Friday, September 9, 2011

"Харагддаггүй" өвөө

Ойрд ажил ихтэй завгүйхэн, гэсэн мөртлөө ажлаа тарчихаад өсгийтэй гуталтай ч гэр лүүгээ алхмаар санагдсан. Замын бөглөрөл гэдэг алхсанаас гурав дахин уддаг болохоор. Билэг их дэлгүүрийн гутлын тасаг агуулах чөлөөлөх худалдаа зарлаад хүн амьтан гадна нь зах шиг л бужигнаж байна.

Аймшгийн хүйтэн нь багасаад цаг агаар сайхан болсон ч сэтгэл санаа нэг л тавгүй. Магадгүй саяны хүйт миний зүрхэнд орчихсон ч юм билүү? Алхсаар Москва рестораны дэргэд ирэв. Жинлүүртэй өвөө алга. Харин том сийрсэн ууттай хуванцар сав үүрсэн өөр нэг өвөө явж байна. Хувцас хунар, царай зүсээрээ, байгаа байдлаараа манай жинлүүртэй өвөө хажууд нь "цэмбэгэр". Бараг үсгүй халзан дээрээс нь ямар ч мах өөхгүй шөвийсөн туранхай өвөөгийн нүүр нь бараг л арьс нөмөрсөн араг яс. Бүхэл бүтэн хүн алхаж яваа ч түүнийг анзаарах хүн нэгээхэн ч үгүй. Харин санамсаргүй дөхөхдөө хамар амаа таглан ярвайж холдоно. Өнөөдөр орой таксидах байсан мөнгөө энэ өвөөд л өгөх учиртай байсан юм болов уу гэж бодлоо.

Би хөгшид хүүхдүүдэд өглөг өгөх дуртай. Харин хүмүүс гуйлгачинд гараасаа юм өгвөл буянаа алдана гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Би өөртөө буян хураах гэж биш бас хямсалзаж, гэдэгнэж бусдад юм өгдөггүй.Өгвөл өгсөн шиг өг, чадахгүй бол больсон нь дээр. Хорвоо чамаар дутахгүй нь мэдээж. Дарга захирлуудын өмнө гаргадаггүй инээмсэглэлээ ядарч яваа тэр хүмүүст багахан хэмжээний өглөгтэй цуг өргөх шиг сайхан зүйл байхгүй. Хорвоо гэдэг таахын аргагүй. Чи нэг л буруу гишгэж тэр хүмүүсийн оронд очихгүй гэх баталгаа гүй. Тэр үед хүмүүс чамд гараа хүргэхээс ч сэжиглэж, нохой мэт халтар зоос өөдөөс чинь шидвэл ямар санагдах вэ???

Тэгээд хог үүрсэн өвөөгийн хөнхийж ширгэсэн хоёр нүд рүү харж байгаад аль болох сайхан инээмсэглэж мөнгөн дэвсгэртээ хоёр гардуулан өгсөн. Гар нь цэв хүйтэн. Би анх удаа л өөрөөсөө хүйтэн гартай хүн байдгийг мэдлээ. Миний гар бусдад бас ингэж санагддаг болов уу? "Гялайлаа хүү минь, өндөр болоорой" гэж хэлээд шүдгүй амаараа инээхэд нь сэтгэл санаа зүйргүй сайхан болж цаашаа алхсан.

Бид эргэн тойрны сайхан бүхэнд ханаж цадаад муу муухайг олж харах нүдгүй болчихсон юм болов уу? 9911-тэй дугаар шинэ ланд 200-ын үнэ хүрч, зиндаархах дуртай хүмүүс оюун ухаанаараа, сайхан сэтгэлээрээ биш гутал цүнхээр уралддаг болсон цагт хүний зүрх сэтгэл үзэгдэхээ больсон юм болов уу?

Эсвэл бүгдийнх нь амьдрал зовлон зүдгүүртэй, хар бараан болохоор өөрсдийгөө яая гэсэн хүмүүсийн нүдэнд юу ч биш харагддаг юм уу? Ямартаа ч цор ганцаараа нуруугаа бөгтийтөл шуудайтай сав үүрсэн хорчгор өвөөгийн хонхойсон ухархайнаас гэрэлтэх нүдийг мартаж чадахгүй л байна...