Sunday, July 18, 2010

Юу ч асуулгүй инээгээд угтана


-Тэр минь надаас яваад хичнээн ч хугацаа өнгөрсөн юм бэ дээ? Мэдэхгүй. Зүрхэнд минь он цагийн, хүлээлтийн гүн урчлээсүүд суусаар л... Намайг гаднаас хараад сэтгэл дотор минь нуугдаж буй тэр их зовлон шаналалыг мэдэх аргагүй. Би инээж хөхрөөд дуу аялж цэцэгсээ тариад л, хийдэг бүхнээ хийгээд энгийн амьдралаараа амьдарсаар. Гэрийхэн маань ч надад хичнээн хэцүү байгааг анзаардаггүй. Бүтэн өдөржин дотроо шаналан гаднаа хүчээр инээж явдаг ч, орой болоход хөнжилдөө шургаад түүнийхээ хөлсний үнэр шингэсэн цамцыг тэвэрч ганцаардлаасаа болоод нүдээ хавдтал уйлна даа. Харин маргааш нь ахиад л там шиг өдөр эхлэнэ. Энэ өдрүүдийн тоо алдарчээ.

Толгойгоор дүүрэн эргэлзээ. Хайрт минь буцаж ирэхгүй тэр чигтээ явчихсан бол яана гэсэн айдас намайг эзэмддэг. Тэгээд “Үгүй ээ, тэр минь буцаж ирэх байлгүй дээ, үгүй бүр заавал ирнэ” гэж өөртөө итгүүлнэ. Тэгээд өөртэйгөө ярилцана. Үдэш бүр өөртөө зориулан давтан хэлдэг эдгээр үгсээ тэр эгээтэй л Библийн судар уншиж байгаа мэт цээжээр хэлдэг болжээ.

-Хэрвээ тэр минь эргээд ирэх юм бол би юу ч асуулгүй инээмсэглэл цацруулан угтана. Тэгээд түүнийгээ тэвэрч зогсоод духан дээрээ үнсүүлнэ. Хэрвээ над дээр буцаад ирэх л юм бол би уйлж унжихгүй, хаагуур юу хийж явсныг нь ч шалгаахгүй зүгээр л уруул дээр нь удаан гэгч нь үнсээд гарыг нь атгана. Буцаад ирэхэд нь би ахиж алга болохгүй гэж амлахыг шаардахгүй, байхгүйд нь хичнээн уйлж шаналснаа ч хэлэхгүй. Би бүгдийг нь залгичихна. Тэгээд л хайр шингээсэн харцаар тэрнийгээ энхрийлэн хараад инээмсэглэнэ.

Буцаад ирэхэд нь би нэхсэн ороолтоо зүүж өгнө, гэхдээ байнга зүү гэж шахахгүй. Эргээд ирэхэд нь би түүндээ ямар нэг хариуцлага үүрүүлэхгүй. Би тэрнээсээ юу ч шаардахгүй, хариу нэхэхгүйгээр зүгээр л хайрлана. Яг урьдынх шигээ би чадах бүх зүйлээ түүний төлөө хийж, байгаа бүгдээ зориулна. Алс ирээдүйн тухай ч би дурсахгүй, өнөөдрөөрөө л сэтгэл ханана. Би тэрэндээ хичнээн хайртай ч, ахиж түүндээ би чамд хайртай гэж хэлж сэтгэлийг нь өвтгөхгүй. Хэлээрээ биш хийж байгаа үйлдлээрээ би түүнд мэдрүүлнэ. Буцаад над дээр ирснийхээ дараа хичнээн муухай аашилж байсан ч би түүнийг зэмлэхгүй. Бүх бурууг өөр дээрээ хүлээнэ.

Гараа гаргаад сэтгэлээ шингээн хоол хийж өгнө. Баярлалаа гэж хэлэхгүй байсан ч би гомдохгүй. Би бусад бүсгүйчүүд шиг халамж хүсч, үглэж, яншиж, уйлж, уурлаж, орилж, хорьж цагдаж элдэв янзын ааш гаргахгүй. Түүнийг өөрөөсөө түлхэх өчүүхэн зүйл ч хийхгүй. Хэрвээ би түүнийг эргээд ирвэл ганц л болзол тавина, энэ нь надаар хайрлуулах. Тэр над дээр эргэж ирдэг л юм бол түүнээс шалтгаалах бүх зүйл дууссан гэсэн үг. Харин үлдсэнийг нь би өөрөө хийнэ. Хичнээн хэцүү байсан ч, сэтгэл дотор минь нулимсаар үерлэвч би нэг ч дуслыг цалгиулалгүй тэвчинэ. Тэгээд ганцаараа үлдэх үедээ ханатлаа уйлаад тайвширчихна.

Өөртөө хайргүй хүнтэй хамт байх хэцүү ч, би тэснэ тэвчинэ. Бас чадна. Түүнийг намайг хайрлахгүй байхын аргагүй болтол нь хайрлана. Үргэлж тайван, үргэлж хүлээцтэй, үргэлж инээмсэглэж, үргэлж түүнийхээ талд байж, сэтгэлд нь гүнээс гүн шигдэнэ. Тэгээд тэр миний хайр халамжинд хүссэн хүсээгүй дасч, миний хажууд байхдаа л амар амгаланг мэдэрдэг болно. Учир нь би тэрнээс өнгөрсөн одоо ирээдүйн түм буман асуудлыг асууж шалгаадаггүй, заавал дэргэдээ уяатай юм шиг хамт байхыг шаарддаггүй, хайр нэхэж зовоодоггүй, хариуцлага нэмж ядраадаггүй мөртлөө хамгийн ихээр ойлгож, дэмждэг хайрладаг итгэлтэй хүн нь байх болно. Надаас өөр ямар ч эмэгтэй түүнд ингэж хандахгүй, над шиг эмэгтэй хэзээ ч ахиж таарахгүй гэдгийг тэр аяндаа ухаарах болно.

Зарим нэгний төсөөлж ч чадахгүй их хайраар хүн бүр түүнд атаархтал нь өчүүхэн ч хариу шаардалгүй хайрлаж, эрхлүүлнэ. Зүрхнийх нь шархыг бага багаар анагааж, урдны бүгдийг аажуухнаар ой тойноос бүрмөсөн арчиж хаяна. Цаг хугацаа хангалттай байвал илүү сайхан дурсамжуудаар түүнийхээ зүрхийг нөхнө. Бүр намайг өөрийн эрхгүй хайрлатал нь, хайрлаж суртал нь зааж өгөх болно. Дэндүү ариун, дэндүү үнэнч сэтгэлээрээ мөсөн зүрхийг ч уярч хайлтал хайрлана. Голын ус он жилийн уртад чулууг мөлийлгөдөг шиг би түүнийхээ сэтгэлд өөрийн гэсэн оронзайг үүсгээд алгуурхнаар тэр оронзайгаа томсгоно.

Би хүнд байдаг бүх л тэвчээрийг гаргаж, тууштайгаар хайрласан цагт, хэзээ нэгэн өдөр тэр миний нүдрүү эгцлэн ширтэж байгаад “Би чамдаа хайртай” гэж чин сэтгэлээсээ хэлэх өдөр ирж л таараа. Тэр үед харин миний хайрлуулах ээлж ирэх болно. Хэрвээ, хэрвээ тэр хүн эргээд ирэх л юм бол хайртай гэдэг үгийг хоёр чихээрээ сонсох энэ өдөр заавал ирэх болно... Хэрвээ тэр минь надад эргээд ирвэл би юу ч асуулгүй инээгээд угтана. Тэгээд надаар хайрлуулах нэг л болзлоо тавина...

Түүнийг үдшийн залбирлын оронд хэлэх болсоор удсан амны уншлагаа давтан үглэж байтал өрөөний хаалга зөөлөн чихран онгойж аяга ногоон цай, шахмал эм барьсан залуухан хүдэр чийрэг сайхан эр орж ирэв. Үзэсгэлэнт эр түүн рүү хайр энхрийлэл шингэсэн харцаар ширтээд халамжтай зөөлөн хоолойгоор:

-“ Эмээ минь нойрны эмээ уух цаг боллоо. Та намайг ухаан орсон цагаас л орой болгон хэзээ ч ирэхгүй хэн нэгнийг хүлээж шаналсаар ирсэн шүү дээ. Залуу халуун насандаа ирээгүй юм, одоо ч ирэхээсээ өнгөрөө биз дээ? Тэр хүн чинь аль нэг айлын мухарт таныг энэ хорвоо дээр байдаг гэдгийг ч санахгүй, ач гуч нарынхаа дунд суугаа биз ээ. Эс бөгөөс хотын захын оршуулгын газрын чулуун хөшөөн дор үүрд хэвтэж байж ч магад. Та минь нэг насаараа ингэж тарчиллаа, одоо үлдсэн жаахан хугацаагаа ч бас л ингэж үрэх юм гэж үү? Үр ач бид нараараа тойруулаад өнөөдөртөө сэтгэл ханаад сайхан амьдар л даа?” хэлэв.

Ач хүүгийнхээ сарвайсан эмийг залгиад цайгаа оочлох үед турьхан эмгэний нүдийг гомдол тунирхлын нулимс бүрхэж амандаа ийн бувтнана.

-“Тэр минь ирнэ ээ, би мэдэж байна. Тэгээд та нарын бүгдийнх нь буруу байсныг батална, тэр надад хайртай гэдгээ ухаарсан даруйдаа эргэж ирнэ. Би харин юу ч асуулгүй инээмсэглээд угтана...”

Эмгэний нүүрэнд л он цагийн, хүлээлтийн гүн үрчлээс суусан болохоос зүрх нь ширхэг ч хуниасгүй толигор хэвээрээ ажээ...

О.Агиймаа

9 comments:

  1. Ingehed chi yamar mergejiltei be? Yag zohiolch hun shig saihan bichjee... Unen soliotoi...

    ReplyDelete
  2. хэрэггүй хүнийг хүлээж, хайрлаж, надад буцаад ирнэдээ гэж хэдэн шөнө орондоо уйлсан..сэтгэлээ татж авч чаддаггүй яачихсан дурлал гэхээр ийм бдаг бна даа.."Хэрвээ, хэрвээ тэр хүн эргээд ирэх л юм бол хайртай гэдэг үгийг хоёр чихээрээ сонсох энэ өдөр заавал ирэх болно... Хэрвээ тэр минь надад эргээд ирвэл би юу ч асуулгүй инээгээд угтана. " яг л ингэж бодож блаадаа :(((

    ReplyDelete
  3. Хөөрхий эмээ. Би яг ийм эмээ болно байхаа.(9_9)

    ReplyDelete
  4. Bi yag neg huniig ingj huleedeg bsan harin odoo bol oorchlogdson minii amidraliin 6n jil dr 2 dah bolomjiig mini ugui hiisen huniig bi yasan ch ingj huleehgui hze ch uuchlahgui , yamar ch bsan ternees az jargaltai shan amidarna. Bi oortoo ingj heldeg , nad dr irsen ch bi huleej avahgui . Bardam zangaa yasan ch tavihgui !!!

    ReplyDelete
  5. Яасан олон бүсгүйчүүд ингэж шаналж байдаг бол. Би хэзээ ч өөрийгөө тэдний нэг болно гэж бодож төсөөлж байгаагүй. Үнэнч сэтгэл зүрх гэж байдаг болов уу? Хайртай хүн минь намайг хэзээ ч давж туулж чадахгүй гүн ангал уруу түлхчихээд авираад гараад ирэхийг хүсэх юм. Ангалын ирмэг надад одоохондоо харагдахгүй ч би бага багаар авирсаар байгаа. Барьцтай хад, сул чулуу, амрах хэсэгхэн газар аль аль нь байх юм. Хэрвээ би өөртөө итгэлтэй болж, сэтгэлээ түүнээсээ, өөрийнхөө үнэнч байдлаасаа хулгайлбал энэ ангал надад тал болж харагдах ёстой юм гэж ойлгоод байгаа. Хайртай гэж амьд эс болгоноороо мэдэрч байгаа болохоор ангал чигээр нь байхад авираад гармаар санагдах юм. бартаатай бас өргөст буттай юм. Хатгуулахаараа тэсэлгүй уйлаад байх юм. Би оюун ухаанаараа өсөн том болж биологийн насаа гүйцмээр байна. Гэнэн цайлган бүхэн сайхан гэж бодож явсаар шархдаж гүйцэх юм байна. Хурдхан насаа гүйцэж ухаарч ойлгодог бас хариу үйлдэл үзүүлдэг болмоор байна.

    ReplyDelete
  6. ãàéõàëòàé èéì á¿ñã¿é÷¿¿ä îëîí áàéãààñàé. ñýòãýë õºäºë÷èõ뺺. àãóó õàéð àéí

    ReplyDelete