2010



















Номунаа бидэн хоёр

Соло



Хайр сэтгэлээр амьдралаа холбон, нэгэн насаа хамт үдэх ээ? Уучлаарай, даанч би "соло артист"...


...Тэр нэгэн өдрийн, тэр нэгэн цагт, тэр нэгэн газарт, тэр нэгэн хүнтэй учраагүйсэн бол миний хувь заяа юутай хөнгөн хялбар бөгөөд хоосон байхсан билээ?...

Sunday, July 17, 2011

Өвчтэй үеийн түрхэн санаашрал




Ихэнх хүмүүсийн багадаа тусдаг салхин цэцэг гээчийг нь хорь гарсан хойноо тусчихаад гэртээ хэвтэж байна. Урд өмнө нь салхин цэцэг байтугай жирийн ханиад хэдхэн өвөл тусч үзсэнээс өөрөөр өвдөж байгаагүй болоод ч тэр үү, юм бүхэн их л өөр санагдах боллоо. Би наад өвчнийг чинь тусаагүй шүү гэж үглээд байхад өвчтэй хүүхэд харуулаад байсан, 14 хоногийн дараа би хохирогч болдгийм байгаа биз дээ?

Их муухай өвчин юм байна шд ээ. Гоо сайханд халтайгаас гадна нийгэмшихийг бас бүрэн утгаар нь боогоод хаячихдаг. Биеэрээ дүүрэн ногоон толботой, өвчнөө эдгэтэл усанд орохгүй, гадаа гарах байтугай цонхоо ч нээж болохгүй...

Ер нь Рапунзель-тай адилхан хорионд байгаа мэт санагдцан авчийна. Гадаа ямар байдаг бол доо ухааны юм бодсон шиг гэртээ хэвтээд уйдсандаа тоглоом тоглох, ном уншихаас хэтрэхгүй. Уг нь эрүүл байхдаа сайн дураараа хүмүүсээс зугтан дөлөн, зожигрон байж гэртээ үлдэж рс тоглох, ном уншиж хэвтэх шиг жаргал байдаггүй байж билээ. Хүссэн юм хүзүүгээр татна аа гэж энэ л юм байлгүй.

Эхний өдрүүдэд зугаатай байсаан. Биен дээрээ шинэ толбо нэмэгдэж үү гүү юү хайгаал, олох юм бол металинаа түрхээл. Одоо тэгсэн чинь өнөөдүүл нь бүгдээрээ зэрэг зэрэг томроод хагарах гээд тэсч суухын аргагүй болтол загатнуулж байна. Би шарх сорви, батга энэ тэрийг оролдохгүй зүгээр орхиж чаддаггүй зантай хүн. Бас дээрээ нь загатнахыг ч үзэн яддаг. Энд тэндгүй гарсан батга шиг юмнуудыг шахмаар санагдахаас гадна урагдтал нь маажмаар санагдаад үнэхээр ёооооо...

Хүний өөрөө өөртэйгөө тэмцэх тэмцэл үүн дээр бас харагддаг л юм шиг байна. За яахав улам их туур, улам их загатна салхин цэцэг минь! Би өөрийгөө төсөөлж байснаасаа хэр тэвчээртэйг шалгая!!!

Sunday, June 12, 2011

Зүрхний тор


Хайр бол зүрхний тор. Гэхдээ зүрх өөрийн хүслээр сайн дураараа хоригддог, хаалга нь үргэлж нээлттэй байх ёстой тор. Итгэл гэдэг тэжээлийг нь дүүрэн байлгах юм бол зүрх хаалга байдаг гэдгийг ч санахгүй тэнд тухална. Магадгүй эцсийн цохилтоо дуустал. Харин итгэлээ хасаад хардалт цагдалт гэдэг цоожоор хаалга үүдээ дангинатал түгжээд унавал зүрх яаж ийж байгаад л торыг эвдээд өөр нэгэн тор хайгаад нисч одно.

Friday, June 3, 2011

Амжилтанд хүргэх илтгэл

Бла бла монгол түмэн минь, бла бла миний монгол, бла бла монгол газар шороо, бла бла монголоороо гоёдог доо, бла бла агуу монгол, бла бла монголчууд эвтэй байхдаа хүчтэй шүү! Ингээд л гүйцээ. Од болъё, хүмүүст таалагдъя, улс төр урлагийн тавцанд амжилттай байя гэвэл хэлж байгаа гурван үгнийхээ нэгийг Монгол болгож өөрчлөхөд л хангалттай!

Заавал мундаг байх албагүй ээ. Зүгээр л Монгол гэж хашгираад байхад л бүх юм болоод л явчихна, манай ард түмэн онгирч хөөрөөд дэмжээд л гаргана гэсэн үг дээ.

Friday, April 22, 2011

Ойрд үзээгүй, өнөөдөр үзээд сэтгэл маш их хөдлөв



Газрын татах хүчинд захирагддаггүй, гуа сайхан бөгөөд гайхмаар хүчирхэг хүмүүс, галзуурмаар гоё кино!!! Бүх хийц нь үнэхээрсайн. Дүрүүдийн зан араншин, дүр төрх, тулааны урлаг ярих ч юм биш. Энэ бичлэгийн хамгийн сүүлийн хэсгийг нь бүр заавал үзээрэй, ёооооооо... бүх найзууд нь луу руу очих замд нь дэмжиж, өргөж өгч байгааг хараад бүр сэтгэл хөдлөхгүй байж чадахгүй юм. Манайхны тамын тогооноос шал эсрэгээрээ...

Final Fantasy VII Advent children-ийг ихэнх хүн үзсэн л байх. Гэхдээ үзээгүй нэг нь үзээд, үзсэн нэг нь ахин сайн бодож тунгааж үзээрэй гэж зөвлөмөөр байна.

Төгсгөлд нь Cloud-ын хэлдэг "I know... I'm not alone... not anymore" гэдэг үгэнд бас л их учир явж байгаа байх. Хэзээ ч ганцаараа байгаагүй атлаа энэ бүх адал явдлын дараа л ойлгосон нь, өөрөө өөрийгөө ертөнцөөс тусгаарлахаа больсон нь ёстой гоё шийдэл.

Tuesday, April 19, 2011

Ганцхан удаа



Хэзээ ч бууж өгч, хэний ч өмнө сөхөрдөггүйг минь чи мэднэ. Ямар сайндаа л "Чи ер нь эмэгтэй хүн мөн үү?" гэж асуудаг. Тиймээ, би эршүүд. Хүчлэх тусам улам зүтгэдэг. Дийлдэхээ мэдсэн ч зориглодог. Намайг хүчээр дарах аргагүй. Тэгвэл намайг нэг бол ална, эсвэл алдана. Харин чи зөв судсаа атгачихсан. Хайрласан. Бууж өгсөн. Өвдөг сөгдөж, цагаан тугаа өргөсөн. Чамайг чадсан гэхэд би итгээгүй. Чи яг л над шиг бардам сэхүүн боловч миний төлөө өөрчлөгдсөн.

Би бодсон. Тэгээд шийдсэн. Чиний төлөө би бас уучлахаар. Ганцхан удаа. Ёсолсон ханийнхаа өмнө номхон, даруу байна гэснээ санаж. Бид ханилаагүй, ханилах тавилангүй нь магад ч энэ л удаа би шийдвэрээ буцаая. Эргээд нэг харчихъя. Чи миний ихэр сүнс болохоор. Чамгүй байж чадах ч, байж чадахгүй болохоор. Надгүй тэсэх ч, тэсэхгүй болохоор чинь. Би хайрлая. Хамт байя. Харцаараа ярилцъя. Өөр хэнтэй ч чадахгүй. Ойлгохгүй. Хүлээж авъя. Илүүг шаардалгүй. Өөрийгөө умартан.

Чамайг ойлгосон. Чи миний хүсдэг, би чиний хүсдэг хүн биш. Гэхдээ чи миний хайсан, би чиний хайсан хүн мөн байсан. Амьдрал хүслээр болох ховор. Гэхдээ тохиолдол бүр ховор. Би онцгой гэдгээ ойлгосон. Чи ойлгуулсан. Чи надад хайртай болохоор. Зөвхөн намайг хайрладаг болохоор. Би сод хүмүүний цорын ганц хайр болохоор. Бидний ирээдүй өнгөлөг биш. Би зовно, шанална. Хамгийн аймшигт даваа урд байгаа. Мэднэ. Гэхдээ сайхан түүх үлдэнэ. Бидний түүхийг хойч үеийхэн амаа ангайн сонсоно. Бидний хайр бол гайхамшиг. Хайр бүр гайхамшиг ч биднийх тэс ондоо. Бид нэг гаригийн хүмүүс. Дэлхий дээр цөөхөн бий. Бие биенээ олсон нь ховор гайхамшиг. Харшилдаж байсан ч би эвлэрье. Холгож байсан ч би тэвчье. Аз жаргалгүй амьдралын төлөө аз жаргалаа золиослоё

Ганцхан удаа би чамд эргэн ирье...

Sunday, April 17, 2011

Үл үзэгдэгчийн анхны хайр (3-р хэсэг)



...-За тэгэхээр та симфони зохиож эсвэл тоглодог, за магадгүй сонсдог нэгэн бөгөөд .../жоохон гацав/ өндөгөөр бялуу жигнэдэг хүн юм биз дээ? Таны хэлсэн гурван үгээр бол би ингэж дүгнэх байна. Арай надад дараа сард симфони, бас маш том бялуу хэрэгтэйг та мэдэж байсан юм биш биз? гэж инээмсэглэн хэлэв. Хоёр хөл дээрээ гуйвлан тогтох би, Дивад:

- ...Цонх, ...ууж байсан кофе, ...үзэсгэлэн гоо, ...жүжиг, ...Мммаргарита, ...өндгөө зүсчихсэн гэхдээ зүгээр, ... Диватай гэрлэх... гэж хэлээд ахин гацав. Миний хэлсэн үгийг холбож утга үүсгэх хэцүүхэн логикийн бодлогод авсан Дива хөмсгөө зангидан бодлогоширно. Би олон юм зэрэг оролгүй хэлэх гэсэн үг бүртээ анхаарлаа төвлөрүүлэх гэж их хичээж байлаа. Үг тус бүрийг амандаа хоёр удаа давтан шивнэсний эцэст би:


-...Би танд хайртай...Дива... гэж сулхан гуншаа дуугаар өгүүлэв. Дива над руу харж тун эелдэг сайхан инээмсэглээд ам нээн юм ярьж эхлэсэн боловч би юу ч ойлгосонгүй. Гэнэт дөрвөн давхар байшингууд, хөл доорх чулуун зам, үзэсгэлэнт Дива тэр чигээрээ түнэр харанхуйд уусан шингэж хар салхинд туугдах мэт хуйлран алга боллоо. Уруул хатаж, толгой тэсэхийн аргагүй өвдөнө. Хаана байгаагаа ухаарахтайгаа болов. Би толгой хорогддог умгар өрөөндөө хэвтэж байлаа. Бодвол Дивагийн нүдэн дэх хар нүх бас миний санах ойг хамчихсан бололтой. Хэдий хэр хугацаа өнгөрснийг чөтгөр л мэдэх байх. Цонхоор харвал аль хэдийн модод шарласан навчисаа гүвж, тэнгэрт шувууд цувран нисч намар цаг болжээ.



Энэ хооронд юу юу болоод өнгөрчихөв дөө? Диватай юу тохиолдсоныг мэдэхийг би тун их хүсч байлаа. Тэр надад зөвшөөрсөн болов уу? Мэдээж үгүй биз. Гэхдээ тэр миний хувьд чухал хүн. Хамгийн анх үг сольж үзсэн үзэсгэлэн гоо минь, миний анх удаа дүр төрхөөс нь гадна дотоод сэтгэлийг нь шүтсэн эмэгтэй, намайг анх удаа анзаарч инээмсэглэсэн Дива. Миний анхны хайр. Дивагаас болж би анх удаа Үл үзэгдэгч байхаа больж хүмүүсийн нэг байхыг хүссэн. Би түүний тухай олж мэдэхээс нааш санаа амрахгүй нь.


Би юу ч бодсонгүй, шууд л гэрээсээ үсрэн гарлаа. Бүхэл бүтэн хотын хаанаас гэж би чамайг хайх вэ? Би зөн совингоороо дэмий л ийш тийш үсчлээ. Тэртээ чиний явж өнгөрсөн гудмуудаар нааш цааш дэмий л гэлдрэв. Чамтай ахин учрах найдлага улам бүр тасрахад чамгүй орчлон хорвоо улам бүр бүүдийх шиг. Хаа нэгтэйгээс нөгөө л нэг улаан даашинзаа өмсчихсөн, ад чөтгөр мэт сэтгэл татам алхаагаараа хүмүүсийн харааг булаан гараад ирээсэй гэж тэсгэлгүй хүсэмжлэв. Би Дивад чин сэтгэлээсээ хайртай болжээ. Түүнийг бүтэн өдөр хайж харуулдаад таарсангүй, сэтгэл гонсгор умгар өрөөндөө эргэж ирэв. Бас л Дивагаас болж анх удаа гутарч үзэв.



Орон дээрээ пидхийн унаж нүүрээ гараараа дарах агшинд хурууны салаан завсар ширээн дээрх нэг содон зүйл гялсхийв. Яах аргагүй Үл үзэгдэгчийн эд зүйл бишээ. Аажуухан өндийж харвал... Дивагийн цүнх!!! Тиймээ тэр алдсангүй. Яах аргагүй Дивагийн гар цүнх. Нүдэндээ итгэж ядан салгалсан гараар онгойлгов. Түүний гарт байсан туузтай “Мастер Маргарита хоёр” тэр чигээрээ. Бас уруулын будаг, энгэсэг, түлхүүр, жижигхэн утасны дэвтэр байна. Гэнэт нүд минь алга дарам цагаан цаасан дээр зогтусав. Зүрх минь дэндүү хүчтэй цохилон булгилна. Би түүнийг юу болохыг нь мэдэж байлаа.


Тэр цаасыг цүнхэн дотроос шүүрэн авч өөр лүүгээ эргүүлэв. Сувдан өнгөтэй цаасан дээр хонх бас хос тагтаа дүрсэлж, дор нь угалзарсан алтан үсгээр "Хуримын урилга" гэсэн үгийг гоёмсог гэгч нь сийрүүлсэн байлаа. Би зөв боджээ. Энэ чинь хуримын урилганы загвар байна! Баярласандаа нулимс минь урсаж эхлэв. Бид гэрлэх гэж байгаа юм байна. Би чинь сүйт бүсгүйгээ хайгаад хотоор нэг дэгдчихэж! Би Диваг хүлээнгээ баяр бахдлаасаа болж ганцаараа бүжиглэв. Хэн ч хараагүйд нь бурхандаа талархая. Ямар ч эв хавгүй байсныг нь мэдэж байна. Гэхдээ анх удаа хөөрөн баясаж үзсэн минь энэ. Дива хэзээ ирэх юм бол? Нээрээ түүний жинхэнэ нэр хэн билээ? Сүйт бүсгүйнхээ нэрийг ч мэдэхгүй миний байж байгааг дээ. Ингэхэд миний нэр хэнсэн билээ? Түүнийг ашиглаагүй маш удсан болохоор мартчихаж. Надад энэ бүхэн яг үнэндээ чухал биш санагдана.


Диваг хүлээсээр үдэш болов. Миний санаа зовж эхлэлээ. Сүйт бүсгүйд минь ямар нэг муу зүйл тохиолдсон бол яана гэсээр би шөнийг босон суун, байж ядан өнгөрүүллээ. Бас л амьдралдаа анх удаа хэн нэгний араас санаа зовж, догдолж үзлээ. Өглөө боллоо. Тэр ирсэнгүй. Би галзуурахад бэлэн байв. Дива бол миний өмч, миний хайр, миний ирээдүйн эхнэр, хүүхдүүдийн минь ээж. Би л түүнийг хамгаалах ёстой. Би ахин зүгээр сууж тэвчсэнгүй. Юун түрүүнд тэр нэгэн халуун өдөр Дивагийн орж байсан шууданг зүглэлээ. Магадгүй тэр тэндээс урилгаа сонгож авсан ч юм бил үү?



Би байдаг эрчээрээ шуудан руу гүйн орж дотор байсан хүмүүсийг цочоов. Шууданчаас Диваг сурагламаар байвч хэлэх учраа үнэхээр олсонгүй. Тэр хамгийн сүүлд мэдээж улаан даашинзаа өмсөөгүй байсан нь тодорхой. Сүйт бүсгүйгээ сурж явна гэх нь ээ нэрийг нь мэддэггүй. Хүмүүс намайг сонжино. Би шууданч дээр очив. Гартаа атгасан үнгэгдсэн хуримын урилгаа шууданчид үзүүлж:

-Үүнийг мэдэх үү? гэвэл Шууданч өвгөн шилээ зүүж урилгыг гартаа аван нэг холдуулж, нэг ойртуулснаа нүд нь жигтэйхэн томров. Тэгээд дуугүй цааш эргэж тавиур дээр цэвэрхэн өрсөн архивын сонинг нэгжиж зургадугаар сарын 28-ний сонинг сарвайв.



Дөрөвдүгээр нүүрний доод буланд “Үл үзэгдэгч ээлжит аллагаа үйлдлээ” гэсэн гарчиг байв. Тэр нүдэндээ итгэсэнгүй. Үргэлжлүүлэн гүйлгэвэл “Өчигдөр цагдаа нар “Үл үзэгдэгч” хочит дуулиант цуврал алуурчны ээлжит хохирогчийн цогцсыг цэцэрлэгт хүрээлэнгээс оллоо. Энэ нь өнгөрсөн долоон жилийн турш боомилуулж, хүзүүнийхээ зүүн талд тас хазуулсан шархтай олдсон 11 дэх эмэгтэйн цогцос юм. Аллага үйлдэгч этгээд өдийг хүртэл илчлэгдээгүй болохоор мөрдөгчид түүнийг Үл үзэгдэгч хэмээн нэрийддэг. Хэдийгээр хохирогчийг хөнөөсөн алуурчин нь Үл үзэгдэгч гэдгийг шинжээчид баталж байгаа ч энэ удаа цогцост ихээхэн хүндэтгэлтэй хандсан байжээ. Түүний биеийг сэглээгүй байснаар барахгүй, хийсэн хэрэгтээ харамссан мэт цогцосны дэргэд цагаан сараана цэцэг орхисон байв. Хохирогч бүсгүй 24 настай, урлаг судлаач мэргэжилтэй байсан бөгөөд ирэх сард хуримаа хийхээр төлөвлөж байжээ. Түүний нэрийг...” Үл үзэгдэгчийн нүдэнд нулимс бүрэлзээд цааш уншиж чадсангүй.



Энэ цагаас хойш Үл үзэгдэгч гэх алуурчнаар овоглосон аллага гарахаа болив. Мөрдөгчид гаж донтой алуурчин үнэхээр засрав уу? Эсвэл хохирогчдийн цогцсыг устгадаг болов уу гэдгийг мэдэхээр тархиа гашилгана. Цагийн эрхээр энэ алуурчны нэр хүмүүсийн ой дурсамжаас арчигдан, бүгд өөр өөрийн асуудалд санаа тавин, мөр мөрөө хөөн алхацгаах аж. Харин өдөр бүр нэгэн хүн цэцэрлэг хүрээлэнд, Дивагийн цогцос олдсон газрын дэргэд ретривер үүлдрийн Голди нэрт шар нохойтойгоо ярилцан удаан суудгийг л хэн ч анзаарсангүй. Өөрийг нь хүн гэдгийг мэдрүүлсэн боловч нэрийг нь ч мэдэж амжаагүй тэр л хайраа дурссаар суугаа хүн:


-Дива минь, чи тэр гайтай өдөр яах гэж миний нүдэнд өртсөн юм бэ? Яах гэж урт сормууст нүдээрээ цоо ширтсэн юм бэ? Яагаад чи бүгдийн нүдийг өөртөө соронз лугаа татдаг юм? Чи тэр өдөр, тэр цагт тэр гудамжаар хөнгөхөн алхахдаа зүрхийг минь хулгайлаагүй бол хэн хэний маань хувь заяа тэс өөр байж болох байсан. Надад насан туршийн зовлон гуниг үлдээчихээд, одсонд чинь гомдож байна. Одоо би ахиж хэзээ ч хэн нэгнийг өөрийн Дива болгохгүй, ахиж хэн ч надад гоо үзэсгэлэнг мэдрүүлж чадахгүй. Тэр өдөр хэзээ юм бэ? Мэдэхгүй, би цаг хугацааны баримжаагүй...


Харин энэ үед Дива Үл үзэгдэгчийг диваажингаас тольдон инээмсэглэж байлаа.


О.Агиймаа 2011/04/05

Friday, April 8, 2011

The end...

Аз жаргалтай, эсвэл гунигтай алин ч байсан төгсгөл ирлээ гэдгийг зөн совин минь хэлээд... Тэр чинээгээр сэтгэл хөнгөхөн хөндүүрлэх хэрнээ уужуу тайван амьсгаа авлаа. Тийм байна, би энийг л хүсч байж

Thursday, April 7, 2011

Үл үзэгдэгчийн анхны хайр (2-р хэсэг)




...Араас нь явах эсэхээ би шийдэж ядан бодлогошроход хөл минь өөрийн эрхгүй түүнийг даган гэлдрэв. Тэр миний бусад гоо үзэсгэлэнгүүдээс ч онцгой байлаа. Анх удаа би түүний нэрийг сонирхлоо. Толгойд ямар ч санаа байсангүй. Дива! Яг зөв, түүнийг би Дива гэж нэрийдэх болно. Тэр энэ нэрийг сонссон бол яах байсан бол? Дива юу хийдэг бол? “Мастер Маргарита хоёр”-ыг уншдаг гэхээр тэр нилээн мөрөөдөмтгий, төсөөллийн ертөнцдөө амьдарлдаг, романтик нэгэн бололтой. Нээрээ Маргарита хар цувтай, шар цэцэг барьж яваад Мастерын анхаарлыг татдаг шүү дээ. Харин Дива час улаан даашинзаараа эрхгүй ялгарлаа. Тэр Маргарита Мастерыг онцолдог шиг надад дурлах болов уу? Үгүй ядаж надтай танилцах болов уу?


-Энэ чинь юу болж байна вэ? Би хэзээ гоо үзэсгэлэнтэй танилцаж байсан юм бэ? Надад хүн биш гоо үзэсгэлэн чухал. Санаж байна уу? Гэсэн ч анх удаа Дивагийн гадаад үзэмжнээс илүү ямар жимстэй зайрмаганд дуртай, ямар ажил эрхэлдэг, ямар үнэртэй ванны хөөсөнд дуртай бол гэх зэрэг асуултууд толгойд минь эргэлдээд болдоггүй. Урд нь бас нэг гоо үзэсгэлэнг өөр өнгөөр харж байсан удаатай. 16,17-гоос илүү наслаагүй өндөр охин байж билээ. Царай нь онц биш, гэхдээ маш сайхан бие галбиртай. Биеэ авч яваа байдал нь танхайдуу. Тэгээд би түүнийг бас төсөөлөлдөө хадгалах гэж дагасан юм. Залуухан охины амьдралын хэв маягийг сонирхож эхлэтэл тэр нэг өдрийн дотор хоёр ч залуутай тусгайлан уулзаж, би ч түүний хувийн амьдралыг бодохоос огиудас хүрсэн. Тэгээд би түүнийг төсөөллийн гоо үзэсгэлэн хэвээр нь үлдээхээр шийдсэн юм. Харин дараа нь түүнийг дөнгөж 14-хөн настай байсныг мэдсэн дээ.

Дива урдхан талд минь алхаж явна. Өндөр өсгийт дээр төрсөн юм шиг эвлэг, яг л нэг шугаман дээр хөлөө тавина. Туранхай боловч булчинлаг шилбэ нь нарны туяанд гялалзана. Дээхэн талд намирах хонхон хэлбэрт хормойн доороос гуя нь хальт үзэгдэнэ. Салхи өөдөөс үлээж байгаа нь аз болж. Дивагийн сайхан үнэрийг би согтотлоо шунахайран үнэрлэнэ. Ямар ч ариухан, ямар ч нандин юм бэ дээ? Хөвсгөр үс нарийхан хүзүүг нь халхлана. Би тэр үсэнд хүрч үзэхийг хүсэв. Зөөлөн торгомсог үсний ширхгүүд хуруун завсраар урсаж байна гэж төсөөлөв. Хурууны өндөг үсэнд зүсэгдэв. Хамгийн амттай өвдөлт гэж тэр л байх. Гараа харлаа, ямар ч шарх алга. Байгаагүйд нь харамсав.

Би Дивагаас арваадхан алхмын хойно явна. Хүмүүс түүнийг онцлохоос намайг анзаарахгүй. Би Үл үзэгдэгч. Харин одоо бол Дивагийн үл үзэгдэгч сүүдэр. Намайг дагаж байгааг тэр мэдсэн болов уу? Аль нь ч байсан тэр өнөөдөр над руу хоёр ч удаа инээмсэглэсэн. Өөр ямар ч гоо үзэсгэлэн инээмсэглэх нь байтугай нүдний булангаар харж байсангүй. Түүний ад шидийн алхаа гишгээ бие царайнд нь уу, аль эсвэл гунигтай инээмсэглэлд ховсдуулчихсан юм уу мэдэхгүй, ямартаа ч бүтэн өдөржин Диваг дагалаа. Дива шуудангаар захиа илгээж, оёдолчны газар хувцас захиалж бас цэцгийн дэлгүүрийн цагаан сараана цэцэг үнэртэж, гоёл чимэглэлийн дэлгүүрээр дайрав. Харин тэр одоо нэг ресторан руу орчихсон байна. Шууд гал тогоо рүү зүглэн, тогоочтой ярилцаж эхлэв. Би түүнийг харуулдан нэг буланд сууж байна.

Би яагаад ч юм өөрийгөө Диватай хамт нөгөө том цонхны дэргэд кофе ууж байгаагаар төсөөлөв. Бас өөрийнхөө зохиож зөвхөн өөртөө л ярьж өгдөг онигоонуудыг түүнд ярьж өглөө. Хэдийгээр миний онигоо инээдтэй биш боловч тэр тас тасхийн инээнэ. Түүний дуу хоолой сүмийн найрал дуучидтай төсгүй. Гэвч ямар ч хөг аялгуунаас илүү уянгалаг. Түүний яриаг сонсон суухдаа би өөрийн эрхгүй нүдээ анив. Чихэнд минь симфони сонсогдох шиг... Чи л цуцахгүй бол чиний яриаг сонсон суухад надад цаг хугацаа сонин биш. Нүдээ нээгээд харвал би ганцаараа харанхуй буланд сууж байв.

Дива тогоочтой яриагаа дуусгасан бололтой. Ресторанаас гарч одов. Гадаа нар шингэж байлаа. Би түүнийг даган алхахад түүний сүүдэр миний урдхан талд харагдана. Би түүний сүүдэр дээр гишгэж булингартуулчихгүйг хичээнэ. Харин ч түүний сүүдэр дээр төсөөллөөрөө нүд, хамар амыг нь байрлуулан тоглож явав. Бодолд минь Дивагийн уруул эргэлдэнэ. Тэр уруулыг хурууныхаа үзүүрээр ч болов мэдрэхсэн. Миний гоо үзэсгэлэнгүүдийн нэг нь түүнээс зузаан уруултай байсаан. 40 орчим насны нүд дүүрэн махлаг сайхан эмэгтэй байсан юм. Тун ч уярам зөөлөн харцтай, сэтгэл сайтайг нь хэн ч хараад мэдэх тэр эмэгтэйн гоо үзэсгэлэнг би бас л төсөөлөлдөө мөнхрүүлж билээ.

Харуй бүрий болж, тэнгэрт ганц хоёр од гийж эхлэлээ. Дива явсаар хүн сийрэг гудамжийг зүглэв. Өөд өөдөөс харсан орцноос өөр юмгүй хоёр байшингийн хоорондох нарийхан гудмаар өгсөж яваа Дива. Араас нь зориггүйхэн дагах би, түүнтэй эвтэйхэн ярилцах шалтаг хайсаар. Би түүнтэй гэрлэхийг хүсэж байна. Цагаан даашинз, гивлүүртэй Дива ямар үзэсгэлэнтэй харагдаж байна гээч? Түүнтэй хамт жижигхэн орон сууцанд амьдарч, амьдралдаа хэзээ ч тэжээе гэж бодож байгаагүй, нохой авна. Ретривер үүлдрийн нохой байвал зүгээр юм уу? Тэгээд нохойгоо Голди гэж нэрлэнэ. Дивагийн нохойг би хэзээ ч зодохгүй. Тэгээд яваандаа хөөрхөн хүүхдүүдтэй болно. Анхны хүүхэд маань ямар хүүхэд байх бол? Диватай адилхан охин байвал хөөрхөн юм уу? Би тэгээд Дива баярлалаа гэж хэлнэ. Өө нээрээ жинхэнэ нэр нь биш шүү дээ,тэр үед жинхэнэ нэрээр нь дуудах байх л даа.

Би түүнтэй үг солихоор шийдэн зориглон алхлаа. Гэтэл тэр намайг цочтол огцом эргэж, харцаараа цоргитол ширтэв. Бид хоёр хэн хэн нь үг дуугарсангүй. Ширтэлцээд хичнээн хугацаа өнгөрснийг би сайн мэдсэнгүй. Цаг хугацаа баримжаалах тал дээр асуудалтай гэж дурдсан байх аа?
-Та яагаад намайг өдөржин дагасан юм бэ? гэх дуун нам гүмийг эвдэв. Миний төсөөлж байснаас ч сайхан хоолой. Чихэнд минь ахиад л симфони эгшиглэх шиг, тэр аялгууг олж сонсох гэсэндээ би өөрийн эрхгүй нүдээ анив. Гэнэт би хаана байгаагаа санан нүдээ нээтэл гайхаж, асуусан харцтай халз тулчихав. Далдирлаа. Тэр тавхан алхмын өмнө ташаагаа тулан зогсоно.

Үг хэлэх гэсэн боловч ямар нэг урт бохир хумстай, ясан гар хоолойг минь багалзуурдаж байх шиг санагдав. Өдөржин түүний хойноос гүйхэд ялгарснаас илүү их хөлс духны үрчлээ даган урсана. Өвдөг минь салгалан чичирч байгааг би мэдэрч байлаа. Дива намайг асууж шалгаасан харцаараа тамлаж хүчин мөхөсдүүлж байх шиг санагдлаа. Эцсийн эцэст Үл үзэгдэгч Диватай анх удаа үг солих нь, агуу түүхийн эхлэл ч юм бил үү? Ухаантай байх хэрэгтэй залуу минь...

Дива тэвчээртэй нь аргагүй миний хэлэх үгийг хүлээсээр. Хоолой зууралдан чихарч байснаа :
-...Симфони. Гэсэн хачин үг яагаад ч юм амнаас унаж орхив. . Эгзэгтэй агшинд, анх удаа эмэгтэй тэр тусмаа мөрөөдлийн эмэгтэйтэй ийм үгээр яриа эхлүүлсэндээ итгэж чадсангүй. Дива улам ч гайхан:
-Уучлаарай? Юу гэсэн үг вэ? Та симфони бичдэг юм уу? гээд ойртон ирэв. Түүнийг дөхөхөд сандарсан би :
-Бялуу. Гэж бүр ч утгагүй зүйлийг дуржигнуулан хэлээд, өөрөөсөө үхтлээ ичив. Доошоо харахаас өөр арга байсангүй. Би түүнийг бялуу шиг, симфони шиг гэж бодсон ч түүнд ингэж хэлээд байхдаа яахав дээ? Хараал идэг. Дива сониучирхан:
-Та нарийн боовчин юм уу? Тэгээд намайг дагасан юм уу? гэж хэлэхэд би гацаж түгдчин:
-Өндөг... гэж хэлээд бахардаж өвдөг дээрээ тусан суулаа. Очиж очиж яагаад өндөг гэж хэлснээ би одоо хүртэл мэддэггүй юм. Цэцэг, солонго, цамхаг өөр юу ч байсан бол яахав. Гэтэл өндөг байхдаа яахав дээ!

Үнэхээр амьсгаа авч чадахгүй бахардснаас гадна шившигтэй байдалд орсондоо бантаж сөхрөн суусан намайг Дива өрөвдөж, түшин босгов. Тэр намайг мэдрэлийн өвчтэй гэж бодсон нь эргэлзээгүй. Эсвэл би үнэхээр өвчтэй юм болов уу? Би Дивагийн гарыг цамцныхаа цаанаас нэвт мэдэрч байлаа. Зөөлөн булбарайг нь зүйрлүүлэх зүйл толгойд орж ирэхгүй юм. Магад дөнгөж жигнэсэн халуунаараа байгаа зөгийн балтай талх шиг. Хазаад авмаар санагдаж байсан ч биеэ барив. Харин тэр нөгөөх л байдлаар гунигтай инээмсэглэхэд нь би зориглон нүд рүү нь эгцлэн харав. Сансрын хар нүх миний бүх оюун санаа, бодол мэдрэмжийг сорчих шиг...


/Үргэлжлэнэ.../

Wednesday, April 6, 2011

Сэтгэл




Зүв зүгээр байсан
Бүсгүйн сэтгэлийг
Зүсэж шархлуулахын
Учир юу вэ?

Tuesday, April 5, 2011

Үл үзэгдэгчийн анхны хайр (1-р хэсэг)




/Энэхүү өгүүллэг маань Үл үзэгдэгч залуу болон, түүний Дивад өгсөн хайр дурлалын талаар өгүүлэх болно. Нэгэнт уншиж эхлэсэн бол дуусгахыг зөвлөмөөр байна, учир нь уншиж байсан хамгийн хачин хайрын түүх чинь ч болж магадгүй. Харин залхуу нь хүрч байгаа бол ингээд орхичихсон нь дээр биз ээ/

-Дива минь, чи тэр гайтай өдөр яах гэж миний нүдэнд өртсөн юм бэ? Яах гэж урт сормууст нүдээрээ цоо ширтсэн юм бэ? Яагаад чи бүгдийн нүдийг өөртөө соронз лугаа татдаг юм? Чи тэр өдөр, тэр цагт тэр гудамжаар хөнгөхөн алхахдаа зүрхийг минь хулгайлаагүй бол хэн хэний маань хувь заяа тэс өөр байж болох байсан. Надад насан туршийн зовлон гуниг үлдээчихээд, одсонд чинь гомдож байна. Одоо би ахиж хэзээ ч хэн нэгнийг өөрийн Дива болгохгүй, ахиж хэн ч надад гоо үзэсгэлэнг мэдрүүлж чадахгүй. Тэр өдөр хэзээ юм бэ? Мэдэхгүй, би цаг хугацааны баримжаагүй...

Тэр өдөр. Үд дунд. Дөрвөн давхар хуучны байшингаар хүрээлэгдсэн талбай, тал талаас нийлсэн гудамжуудыг би адар тулсан цонхоор тольдон сууна. Нар чанх дээрээс төөнөхийн хамт халуун салхи пүнхийн үлээж амьтай голтой бүхнийг нозооруулна. Амьдрал буцалсан гудамжинд дахь хүмүүсийг би алган дээрээ тавьсан мэт ажиглана. Харин хэн ч намайг анзаарахгүй, саяхан кофе авчирсан зөөгч хүртэл цайны мөнгө авахаа мартчихсан. Гадаа тал тал тийш бэлчих хүмүүсийн шуугиан, инээлдэх хүүхдүүд, машины дуут дохионууд дотор нэвтрэхгүй. Гагцхүү асаалттай орхисон хүлээн авагчаар уянгалах жазз хөгжмийн аялгуу нам гүмийг эвдэнэ.

Хүмүүсийн амьдрал сонин. Би ухаан орсон цагаасаа гайхдаг байсан. Яагаад ээжүүд хүүхдээ хайрладгийг, хоёр хүн гар барьж танилцдагийг, хэн нэгэнтэй нөхөрлөх гэж хүсдэгийг... Миний ойлгохгүй их олон зүйл байдаг. Хууль дүрэм, ёс суртахуунд дуртай хүн нэг ч байхгүй. Гэхдээ хэн ч түүнийг зөрчдөггүй. Өнөөдөр. Дэндүү халуун өдөр. Уг нь ийм халуунд хувцас өмсөхгүй бол хичнээн сайхан? Гэхдээ бүгд л хувцастай. Хэрэв нэг хүн нүцгэн алхахаар шийдэх юм бол хүмүүс түүнийг хүмүүс дотроос түлхэж хаяна. Хүмүүсийн нэг байхын тулд “хувцаслахаас” өөр ямар ч арга байхгүй.

Хүмүүс өөрсдийгөө ердөө л хэсэгхэн арьс, мах, яс, үс гэдгээ мэддэггүй. Дор бүрнээ том том мөрөөдөлтэй. Илүү их руу шунан тэмүүлдэг. Өөрийгөө их юманд санадаг. Бас сэтгэл хөдлөлүүд. Баярлах, гуних, догдлох, шаналах, горьдох, гутрахын аль нь ч надад хамааралгүй. Маргааш үхэх үгүйгээ ч мэдэхгүй атал мөнх амьдрах юм шиг байдаг хүмүүсийг би ойлгодоггүй. Харин, хүмүүсийн шүтэн биширдэг нэг л зүйл надад таалагддаг. Ядаж нэг зүйлээрээ хүний шинжтэй гэдгийг минь ойлгуулдаг зүйл бол гоо үзэсгэлэн.

Гоо үзэсгэлэн!!! Энэ бол хорвоо дээр оршин буй зүйлсээс хамгийн төгс нь. Надад гоо үзэсгэлэнг өмчлөх хүсэл үгүй. Надад түүний нэр, хэн байх падгүй. Хаана юу хийдэг, ямар түүхийг бүтээсэн, ирээдүйд яаж амьдрах нь надад сонин биш. Би зүгээр л сайхныг нь харж, бахдан баясах дуртай. Нүдээр харсан сайхан бүхнээ толгой дотроо ургуулан цэцэглүүлдэг. Гоо үзэсгэлэнд дөхөхөд, ойртоход, үнэртэхэд, шүргэхэд, хүрэхэд, тэврэхэд, мэдрэхэд, эзэмдэхэд ямар байхыг би төсөөлдөг. Хариултыг өөрөөсөө олно. Энэ үед би цаг хугацаа, орон зайн мэдрэмжээ алддаг.

Тэр халуун өдрийн тэр нэгэн үд дундад би тэр л кафед нөгөө л нэг кофегоо шимэн хүмүүсийг ажиглаж байсан. Харин тэр өдөр надад хараал шүгэлсэн байсныг би мэдээгүй. Гэнэт гудамжаар алхах бүх хүмүүсийн адил миний хоёр нүд замын цаана яваа чам дээр туссан. Халуунд аахилж амьсгаадан, хамаг хүч тамираа алдчихсан хүмүүсийн дунд чи дэндүү содон байсан. Ширээ дүүрэн өрсөн зоогоос түрүүлж нүдэнд өртөх бялуу шиг. Хамгийн эхлээд алхаа чинь. Хөгжмийн аянд бүжиглэж байгаа мэт хөнгөнөөр цээжээ үл ялиг урагш түрэн алхахад мөр чинь чичирхийлж, нуруу дагах хар хүрэн үс хөвс хөвсхийн намирна. Тэр сайхан бүсгүй байлаа. Мэдээж төгс биш. Өө хайсан хүнд жижиг хөхтэй, бас бага зэрэг цодгор гэдэстэй. Гэхдээ тэр чөтгөрийн гэмээр өөртөө итгэлтэй. Алхаа, харц, биеийн хэлээрээ өөрийгөө хүмүүсийн анхаарлын төвд оруулна. Бүх хүний харааг булаах өөрт нь таатай байгаа нь илт. Тэр эрчтэй нь аргагүй алхаж байснаа түр зогтусав. Талбайн голд гар цүнхээ уудлан ямар нэг зүйл эрж эхлэв. Тэр үед нь би түүний анхааралтай гэгч нь ажиглалаа.

Цэвэрхэн зассан өтгөн хөмсгөн доороос урт сормуустай нүд өөртөө итгэлтэй гэгч талимаарна. Нас нь ойролцоогоор 25 орчим. Дундаж өндөртэй, туранхай. Зуны ид сард борлоогүй цасан цагаан арьстай. Хагас ханцуйтай, хонхон хэлбэртэй богино час улаан хилэн даашинзтай. Халуун өдөр чухал үйл явдалд зориулан өмссөн болов уу гэмээр тэр зузаан даавуун хувцсандаа огт түүртсэн шинжгүй харагдана. Хажуугаар өнгөрөх хүмүүс руу ёжтой харц чулуудан, өөрийгөө гайхуулна. Цүнхнээсээ тэр юу ч гаргасангүй. Магадгүй албаар өөрийгөө харуулах гэж тоглосон жүжгийнх нь нэг үзэгдэл байж болох юм.

Би түүнээс харцаа салгаж чадсангүй мэлрэн сууна. Яг миний хайж явсан гоо үзэсгэлэн. Гэнэт түүний толгой миний сууж буй зүг рүү эргэв. Тэгээд яг миний нүд рүү хараад үл ялиг гунигтай инээмсэглэснээ, юу ч болоогүй мэт таазаа хаялан цааш алхлаа. Бурхан минь, тэр яаж гудамжны нөгөө талын толин цонхны цаана суугаа намайг анзаарав? Би чинь Үл үзэгдэгч биз дээ? Тэр намайг ховсдчихож. Намайг гөлөрч суух хооронд тэр бараа сураггүй арилаад өгч. Би тэссэнгүй, түүнийг хайхаар хар хурдаараа гүйн гарлаа. Ахиж би түүнийг хэзээ ч харахгүй бол яана?

Гадаа тос шажигнасан хайруулын таваг шиг. Намайг энэ халуунд гүйлгэж байгаа тэр увьдист эмэгтэйг би хайсаар. Секунд тутамд цаг агаараас биш түүнийг харах горьдлого тасарч байгаагаас болж халууцан хөлс асгарч, толгой эргэн хөл гуйвлаа. Толгойгоо гудайлган урамгүйхэн буцаж эргэх агшинд нөгөө сайхан бүсгүй номын дэлгүүрээс гарч ирээд чанх өөдөөс минь чиглэн алхав. Гарт нь туузаар уяж чимэглэсэн Булгаковын “Мастер Маргарита хоёр” харагдана. Гайхалтай сонголт. Яг л кино хальсаар үзэж байгаа мэт би түүний хөдөлгөөн бүрийг удаашруулан харна. Хөшин зогссон миний хажуугаар зөрөхдөө тэр бас л түрүүчийн адил гунигтай инээмсэглэлээ. Би түүний үнэрийг мэдрэв. Золтой л өмдөндөө дусаачихсангүй...

/Үргэлжлэнэ.../

Tuesday, March 29, 2011

Эмэгтэй хүн заавал..?

Тэгээд би яах юм болж байна? Чиний мөнгөөр худалдаж авсан байшинд чиний мөнгөөр худалдаж авсан хувцас өмсөөд,чиний хүүхдийг гаргаад, чиний мөнгөөр худалдаж авсан тв-гээр чамайг харангаа чиний мөнгөөр худалдаж авсан хүнсээр чиний хоолыг хийж нэг насаа барах уу тэ? Тийм л байх байсан юм бол надад бурхан яах гэж тархи, оюун ухаан, авъяас заяасан юм?

Цаагуур чинь чиний авгай болчхиймсон, чиний хоолыг хийж, хүүхдийг гаргачих юмсан гэсэн хүүхнүүд хогоороо л байгаа байлгүй. Хэлэх гэсэн үгээ хэлж чадахгүй залгиад, идэх хоол, өмсөх хувцсаар сэтгэлээ хуурч явдаг тийм хүүхнээ ол доо. Би харин өөрийнхөө хүсэл мөрөөдөл, авъяасыг гаргуунд нь гаргах болзолтойгоор чамтай амьдарч лав чадахгүй. Хэтэрхий бардам гэж магад, гэхдээ би чамайг биш зорилгоо сонголоо. Тууштай байвал би ямар нэгэн зүйлд хүрнэ гэдгээ үргэлж мэддэг байсан, хүрэх ч болно.

Өөрийнхөөрөө байлаа гээд би ямар заваараад яваад байгаа ч биш. Би хэмжээ хязгаар, ёс суртахуун гээчийг хангалттай мэднэ. Би биеэ аятайхан аваад явчихаж чадна. Уг нь хэн хэнийхээ амбицыг хөндөхгүй, ажил төрөлд нь оролцохгүй амьдраад болоод байдаг хос зөндөө л байдаг, даанч чи намайг өөрийн гэсэн юмтай байлгахыг хүсэхгүй байх шиг байна...

Тэгвэл чи надгүй л урагшлах болж дээ

Tuesday, March 22, 2011

Гуйлгачдын баярхал




/Үлгэр/

Хэзээ ч юм, хаана ч юм нэгэн хотод хөлгүй баячууд, үгээгүй гуйлгачидтай зэрэгцэн эвтэй найртай амьдардаг байжээ. Гуйлгачид сав л хийвэл баячуудаас хоосон алгаа тосон хоёр нүднээсээ нулимс бөмбөрүүлэн гуйлга гуйж, хоног сарыг өнгөрөөдөг гэнэ. Уг нь цагтаа хэнээс ч дутамгүй баян хангалуун, эрх мэдэл ихтэй байсан ч амин хувиа боддог, алдар нэрэнд дурладаг зангаасаа болж хоорондоо хэмлэлдэн үгээгүй хоосны туйлд хүрсэн тэр хүмүүс ядуу, доод амьдралд шилжсэн ч харин нэрэлхүү, их зангаа тавиагүй аж. Дэг журам, зохион байгуулалтанд дургүй гуйлгачид толгойгоо ажиллуулбал хэнээс ч дутахгүй амьдрах нь үнэн боловч аль болох бэлэн хоол ам руу нь орж ирэхэд дуртай байдаг ажээ. Зөвлөлдөн зөвлөлдөн сонгосон толгойлогчид нь өнөөх хэдэн гуйлгачдаа мунхруулж, чулуу хөөлгөж баячуудын өгсөн хэдэн зоосоор өөрсдийгөө бүрчихээд, жинхэнэ эздийг нь “нүглийн нүдийг гурилаар хуурдагийн” үлгэрээр өнөө маргаашд нь өнхрүүлчихэлгүй голыг нь дөнгөж зогоон амьдруулна. Ганц хоёрын зэрэг овсгоотой, эрүүл нэг нь баячуудын орд харшид очин хамаг хар бор ажлыг нь хийж морь нохой мэт зүтгэхээ нэр төрд тооцно. Баячууд ч цөс ихтэй энэ гуйлгачидтай хуншгүй харьцаж хилэгнүүлбэл, хэдий цөөхүүлээ ч аюултайг мэдэх тул нааш харж инээн, цааш харж ярвайн гуйсан хүссэнийг нь өгч, толгойг нь илсээр эвцэж зохицон амьдарсаар. Харин өгсөн хандив, өглөгийн ихэнх хувь жинхэнэ гуйлгачдад хүрдэггүй байснаар үл барам шинээр төрсөн хүүхэд бүр толгойлогчдийн залгисан зээлийг насан туршдаа төлөх өртэй төрдөг байлаа. Амьдрал энэ маягаар урагшилж, өдөр хоног урссаар...


Гэтэл нэгэн өдөр гайгүй томоохон баяны гэрт гай таарч, орд шилтгээнийх хэсэг багана нуржээ. Ордонд амьдардаг ганц хоёрын зэрэг хүмүүс осолдож, нилээн хэдэн хүн гэмтэв. Баяныхан ордны дээвэр тааз тэр чигтээ нурж унахаас болгоомжилж хэд хоног сэрэмжтэй байсан ч нэг их гутарсангүй. Гэтэл насандаа том байшинд хөл тавьж үзээгүй шавар амбаарт толгой хорогдох гуйлгачид өмнөөс нь их л үймэлдэн сандарцгаав гэнэ. Баяны харш биш ядуусын суурин хөл толгойгүй болтлоо замбараагаа алдан, амтай бүхэн баяныг өрөвдөн халаглав. Тэдний бэлэн хоолоор гэдсээ дүүргэж сурсан гуйлгачдын толгойлогсод ахин бэл хураах замаа засан тэдэнд хайртай дүр эсгэн, ядуусаа уриалав. Гэнэхэн гуйлгачдын өрөвдсөн, бас цочирдсон сэтгэлээр далимдуулан цаг үргэлж ивээн тэтгэж асан, энхрий хайрт баячууддаа туслахыг ятган сэнхрүүлж, хэдэн ядуус тэрүүхэн зуураа хэсэг бужигналджээ.


Эхчүүд өлсөж цангасан үрсийнхээ үмх талхнаас, эмч нар өвдөж зовсон өвчтөнүүдэд зориулах эм тарианаасаа, идэр эрчүүд эхнэр хүүхдээ тэжээх хөлсний хэдээсээ илүүчлэв. Хүний дор орохгүй гэсэн бардам зантайдаа, хэдий гуйлгачин ч баярхах дуртай төрхөндөө баригдан, сэтгэл хорогдож байвч бусдын жишгийг даган, хөлтэй хөлгүй, хараатай хараагүй, эрүүл өвчтэй бүх ядуус хандив өргөв. Бас ч гэж үргэлж авч байгаагүй, тэр баян хүмүүст нэг удаа өгч үзсэн юм гэж сэтгэлээ хуурах гэсэндээ өөрсдийгөө яая гэсэн нүцгэн гуйлгачид, хэн нь ч нэг насаараа хөдөлмөрлөөд оломгүй арвин зоос дундаасаа цуглуулжээ. Уг нь өөрсдөөсөө харамлан байж баячуудад хураасан хөрөнгийг зарцуулсан бол ядуусын суурингийн өчнөөн хүн орох амбаартай болох байжээ. Үхлээ хүлээж хэвтээ бяцхан жаалууд олон намрыг үзэж болох байжээ. Болъё гэх нь ээ ядаж хэдэн ядуус баячуудын дунд амьдарч, хэзээ нэгэн өдөр буцаж ирээд гуйлгачин амьдралааас салах замыг заан сэнхрүүлэх байжээ. Харин баячуудын төлөө зүгээр л чин сэтгэлээсээ залбирчихад тэдний зүгээс өөр тус шаардлагагүй байв.


Байшингийн нь нэг багана хэмхэрлээ гээд баяных тэгтлээ зутарсан зүйлгүй, бусад баяд ч нэг их сандарсан юмгүй. Их үсрээд харамссанаа илэрхийлж, ганц хоёр хүн туслуулахаар илгээснээс цаашгүй. Угаас тэднийх өглөг хандиваар дутаж хотойхгүй баян, хөлс хүчээр няцаж цуцахгүй хөдөлмөрчийг нь мэдэж байгаа тул өөрөө өөрсдийнхөө л баганийг бэхлэхээр ханцуй шамлав. Гэтэл шалдан хэдэн гуйлгачны тэргүүн өөрснөөсөө бараг "дээрэмдсэн" хөнжил дэвсгэр тас тэвэрсээр бараалхав. Баяных тэднийг хараад нулимс мэлмэрүүлэн тэврэн авч, зовсон цагт нөхрийн чанар хэмээн зулгуйдан найрсаг угтжээ. Харин гэдрэг харьсных нь дараа гуйлгачдийн цус, нулимсаа цуглуулан хураасан хэдэн зоосыг хялайн хараад “Ээ дээ энэ өчүүхэн хэдэн зоосоор юу ч хийх билээ. Нохойны үүр шинээр барихад л хүрэх юм даг уу даа?” гэжээ.


О.Агиймаа

2010/03/22

Tuesday, March 1, 2011

Амьд явахад хөргөө зуруулдаг л юм байна

За надад нэг Голланд найз байнаа. Монголд чин сэтгэлээсээ хайртай залуу. Сүүлийн таван жил монголд дараалан ирсэн. Тэгэхдээ зүгээр нэг жуулчин биш, жинхнээсээ манай улсыг хайрлаж хамгаалдаг нэгэн. Тэгээд би найзаасаа ярилцлага авч сониндоо хэвлүүллээ. Харин Рован надад сюрприз болгон миний хөргийг зуржээ. Гайхамшигтай. Би үргэлж л өөрөөсөө өөр хүний, гэхдээ сайн зураачийн нүдээр өөрийгөө нэг харахсан гэж хүсдэг байлаа. Би маш их баяртай байна.



Түүний уран бүтээл, үйл ажиллагаатай илүү танилцахыг хүсвэл www.rowanhartsuiker.com -оор зочлоорой

Friday, February 25, 2011

Миний сараачаан




Би анх гурван настайдаа ээжтэй хамт сууж байгаад харандаа цаас нийлүүлж үзсэн юм даг. Барби гээд тэг дөрвөлжиндүү охины дүрс зурж байсан минь одоо ч нүдэнд харагдаж байна, тэрнийг аваад хадгалчихгүй дээ. Ер нь би их эрт ухаан орсон хүүхэд юм шиг байгаан. Хоёр, гурван настайдаа болсон үйл явдлыг санаад байдаг. Би өвөл төрсөн харин тэр анх удаа зураг зурах үедээ цагаан подволк, нимгэн жинсэн палажтай сууж байсан гэхээр дулаарсан үе байж таараа. Тэгэхээр дөнгөж гурван нас өнгөрөөд байсан гэсэн үг. Тухайн үед их л хэцүү санагдаж билээ, харандаа гарын аясаар биш өөр тийшээ халтирч явчихаад, залахад их хүнд ч юм шиг. Ээж маань ч миний зургийг хараад надад их урам өгч, магтаж байсан. Тэрнээс хойш харандаа, цаас, баллуур гурав миний хамгийн дотны найз болсон юм. Найман настайдаа Гэрэлтэй учирахаас өмнө шүү дээ. Гэрэл бид хоёр найзлаад бас л өдөржин зураг зурдаг байсан. Гэхдээ бид хоёр бие биенээ маш сайн ойлгодог ч хэзээ ч даган дуурайж ижилсч байгаагүй, хувийн онцлогоо хадгалж өссөн. Тэр манга сонирхдог бол би бусад бараг бүх төрлөөр зурдаг байсан. Их сургуульд орохдоо ч зургаар сурах гэж байлаа. Харамсалтай нь хувь заяа намайг бичиг ном рүү түлхсэн юм даа. Гэхдээ би харамсдаггүй л дээ. Даанч сүүлийн үед зурахаа байгаад бүр л сулраад байгаадаа л санаа зовж сууна.

Хайрандаа сохорсон 2010 он 01 сар



Дайчин 2007 он 7-р сар




Галтай бүсгүй 2011 он 1 сар




Загвар өмсөгч 2011 он 2 сар




The beauty and her blood 2011 он 1 сар



Найзынхаа хүсэлтээр лесби зурав. Хөөрхөн болсон 2010 он 8 сар



Ахиж ганцаардахгүй 2010 он 11 сар



Эх 2010 он 12 сар




Зүрхээ өгье 2010 он 10 сар



Хичээл дээр уйдаад гялс зугаацав. Цэцэгчин охин 2006 он 1 сар



Хүн 2007 он 7 сар



Жижишхэн хөлтэй Үнсгэлжингийн өөр төгсгөл 2010 он 5 сар



Модерн баллет 2002 он



Drag me to hell 2010 3 сар



Яах вэ? 2010 он 4 сар



Нүцгэн - 1 2009 он



Нүцгэн - 2 2009 он



Сүйт бүсгүй 2010 он 5 сар



Хүлээлт 2010 он 5 сар



Хаврыг мэддэг болсон 2010 он 5 сар



Хайрлахад хил хязгаар үгүй 2010 он 5 сар



Найдвар хамгийн сүүлд үхдэг 2010 он 5 сар



Lady in Pink
Тэр жирийн л дундаж эмэгтэйчүүдээс тэс өөр. Тэр бол Ягаан хадагтай. Тэр хамгийн үзэсгэлэнтэй нь биш. Хамгийн ухаантай нь ч биш. Гэхдээ л тэр ухаалаг бас үзэсгэлэнтэй. Тэр бардам бас ихэмсэг, гэхдээ уян зөөлөн. Түүнийг эрх чөлөөг хязгаарлах аргагүй. Гэхдээ зүрхийг нь хайраар тэтгэх юм бол тэр торонд чинь сайн дураараа хоригдоно. Түүнийг хүндлэх юм бол тэр таныг дээдлэнэ. Тэр нэг гараа өгвөл хоёр гараараа тосч ав. Түүнийг гомдоовол эхний удаад сануулна дараагийн удаад анхааруулна. Харин гурав дах удаа гэж байхгүй. Тэр үүрдийн шаналал дунд сүүдэртэй чинь үлдээгээд нисэн одно. Ягаан хадагтай зүрхээ удирдаж чаддаг болохоор шийдвэрээ буцаадаггүй... 2010 он 4 сар



Сарны гүнж 2008 он



Night elf 2007 он 7 сар



Цахирмаа 2006 он



Монгол залуу 2004 он



Нүүрээ яаж ч энгэсэгдээд
Нялх булбарай хэвээр
Нүдээ хичнээн тод хүрээлэвч
Гэнэн харцаа нууж үл чадах...

Булцгар гаранд нь
Будагтай хумс зохихгүй
Буруу зөв өмссөн даашинз нь
Бяцхан биед нь таарахгүй...

Хэзээ нэгэн өдөр
Хүсээд байхад
Хясаад ирэх
Хүүхэн насанд
Ингэтлээ яарах шаардлага байсан юм уу? 2010 он 9 сар



Гэгээн мөрөөдөл 2010 он 9 сар