Monday, June 21, 2010

Найдвар хамгийн сүүлд үхдэг...


/Үлгэр/

Бусдаас юугаараа ч ялгарамгүй эгэл нэгэн охин байж гэнэ. Эцэг эхгүй өнчин л дөө, гэхдээ залуу охид ямар байдаг билээ? Яг л тэдэн шиг хөгжилдөн наадах, инээн баясах дуртай цовоо цойлгон охин байж гэнэ. Бүх охид тэнгэрт анивчих одонд нүдээ анин хүслээ шивнэдэг байсан бол манай бүсгүй үдшийн тэнгэрт цор ганцаараа ихэмсгээр гэрэлтэх сарнаас нэгэн зүйл гуйдаг байж. Хүссэн үедээ өөр лүү нь нисч чадах даль жигүүртэй болгохыг... Охин хэдий сарнаас жигүүр гуйсаар удсан ч мөрөөдөл нь биелэхгүй л байлаа. Гэвч хүн өөрт байгаагүй эдийн төлөө тэгтэл шаналдаггүй болохоор аар саархан зүйлд сатааран өдөр хоногыг өнгөрөөсөөр л байлаа.

Бусдаас ялгарах юмгүй хаврын нэгэн шөнө аанай л тэргэл саранд хүслээ шивнэн залбирч байтал сарны өчүүхэн хэсэг салчих шиг эсвэл туяа нь бүр хурц болчих шиг. Хий юм харав уу гэж санан нүдээ нухаад хартал үгүй юм аа. Яахын аргагүй сарны нэг хэсэг тасраад өөр лүү нь ирж явна. Охин амаа ангайн харцаа салгаж чадахгүй зогсохдоо зүрх нь лүг лүгхийн баяртайгаар цохилно. Чин сэтгэлийн хүсэлт заавал биелдэг юм байна. Сар хүртэл түүний гуйлтыг сонссон байна шүү дээ. Итгэж л чадвал энэ дэлхий дээр биелдэггүй ид шид, сайхан төгсгөлгүй үлгэр байдаггүй юм байна. Охины судсаар цустай хамт нь итгэл найдвар урсана.

Сарнаас тасарсан туяа ойн цоорхойд буух шиг болоход охин тийш хамаг хурдаараа яаравчлав. Нимгэн шаахайны нь цаанаас чулуу нухан хөндүүрлэж байсан ч битүү ургасан бут сөөг нүүр гарыг шавхуурдан шалбалавч охин огт анзаарсангүй. Харин сарнаас түүнд илгээсэн бэлгээ харахсан гэхээс догдлон улам хурдлана. Далавч л гуйсан болохоор илгээсэн байж таараа. Харин яаж хэрэглэдэг юм бол оо? Зүгээр л хоёр далавч байдаг юм болов уу? Нуруундаа зүүхэд наалдаад биеийн нэг хэсэг болдог юм болов уу? Эсвэл ямар нэгэн шингэн байгаа байх уусны дараа жигүүр ургуулдаг. Юг ямар байдалтайг нь гадарлахгүй ч үнэн зүрхний хүсэл нь биелж байгаа болохоор жаргалтай байлаа.

Охин ойн цоорхойд ирэв. Нүд сохлом хурц гэрлэнд нүдээ гараараа дарахаас өөр арга байсангүй. Нүдээ хагас анин мөрөөдлийн даль жигүүрээ харахыг хичээв. Аажим аажимаар гэрэл бүдгэрэхэд... Ээ бурхан минь түүний гуйснаас тэс өөр зүйл тэнд байлаа. Залуухан сайхан эр. Хараад л баймаар ямар ч сайхан залуу вэ дээ? Саран авхай надад далавчны оронд ийм хүн илгээлээ гэж үү? Өөлөх зүйл байхгүй тэр эрээс харцаа салгаж чадамгүй юм. Харин царай нь зовиур шаналгаатай харагдана. Анзаарвал түүний нуруунаас цус садарч байлаа. Охин үл таних эрээс ичиж бас эмээж байсан ч шархадсан үед нь элдэв юм асуултай нь биш дэргэд нь очоод өвдөглөн суув.

Нүд нь аниатай байсан ч тэр залуугийн дүр охины бяцхан зүрхийг тэр гэхийн тэмдэггүй, урд нь хэзээ ч мэдэрч байгаагүй, өөрөө юу гэдгийг нь ч хэлэх боломжгүй таатайхнаар цохилууллаа. Өмнө нь нэг ч удаа уулзаж байгаагүй хэрнээ түүнийг насаараа мэддэг байсан ч юм шиг. Түүнтэй ямар нэгэн далд хүчээр холбогдсон ч юм шиг. Түүний царай, түүний үнэр, түүний гар бүгд нэг л танил дотно. Хэзээ нэгэн цагт нандигнадаг байсан зүйлээ алдчихаад буцаагаад олчихов уу? Өө мулгуу охин, намайг ингээд гөлөрч байх хооронд түүний өвчин зовиур хэвээрээ л байгаа шүү дээ. Ямар ч байсан энд нь байлгаж болохгүй, аваад явах хэрэгтэй.

Бяцхан охин өөрөөсөө яаж гарсан нь мэдэгдэхгүй чадлаар залууг ямар ч л байсан гэртээ авчирч орон дээр хэвтүүлэв. Шархыг нь боож цэвэрлээд сайхан залууг ширтээд суулаа. Цонхоор сарны гэрэл тусахад залуу дагжин чичирч ёолов. Энэ байдал нилээн хэд давтагдахад охин анзаарч хөшигөө татахад шархтан тайвширч нам унтлаа. Бүсгүй цурам хийсэнгүй. Тэр ховсдуулчихсан мэт, залуугийн дэргэдээс алхам ч холдомгүй. Бүр нүдээ цавчих үедээ ч залууг харахаар яаран нүдээ нээнэ.

- Сарнаас жигүүр гуйхад яагаад түүнийг илгээсэн юм бол? Эсвэл энэ хүнийг миний жигүүр болж амьдраг гэсэн юм болов уу? Түүний нэрийг хэн гэдэг юм бол? Тэр бас намайг хараад ингэж догдлох болов уу? Би түүнийг анх хараад л хайртай байсан гэдгээ мэдэрсэн шиг тэр бас надад хайртай болов уу? Түүний дуу хоолой нь ямар бол? Тэр сэрээд намайг хараад инээмсэглэх байх даа? Бас ямар сайхан урмын үгсээр намайг тэтгэх бол? Тэр мөчид би хязгааргүй жаргалтай болох биз. Тэгээд надтай үүрд хамт байна байх даа? Саран бид хоёрыг учруулсан болохоор бидний аз жаргалыг адислана даа. Баярлалаа сар минь.

Тэнгэрээс унасан эрийг сэрээгүй байхад охин ганцаараа ийнхүү ярилцаж өөрөө ургуулсан төсөөлөлдөө баярлан хөөрнө. Тэр мөчид хорвоо дээр охиноос илүү жаргалтай хүн байсангүй. Тийм ээ тэр жигүүрээ олчих шиг боллоо. Түүний төсөөлснөөс өөр жигүүр, гэхдээ хэдэн мянга дахин илүү. Сайхан залуугаа сэрэхийг тэсч ядан хүлээлээ.

- Сэрснийх нь дараа юу болох бол? Тосгон даяар гэнэт гарч ирсэн сайхан эрийн тухай хэл ам гарна даа. Бас бүх охид түүнийг өөрийн болгох гэж оролдоно. Гэхдээ би түүнийгээ хэнд ч алдахгүй, бас бүгдээс нь хамгаална. Тэр бол зөвхөн миний хайрт. Хэн ч түүнийг надаас илүү хайрлаж чадахгүй. Бид хоёр бие биедээ зориулагдсан.

Охин энэ маягаар өөртэйгөө ярилцсаар хором бүр түүний хувьд жил шиг өнгөрч залууд улам л дасч байлаа. Унтаж буй залуугийн үг хэл, үйл хөдлөл бүрийг нь төсөөлөн бодож тэрэндээ итгэн хайр нь гүнзгийрсээр. Зүүрмэглэх байтугай нүд цавчих мөчөө ч харамлан залууг ширтэн суутал үүр хаяарч эхэллээ. Сайхан залуу үл мэдэг яраглан нүдээ алгуурхнаас нээв. Охин баярласандаа золтой л орилчихсонгүй. Яг л төсөөлж байсан сайхан нүд. Уйтгартай мөрт ухаалаг харцтай бүх насаараа ширтэвч уйдамгүй нүд. Охин инээмсэглэлээ барьж дийлэхгүй байлаа. Нүүр нь туяарч нүд нь гялалзана. Залуу одоохон өндийгөөд хайрт минь, миний аврагч минь гэж хэлээд тэврэх юм шиг санагдана.

Залуугийн сайхан нүд бүсгүй дээр тусаж бага зэрэг гайхашран харав. Энэ үед биеэр нь цахилгаан гүйдэл гүйх шиг дотор нь эрвэгэнэж эгээтэй л ухаан алдаад уначихсангүй.

- Би хаана ирчихсэн байна вэ?
- Чи... чи манайд байна.
- Яагаад?
- Өчигдөр шөнө би саранд..., үгүй ээ ойн цоорхойд явж байтал чи тэнгэрээс унаад ирсэн. Тэгээд би чамайг гэртээ авч ирсэн юм.

Залуу эр сандран нуруугаа тэмтчиж үзэв. Тэгээд урам нь хугарсан мэт орны толгой лагхийтэл түшин суулаа. Өнөөх сайхан нүд нь бүр ч их гунигтай болчихов.
- Чи намайг тэнд нь үлдээчихгүй дээ...

Ийм хариулт сонсоно чинээ санаагүй байсан охин цочин давхийв.

- Юу??? Би чамайг шархадсан байхад хувь заяанд чинь даатгаад харанхуй ойд орхих байсан гэж үү? Чи амь насаа ч алдаж болох байсан шүү дээ.
- Жигүүргүй амьдрах үхсэнээс ямар ялгаатай гэж?
- -?
- Жигүүрээ таслуулсан сахиусан тэнгэрт үхлээс илүү жаргал үгүй...

“Тэр сахиусан тэнгэр байсан юм байна. Тэнгэрт хүслээрээ элин хальдаг диваажингийн элч бурхны зараал сахиусан тэнгэр юм байна. Харин хэн юуны учир түүний жигүүрийг тайрч хаяад үхэлтэй нь хамт үлдээдэг билээ? Арай миний хүсэлтээс болсон юм биш байгаа?” гэж охин дотроо бодов. Хөөрхий охин өөрөө түүний жигүүрийг хутгаар тасласнаас ялгаагүй санаа зовов. Ямар ч байсан тэнгэр элчийн жигүүр ахин ургатал түүнтэй хамт байж туслахаар шйдлээ.

Харин залуу тасарсан далавч нь нөхөн ургана гэдэгт итгэсэнгүй. Бурхдын диваажингаас хүмүүсийн муухай ертөнцөд нэг насаараа цөлөгдсөн хувь заяандаа гомдоно. Эндэхийн юу ч түүнд сонин биш. Түүний байсан орноос энэ дэлхий мэдээж хэрхэн илүү гарах билээ? Хөөрхий охин л тэнгэр элчтэй хамт байгаадаа баярлан хөөрнө. Тэрүүхэн тэндээ байдаг чадлаараа халамжилж хүмүүсийн хэл амыг дарж, тосгоны хэдэн бүсгүйгээс түүнийг нуун харамлана. Гэсэн ч тэнгэр элчийн нүдээр хүмүүний амьдралын үйл бүхэн хичнээн өчүүхэн утгагүй харагдаж байгааг тэр мэдсэнгүй.

Цаг хугацаа өнгөрч сахиусан тэнгэр ч бүсгүйн халамжинд аажим аажимаар дасан хүний хорвоог ажиглах нүд нь бага зэрэг өөрчлөгджээ. Тэр охиныг бас өөртэйгөө ижил далавчаа таслуулсан сахиусан тэнгэр юм байна гэж бодох болов. Охин бусад хүмүүстэй адилгүй, бас хэн ч түүнийг ингэж сайн ойлгодоггүй. Яах аргагүй нэг л өөр зүйл байгааг тэр мэдрээд байв. Охин ч тэнгэр элчийн үгэнд итгэх болжээ. Охин сахиусан тэнгэр боллохоор л сар түүний хүслийг гүйцээсэн нь тэр байж. Бие биедээ зориулж бүтээгдсэн хоёр сахиусан тэнгэрийн нэг нь газарт, нэг нь тэнгэрт байсан болохоор хамтад нь байлгах гэж... түүний далавчийг тайрсан юм байна.

Өөрөөс нь болсон болохоор тэр хайртынхаа жигүүрийг ургуулахын төлөө бүгдийг хийж түүндээ урам хайрлана. Заавал итгүүлэх гэж оролдоно. Итгэх л юм бол ид шид биелж л таарна. Залуу түүний төсөөлж байсан шиг тийм ч уриалгахан сайхан ааштай биш. Бусад хүмүүсийн нүдэнд тэр тайван жаргалтай харагддаг ч хүмүүний ертөнцөд унасандаа гутарч явдаг. Харин охин түүнээс зүрхээ буцааж авъя гэсэн ч хүч нь хүрэхээргүй болсон байлаа. Тийм ч болохоор жигүүртэй болгочихвол түүнд өгөөгүй хайраа өгч магадгүй хэмээн горьдоно. Энэ мөчид ч түүний судсаар цустай нь хамт итгэл найдвар урссаар байв.

Нэгэн зун, нэгэн намар, нэгэн урт өвөл харвасан сум шиг өнгөрч хавар боллоо. Анхны бороо шивэрч, нялх ногоо цухуйх үес тэд залууг олсон ойн цоорхойд зугаалж яваад өвлийн зузаан дахаа тайлтал... бурхан минь залуугийн далавч ургачихсан байлаа!!! Тэр бөөн баяр хөөр, түүний ийм жаргалтай байхыг охин хэзээ ч харсангүй. Цав цагаахан өдтэй жинхэнэ диваажингийн эзэнд л байх жигүүр. Залуу нисэхэд бэлэн болжээ, үүрдийн жаргалын орон луугаа.

- Баяртай хонгор минь хавар боллоо, миний явах цаг ирлээ.
- Хаашаа тэр вэ? Би чамайг надтай хамт үлдэнэ гэж бодсон шүү дээ.
- Үгүй дээ, би хаанаас ирсэн тийшээ буцаж явах ёстой.
- Тэнгэрийн нэрийг барин гуйя, намайг аваад яваач дээ. Би чамгүйгээр амьдарч чадахгүй.
- Тэнэгхэн минь дээ. Чамд далавч байхгүй. Тэнгэрийн орон хүртэл даанч хол, би чамайг авч явж дийлэхгүй. Тэгээд ч чамайг тэнд дасч чадна гэж би бодохгүй байна.
- Чамтай л бол би хаана ч хамаагүй амьдранаа.
- Чамайг эндээ үлдсэн нь дээр гэж би бодож байна.

Залуу нисэхийг оролдоход бүсгүй даган үсрэв. Бас л ид шид. Түүнд ч гэсэн жигүүр ургачихсан байлаа. Ялгагдахын аргагүй дөрвөн хос жигүүр агаарт дэвнэ. Охин баярлан ийн хашгирав.

- Хараач, хараач дээ!!! Надад ч гэсэн жигүүр ургачихаж. Би тэгэхээр чамтай хамт нисэж чадна гэсэн үг. Хэлээгүй бил үү? Итгэх л юм бол ид шид биелж үлгэр сайхнаар төгсдөг гэж...

Харин залуугийн сайхан нүд охин руу харахдаа хайраа нууж чадахгүй гунигтай болсон ч

- Тэнэгхэн минь чи үлдсэн нь дээр. Би чамайг тэнд аваачихыг хүсэхгүй байна. Энэ бол чиний дассан газар, дассан амьдрал. Надаас болж энэ бүгдээ солихыг би хүсэхгүй байна.
- Гэхдээ би...
- Би чамайг, чиний сэтгэлийг мэднэ. Гэхдээ хонгор минь надад итгэ. Чи дэлхий дээр үлд
- Үгүй. Би чамд чи надад зориулагдан төрсөн. Надад жигүүр байгаа цагт би чамтай хамт явах л болно. Хэрэв чи намайг авч явахыг хүсэхгүй байвал үүгээр миний жигүүрийг таслачих.

Охин хурц иртэй хутга сарвайв. Залуу бага зэрэг эргэлзсэн ч өнөөх хутгыг нь шүүрч аваад буруу харж нүдээ тас анин охины далавчыг огтолж орхив. Охин шүдээ бутартал хөмхийгөө зууж нэг ч авиа гаргасангүй. Залуу түүн рүү харж чадахгүй дальдран дальдичсаар цааш нисэхдээ

- Уучлаарай хонгор минь, намайг үнэхээр уучлаарай. Хэзээ нэгэн өдөр чи энэ нь дээр байсныг ойлгоноо. Чи чадалтай болохоор эдгэх болно. Харин би... би яг үнэндээ чиний төсөөлж байгаа үлгэрийн диваажингийн хаалгач биш гал шатаж хүмүүс тарчлан орилолдсон тамын сахиул юм шүү дээ. Чам шиг хөөрхөн амьтныг тэр халуун тогоо руу аваачиж би лав зүрхлэхгүй. Гэхдээ би тэнд л байх учиртай. Чи надтай хамт тамд унахын тулд өөртөө жигүүр ургуулах шаардлагагүй байсан юм. Баяртай бас дахин уучлаарай гэж хэлээд бараа нь бүдгэрсээр уусан алга болов.

Ойн цоорхой дох нов ногоон зүлгээр нэг цацчихсан юм шиг цасан цагаан өдөн дунд цусандаа хутгалдсан бүсгүй хэвтэнэ. Амь тавих мөчөө хүлээн татаганан хэвтэхдээ эцсийн хүчээ шавхан дуу нь сонсогдохгүй ч энэ л үгсийг уруул нь давтана.

-Ургуулчихаад таслуулахаа мэдсэн бол анхнаасаа жигүүр ургадаг гэдгийг мэдээгүй нь дээр байж. Олчихоод алдахаа мэдсэн бол анхнаасаа хайгаагүй нь дээр байж. Хайрлачихаад хагацахаа мэдсэн бол үхсэн нь дээр байж...

Түүний судсаар гүйх цус дууссан боловч тэр минь эргээд ирнэ гэх итгэл найдварын нарийхан утсан дээр амь нь торгож үлдээд тэнцэгнэн дэнжигнэж байлаа...

/үргэлжилж магадгүй/

2010/06/06

О.Агиймаа

3 comments:

  1. Wow.gaihaltai.urgeljluulj hereggui ee.saihan zuiliig ingeed duusga

    ReplyDelete
  2. Тун сонирхолтой, өвөрмөц сэтгэх юмаа. Таалагдаж байна. Амжилт хүсье

    ReplyDelete