Thursday, August 18, 2011

Мэддэг ч мэддэггүй зам /2011 оны 8-р сарын 18-ны өдрийн тэмдэглэл/


Хорооллын хоёр захад ажил, гэр минь байх. Угтаа манайх гэдэг айл 1983 онд одоогийн байраа дөнгөж ашиглалтанд ороход нь нүүж ирээд л түүнээс хойш хаашаа ч явсангүй. Бага байхад сургууль гэр хоёр хорьхон алхмын зайтай, дэндүү уйтгартай санагддаг байв. Хол сургуультай хүүхдүүд шиг автобусаар явахгүй, халаасандаа мөнгөгүй, цайны газрын хоол идэхгүй, харих замдаа энэ тэрүүгээр тэнэхгүй болохоор өдөр бүр нэгэн хэвийн маршруттай.

Ажилд орлоо. Уг нь дажгүй, гэхдээ байрлал нь хоёрын хооронд гурвын дунд. Хол ч биш ойр ч биш. Хоёр км орчим. Хөлсний тэрэг бол зоолттой 3 км-ээс дээш үнэ хэлнэ. Мөнгөө харамласандаа биш зүгээр л шудрага бус байхад ясны дургүй болохоор амар аргаар мөнгө олдог залхуу жолоочдод өөрийнхөө олсон 500 төгрөгийг ч дэмий гарзадмааргүй байдаг. Нийтийн тээвэрт суухаар шороон замаар сүнгэнэж сүнгэнэж ертөнцийн мухарт аваачаад хаячихна, хүн амьтны бараа хартлаа овоо л алхана. Гутал бол будаа. Тэгээд л хавтгай гутал өмсөөд алхдаг хоббитой боллоо. Гэхдээ өглөө бол үнэндээ амждаггүй юм, нойр ихтэй болохоор. Харин ажлаа тарчихаад зуны орой юм бодож зугаалах шиг кайф хаана байна вэ?

Өдөр бүр насаараа амьдарсан хорооллынхоо өмнө нь огт явж үзээгүй шинэ замаар гэртээ харьж, өөр маршрут гаргах юм шүү гэсэн зорилт тавиад байгаа юм. Ер нь яагаад сүлжилдсэн олон байр байшин, зам жим байхад дандаа л төв замаар явдаг байсан юм бол, өмнө нь?

7 өнгөрөөж ажлаасаа гарав. Үүдэнд уяатай манаач сембирнар Бетти сүүлээ шарвуулан өндөр өндөр үсэрч байгаа нь намайг хараад баярласны шинж. Өдөрт хоолныхоо өөхийг гаргаж өгдөг юм. Салах ёс гүйцэтгэн хүзүү чихийг нь илж эрхлүүлэхэд тэр том нохой нялх гөлөг мэт өмнө минь шарвалзана. Харин танихгүй эрэгтэй хүн ойр хавьд харагдах л юм бол нөгөө эелдэг төрх нь ул мөргүй арилж уруул хамар нь ярзалзан нүд нь хилэнтэй гялалзана. Нохойноос салаад цааш алхахдаа гараа хартал нуль хир болчихож.


Сайхан орой байна. Дулаахан бас намуухан. Жижигхэн бас хөөрхөн байшингууд өнгөрөв. Цааш явсаар урд нь огт очиж үзээгүй байшингуудыг чиглэн явав. Хогийн савны дэргэдэх шатаар уруудав. Зүүн эргэв. Бяцхан тоглоомын талбайд хүүхдүүд пиг байлаа. Өсвөр насны охид дугуй унаж хөвгүүд сагс тоглоно. Гурван нялх биетэй эх өлгийтэй хүүхдээ салхилуулж сууна. Чанга чанга хуцсан жижигхэн цагаан хаваа энхрийлэн тэврэх дөрөв орчим насны охин дээр хүүхдүүд овоорчээ. Нүүр нүдгүй шороонд будагдсан бяцхан хүү усан буу үүрээд гүйж байна. Дүүжингийн нэг талд хоёр охин нөгөө талд ганц хүү суугаад бахархалтай мишээнэ. Яагаад ч юм тэр хавь нэг л таатай. Тэнд үлдэж ахиад бага зэрэг ажигламаар санагдав. Чимээгүй бүгдийг нь хараад л мишээгээд суув. Тэнэг харагдсан ч болно, гэхдээ тэнд угаасаа намайг хэн ч танихгүй... Гэтэл нөгөө халтайсан жаал гүйж ирээд "Эгч ээ, миний гутлыг үдээд өг" гэж хэвлүүхэн нь аргагүй хэлэв. "Чи буугаар байлдаж байж үдээсээ үдэж чаддаггүй ээ?" гэж би баруун хөлнийх нь жижигхээн гутлын нарийхан үдээсийг үдэж байхдаа асуув. "Чаддаггүй юм өө, чаддаггүй юм" гэж хэлээд тоглоомондоо яарсан бололтой "дайснуудтайгаа" хөөцөлдөөд алга болов. Би инээмсэглэсээр сандал дээрээ үлдэв.

Арван тав орчим минут тоглоомын талбайд суулаа. Замаа үргэлжлүүлэхээр тоглоомын талбайн баруун урд буланг чиглэв. Машины гарашийн цаана гарц байгаа гэж бодсон нь тэр. Хашаа хатгаж битүүлсэн байв. Ахиад аз жаргал цацруулсан тоглоомын талбайн хажуугаар өнгөрөв. Байшинг тойров, битүү гараш. Гарашин дунд төөрөв. Машин гарах газар байж л таараа тул яаж ийж нэг юм гарашны дундаас гарав. Цэцэрлэг тулж ирэв. Хашааг нь дагаад юм бодонгоо төмөр хайсанд гараа шүргүүлэн алхлаа. Яагаад ч юм би багаасаа л хашаа, хөшиг, өндөр ургасан өвс ногоонд гараа шүргэж мэдэрч алхах дуртай байсан. Өөдөөс ирж яваа залуу гайхсан шинжтэй харахыг мэдрэв. Цаашаа явав. Үргэлжилсэн байшингуудад тулав. Тэр байрны өмнө ургасан мод бараг 9 давхрын хэртэй өндөр байгааг анзаараад бахдав. Зам дээр ягаан даашинзтай халзан толгойтой охин хуванцар сагсан дээр суугаад машин болж тоглож байв, гэтэл араас нь жинхэнэ машин ирээд сигналдахад цочсондоо уйлав.

Шинэхэн гутал минь хөл холгож эхлэв. Байшингийн төгсгөлд ирэхэд хоёр сонголт байв. Ахиад үргэлжилсэн байшингуудын хажуугаар явах, төв замаар явах. Маргаашдаа шинэ нээлт үлдээхийн тулд би өнөөдөр хуучин замаа сонгов. Төв замтай нийлэв. Түрүүний тайван амгалан байдал ор тас алга боллоо. Гудамж дүүрэн хүн. Хөөрхөн муухай янз бүрийн царайнууд. Амьсгалж буй агаарыг минь булаацалдаж байх шиг санагдана, эсвэл би булааж байгаа мэт харна. Зөрөх зай байсаар байхад заавал биед хүрэх, дайраад өнгөрөх хүмүүс. Яагаад өдөр болгон энэ замаар явдгаа би анх удаа гайхав. Замын хажууд "Чих хамар хэл цоолж, шивээс хийнэ" гэсэн залуус сууж байна. Ямар хүн нь ч гадаа чих хамар хэлээ цоолуулаад, шивээс хийлгээд сууж байдаг юм бол гэж бодож амжив.

Миний мэдэхийн бараг ухаан орсон цагаас Москва рестораны өмнө суудаг нэг жинлүүртэй өвөө байдаг юм. Нүдэнд дулаахан царайтай, энгэртээ ахмад дайчны одонтой тэр өвөө байнга л яг тэр газраа сууж байдаг билээ. Ягаан дээлээ саарал болж гундтал өвөл зунгүй яг л тэр газраа нөгөө л жинлүүр, нөгөө л сандал, цагаан малгайтайгаа байж л байна. Заримдаа жингээ мэдсээр байж өвөөд орлого оруулмаар санагдаад зогсож үзнэ. Ямархан үр хүүхдүүдтэй хүн ингэж өтөл насандаа даарч хөрч, өлсөж ядардаг юм бол гэж өрөвдөнө. Харин сүүлийн үед тэр хавиар явах багассаныг хэлэх үү, өвөөг олж хараагүй олон сар болсон байлаа. Дотор минь гуниг төрөөд явчих нь тэр. Өчнөөн л жил хөшөө мэт сууж байгааг нь хараад дасчихсан тэр өвөө буцчихсан бол? гэж бодохоор сэтгэл нэг л хөндүүр, гудамж тэр чигээрээ хоосон болчих мэт.

Жинлүүртэй өвөөгийн гудамжинд дөхөж очтол харин өвөө хуучин тод ягаан байгаад саарал болтлоо гандаж урагдаж сэмэрсэн дээлээ ногооноор сольчихоод сандал, жинлүүр хоёроо сугандаа хавчуулаад миний өөдөөс алхаж явна. Би ядтал урд нь өвөөгийн алхаж явахыг огт хараагүй байв Яагаад ч юм амьд мэнд байгаад нь жигтэйхэн их баярлав. Энэ олон жилийн турш нэг л газар байж байдагт нь дассан хүмүүсийг хэдийгээр танихгүй ч тэдний оронзай сэтгэл дотор байдгийг мэдэв. Нэрийг нь мэдэхгүй жинлүүртэй өвөөд би хайртай юм байна лээ

Цаашлаад цемэнтэн зам дээр хулдаас дэвсээд баахан 5000-ын гутал зарж байна. Хоёр хүүхэн сонирхож нэг нь барьж нөгөө нь углаж үзнэ. Хажуугаар зөрсөн бүсгүйн анхилуун сүрчиг хамрын нэг нүхээр сэнгэнэв, харин нөгөө нүхээр 00-ын үнэр үнэртэв. Алийг нь ч үнэртэхгүйн тулд би хамраа чимхлээ. Зам дагуу суугаад зөрсөн эмэгтэй бүрийг сонжих залуугийн харц тусахыг мэдэрч эвгүйцэв. Гараа атгав. Нар шингэлээ.

Хөл бүр ч холгож эхлэв. Зам гарах гэтэл миний мэддэг хоёр ч гарцыг хайсаар битүүлсэн байлаа. Учрыг ойлгосонгүй. Баахан регги охид хөвгүүд байна. Зам гараад харих замдаа таван жилийн өмнө саваагүйтэж ороод Роригоо худалдаж авсан амьтны дэлгүүр лүү шагаймаар санагдав. Яваад орлоо. Яг л миний Роригийн сууж байсан аквариумд яг миний Рори шиг хар цагаан муужгай сууж байв. Бас л миний Рори шиг нар салхи үзэхгүй байсаар байгаад рахиттай болсон байх даа, эвий эвий гэж бодоод амьтны дэлгүүрийн эзэнд амьтдаа нар үзүүл гэж захиад гарав.

Шууд харимааргүй санагдаж багийн найзаа дуудав. Хөл холгосон ч чирээд жоохон алхав. Зайрмаг идлээ. Баахан чалчлаа. Ханасангүй ахиж идлээ, ханиалаа. Бас баахан л юм бурав. Бүрий болсон хойно гэртээ оров. Өнөөдрийн "аялалаа" ахин нэг эргэцүүлэв. Таньж мэддэг зүйлээ өөр нүдээр, өөр өнцгөөр харж шинийг нээх боломжтой байдаг юм байна. Цоо шинэ биш ч сонирхолтой байж болдог л юм байна. Маргааш харин өөр замаар харьж үзнээ. Беттигийн шүлсдсэн халтар гараар гутлаа тайлтал холгосон оромноос цус шүүрч байлаа...

7 comments:

  1. Hun buriin anzaaraad bdaggui zuilsiig uzel bodlooro ilerhiilj bdagt chin demjij ywdag shu! kk gehde 2km chin bas huurhun zaitai l yum bshde, bi neg heseg ugluu gerese garal yarsan olon humuustei hamt 50m orchim alhal ajilda orchdog shunu nugu irsen zamara gantsara alhal orchdog! hehe 50m-g ymar olon ynzar ywj uzeh bolomj bh bishde :)

    ReplyDelete
  2. Танайх өргөөгийн тийшээ байдаг юм уу? Шинэ зам шинэ адал явдалд чинь амжилт

    ReplyDelete
  3. :D Би гэдэг хүн гэр 100 айл ажил 5 шар шүү дээ.

    ReplyDelete
  4. Өчигдөр хороололд явж байгаад чиний бичсэнийг санаад чиний яриад байсан өвөөг харсан чинь ногоон дээлтэйгээ сууж байлээ ш д өвөөг харсан чинь гоё санагдсан

    ReplyDelete
  5. hulsnii joloochid amar argaar mungu oldog genuu. udurjin mashin barij hun tsaraichilj heden tugrug yaj oldgiig chi medkui l dee zarimdaa bur albatai yum shig heden yandgar yumnuud munguu uguhduu hurtul unjdiin. bid nar chne ardaa tejeeh ar gertee. chi haltuur hiij uzeegui bolhoor yu ch medkui bgaan . hol yavah hun haana bna gj tsarichlaad uluv dolov gj harj yavsaar bgaad zovhi ni hurtel dooshoo uurtuu itgelgui bolchdiin gaigui ajil olj iie gheer nas zus zaagd avdgui yum.tegheer ni hedn tugrug tsugluulaad mashin avaad haltuur hiidgiin . bid nar chne zugr mungu avdguin ta nariibn yandgar bugsiig hurgj ugsniihuu tuluu mungu avdgiin

    ReplyDelete
  6. Би ажил хийдэг. Би толгойгоо ажиллуулж, хөдөлмөр хийж, мөнгө олж, олсон мөнгөнөөсөө улсад татвар өгдөг. Харин халтуурны жолоочид тэгдэг үү? Амьдрах гэж зүтгэж байна л гэх юм. Хэн тэгээд амьдрах гэж зүтгээгүй юм бэ? Бүгд л зүтгэж байхад зовлон тоочих хэрэггүй л байх. Үнэхээр хийе гэвэл ажлаас их юм байхгүй, гол нь өөрсдийн чинь залхуугаас л болж байгаа. Биеэ зовоолгүй, өөртөө амар аргаар мөнгө олох гэж хямдхан сэг худалдаж аваад хүмүүсийг зөөсөн болж илүү мөнгө нэхдэг. Орой үдэш үнээ нэмнэ, ганц хоёроороо яваа эмэгтэйчүүдийг дээрэлхэж илүү мөнгө нэхнэ, бүр сургуульдаа хүргүүлсэн жоохон охиныг ч хүчирхийлсэн сураг дуулдсан. Халтуур хийж байгаа жолоочдыг торгодог болоод, албан ёсны таксинуудыг нь томруулаад өгвөл байдал арай л дээр байх. Дээрээс нь хотын замын түгжээ, агаарын бохирдол, бензиний үнэ нэмэгдэл бүгд л хувийн таксинаас болдог.

    ReplyDelete
  7. uug ni chamaig ih surguulia togsood amidraliig arai oor nudeer hardag bolson yum bna gedej boddog bailaa. ih surguuli togsood shuud tom hun /gedeg ni busdiig hundeldeg bolovsrol/ boloh arai boloogui l bna daa. hun burhan bish bolhoor aldaj ondog yumaa. yamar chotgor ni nadad chamaig zaagaad ogchihvdoo

    ReplyDelete