Monday, June 21, 2010

Эм хүн эм хүндээ хайртай байж болохгүй гэж үү?


Хаврын урь ороод охид бүсгүйчүүд минь хөөрхөн дэгжинээ гайхуулж хотын гудамжаар алхаад л... Би яагаад ч юм сайхан эмэгтэй хүнийг харах дуртай. Эрэгтэй хүн шиг сонсогдож байна уу? хэхэ. Би өөрөө эмэгтэй хүн ч хаа нэгтээ үзэсгэлэнтэй бүсгүйтэй тааралдвал өөрийгөө харьцуулж боддоггүй. Атаархаж хорсдог ч үгүй. Зүгээр л гоо үзэмжийг нь бахдаж бишрэх дуртай. Болж өгвөл дүрийг нь цаасан дээр буулгачихмаар санагддаг, гэхдээ миний зурах ч гэж дээ. Мэргэжлийн хүн харвал ичмээр дамшиг даа.

Би заримдаа мөрөөддөг юм. Манай хот цэвэрхэн гудамжтай, цэцэрлэгт хүрээлэнтэй, өсгийтэй гуталтай бүдрээд унахааргүй замтай болчихоосой гэж. Тэгээд аятайхан хувцасласан эмэгтэйг элдвээр дуудаад байхааргүй, эсвэл бошинзных нь хормойг сөхөж харах гээд байдаггүй соёлтой эрчүүдтэй болчихоосой гэж бодно. Тэгээд алаглан хувцасласан бүсгүйчүүд гудамжыг цэцгийн хүрээлэн болгон хувиргаад сайхан биеэ гайхуулан бардамхан инээмсэглээд зөрөхдөө бие биедээ нүдээрээ магтаалын үг шидэлцдэг байгаасай гэж хүсдэг.

Даанч бодит байдал дээр хог хийсч шивтэр үнэртсэн гудамжны овон товон замаар өндөр өсгийт дээр алхах эмэгтэй хүний турьхан бие бялдарт арай л хүнд дасгал болоод байх шиг санагддаг юм. Ядарч ядаж байхад бас гүзээгээ унжуулсан эсвэл гутлаа чирсэн “хар юмнууд” оролдож нэг үзнэ, оролдоод нүүр өгөхгүй болохоор доромжилж нэг үзнэ. Бүр болохгүй бол чулуу шиддэг тэнэгүүд ч байх. Муухай биш сайхан байсны төлөө л ингэж “шийтгэдэг” шүү дээ. Ийм олон садаатай байдаг болохоор л бүсгүйчүүд хөмсгөө зангидаж гүн бодлогоширолд орж явдаг байх.
Тэгээд юун бусад руугаа урмын харц илгээх манатай. Харин ч зүү чулуудаад зөрдөг...

Бөөнөөрөө хэсэг бүлгээрээ байгаа эм хүйстнүүд (энд нас ер нь чухал биш) дэргэдүүр нь өнгө үзэмж сайтай ижил хүйсний хүн өнгөрөхөд ган гэх ганц хийх авиа гаргалгүй цоо ширтдэг, тэр үедээ ам нь мөн давхар ярвайлттай байх нь бий. Тэгээд бараа нь далд ороогүй байхад толгойгоо нийлүүлээд л өөрийн үгсийн сангийн өөдгүй гэсэн үг бүрээр өнгөлөг бүхнийг нь буддаг. Ихэнх эмэгтэйн атаархуу зан. Өөрөөсөө давуу нэгнийг хүлээн зөвшөөрөөд түүнээр нь бахдаж чаддаггүй муухай зан. Хичнээн муулаад давж гарахгүйгээс хойш ядаж хорон үг чулуудахгүй бол өөрийнх нь ч өрөөлийн ч энергийн давхаргад сайн юм даа.

Ийм байхад эр хүн эр хүндээ хайртай гэдэг үг үүсэхээс өөр яах ч билээ? Уг нь бүсгүйчүүд бие биедээ эгч дүү мэт ханддаг бол амьдрал хичнээн өөр болохыг төсөөлөөд үз дээ. Зовлон жаргал адилтай бид бүгд л ижилхэн тавилантай шүү дээ. Эмэгтэй хүмүүс эмэгтэй хүмүүсээ хайрлаад энэ заяагаа хуваалцаад алхвал их л хөнгөрөх байх даа.

Хэн нэгний өмдний цахилгаан нь онгойчихсон бол “одоо энэ муу гоё доо” гэж алгаа үрэн баярлахын оронд найрсагаар сануулчихдаг, дэлгүүрт худалдагчийн ятгалгаар илт зохимжгүй хувцас сонгож байгаа нэгнээ хараад хорон инээмсэглэлгүй үнэнийг нь шууд хэлчихдэг байх л наанаа жижигхэн л тус. Гэхдээ цаанаа том халамж.

Тэгээд амь нэгтэй бүсгүйчүүд бие биедээ хайртай болохоор бусдын нөхөртэй орооцолддоггүй. Өөрийн үрээс ялгаагүй бүлтгэр үрсийг өнчрүүлдэггүй. Өөрөө хэзээ нэгэн цагт бас л тэр бүсгүй шиг үрээ элгэндээ тэврээд, гэртээ хоноогүй нөхрөө хүлээж, нулимсаа дуслуулж хийсэн хоолоо ахин дахин халааж суух тавиланд унахыг хэн байг гэх вэ? Залуу нас мөнх биш. Гоо сайхнаараа далайлгаж “зээлсэн” хүний юмыг хэзээ нэгэн цагт буцаагаад өгч л таараа. Тэр үед гоо үзэсгэлэн нь харин зээлийн хүүндээ явчихсан байдаг. Бусдад хатуу хандсаны хариуг хорвоо зөрүүлээд өөрөөс чинь нэхнэ. Тэр үед эмэгтэй хүн байж эмэгтэй хүнээ хайрлах минь ч яалаа гэж гаслах байх.

Хөөрхөн бүсгүй минь нүүрээ буд. Будалгүй л яахав. Угаасаа буддаггүй эмэгтэй гэж байдаг бол тэр гуравдагч хүйстэн гэж хэн ч билээ хэлсэн байдаг юм билээ. Дэгжин цэмцгэр хувцасла. Залуу насаараа өөрийгөө чимээд залуу насаа өнгөлөг хувцсаар чим. Эр хүний зүрхний түг түг чимээг өндөр өсгийнийхээ тог тог хэмнэлтэй зохицуулж аясаараа хөдөлгөх чинь хэлж баршгүй таашаал. Гадаад дүр төрхөө чадах чинээгээрээ торд, охин хүүхэд өнгө шилэгдэнэ гэж Дэй сэцэн дэмий нэг хэлээгүй биз. Харин зүрх сэтгэл, оюун ухаанаа гадаад дүрийнхээ толины тусгал болгочих юмсан гэж боддог. Би чадаагүй л байх шиг байна. Мишээсэн хүн рүү би инээмсэглэдэг ч хялалзаад зөрөх охин руу би инээмсэглээд харж даанч чадахгүй юм. Бид бие биенээ эгч дүүс шиг хайрлаад хамтдаа энэ хорвоог цэцэгсийн хүрээлэн болгох гээд хичээвэл ямар вэ хацар гоо охид минь???

2010/05/08

О.Агиймаа

10 comments:

  1. wow good job. uneheer goy bichsen bna. Good luck! ;-)

    ReplyDelete
  2. yum buhen jaahan zuilees eheldeg gedeg.mongol hogjihgui bna gj amtai buhen ni yrij bui ene tsagt hun buhen ooriigoo neg haraasai.ylanguya emegtei hun ta ooriigoo neg haraasai.Zarim emegteichuud yum buhend ataarhaj, zaaval ooriigoo hamgiin saihnaar tosooldog. Gehdee gadnaa uuniigee haragduulddaggui ch gsn hiih uildel, heleh uildelees ni belhen haragdana.Agiigiinhaa bichsen el niitleliig unshaad ooriin erhgui negiig bodongoo uuniig siiruullee.Er hunii dotor emeeltei mori ni bagtdag bol em hunii dotor nohor ni emeeltei moritoigoo, oron ger, ur huuhduudteigee hamt bagtdag geltsdeg.Tiimees buh emegteichuud uhaantai bj chadval enehen jijighen uls maani ongo oroh bh da...

    ReplyDelete
  3. таны үзэд бодол их таалагдлаа нийтлэлүүд чинь их сайн юмаа ...

    ReplyDelete
  4. Баярлалаа хө, орж гарч байгаарай^^

    ReplyDelete
  5. Харин зүрх сэтгэл, оюун ухаанаа гадаад дүрийнхээ толины тусгал болгочих юмсан гэж боддог. Би чадаагүй л байх шиг байна.
    Чи чадсан байхаа. Үнэхээр сайхан санагдлаа. Дотоод гоо үзэсгэлэнд чинь би дурлаж байна.

    ReplyDelete
  6. Болгож чадаагүй ч болгох гээд л хичээж явна даа найз минь, намайг тэнгэрт гартал нь хөөргөчихлөө баярлалаа:)

    ReplyDelete
  7. Магадгүй энэ нийтлэлийг уншаад хэн нэг эм хүйстэн овоо гаргалгаатай охин байна гэж бодох ч ил дүр нь атаархалын амьсгалтай байх вий. Миний санаж бодож явдаг сэдвүүдийн нэг байна. Таалагдлаа. Эмэгтэй хүний ийм л байдлаас болоод үерхэл нь ч гэсэн хэтэрхий хэврэг байх юм даа. Эмэгтэй хүмүүсийн хоорондын үерхэд итгэхээ болиод удаж байна даа. Эмэгтэй хүмүүс ээ гэж...

    ReplyDelete
  8. сайхан хувцасласан сайхан эмэгтэйг хараад би хүндэлдэг.Учир нь тэр эмэгтэй өөрийгөө хүндэлж чаддаг, бусдаар хүндлүүлж чаддаг хүчирхэг эмэгтэй. Сайхан эмэгтэй боловсролгүй байж болох ч тэнэг лав биш. Сайхан харагдахад ямар их хөдөлмөр ямар их арчилгаа шаарддагийг сайхан эмэгтэйчүүд мэдэх байх аа...

    ReplyDelete
  9. Санал нэгтэй байна бүсгүй минь. Үнэхээр сайхан чөлөөтэй бас өнгө аялгуутай бичих юм аа. миний сэтгэлд байдаг ч гаргаад хэлчихдэггүй зүйл байна. Би бас чамтай адил сайхан бүсгүйд дурладаг нэгэн. Харин хайртай хүнийг минь дурлуулсан эмэгтэйд би яаж дурлах вэ гэж бодож шаналж явна. Агиймаа, чамтай танилцаж, уулзаж ярилцах юмсан. Магадгүй надад туслах ч юм билүү. Би хийхгүй дээ гэсэн болгоноо хийгээд хайртыгаа цааш нь түлхээд л явна. Сэхүүн занг би өөрийнх гэж өвлөж авмаар байна. бас огт хүнд дурлаж байгаагүй үеийнх шигээ цовоо сэргэлэн, эрүүл ухаантай баймаар байна.
    Энэ миний өнөөдөр бичсэн гурав дахь сэтгэгдэл.
    :) Цасхан

    ReplyDelete
  10. Баярлалаа хө. ФБ-ээр холбоо барьж болно шүү. Гэхдээ надад ФБ нэрээ үлдээхгүй бол би хүн нэмэхээ больж байгаа

    ReplyDelete