Monday, February 14, 2011

Зүрхний өвчин



Түүний нүд улай үзсэн араатан мэт аяган дотроо багтаж ядан улаанаар эргэлдэнэ. Цахилгаан сандал дээр суусан гэмт хэрэгтэн шиг салгалан чичрэх биений нөлөөгөөр зүрх нь пүл пүлхийн цээж өвдтөл хүчтэй цохилно. Бүсгүй зүрхээ базлан сөхөрч суув. Зүрх өвдөх хэцүү. Энэ үед алхаж, хөдлөж үг хэлэх байтугай амьсгаа авах ч бэрх болдог билээ. Үргэлж л цэвэрхэн зассан байдаг хар хүрэн үс нь задран асгарч нүүр лүү унжихдаа нулимсанд норон арьс эрвэгэнүүлэх нь арай ядан амьсгалах түүнд бүр ч тээр болно. Бүсгүй хүндээр шуухитнан амьсгаадаж цээжээ дарсан хэвээр таван мөч хэртэй газар суув. Угаас зүрхний өвчиндөө зовиурлан чичрэх бүсгүй унтлагын сиймгэр даашинзнаас өөр хувцасгүй шалан дээр сууснаас жиндэн бүр дагжтал чичрэн хоёр эрүү нь хавиралдлаа. Уран гоёмсог хийцтэй хуучны ханын босоо цагийн богино зүү тав, урт зүү нь 12-ыг заах үед нам гүмийг эвдэн жижиг модон хаалга онгойж хөхөө шувуу хөөрхий бүсгүйн янзыг үзэх мэт доогтой нь аргагүй тавантаа донгодов.

Мөсөн баримал мэт суугаагаараа царцаж орхисон бүсгүй гэнэт өндийн босч согтуу хүн шиг гуйвлан явсаар угаалгын өрөө орлоо. Зүрх нь улам ч өвдөж толгой нь эргэн, нүд нь харанхуйлав. Толгой нь гэнэт хүндрэн цэх зогсох хачин хэцүү санагдаж эхлэсэн тул уначихгүйн тулд угаалын тосгуурнаас хамаг чадлаараа зууран өвдөг нь салгалан зогсох эмэгтэй өвчин намдаагч шахмал хайн тольтой шүүгээн доторхийг онгичин бусниуллаа. Гарт нь тайвшруулах эм таарахад хоёрыг давхарлан амандаа хийж шилэн аягатай ус том томоор залгиллаа. Хэдий бие өвдөн нүд нь бүрэлзэвч тэр шүүгээгээ эмх цэгцгүй орхихыг хүссэнгүй. Саяхан өөрөө унагаж асгасан эмнүүдийг нэрсийн дарааллаар эмхлэн өрж зогсохдоо тэр гэнэт яах гэж ийм үйл хийж байгаагаа бодон зогтуслаа. Тосгуур түшин тонгойн зогсоход ахиад л улаанаар эргэлдсэн нүд арзгар хүрэн үсний завсраар гялалзана. Бүх эмээ талаар нэг цацаж хаячихаад шүүгээний хавтсыг хаагаад тэр толинд өөрийн тусгалыг олж харав.

Толинд тэгш хэмтэй зөв хэлбэртэй цайвар шаргал царайнд нь яг зохицсон урт шулуун хамар зузаан булцгар уруул бүхий хөөрхөн царай, хун галууных нь шиг урт гоолиг хүзүү, ясархаг ч уран гоёмсог мөр, хэдий том биш ч сайхан хэлбэртэй хоёр хөх, ерөнхийдөө хэлбэл хэн ч хүлээн зөвшөөрөм сайхан бүсгүй харагдсангүй. Гагцхүү улангассан араатных шиг хилэнтэй гялалзах хоёр нүд л өөрт нь анзаарагдана. Анх удаа л хаалгүй зөнд нь орхисон гоожуураас цутгах ус цус мэт өтгөн хүрэн улаан болж харагдана. Бүсгүйн зүрх өвдөх нь намдаж байснаа өөрийнхөө дүрсийг толинд харангаа ахиад оволзоод эхлэв. Бяцхан нударгаа зангидаж байгаад хамаг хүчээрээ толь руу буулгав. Тар нярхийх дуун гарч тосгуурт бөглөрсөн ус бүсгүйн цустай холилдон жинхнээсээ улаан өнгөтэй боллоо. Цөхөрсөн бүсгүйн нулимс ахиад л урсаж гарлаа. Цустай усан дундах олон мянган толины хэлтэрхийд ойж харагдах түүний нүд эзнээ зэмлэх мэт гялалзсаар.

Шил хагарах, эмэгтэй хүн битүүхэн ёолох чимээнээр залуу цочин сэрэв. Угаалгын өрөө лүү сандран очтол хайртай бүсгүй нь унтлагын хувцастай хамаг бие нь дагжин нулимс цусандаа хутгалдан нүд нь улаанаар эргэлдэн зогсож байх аж. Шүүгээний толь хагараад хайртай бүсгүйнх нь франц маникюртай цагаахан гарт зуу зуун хэлтэрхий зоогдчихсон байхыг хараад тэр гэхийн тэмдэггүй түгшүүр залуугийн нүүрэнд илрэв. Ганц харайн хайрт дээрээ очиж тэврэн авав. Хоёр гар дээрээ өргөн унтлагын өрөөнд аваачих хооронд бүсгүй чичигнэн уйлсаар байлаа. Мөс шиг хүйтэн болсон хайртай хүүхнээ оронд оруулан хөнжлөөр хучингаа энэ бүгдийн учрыг асуух гэсэн боловч зориг хүрсэнгүй дэмий л өтгөн хөмсгөө атиран зангируулна. Хөөрхөн гаранд нь зоогдсон олон шилийг түүж самбайгаар гарыг нь боогоод торго мэт хүрэн үсийг нь илэн, илбэн унтуулав.

“Уг нь түрүүхэн орондоо орохын өмнө бид хоёр зүв зүгээр инээж хөхрөлдөөд эвтэй найртай байсансан. Өнөөдөр ч, өчигдөр ч, энэ долоо хоногт ер нь сүүлийн үед түүний минь сэтгэлийг шаналгах ямар нэг үйл явдал тохиогоогүйлтэй л баймаар. Хэдхэн цаг унтах хооронд минь юу болох нь энэ вэ?” Өнгөрсөн сард болсон бүх зүйлийг тэр эргэцүүлэн бодов. “Гурван долоо хоногийн өмнө ажлын томилолтоор хоёр хоног хотоос гадагш гарсан. Аан бас эргэж ирэхдээ тэрнийгээ шууд тэврээд үнсэхийн оронд эхлээд усанд орсон. Хир, тоос үнэртэх байх гэж бодсон. Арай тэрнээс болсон юм биш байгаа? Гэхдээ тэр харин ч цэвэрхэн болсны дараа үнсүүлэх дуртай байсан. Өөр нээрээ яалаа? Өнгөрсөн долоо хоногт найз хүүхнийх нь төрсөн өдөрт цаг гучин минут хоцорч очсон. Тэгээд гомдчихсон юм болов уу? Дараа нь өөрөө тэр хүүхэн бол өөдгүй атаач шулам гэж хэлсэн л дээ. Тэгээд юу болсон байж таарах вэ?” Залуу өөрийн үйлдсэн “гэм нүглийг” тунгаасаар өглөөг угтав.

Хайртай бүсгүй нь гүн нойронд автсаар. Минут тутам залууг цусгүй алж байлаа. Түргэхэн л хайртыг нь зовоосон шалтгааныг мэдэхээс нааш сэтгэл нь тайвшрахгүй янзтай. Хайртай бүсгүйгээ ширтэн суух тусам өөрөө юу гэдгийг нь мэдэхгүй ч хийсэн “гэмэндээ” харамсан зүрх нь хүчтэйгээр пүл пүл цохилно. Үе үе зүрх рүү нь зүүгээр шивэх мэт хатгахад нь эр хүний шийр заан тэвчсээр... Зүрх өвдсөн хэдэн цагийг хөдөлгөөнгүй өнгөрүүлсний дараа тэр арай хийн суудал дээрээ тогтож байв. Хайртай хүүхэн нь нэг юм сэрж, ханатал нойр авсан шинжтэй өрөөг тойруулан харснаа залуу дээр нүд нь тогтов. Гэнэт хачин их зовлон түгшүүр нүүрэн дээр нь тодорч үсрэн босоод ханан дээрх хуанли рүү гүйн очлоо. Цус нэвтэрсэн боолттой гар шугамын дагуу гулгаж байснаа 14-ны өдөр дээр тогтоод зогсоов.

Бүсгүй ахиад л газар сөхрөөд уначихав. Залуу учиргүй сандран урд нь бас сөгдөж асуусан харцаар хайрт руугаа харахад бүсгүй “Гэгээн Валентины өдрөөр би чамд гайхалтай бэлэг барих гэж хоёр сарын өмнөөс ноосон цамц нэхсэн юм. Гэтэл тэр хэнд ч хэрэггүй эд болчихсон. Өчигдөр шөнө би сэмхэн босч чамд бэлэглэх шоколадаа хайлуулж байгаад нөгөө цамцан дээрээ дусаачихсан. Ноосон дээр туссан шоколадны толбо арилдаггүй гэж мэдэх үү? Тэгээд би уурандаа шоколадаа цонхоор гаргаад хаячихсан. Тэгээд Валентины өдөр чамд өгөх шоколад ч үгүй, цамц ч үгүй сууж байх ч гэж дээ...” хэмээгээд хүүхэд шиг эхэр татлаа. Залуу мэдэх гэж удаан хүлээсэн оньсогыг тайлсандаа сэтгэл ханах шиг хөмсөг нь тэнийсэн боловч түрүүнийхээс улам их хөндүүр хормын дотор зүрхийг нь эзэмдэн авч хөмсөг нь бүр “мушгиран” зангирав. “Өө тэнгэр минь өнөөдөр чинь Валентины өдөр байсан юм уу?” гэж аажуухан амандаа бувтнаад өглөөжин зүрх нь өвдөж тамирдсандаа ч юм уу, хайрын баярын өдөр бэлэг бэлдээгүйгээсээ болж найз хүүхнээсээ айсандаа ч юм уу муухай ярвайн паркетан шалан дээр пидхийтэл унаад өгөв гэнэ.

7 comments:

  1. gehdee huuhen zurhnii uvchtei tegeed umand amarhan nervtdeg um bnldaa.zaluu bas unaad ugdug n ontsgvimaa kkkkk

    ReplyDelete
  2. Харин тийм. Ер нь аливаа юмны утга учирт биш өнгөн талд анхаарал хандуулж өөрсдийгөө зовоодог хүмүүсийн тухай санаа гаргасан юм

    ReplyDelete