Tuesday, April 5, 2011

Үл үзэгдэгчийн анхны хайр (1-р хэсэг)




/Энэхүү өгүүллэг маань Үл үзэгдэгч залуу болон, түүний Дивад өгсөн хайр дурлалын талаар өгүүлэх болно. Нэгэнт уншиж эхлэсэн бол дуусгахыг зөвлөмөөр байна, учир нь уншиж байсан хамгийн хачин хайрын түүх чинь ч болж магадгүй. Харин залхуу нь хүрч байгаа бол ингээд орхичихсон нь дээр биз ээ/

-Дива минь, чи тэр гайтай өдөр яах гэж миний нүдэнд өртсөн юм бэ? Яах гэж урт сормууст нүдээрээ цоо ширтсэн юм бэ? Яагаад чи бүгдийн нүдийг өөртөө соронз лугаа татдаг юм? Чи тэр өдөр, тэр цагт тэр гудамжаар хөнгөхөн алхахдаа зүрхийг минь хулгайлаагүй бол хэн хэний маань хувь заяа тэс өөр байж болох байсан. Надад насан туршийн зовлон гуниг үлдээчихээд, одсонд чинь гомдож байна. Одоо би ахиж хэзээ ч хэн нэгнийг өөрийн Дива болгохгүй, ахиж хэн ч надад гоо үзэсгэлэнг мэдрүүлж чадахгүй. Тэр өдөр хэзээ юм бэ? Мэдэхгүй, би цаг хугацааны баримжаагүй...

Тэр өдөр. Үд дунд. Дөрвөн давхар хуучны байшингаар хүрээлэгдсэн талбай, тал талаас нийлсэн гудамжуудыг би адар тулсан цонхоор тольдон сууна. Нар чанх дээрээс төөнөхийн хамт халуун салхи пүнхийн үлээж амьтай голтой бүхнийг нозооруулна. Амьдрал буцалсан гудамжинд дахь хүмүүсийг би алган дээрээ тавьсан мэт ажиглана. Харин хэн ч намайг анзаарахгүй, саяхан кофе авчирсан зөөгч хүртэл цайны мөнгө авахаа мартчихсан. Гадаа тал тал тийш бэлчих хүмүүсийн шуугиан, инээлдэх хүүхдүүд, машины дуут дохионууд дотор нэвтрэхгүй. Гагцхүү асаалттай орхисон хүлээн авагчаар уянгалах жазз хөгжмийн аялгуу нам гүмийг эвдэнэ.

Хүмүүсийн амьдрал сонин. Би ухаан орсон цагаасаа гайхдаг байсан. Яагаад ээжүүд хүүхдээ хайрладгийг, хоёр хүн гар барьж танилцдагийг, хэн нэгэнтэй нөхөрлөх гэж хүсдэгийг... Миний ойлгохгүй их олон зүйл байдаг. Хууль дүрэм, ёс суртахуунд дуртай хүн нэг ч байхгүй. Гэхдээ хэн ч түүнийг зөрчдөггүй. Өнөөдөр. Дэндүү халуун өдөр. Уг нь ийм халуунд хувцас өмсөхгүй бол хичнээн сайхан? Гэхдээ бүгд л хувцастай. Хэрэв нэг хүн нүцгэн алхахаар шийдэх юм бол хүмүүс түүнийг хүмүүс дотроос түлхэж хаяна. Хүмүүсийн нэг байхын тулд “хувцаслахаас” өөр ямар ч арга байхгүй.

Хүмүүс өөрсдийгөө ердөө л хэсэгхэн арьс, мах, яс, үс гэдгээ мэддэггүй. Дор бүрнээ том том мөрөөдөлтэй. Илүү их руу шунан тэмүүлдэг. Өөрийгөө их юманд санадаг. Бас сэтгэл хөдлөлүүд. Баярлах, гуних, догдлох, шаналах, горьдох, гутрахын аль нь ч надад хамааралгүй. Маргааш үхэх үгүйгээ ч мэдэхгүй атал мөнх амьдрах юм шиг байдаг хүмүүсийг би ойлгодоггүй. Харин, хүмүүсийн шүтэн биширдэг нэг л зүйл надад таалагддаг. Ядаж нэг зүйлээрээ хүний шинжтэй гэдгийг минь ойлгуулдаг зүйл бол гоо үзэсгэлэн.

Гоо үзэсгэлэн!!! Энэ бол хорвоо дээр оршин буй зүйлсээс хамгийн төгс нь. Надад гоо үзэсгэлэнг өмчлөх хүсэл үгүй. Надад түүний нэр, хэн байх падгүй. Хаана юу хийдэг, ямар түүхийг бүтээсэн, ирээдүйд яаж амьдрах нь надад сонин биш. Би зүгээр л сайхныг нь харж, бахдан баясах дуртай. Нүдээр харсан сайхан бүхнээ толгой дотроо ургуулан цэцэглүүлдэг. Гоо үзэсгэлэнд дөхөхөд, ойртоход, үнэртэхэд, шүргэхэд, хүрэхэд, тэврэхэд, мэдрэхэд, эзэмдэхэд ямар байхыг би төсөөлдөг. Хариултыг өөрөөсөө олно. Энэ үед би цаг хугацаа, орон зайн мэдрэмжээ алддаг.

Тэр халуун өдрийн тэр нэгэн үд дундад би тэр л кафед нөгөө л нэг кофегоо шимэн хүмүүсийг ажиглаж байсан. Харин тэр өдөр надад хараал шүгэлсэн байсныг би мэдээгүй. Гэнэт гудамжаар алхах бүх хүмүүсийн адил миний хоёр нүд замын цаана яваа чам дээр туссан. Халуунд аахилж амьсгаадан, хамаг хүч тамираа алдчихсан хүмүүсийн дунд чи дэндүү содон байсан. Ширээ дүүрэн өрсөн зоогоос түрүүлж нүдэнд өртөх бялуу шиг. Хамгийн эхлээд алхаа чинь. Хөгжмийн аянд бүжиглэж байгаа мэт хөнгөнөөр цээжээ үл ялиг урагш түрэн алхахад мөр чинь чичирхийлж, нуруу дагах хар хүрэн үс хөвс хөвсхийн намирна. Тэр сайхан бүсгүй байлаа. Мэдээж төгс биш. Өө хайсан хүнд жижиг хөхтэй, бас бага зэрэг цодгор гэдэстэй. Гэхдээ тэр чөтгөрийн гэмээр өөртөө итгэлтэй. Алхаа, харц, биеийн хэлээрээ өөрийгөө хүмүүсийн анхаарлын төвд оруулна. Бүх хүний харааг булаах өөрт нь таатай байгаа нь илт. Тэр эрчтэй нь аргагүй алхаж байснаа түр зогтусав. Талбайн голд гар цүнхээ уудлан ямар нэг зүйл эрж эхлэв. Тэр үед нь би түүний анхааралтай гэгч нь ажиглалаа.

Цэвэрхэн зассан өтгөн хөмсгөн доороос урт сормуустай нүд өөртөө итгэлтэй гэгч талимаарна. Нас нь ойролцоогоор 25 орчим. Дундаж өндөртэй, туранхай. Зуны ид сард борлоогүй цасан цагаан арьстай. Хагас ханцуйтай, хонхон хэлбэртэй богино час улаан хилэн даашинзтай. Халуун өдөр чухал үйл явдалд зориулан өмссөн болов уу гэмээр тэр зузаан даавуун хувцсандаа огт түүртсэн шинжгүй харагдана. Хажуугаар өнгөрөх хүмүүс руу ёжтой харц чулуудан, өөрийгөө гайхуулна. Цүнхнээсээ тэр юу ч гаргасангүй. Магадгүй албаар өөрийгөө харуулах гэж тоглосон жүжгийнх нь нэг үзэгдэл байж болох юм.

Би түүнээс харцаа салгаж чадсангүй мэлрэн сууна. Яг миний хайж явсан гоо үзэсгэлэн. Гэнэт түүний толгой миний сууж буй зүг рүү эргэв. Тэгээд яг миний нүд рүү хараад үл ялиг гунигтай инээмсэглэснээ, юу ч болоогүй мэт таазаа хаялан цааш алхлаа. Бурхан минь, тэр яаж гудамжны нөгөө талын толин цонхны цаана суугаа намайг анзаарав? Би чинь Үл үзэгдэгч биз дээ? Тэр намайг ховсдчихож. Намайг гөлөрч суух хооронд тэр бараа сураггүй арилаад өгч. Би тэссэнгүй, түүнийг хайхаар хар хурдаараа гүйн гарлаа. Ахиж би түүнийг хэзээ ч харахгүй бол яана?

Гадаа тос шажигнасан хайруулын таваг шиг. Намайг энэ халуунд гүйлгэж байгаа тэр увьдист эмэгтэйг би хайсаар. Секунд тутамд цаг агаараас биш түүнийг харах горьдлого тасарч байгаагаас болж халууцан хөлс асгарч, толгой эргэн хөл гуйвлаа. Толгойгоо гудайлган урамгүйхэн буцаж эргэх агшинд нөгөө сайхан бүсгүй номын дэлгүүрээс гарч ирээд чанх өөдөөс минь чиглэн алхав. Гарт нь туузаар уяж чимэглэсэн Булгаковын “Мастер Маргарита хоёр” харагдана. Гайхалтай сонголт. Яг л кино хальсаар үзэж байгаа мэт би түүний хөдөлгөөн бүрийг удаашруулан харна. Хөшин зогссон миний хажуугаар зөрөхдөө тэр бас л түрүүчийн адил гунигтай инээмсэглэлээ. Би түүний үнэрийг мэдрэв. Золтой л өмдөндөө дусаачихсангүй...

/Үргэлжлэнэ.../

9 comments:

  1. Анзаараад байхад хүмүүс ер нь юм унших дургүй, урт юм уншихаас залхуурдаг болсон юм шиг байна лээ. Тэгээд Үл үзэгдэгчийн хайрын түүх маань нилээн урт болохоор хоёр хувааж тавихаар шийдлээ.Бас зурагны Дива, Үл үзэгдэгч хоёрыг би зурсан шүү ккк. Гудамж байгууламж зурж чаддаггүй болохоор эвлүүлчихсэн

    ReplyDelete
  2. Харин ч чиний бичлэгүүдийг бүтнээр нь унших үр дүнг нь мэдэх сайхан байдаг аа. Яг л чиний бичиж байсан шиг анхнаасаа унших хүний хандлага сэтгэл өөр байна аа. Хэн нэгэн уншихгүй бол юм бичих хэрэггүй мэт санагдах боловч хэн нэгэн бичихгүй бол хэн ч уншихгүй нь хамгийн чухал. Тийм болхоор бичээд бай урт байсан ч оруулаад байгаарай дуртайяа уншина. Амжилт ;)

    ReplyDelete
  3. Аан тийм чиний бичиж байсан өгүүллэг дээр гардаг шиг гэж хэлэх гэж байсан шүү. Дутуу бичсэн байна. Энэ өгүүллэг их таалагдлаа үргэлжлэлийг нь хурдан оруулаарай.

    ReplyDelete
  4. urgeljleliig n hezee tawih ve? sonirhol tatchihlaa.

    ReplyDelete
  5. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  6. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  7. Хахаха юу юу яасан яасан гэнэ үү? Амаа ангайтал авч байхым даа...

    ReplyDelete
  8. Haruul iig hen gedgii n meddeg bol hunusee Setgel medreliin emnelegt hevtuulbel yasiin? LMAO

    ReplyDelete
  9. Наад чинь харин тоглоом ч үгүй нэг ийм аймар хүн яваад байгаамаа. Таньж мэдэх ч үгүйн байж хайртай дуртай, уулзъя учрая гээд нилээн удаан айлгаж байгаам. Би царайг нь хараагүй л дээ. Утас, мейл нтрээр л баахан юм бичээд байдгийн. Энэ маягаараа намайг заналхийлээд зовоогоод байвал ажлын газар, нэр усыг нь нийтэд зарлахаас даа.

    ReplyDelete