Monday, June 21, 2010

Онцгой


Дэвид нисч явна. Бие нь хөнгөрч, зүрх нь минутанд ганцхан удаа цохилж байx шиг санагдав. Өөрийнхөө эд эс бүрийг ширхэгчлэн сонсоно. Түүний бие махбодь дээд зэргийн мэдрэмтгий болж, тархи нь эцэстээ тултал ажиллана. Бүр биенийхээ хэдэн сая нүхээр ялгарч буй хөлсний дусал бүрийг тоолж болмоор. Тэр машинтайгаа хавцлаас нисч явна. Цаг хугацаа зогсов...

Энэ хооронд ёстой бүх л амьдрал нь нүдний өмнүүр эхлэл төгсгөл, эмх замбараатайгаар ээлж дараалан хөвөрнө. Хүүхэд нас, төрж өссөн жижигхэн 2 давхар даруухан хүрэн байшин, хашаандаа тарьсан цэцгээ биднээс илүү хайрлаж харамладаг, өдөрт ердөө гуравхан удаа мишээдэг хүрэл хөшөө шиг хүйтэн хөндий аав, цаг үргэлж мэлрэг цэцэгтэй нил ягаан хормогчоо зүүчихээд гал тогооны өрөөндөө “I say a little prayer” дууг аялангаа бялууны шинэ жор зохиодог ээж, боломж л гарвал гутланд нь элс хийх зэргээр шоглодог дээрэлхүү ах Патрик, үдэшлэгийн хатан хаан болж хөлбөмбөгийн багийн залууст тоогдох туйлын зорилготой, сургууль дээр таарахаараа танихгүй дүр үзүүлдэг хуурамч язгууртан эгч Глориа, байнга энгэр ханцуйнаас нь зүүгдэн нулимстай нүдээр ширтэн урваганаж байдаг бяцхан дүү Жой нарынх нь царай харагдав.

Тэр хэзээ ч онцгой нэгэн байсангүй. Цэцэрлэгт, бага сургуульд, дунд сургуульд, ахлах сургуульд, их сургуульд ч тэр. Бусдаас ялгарах юмгүй энгийн нэгэн хөвгүүн, залуу байсан. Хамгийн үзэсгэлэнт охидыг Дэвид шохоорхохоос цаашгүй. Тэд царайлаг, хав дөрвөлжин нэг үгээр дажгүй залууст татагддаг. Хамгийн сайн дүнд Дэвид санаархахаас цаашгүй. Хуруу зузаан шил зүүж насандаа ахадсан олон ном уншиж судласан гавалууд сайн дүнг нь авчихна. Хамгийн өндөр цалинтай ажлын ярилцлаганд Дэвид оролцохоос цаашгүй. Хамгийн ОНЦГОЙ хүмүүс л өндөрт гардаг. Дэвид шиг энгийн хүмүүс ажилчин шоргоолжны амьдралаар л амьдрах заяатай. Илүү ч үгүй дутуу ч үгүй.

Секундыг сая хуваасны нэг хугацаа өнгөрөхөд тархиных нь мухарт байх дурсамжийн гэгээтэй хэсэг эхлэлээ. Өдөр уртсаж нялх ногоо соёолсон бороотой хаврын нэг үдэш Моллиг анх харж билээ. Тэр өдөр гэрийхээ ойролцоох жижигхэн хоолны газарт заншил ёсоор жигнэсэн тахианы цээж мах, бас бус дагалдах салат ногоо хамгийн гол нь өдрийн норм 50 гр шотланд вискигээ хүртчихээд зүсрэн шиврэх бороог хараан зүхсээр алхаж явсан юм.

–Надад бусад шиг хүсэл тэмүүлэл зорилго, эд хөрөнгө, ядаж намайг гэх хэн ч байхгүй дээрээс нь энэ хараал идсэн борооноос халхлах шүхэр ч алга. Чөтгөр алгад, ингэж явснаас үхчихсэн нь ч амар юм уу? Энэ хорвоо надаар дутах ч үгүй биз, тэр онцгой хүмүүс нь миний өмнөөс бүгдийг хийчихнэ дээ гэж аман дотроо үглэнэ. Гэтэл хажуудаа хорвоо ертөнцийг тэр чигт нь гийгүүлсэн алтан шаргал үстэй дагина суулгасан онгироо залуу нүдний булангаар хялайн харж инээмсэглээд мөнгөлөг спорт машиныхаа хурдыг нэмэн замын шавар, шавхай цацан өнгөрлөө.

-Хараал ид, чамайг хараал идээсэй. Яагаад бурхан минь??? Би яагаад ийм азгүй, энгийн юм бэ? Би яагаад онцгой биш юм??? Гэж Дэвид тэнгэр лүү харан хамаг тэнхээгээрээ орилов. Тэр мөчид ард нь намуухан мөртлөө жингэнэсэн инээд сонсогдлоо. Дэвид давхийн цочиж жингэнэх дуун гарсан зүг рүү толгой эргүүлэн хараад хөшиж орхилоо. Усан цэнхэр сарпан нь намирсан час улаан шүхэртэй залуухан бүсгүй түүнийг шоолон хөхөрч байв. Дэгжин хээнцэр биш ч нүдэнд дулаахан, даруухан бүсгүй байлаа. Хар хүрэн долгиотсон үстэй, цайвар арьстай, гойд царайлаг биш. Хамран дээрээ үл мэдэгдэм хэдэн сэвхтэй юм. Хамгийн гол нь түүний нүд хорвоо ертөнцийг бүхэлд нь багтаасан мэт гүнзгий санагдана. Бас жингэнэсэн инээд нь борооны хар үүлийг нэвтлэн гийх нарны цацраг мэт. Хэсэг зуур цаг хугацаа зогссон мэт болж билээ.

-Та яагаад онцгой биш гэж? Усан бороонд шүхэр ч үгүй шалба норчихоод замын голд бурхан руу орилоод зогсож байгаа хүнийг л би хамгийн онцгой гэж хэлэх юм байна. Тийм ээ Молли түүнийг онцгой гэж хэлсэн юм. Тэр үг л Дэвидэд урам зориг өгсөн. Моллитой танилцсанаас хойш амьдрал нээрээ үл ялиг өөрчлөгдсөн ч юм шиг. Гэхдээ л тэгтлээ онцгойрсон зүйл байхгүй л дээ. Олдог мөнгө нь ихсээгүй, амьдрал нь дээшилж гэнэтийн үйл явдал тохиолдсонгүй. Гэсэн ч ажлаа тараад яардаг хүнтэй болсон. Харин түүнийгээ мэдэгддэггүй байсан. Түүнийг ухаан орсон цагаас л аав нь цэцгүүдээ энхрийлэн илбэж байснаас ээжийг нь хайрлаж байхыг харсан удаа байхгүй.

Харин Молли Дэвидээс хэзээ ч хайр нэхэж, бусад бүсгүйчүүд шиг элдвийн шаардлага тавиж хэрүүл маргаан гаргадаггүй байв. Гэхдээ уулзах бүртээ ухаалаг цэнхэр нүдээрээ инээмсэглэн угтана. Дэвидийн сэтгэлд юу ч хүрдэггүй бол Молли тэр бүгдийг зөөллөж амьдралын хором бүрийг аз жаргал болгон эргүүлнэ. Дэвид баяртай байх гэж ер нь үгүй, тэр онцгой нэгэн байхыг хүснэ, түүний төлөө ядаргаанд ортолоо ажиллана. Жижиг сажиг зүйлд уур бухимдлаа гаргана. Харин Молли хэзээ ч эмзэглэж гомдож байсангүй. Нөгөөх л жингэнэсэн инээдээрээ инээнэ.
Удаан хамт байх тусам Дэвид улам түрэмгий болж Молли түүний аяар байх болов. Ямар нэгэн хэрүүлийг тэр эхлүүлнэ, харин Молли л цэнхэр нүднээсээ таслан урсгав уу гэмээр том том нулимсаа дуслуулан байж уучлалт гуйн аргадна. Яваандаа энэ бол дүрэм болов. Дэвид илүү мэрийн ажиллаж албан тушаал нэг шатаар ахилаа. Тэд гэр бүл дотны найз нөхдийн хүрээнд даруухан хуримлав.

Хуримын даашинзны дэлгүүрийн хоргоны өмнө цэнхэр нүд нь хязгааргүй их бахдал биширлийг агуулан зогсох Молли. Үүлэн дунд хөвөх мэт үргэлжилсэн хэдэн зуун цагаан даашинз дундаас Молли нэг л даашинзыг бараг таван хором гөлөрч зогсжээ. Гар ажиллагаа их орсон нь харахад л тодорхой өрөөсөн мөртэй, ташааныхаа чамин нугалаандаа сувдан чимэглэлтэй загасан хормойтой даашинзыг Молли онцолжээ. Худалдагч санал болгоход Молли өмсч үзэв. Ээ тэнгэр минь энэ даашинз Моллид л зориулагдан бүтээгдсэн бололтой. Ташааных нь нугалаас бэлхүүсэнд нь яг таарчээ. Хэр баргийн юманд сэтгэл нь хөдөлдөггүй Дэвид хүртэл дуу алдах шахав. Түүний сүйт бүсгүй ийм үзэсгэлэнтэй байсан гэж үү? Харин даашинз жирийнийг бодвол арай үнэтэй байв. Уг нь ч Дэвидийн мөнгө хүрэх л байсан. Гэхдээ тэр арай хямдыг авахыг санал болгож Молли ч зөвшөөрлөө. Нэг их онцгойрох юмгүй хямдхан даашинзаа уутанд хийлгэж байхдаа урам хугарсан харц шилэн хорго руу шидэхийг нь Дэвид анзаарсан ч анзаараагүй царай гарган өнгөрсөн билээ. Бурхан минь би ч адгийн новш хог шаар юм даа. Тэр даашинзыг авч өгөхөөсөө би юунд гар татав даа?

Амьдрал үргэлжилсээр... Дэвид бусдаас онцгой нэгэн байхын хүслэнд автаж бүр ч шаргуу ажиллана. Гэртээ ирж хонохгүй байх өдөр ч бий. Молли уурлаж гомдоно гэж ер үгүй. Харин өглөө ирэхэд нь индүүдсэн цэвэрхэн хувцас, ширээн дээр халуун хоол хүлээж байдаг байлаа. Молли өөрөө орондоо буруу харан хэвтэнэ. Шүршүүрт орж хувцсаа сольж өмсчихөөд хоолноосоо хэд халбагадаад гарах хоорондоо бас л уур буцлана. Эр нөхөр нь шөнөжин ажиллаад ирж байхад босч ирээд мэндэлчихгүй ногоороод л, уг нь би онцгой нэг байсан бол илүү сайхан эхнэр авах байсан гэж боддог байж билээ. Нүгэлт намайг битгий өршөө бурхан минь. Бүх л амьдралаа намайг тав тухтай байлгах гэж гаргуунд нь хаясан хөөрхий тэр бүсгүйн талаар би нэг ч удаа бодож байсангүй. Шөнөжин намайг ирэхийг хүлээгээд л хоол хийж байгаад өглөө ядраад зүүрмэглэдэг байсан биз? Би яагаад урд нь анзаарсангүй вэ? Хорон үг чулуудчихаад гарахын оронд нь нэг удаа хацар дээр нь үнсээд баярлалаа гээд гараад явсан бол тэр минь хичнээн их баярлах байсан бол??? БИ ЯМАР ТЭНЭГ ХҮН БЭ???

Дэвид хичээнгүйлэн ажиллаж өөрийн компанитай болсон. Түүнд мөнгө, албан тушаал, эрх мэдэл, нэр хүнд бүгд бий боловч тэр хөндий хүйтэн. Тэр өөрийгөө онцгой гэж мэдэрдэггүй хэвээр. Түүнийг залуухан үзэсгэлэнт бүсгүйчүүд тойрон хүрээлнэ. Тэр ч хүссэнээрээ уулзаж зугаацна. Гэсэн ч амьдрал уйтгартай нэгэн хэвийн. Юуны төлөө яагаад ийм юм? Мэдэхгүй. Молли ч Дэвидийн дүнсгэр байдалд уусаад жингэнэсэн инээд нь гарахаа больжээ. Үргэлж бодлогоширсон, гунигтай бүсгүй цонх ширтэн сууна. Бас тэр урьдынх шигээ Дэвидийн хэлсэн бүгдийг ёсчлон гүйцэтгэхээ больж сав л хийвэл ам зөрөх гээд байдаг болжээ.
Дэвид 11 унтлагын өрөө, усан сан, 750 м2 талбайтай тансаг харшдаа хүрэлцэн ирлээ. Хаалгач үйлчлэгчид бөхөлзөн тонголзон гарч ирж тосон оруулна. Оройн хоол нэг тийм чимээгүй хөндий. Өрөө дамнасан ширээний 2 үзүүрт бие биенийхээ барааг арайхийн харж хооллоно. Хувийн тогооч арааны шүлс асгарам тансаг идээнүүд ширээгээр нэг өрөх ч нэр нь үл санагдах жижигхэн зоогийн газарт Моллитой иддэг байсан хэсэг ногоотой жигнэсэн тахианы цээж мах, 50 гр шотланд вискины амтанд хүрэхгүй. Одоо тэд хоорондоо бараг ярилцахаа больжээ. Ярилцах сэдэв ч олдохгүй.

Тэд элэг дэвтээх үр хүүхэдтэй болсонгүй. Молли хүүхэдтэй болохыг хүсдэг ч Дэвидэд хэлэхээс зүрхшээнэ. Тэд эхнэр нөхөр нэртэй л болохоос нэг оронд ч унтахаа больжээ. Тэр ганцаардлаа дотроо л хадгална. Дэвид 3 өдөр гэртээ ирж хоносонгүй.Тэд анх танилцсан өдөр шиг бороотой хаврын орой Моллигийн тэвчээр алдарчээ. Уул овоо шиг хувцас хогшлоосоо хамгийн чухал хэдийг цүнхэндээ хийж баглаад хувийн машинаар биш хөлсний тэргээр арилаад өгчээ. Урьдын адил уйтгарт гэртээ хөл тавьсан мөчид л Дэвид эвгүйрхэв. Хэн нэг зарц нь эзэгтэй явсныг хэллээ. Ханхай хоосон том байшин хүйтэн салхи үлээн угтав. Уур бухимдал дээд цэгтээ хүрч таарсан болгоноо хагачиж өшиглөв. Моллигийн хамгийн хайртай хятадын Сүн улсын үеийн шаазан ваар гарт нь өртөн юу ч үгүй болтолоо хэмхэрлээ. Дэвид л алга болох эрхтэйгээс Моллиг ингээд газрын гаваар орно гэж төсөөлсөн ч үгүй. Хайж сураглаад ч хаанаас ч олсонгүй.

Дэвид Моллиг ингээд алга болчихсонд дэмий л бухимдаж тасартлаа уув. Юу ч бодохыг мэдрэхийг хүссэнгүй. Хөл дээрээ алхах тэнхэлгүй болсон Дэвид өөрийгөө захирч чадалгүй үсрэн гараад гараш руугаа очиж хамгийн эхний эгнээнд тавьсан, энэ дэлхий дээр ердөө 500-хан ширхэг байдаг Альфа Ромео Компедицион машинд ухасхийн суув. 4 секундэд 100 км цаг хурд авах чадалтай төмөр хүлгийнхээ аагийг гайхуулан уулын тойрог замаар тэр нисэх мэт давхина. Түүний толгойд уур, өшөө хорсол, үзэн ядалтаас өөр юу ч байсангүй. Молли түүнтэй хамт байхгүйд биш орхиод явсанд л ясны дургүй хүрнэ. Түүний тархи эв эрүүлээр сэтгэх боловч бие нь бодлынхоо хурдыг гүйцэхээ болив. Гараа хөлөө хуруугаа толгойгоо хөдөлгөж чадахгүй болов. Нүдэнд үл үзэгдэх төмөр гинжээр тас хүлчихсэн мэт дэмий л хөлс урсахаас өчүүхэн ч хөдлөж чадахгүй байлаа. Ам ангайвч хоолой нь хатаад аа гэх авиа ч гарсангүй. Эрх биш түүний нүд л ийш тийш хөдлөн амьд байгааг нь гэрчилнэ. Цаг хугацаа оронзайны өмнө тэр дэндүү болхи удаан болсон мэт. Тэгээд Дэвид огцом эргэлтэн дээр жолоогоо дарж амжсангүй замын төмөр хашлагыг сэт дайран нисэв.

Тэр машинтайгаа нисэж явна. Түрүүхэн цаг хугацаа, оронзайн түүнийг хаян урсаж байсан бол яг одоо эсрэгээрээ Дэвидийн тархи гэрлийн хурдаар ажиллан бүх амьдралаа ганцхан хормын дотор нэгд нэгэнгүй эргэн харж буруу зөвөө шүүн цэгнэв. Тэр тэс өөр хүн болжээ. Ямар нэгэн далдын хүчин түүнийг ямар новшийн зан гаргасныг ямар хөгийн амьтан болчихсон байсныг өөр хүний нүдээр харуулжээ. Тэр харамсаж байв. Үнэхээр голдоо ортол харамсана. Үхэж байгаагаа мэдэх үед сэтгэл санаа зөвхөн үнэнийг хүлээн зөвшөөрдөг. Тэр юун дээр алдаж явснаа ойлгосон. Онцгой болох гээд хөлс нулимсаа урсган байхдаа өөрийг нь жинхэнэ онцгой болгож байсан хүн нь Молли байсныг анзаараагүй явжээ. Хэн ч биш байхад нь Молли л түүнийг онцгой гэж үнэлсэн. Хүнд хэцүү цаг мөч бүрт Моллигийн урам зориг урагшлах хүч нь болж явсныг, түүнгүйгээр тэр урагш нэг ч алхаж чадахгүй ухрах байсныг ухаарлаа.

Гэтэл Дэвид Моллигийн төлөө юу хийлээ? Хүний үнэргүй адгийн новш. Хөөрхий бүсгүйд чулуун зүрхтэн шиг хандаж үргэлж харааж загнадаг байсан. Хэзээ хамгийн сүүлд цэцэрлэгт хүрээлэнгээр хамт зугааллаа? Хэзээ театрт жүжиг ший хамт үзэв? Хэдэн насны төрсөн өдрөөр нь би цуг байж баяр хүргэлээ? Молли тэнгэрийн элч тулдаа намайг тэсч өдийг хүржээ. Би бол хүйтэн цустай өрөдвөх сэтгэлгүй амьтан. Нүд минь одоо нээгдлээ. Би үхэж байгаагаа мэдэж байна. Хэрвээ энэ бүх зүйл тохиолдоогүй байсан бол би түүндээ хичнээн их хайртай байснаа л хэлмээр байна.
Моллигоо чанга гэгч нь тэврээд энэ олон жилийн турш түүнийг тарчлаасан хөгийн амьтан байсныхаа төлөө би өвдөг сөгдөж байгаад уучлалт гуйна. Ханатал нь үнсэж эрхлүүлнэ, хөөрхий бүсгүйн сэтгэл нь хичнээн дэвтэх байсан бол? Би өдөр бүр ажлаасаа яаран яаран ирээд анх танилцахдаа уулздаг байсан жижигхэн хоолны газартаа жигнэсэн тахианы цээж махаа идчихээд Моллитойгоо гудамжаар алхаж од тоолонгоо мөрөөдлийг нь сонсох байсан. Түүндээ би хэд л бол хэдэн удаа хүссэн хуримын даашинзыг нь авч өгөөд ахин хуримаа хийнэ. Би амьдралаа Моллид зориулан өөрчилнө. Түүнийг би жинхэнэ эр хүний ёсоор жаргаах байсан. Хөөрхөн хүүхэдтэй болчихоод яаж эрхлүүлэхийг нь хараад бахархаж суух байсан. Аав маань цэцгийн дэлбээгээ энхрийлдэг шиг тэр миний тарьсан цэцэг болох байсан. Ай хөөрхий одоо яалтайв дээ? Хэрвээ надад одоо амьдрах онцгой боломж гардаг л юм бол би алдаагаа бүгдийг нь засаж эхнэрээ хамгийн ихээр хайрлаж халамжлан үргэлж жингэнэсэн инээдээр нь хорвоог чимж явах болно бурхан минь. Түүний хацар дээгүүр нулимс урсана...

Энэ бүгдийг Дэвид ганцхан секундэд бодсон юм. Гэнэт цаг хугацаа ахин хурдаа авч түүний бодолд гүйцэгдэхээ болив. Машин уулын уруу өнхөрч хоёр ч удаа хий эргэлдээд бүдүүн гэгчийн царс модыг голоороо хугартал хамраараа хэмх мөргөн зогсолоо. Улаан цэнхэр гэрлүүд анивчин, дуут дохио хангинан цагдаа түргэнийхэн ирж сэг болсон машиныг битүүмжлэн Дэвидийг авч явлаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуугилдан хот даяар жижигхэн бужигнаан болов. Дэвид суудлын бүсээ зүүгээгүй байсан хэдий ч хачирхалтай эсвэл азтай гэж хэлж болохоор явдал тохиолдсон юм. Түүний 3 хуруу тулж, нэг хавирга хугарч, баруун талын хөмсөг сэтэрч, мод мөргөх үед шүдээ тас зууснаас болж уруулаа бага зэрэг хэгзэлснээс өөр гэмтэл байсангүй. Эмч шинжээчдэд үнэхээр гайхамшиг гэхээс өөр үг олдсонгүй. Хүмүүс Дэвидийг дээд тэнгэрээс заяат хүн, үхэх цаг нь болоогүй, бурхан өөр дээрээсээ буцаасан гэх мэтээр ярилцаж байв.

Дэвид эмнэлгийн өрөөнд нүдээ нээлээ. Шинэхэн гоодаль цэцгийн үнэр нэн тааламжтай уур амьсгал буүрдүүлнэ. Өрөөн доторхыг тойруулан харав. Тарьмал цэцгээ хүүхдүүдээсээ илүү хайрладаг хүрэл хөшөө шиг аав, мэлрэг цэцэгтэй нил ягаан хормогчоо зүүчихээд бялууны шинэ жор зохиодог ээж, боломж л олдвол шоглодог дээрэлхүү ах Патрик, таарахаараа танихгүй дүр үзүүлдэг хуурамч язгууртан эгч Глориа, хэдий том болсон ч энгэр ханцуйнаас нь зүүгдэн урваганаж байдаг дүү Жой нарынх нь царай харагдав. Тэдэн дунд Молли байлаа. Усан цэнхэр даашинз өмсөж долгиотой хар хүрэн үсээ шуужээ. Гүн цэнхэр нүдэнд нь гэмшсэн, санаа зовсон байдал илт... Бас нүүр нь бэлцийж хавагнасныг ажихад уйлсан нь илэрхий байлаа. Молли Дэвидийн орны толгойд дөхөн ирж

-Намайг үнэхээр уучлаарай хайрт минь. Би үнэхээр ийм явдал болно гэж бодсонгүй. Эр нөхрөө хаяж явдаг нь миний буруу. Би чамд дэндүү их гомдсон байсан. Би тэгээд ойр зуурын эд зүйлээ цуглуулаад Сицилд байдаг нагац эгч Клара байна шдээ? Түүн дээр зочилж очих гэж байсан юм. Тэгээд тэнд хоног толгойгоо сэргээж тайвшрангаа юм бодохоор шийдсэн. Чамд хэлээгүй нь миний буруу. Онгоцны буудал дээр нислэгээ хүлээж байтал зурагтаар чиний ослыг гаргахад миний зүрх зогсчих шиг болсон. Би замын турш юу хийчих вэ гэж бодож миний буруугаас болж чамд ямар нэг зүйл тохиолдсон байхвий гэдгээс үхтэлээ айж уйлсан... Би тэнгэр бурхнаас чамайг амьдруулаад намайг оронд нь үхүүлээч гэж зөндөө гуйж залбирсан. Чи минь намайг бодвол амьд явах эрхтэй онцгой хүн шүү дээ. Дэвид ээ би чамд хайртай.

Дэвид хамаг чадлаа шавхан байж өндийн суугаад Молли рүү харах мөчид нь нүд нь гялалзав. Молли асар их горьдлого тээж хорвоо ертөнцийг агуулсан харцаар Дэвидийг цоо ширтлээ.

-Уучлаарай, эр нөхрөө хаяж харанхуй шөнөөр оргон зайлагч энэ хүүхнийг би танихгүй юм байна. Би өөрөөс нь болж амиа алдах дөхсөн байхад өөдөөс минь хараад нулимс дуслуулахаасаа ичихгүй байна уу? Би онцгой хүн шүү, хадагтай та одоо хурдан миний нүднээс далд орж үз” гэж хэлээд буруу харан хэвтэв. Молли өрөөнөөс толгой унжуулан нулимаа цувуулсаар сажлан гарав. Ай бурхны өгсөн онцгой боломж оо гэж...

2010/05/19

О.Агиймаа

3 comments:

  1. setguulch gej yg yug nadad tailbarlaad ogooch pls? nevruulegch setgulch 2 ni yugara ylgatai ve?

    ReplyDelete
  2. Ямар хөгийн новш бэ? гэхдээ сайхан болжээ.

    ReplyDelete
  3. uu yamar teneg tugsdug yum be??

    ReplyDelete