Tuesday, February 8, 2011

Гуталчин эмгэн



Ганц хүн арай ядан багтах жижигхэн модон амбаар үүдэндээ даруухан дэвсгэр дээр “Гуталчин” гэж тод улаанаар бичсэн банзан хаягтай. Хаалган тус газар орж ирсэн хүн гутлаа арчиг гэж элэгдэж гүйцсэн ширдэгний оронцог дэвсчээ. Зуухаар галлаж халаадаг модон амбааранд өвлийн хүйт оруулахгүй гэсэндээ хаалганд зузаан хөвөн бүтээлэг өлгөсөн нь жил жилийн хир тоос, тортогонд дарагдчихсан, хоёр алга нийлүүлсэн хэрийн жижигхэн цонхоор л нарны өчүүхэн туяа тусах нь гуталчны “албан өрөөний” цор ганц гэрэл. Бин битүү мухлагт арьс шир, шар хар цавуу, гутлын тосны эхүүн үнэр, бас орж гарах олон хуучин гутлын шивэр нэвширэн шингэж хамар байтугай нүд “дүлийрмээр”. Шалаар нь дүүрэн өрөөсөн хос, эвдэрхий халцархай янз бүрийн гутал, бас алх цүүц, өрөм бахь, даавуу савхины өөдөс, хоосорсон лаазнууд хөглөрнө. Хуучин гутлуудыг он сараар нь бүртгэж өрдөг тостой модон тавиуруудын дэргэд тогтоосон хос залуусын хуучин хар цагаан зураг, бас ширээн дээрх цоо шинээр урласан улбар шар бяцхан шаахай л “Гуталчны газрын” хамгийн өнгөлөг зүйл байлаа.

Гуталчны газрыг эмгэн ганцаараа ажиллуулна. Амьдралын ширүүн шуурга уриалгахан жижигхэн эмгэнийг хайр найргүй дайрчээ. Нүүрнийх нь арьс үрчийж унжаад, инээмсэглэх аманд нь хэд хэдэн шүд дутуу харагдана. Цал буурал шингэхэн үсээ бөөрөнхийлөн шууж, ганц хоёрын зэрэг нөхөөсөн “гоёлтой” хөвөнтэй хантааз өмссөн байна. Эмгэн эвлэгхэн гэж жигтэйхэн. Харин насны эрхээр хараа нь муудаж, цавууны хоронд хорссон нүднээс нь байн байн нулимс урсана. Намхан адар дор тонгойж суусаар нуруу нь бөгтийгөөд тогтчихсон, бас элдэв янзын багаж барьдаг гар нь эмэгтэй хүнийх гэхэд итгэмээргүй. Мойнийж бүдүүрээд, тосны зузаан хир хумсанд нь гүн шигджээ. Химийн гаралтай бодисны нөлөөгөөр арьс нь ов цов халцарчихсан, бас гутал янзалж байгаад алхаар андуураад цохичихсон бололтой зүүн гарын ядам хурууны хумс унаж оронд нь үрчийсэн хэсэг арьс үлдсэн байна. Гутал нь хуучин боловч цэвэрхэн юм.

Гайхалтай нь умгар пингийн бөгтөр гуталчин эмгэний хумсгүй мойног ядам хуруунд том оо гэгчийн очир алмазан шигтгээтэй алтан бэлзэг гялалзаж байх юм. Хамгийн тансаг эдлэл, торго булганд хөлбөрсөн ганган авхайс ч сайх бэлзгийг харсан бол шунал нь хөдлөж шүлс нь гоожих байсан даа. Үүлэн завсраас гялалзах үүрийн цолмон мэт тэр үнэт эрдэнэ дордхон амьдралтай эмгэний байр байдалтай яавч зохицохгүй байв. Тэрхэн зуурст үүдний зузаан бүтээлэг ярсхийн сөхөгдөж туранхай цонхигор, нүд нь хөнхөр хөх өвгөн орж ирэхэд эмгэний нүд арван наймтынх шиг талимааран гэрэлтэв. Өврөөсөө нандигнан баадагнасан халуун савтай цай унд гаргаж ширээн дээр өрөх туранхай өвгөний царай эмгэнийхээ өмнө өөрийгөө зэмлэх мэт инээмсэглэхдээ ч үе үе баруун тал руугаа татвалзана.

Эмгэн насаараа эмгэн байгаагүй юм. Нас нь хорийг, гэзэг нь нуруугаа шүргэж явах үест гоо үзэсгэлэнгээрээ хавь ойрд шагшигдсан танхил хонгор бүсгүй байжээ. Алхаад өнгөрөхийг нь харах гэж хичнээн эрс эгнэж номхон зогсдог байсныг, зөөлөн харцыг нь өөр дээрээ нэг удаа ч болов унагахын төлөө хэдэн аавын хүү бие сэтгэлээ гарздан зүтгэдэг байсныг одоо хүн сонсвол итгэхэд бэрх. Боломж ихсэх тусам сонголт хийхэд бэрх. Алт эрдэнэ, алдар хүнд, удам судар, халамж хайр, бүх боломж эмгэний өмнө байсаан. Эмгэн ч өөрийн сонголтыг хийсэн. Харамсаагүй.

Түүний сонгосон хань. Таарсан бүсгүй бүрийн хацар туяарч, сормуус буумаар хачин сайхан эр. Олон ч ээжийн охин сэтгэлдээ дүрийг нь шүтэж, шөнөжин нулимс урсган залбирсан биз. Хорвоогийн хоёр сайхан амьтан хамт явахад хосоороо яваа залуус ч эр эм гэлтгүй амаа ангайн гөлрөөд зогсдог байж билээ. Нэгэнт аль аль нь нүдээ унагачих шахсан болохоор хэн нь ч хэнийгээ буруутгалгүй хар цагаан замаа буруулан одоцгооход манай хоёрын харц харин зөвхөн бие биен дээрээ тогтчихоод хайрын үг “хэлэлцэж” байдаг байв. Тэдний залуу насанд зовлон байсангүй ээ. Удамт айлын чинээлэг сайхан хархүү шинэхэн гэргийгээ эвийлэн энхрийлж, гоо төрсөн эхнэр нь ч хоёргүй сэтгэлээр авааль нөхрөө халамжилж, өнгө үзэсгэлэн сүр жавхаа тэдэнд л байж.

Жаргалтай цаг үе урсан өнгөрөхдөө хурдан, харин зовсон үе дэндүү урт мэт байдаг нь амьдралын жам ажгуу. Эмгэн насаараа л эмгэн байсан юм шиг, залуу жаргалтай үе нь урд нас эсвэл зүгээр л шөнө зүүдлэсэн хоосон хий үзэгдэл мэт санагдана. Харин хуруун дахь алмазан бөгж л тэдний залуу нас, хэзээ нэгэн цагт байгаад одоо замхарсан аз жаргалын баталгаа болон хувиршгүй гэрлээ тал тал тийш сацруулна. Өвгөн нь залуу ч, бийлэгжүү ч байж, газар дэлхий дээрх ганц хүүг нь төрүүлж өгсний дараа “Бидний хайртай ижил ховор нандин тансаг юм” гэж эмгэнд уг бэлзгийг бэлэглэжээ. Гэтэл тун удалгүй нөхөр нь хүнд өвчин тусч, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болов. Түүнээс хойш тэдний аж амьдрал өөдөлсөнгүй. Ганц хүүгээ арайхийн хооллож хувцасладаж халуун залуу нас, хайр сэтгэлээрээ ходоод хоосон ч сэтгэл цатгалан өдрүүдийг барж байв.

Эмгэн угийн ойр зуурын ажил төрөлд сайн тул нэгэн гуталчныг дагалдсаар мэргэжлийг нь сурч авчээ. Амьдралаа залгуулахын тулд заавал яагаад гуталчин болсноо эмгэн өөрөө ч сайн мэддэггүй, зүрхээ барьж гүйсэн олон харчуудаас өвгөнөө яагаад сонгосноо мэддэггүйтэйгээ адилхан. Тэгээд ямар ч байсан ажиллаад л байж. Ханийг нь доройтоод ирэхэд сайхан бүсгүй түшээд авъя гэсэн харчууд гарыг нь тосч эргэлдээд л байдаг байв. Харин манай эмгэн гэр-ажил-гэр гэсэн чиглэлээ нэг ч өдөр өөрчилж үзсэнгүй. Нөхөр нь эхнэрээрээ тэжээлгэж байгаадаа байнга гутарч сэтгэлээр унавч, хувиршгүй сэтгэлийг нь хараад үнэн голоосоо бахархан баярладаг байв. Амь зуухын эрхэнд айл гэрийнхээ хамаг үнэт хогшил, хөрөнгийг зарж борлуулсан ч эмгэн өвгөн хоёрын хэн нь ч хүүтэйгээ чацуу бэлзгээ худалдъя гэж бодож байсангүй. Тэдний хувьд бөгж “бөгжнөөсөө” илүү гүн утгатай байлаа.

Гуталчны амьдрал эмгэнийг “эмгэн” болгожээ. Өдөр хоног өнгөрөх тоогоор зүс нь гундаж цэцгэнд шавсан зөгий шиг харчууд ч сугаран сугарсаар нэг ч үгүй болов. Харин ч хаа нэг таарахдаа цэцэг байтугай халгай шарилж харсан мэт ярвалзаж хэзээ нэгэн өдөр араас нь элдэж гуйж яваагүй юм шиг хамраа сөхөхийг нь яана? Гоо царайнд нь атаархан байж яддаг байсан бүсгүйчүүд бүгд баян ямбагар авгайс болчихоод янзыг нь үзэх мэт шинэ хуучин гутал цуглуулан сардаа дор хаяж хоёр удаа эргэлдэнэ. “Мяндсан гэзэг, цагаан царай, тунгалаг нүд, ягаан уруул, сүмбэн хуруу, тэгшхэн хөл, нарийхан бэлхүүстэйгээрээ гайхагддаг байл уу чи? Одоо чи миний өмнө ямар өрөвдөлтэй өчүүхэн бөгтөр бас халтар муухай чавганц болсноо хараач чи? Хохь чинь дээ, заяа чинь энэ” гэж амаараа биш ч нүдээрээ хараан хашгирцгаана.

Эмгэн нөхрөө орхиж өөр амьдралтай золгосонсон бол эдгээр атаархуу авгайчуудыг дагуулахгүй өнгөлөг өтлөх байсан нь эргэлзээгүй. Гэсэн ч тэр зовлонгоос зугтсангүй, сөрж зөрж амьдарчээ. Өвчтэй нөхрөө асран хүүгээ өсгөн хүмүүжүүлж хүний зэрэгт хүргэж нэг санаа амарлаа. Нэг л өдөр өсч томорсон хүү нь өөр шигээ сайхан охин дагуулаад ороод иржээ. Өвгөн эмгэн хоёр залуу насаа дурсан хөөрцөглөж хүү бэр хоёртоо бүхнээ дэлгэн дэвсэн эрхлүүлдэг байв. Удсан ч үгүй аминаас тасарсан амь нь болох ач охин нь төрж үрчгэр хоёр хөгшний нар нь гарч гэнэ. Харамсалтай нь элэг бүтэн цаг үүгээр төгсчээ. Ганц хөвүүнийг нь гай зовлон бас тойрсонгүй эцгийг нь ороосон өвчинг хүү нь ч мөн тусчээ.

Бэр нь эхэндээ халамжлан хадам эхдээ дэм болж байсан ч нэг л өдөр охиноо ч орхиод хэн нэгнийг даган чимээ сураггүй арилаад өгчээ. Ингээд эмгэний нуруунд дөрвөн ам тэжээх “үүрэг” ногдов. Хэдийгээр амьдрал өмнөхөөсөө хүнд санагдавч нулимсаа урсгаж биш залгиж сурсан зангаараа эмгэн гутлаа зассаар байв. Гэтэл эхнэртээ хаягдсан хүү нь сэтгэлээр унан шаналж бие нь муудан турж эцсээр хэвтэрт орж тун ч удсангүй нүд аньжээ. Гашуудаж шаналсан эмгэн өвгөн хоёр ертөнцийг занаж зүхсэн үгүй харин ач охиноо өсгөж өндийлгөхөд нас нь хүрэх эсэхт санаа зовон цааш амьдарсаар нилээн хэдэн жилийг үдлээ...

Уг нь эмгэн түрийнээс өгсүүлээд бүх хэсгийг оёх, наах цахилгаан товч хадах, өсгий урлах гээд гутлал урлах “урлагийг” чадамгай эзэмшсэн авч хэсэг хэсгээр нь эвлүүлэн засч үзсэнээс шинэ гутал хэзээ ч урлаж үзсэнгүй. Гутал оёод суух зав ч боломж ч түүнд гарч байгаагүй. Харин өнөөдөр тэр анх удаа гутал оёжээ. Ач охиныхоо дуртай улбар шар өнгөтэй жижигхэээээн тэр оломтой шаахай түүний гараас гарч байгаа анхны бөгөөд эцсийн бүтээл. Тэр хэдэн мянган гутал гараас гаргасан ч тэр шаахай анхны шинэ гутал. Өвгөнөө үдийн хоол авчирч өгөхөд үзүүлж хоёр хөгшин тэрүүхэн тэндээ хөөр баяр болцгоожээ.

Эмгэн гурилтай шөл идэж гэдэс гараад, халуун хар цай ууж дулаацаад магнайд нь хөлс бурзайв. Өвгөн хэдийгээр гэртээ үлдсэн ач охин руугаа яарч байвч зулайных нь хөлсийг тостой алчуураар арчиж өгснөө зөөлхөн үнэрлэв. Энэ мөчид эмгэний нүд нулимсаар дүүрч, аягандаа багтахгүй үрчгэр бор нүүрэн дээр нь гялтгар мөр татуулан урсахад үл мэдэг эхэр татав. Өвгөн эмгэнээ харан сандарч “Энэ бүхэн миний л буруу. Чамайг ингэж амьдруулж байгаад уучлаарай!” гэж чадан ядан хэлэв. Харин эмгэн өвгөн рүүгээ эгцлэн хараад зөөлөн боловч чичирхийлсэн дуугаар “...Би ямар аз жаргалтай байна гээ? Үзэж өнгөрүүлсэн зовлон бүртээ би харамсаагүй. Чи надтай хамт байсан...” гэж хэлээд үргэлжлүүлэн эхэр татахад өвгөний хоолой зангиран юм хэлж чадсангүй, охины шаахайг өвөртлөөд түргэхэн амбаараас гарав.

Цэвэр агаар сорон зогсохдоо эмгэний “ажлын өрөө” болох амбаар луу эргэн хараад “Би биш чи минь л харин надтай хамт байсан шүү дээ. Тийм болохоор би хамгийн азтай амьдралаар амьдарсан” гэж хэлээд шулга бяцхан охиндоо гутлыг нь үзүүлэхээр яаран хурдан хурдан алхан одов. Энэ мөчид эмгэний зөөлөн тунгалаг нүдэнд дэх баярын нулимсны гялбаа, мойног хумсгүй хуруун дахь очир алмазны туяатай хослон даруухан дэвсгэр дээр тод улаанаар “Гуталчин” гэж бичсэн хаягтай өмгөр муу амбаарыг гийгүүлж байлаа...

О.Агиймаа

9 comments:

  1. Өнөөдөр гутлынхаа өсгийг засуулах гэж гуталчин ортол эмээгээс минь настай нэг эмээ байсан. Тэр ажилсаг хөгшнийг хараад сэтгэл хөдлөөд, амьдралыг нь өөрөө ургуулан бодож ийм нэг өгүүллэг бичив. Бодсон бодолдоо уяраад баахан уйллаа шд ээ хэхэ.Энэ өгүүллэгийн хэсгүүд нь өөр өөр хүн бичсэн юм шиг өнгө аястай болсон байж магадгүй. Учир нь би Enigma - Return to innocence, Madonna - Take a bow, Beegees - Alone, Secret Garden - Nocturne, Annie Lennox - Walking on a broken glass гэсэн дуунуудыг сонсонгоо бичсэн юм л даа. Эд нарыг тойруулж сонсоод уншвал надтай адилхан эмоцыг мэдэрч магадгүйм

    ReplyDelete
  2. uneheer goy boljee amjilt husii bi bas uilchlaa... uneheer saihan sanagdlaa

    ReplyDelete
  3. гоё болжээ :) ялангуяа сүүлийн хэсэг..

    ReplyDelete
  4. ene blog ig olj unshsanda uneher bayartai bn.amjilt husie urgelj shan ogulleg, bichlegig chn unshj baina gdgte itgeltei bn

    ReplyDelete
  5. yooy uiluuldag bnshd ohin min kkk. ajil deer suuj bgaad sonin bolood humuus namaig medrel gej bodson bha daa , za tnx dear

    ReplyDelete
  6. Бүгдэд нь чин сэтгэлээсээ баярлалаа, аз жаргал хүсье :)

    ReplyDelete
  7. saixan boljee nz min

    ReplyDelete