Thursday, April 7, 2011

Үл үзэгдэгчийн анхны хайр (2-р хэсэг)




...Араас нь явах эсэхээ би шийдэж ядан бодлогошроход хөл минь өөрийн эрхгүй түүнийг даган гэлдрэв. Тэр миний бусад гоо үзэсгэлэнгүүдээс ч онцгой байлаа. Анх удаа би түүний нэрийг сонирхлоо. Толгойд ямар ч санаа байсангүй. Дива! Яг зөв, түүнийг би Дива гэж нэрийдэх болно. Тэр энэ нэрийг сонссон бол яах байсан бол? Дива юу хийдэг бол? “Мастер Маргарита хоёр”-ыг уншдаг гэхээр тэр нилээн мөрөөдөмтгий, төсөөллийн ертөнцдөө амьдарлдаг, романтик нэгэн бололтой. Нээрээ Маргарита хар цувтай, шар цэцэг барьж яваад Мастерын анхаарлыг татдаг шүү дээ. Харин Дива час улаан даашинзаараа эрхгүй ялгарлаа. Тэр Маргарита Мастерыг онцолдог шиг надад дурлах болов уу? Үгүй ядаж надтай танилцах болов уу?


-Энэ чинь юу болж байна вэ? Би хэзээ гоо үзэсгэлэнтэй танилцаж байсан юм бэ? Надад хүн биш гоо үзэсгэлэн чухал. Санаж байна уу? Гэсэн ч анх удаа Дивагийн гадаад үзэмжнээс илүү ямар жимстэй зайрмаганд дуртай, ямар ажил эрхэлдэг, ямар үнэртэй ванны хөөсөнд дуртай бол гэх зэрэг асуултууд толгойд минь эргэлдээд болдоггүй. Урд нь бас нэг гоо үзэсгэлэнг өөр өнгөөр харж байсан удаатай. 16,17-гоос илүү наслаагүй өндөр охин байж билээ. Царай нь онц биш, гэхдээ маш сайхан бие галбиртай. Биеэ авч яваа байдал нь танхайдуу. Тэгээд би түүнийг бас төсөөлөлдөө хадгалах гэж дагасан юм. Залуухан охины амьдралын хэв маягийг сонирхож эхлэтэл тэр нэг өдрийн дотор хоёр ч залуутай тусгайлан уулзаж, би ч түүний хувийн амьдралыг бодохоос огиудас хүрсэн. Тэгээд би түүнийг төсөөллийн гоо үзэсгэлэн хэвээр нь үлдээхээр шийдсэн юм. Харин дараа нь түүнийг дөнгөж 14-хөн настай байсныг мэдсэн дээ.

Дива урдхан талд минь алхаж явна. Өндөр өсгийт дээр төрсөн юм шиг эвлэг, яг л нэг шугаман дээр хөлөө тавина. Туранхай боловч булчинлаг шилбэ нь нарны туяанд гялалзана. Дээхэн талд намирах хонхон хэлбэрт хормойн доороос гуя нь хальт үзэгдэнэ. Салхи өөдөөс үлээж байгаа нь аз болж. Дивагийн сайхан үнэрийг би согтотлоо шунахайран үнэрлэнэ. Ямар ч ариухан, ямар ч нандин юм бэ дээ? Хөвсгөр үс нарийхан хүзүүг нь халхлана. Би тэр үсэнд хүрч үзэхийг хүсэв. Зөөлөн торгомсог үсний ширхгүүд хуруун завсраар урсаж байна гэж төсөөлөв. Хурууны өндөг үсэнд зүсэгдэв. Хамгийн амттай өвдөлт гэж тэр л байх. Гараа харлаа, ямар ч шарх алга. Байгаагүйд нь харамсав.

Би Дивагаас арваадхан алхмын хойно явна. Хүмүүс түүнийг онцлохоос намайг анзаарахгүй. Би Үл үзэгдэгч. Харин одоо бол Дивагийн үл үзэгдэгч сүүдэр. Намайг дагаж байгааг тэр мэдсэн болов уу? Аль нь ч байсан тэр өнөөдөр над руу хоёр ч удаа инээмсэглэсэн. Өөр ямар ч гоо үзэсгэлэн инээмсэглэх нь байтугай нүдний булангаар харж байсангүй. Түүний ад шидийн алхаа гишгээ бие царайнд нь уу, аль эсвэл гунигтай инээмсэглэлд ховсдуулчихсан юм уу мэдэхгүй, ямартаа ч бүтэн өдөржин Диваг дагалаа. Дива шуудангаар захиа илгээж, оёдолчны газар хувцас захиалж бас цэцгийн дэлгүүрийн цагаан сараана цэцэг үнэртэж, гоёл чимэглэлийн дэлгүүрээр дайрав. Харин тэр одоо нэг ресторан руу орчихсон байна. Шууд гал тогоо рүү зүглэн, тогоочтой ярилцаж эхлэв. Би түүнийг харуулдан нэг буланд сууж байна.

Би яагаад ч юм өөрийгөө Диватай хамт нөгөө том цонхны дэргэд кофе ууж байгаагаар төсөөлөв. Бас өөрийнхөө зохиож зөвхөн өөртөө л ярьж өгдөг онигоонуудыг түүнд ярьж өглөө. Хэдийгээр миний онигоо инээдтэй биш боловч тэр тас тасхийн инээнэ. Түүний дуу хоолой сүмийн найрал дуучидтай төсгүй. Гэвч ямар ч хөг аялгуунаас илүү уянгалаг. Түүний яриаг сонсон суухдаа би өөрийн эрхгүй нүдээ анив. Чихэнд минь симфони сонсогдох шиг... Чи л цуцахгүй бол чиний яриаг сонсон суухад надад цаг хугацаа сонин биш. Нүдээ нээгээд харвал би ганцаараа харанхуй буланд сууж байв.

Дива тогоочтой яриагаа дуусгасан бололтой. Ресторанаас гарч одов. Гадаа нар шингэж байлаа. Би түүнийг даган алхахад түүний сүүдэр миний урдхан талд харагдана. Би түүний сүүдэр дээр гишгэж булингартуулчихгүйг хичээнэ. Харин ч түүний сүүдэр дээр төсөөллөөрөө нүд, хамар амыг нь байрлуулан тоглож явав. Бодолд минь Дивагийн уруул эргэлдэнэ. Тэр уруулыг хурууныхаа үзүүрээр ч болов мэдрэхсэн. Миний гоо үзэсгэлэнгүүдийн нэг нь түүнээс зузаан уруултай байсаан. 40 орчим насны нүд дүүрэн махлаг сайхан эмэгтэй байсан юм. Тун ч уярам зөөлөн харцтай, сэтгэл сайтайг нь хэн ч хараад мэдэх тэр эмэгтэйн гоо үзэсгэлэнг би бас л төсөөлөлдөө мөнхрүүлж билээ.

Харуй бүрий болж, тэнгэрт ганц хоёр од гийж эхлэлээ. Дива явсаар хүн сийрэг гудамжийг зүглэв. Өөд өөдөөс харсан орцноос өөр юмгүй хоёр байшингийн хоорондох нарийхан гудмаар өгсөж яваа Дива. Араас нь зориггүйхэн дагах би, түүнтэй эвтэйхэн ярилцах шалтаг хайсаар. Би түүнтэй гэрлэхийг хүсэж байна. Цагаан даашинз, гивлүүртэй Дива ямар үзэсгэлэнтэй харагдаж байна гээч? Түүнтэй хамт жижигхэн орон сууцанд амьдарч, амьдралдаа хэзээ ч тэжээе гэж бодож байгаагүй, нохой авна. Ретривер үүлдрийн нохой байвал зүгээр юм уу? Тэгээд нохойгоо Голди гэж нэрлэнэ. Дивагийн нохойг би хэзээ ч зодохгүй. Тэгээд яваандаа хөөрхөн хүүхдүүдтэй болно. Анхны хүүхэд маань ямар хүүхэд байх бол? Диватай адилхан охин байвал хөөрхөн юм уу? Би тэгээд Дива баярлалаа гэж хэлнэ. Өө нээрээ жинхэнэ нэр нь биш шүү дээ,тэр үед жинхэнэ нэрээр нь дуудах байх л даа.

Би түүнтэй үг солихоор шийдэн зориглон алхлаа. Гэтэл тэр намайг цочтол огцом эргэж, харцаараа цоргитол ширтэв. Бид хоёр хэн хэн нь үг дуугарсангүй. Ширтэлцээд хичнээн хугацаа өнгөрснийг би сайн мэдсэнгүй. Цаг хугацаа баримжаалах тал дээр асуудалтай гэж дурдсан байх аа?
-Та яагаад намайг өдөржин дагасан юм бэ? гэх дуун нам гүмийг эвдэв. Миний төсөөлж байснаас ч сайхан хоолой. Чихэнд минь ахиад л симфони эгшиглэх шиг, тэр аялгууг олж сонсох гэсэндээ би өөрийн эрхгүй нүдээ анив. Гэнэт би хаана байгаагаа санан нүдээ нээтэл гайхаж, асуусан харцтай халз тулчихав. Далдирлаа. Тэр тавхан алхмын өмнө ташаагаа тулан зогсоно.

Үг хэлэх гэсэн боловч ямар нэг урт бохир хумстай, ясан гар хоолойг минь багалзуурдаж байх шиг санагдав. Өдөржин түүний хойноос гүйхэд ялгарснаас илүү их хөлс духны үрчлээ даган урсана. Өвдөг минь салгалан чичирч байгааг би мэдэрч байлаа. Дива намайг асууж шалгаасан харцаараа тамлаж хүчин мөхөсдүүлж байх шиг санагдлаа. Эцсийн эцэст Үл үзэгдэгч Диватай анх удаа үг солих нь, агуу түүхийн эхлэл ч юм бил үү? Ухаантай байх хэрэгтэй залуу минь...

Дива тэвчээртэй нь аргагүй миний хэлэх үгийг хүлээсээр. Хоолой зууралдан чихарч байснаа :
-...Симфони. Гэсэн хачин үг яагаад ч юм амнаас унаж орхив. . Эгзэгтэй агшинд, анх удаа эмэгтэй тэр тусмаа мөрөөдлийн эмэгтэйтэй ийм үгээр яриа эхлүүлсэндээ итгэж чадсангүй. Дива улам ч гайхан:
-Уучлаарай? Юу гэсэн үг вэ? Та симфони бичдэг юм уу? гээд ойртон ирэв. Түүнийг дөхөхөд сандарсан би :
-Бялуу. Гэж бүр ч утгагүй зүйлийг дуржигнуулан хэлээд, өөрөөсөө үхтлээ ичив. Доошоо харахаас өөр арга байсангүй. Би түүнийг бялуу шиг, симфони шиг гэж бодсон ч түүнд ингэж хэлээд байхдаа яахав дээ? Хараал идэг. Дива сониучирхан:
-Та нарийн боовчин юм уу? Тэгээд намайг дагасан юм уу? гэж хэлэхэд би гацаж түгдчин:
-Өндөг... гэж хэлээд бахардаж өвдөг дээрээ тусан суулаа. Очиж очиж яагаад өндөг гэж хэлснээ би одоо хүртэл мэддэггүй юм. Цэцэг, солонго, цамхаг өөр юу ч байсан бол яахав. Гэтэл өндөг байхдаа яахав дээ!

Үнэхээр амьсгаа авч чадахгүй бахардснаас гадна шившигтэй байдалд орсондоо бантаж сөхрөн суусан намайг Дива өрөвдөж, түшин босгов. Тэр намайг мэдрэлийн өвчтэй гэж бодсон нь эргэлзээгүй. Эсвэл би үнэхээр өвчтэй юм болов уу? Би Дивагийн гарыг цамцныхаа цаанаас нэвт мэдэрч байлаа. Зөөлөн булбарайг нь зүйрлүүлэх зүйл толгойд орж ирэхгүй юм. Магад дөнгөж жигнэсэн халуунаараа байгаа зөгийн балтай талх шиг. Хазаад авмаар санагдаж байсан ч биеэ барив. Харин тэр нөгөөх л байдлаар гунигтай инээмсэглэхэд нь би зориглон нүд рүү нь эгцлэн харав. Сансрын хар нүх миний бүх оюун санаа, бодол мэдрэмжийг сорчих шиг...


/Үргэлжлэнэ.../

2 comments:

  1. За тэгээд үргэлжлэл гурав дугаар хэсэгт ямар үйл явдал өрнөнө гэж таамаглаж байна вэ?

    ReplyDelete
  2. Ер нь бол тэр эмэгтэйг түүнд дурлахгүй л гэж бодож байна даа :)

    ReplyDelete