Saturday, July 17, 2010

Зүгээр нэг даашинз биш байгаасай


Роза нэгэн залууд өөрийгөө хянах чадваргүй болтол сэтгэл алдарчээ. Тэр урд нь хэн нэгэнд ингэж солиортлоо дурлаж байсангүй. Зөвхөн түүний төлөө зүрхээ сугалж гаргаад гоёмсог хайрцаганд хийж чамин туузаар ороогоод бэлэглэхэд ч бэлэн. Түүний эмэгтэй хүний нэр төр, бардам зан ч шалдаа буужээ. Залууг өөрийн болгохын төлөө тэр юуг ч золиослоход бэлхэн байлаа. Амь амьдралаа хүртэл шүү! Гэхдээ Роза түүнд биш өөртөө эргэлзэн шаналж сууна…

Роза эмэгтэй хүн л юм болохоор дэлгүүр хэсч худалдаа хийх их дуртай. Хадаасан өсгийт дээр хөлөө чилтэл өдөржин гунхах амар биш ч дэлгүүр хэсч хүссэн зүйлээ авах нь түүнийг эрч хүчээр сэлбэдэг. Өвөл болох дөхөж хавар намрын хувцас нимгэдэж эхлэх болсон үед Роза яаралтай шаардлагатай зузаан гутал, үстэй куртка худалдаж авах зорилгоор дэлгүүр явлаа. Харин дэлгүүрт ороод яах гэж ирсэн зорилгоо мартан тод өнгөтэй, хөнгөн намирсан гоёмсог даашинзнуудад л нүдээ унаган амаа ангайн зогсоно. Роза даашинзанд үнэхээр дуртай. Түүний шүүгээнд нилээн хэдэн даашинзны цуглуулга байдаг. Даавуун материалтай даруухан загвартай, торгомсог гоёлын, нэвт гэрэлтдэг секси, урт, богино, мөртэй мөргүй, дэрвэгэр бариу гээд л олон даашинзтай. Найзууд нь даашинзны хэрэг гарвал Розын шүүгээг онгичиход ер нь бол санаанд тохирсон нэг юм олоод л буцдаг.

Харин Роза намаржин, өвөлжин, хаваржин зөвхөн даашинз л худалдаж авдаг. Дэлгүүрийн манеканд өмсгөсөн гоёмсог даашинзыг худалдаад авчихвал туйлын зорилго нь ханах мэт, тэр даашинзаа өмсөөд гудамжаар явахад хамгийн үзэсгэлэнтэй, өөртөө итгэлтэй бардам байх юм шиг санагдана. Тэгээд л таалагдсан даашинзаа авах гэж бүсээ чангалж хоолоо сойж эхлэнэ. Даашинзаа өөрийн болгож л байвал чихэлдэж шахалдсан нийтийн тээврээр өдөр бүр явах юу ч биш. Санаандаа орсноо заавал биелүүлж байж салдаг болохоор тэр. Тэгээд мөнгө олох л юм бол гүйж очоод даашинзаа авах нь тэр. Юун өдөн куртка, өвлийн гутал. Даашинзаа л авчихвал өвлийн хүйтэнд ч өмсөөд явмаар санагдаж хурдан зун болохыг хүлээж урин дулааны цагт шинэхэн даашинзаа өмсч бусдын харцыг булааж явмаар санагдана.

Харин хүсэн хүлээсэн зун цаг нь болоход Роза өнөөх зовж, зүтгэж байж худалдаж авсан гоё даашинзнуудаа огт өмсдөггүй. Хичнээн хичээсэн ч тэр хүсдэггүй. Энэн дээр ч тохирох гутал шаахай алга, тэр даашинзыг өмсөх гэхээр хэтэрхий содон болчих гээд байна гэж шалтаглаад биед дасал болсон нөгөө л ноосон хүрэм, жинсэн өмд, илгэн шаахайгаа өмсөнө. Харин хайртай даашинзнууд нь шүүгээн дотроо нүд мялаагаад өлгөөстэй байж байх л Розад тааламжтай мэдрэмж төрүүлнэ. Заримдаа гэртээ өмсч толины урдуур дэмий хэд эргэлдэж өөртөө сэтгэл хангалуун гэгч нь инээмсэглээд өлгүүрт нь тохож, шүүгээний мухарт “дүүжлэнэ”. Худалдаж авснаасаа хойш нэг ч өмсөлгүй өлгүүртээ цоо шинээрээ хуучирсан даашинз Розад өчнөөн бий. Даашинз бол ердөө л тэр өдөр Розын өөрийн болгох гэж шунасан, ургуулан бодох төсөөлөлд нь өөрийг нь чимдэг, өөрийг нь эмэгтэй хүн гэдгийг мэдрүүлдэг хэрэгсэл төдий.

Розад сэтгэлээ илчлэх залуус хааяа хааяахан тааралданаа. Роза хэдийгээр тэдэнд нүүр өгдөггүй ч байлгаж байх нь таатай санагддаг. Заримдаа гаргаж ирж өмсч үзээд буцаагаад өлгөдөг даашинз шиг Розыг хүссэн үед нь тэрний төлөө юу ч хийж чадахаар хүмүүс байгааг мэдрэх сайхан байдаг. Өөрөөрөө бахархдаг. Байнга уулзаж учирдаггүй ч уйтгарлаж ганцаардах үед нь хөгжөөх утасны дугаарууд түүнд бий. Тэднийг өөрөөсөө түлхдэг мөртлөө алга болчих юм бол гайхна. Өөртөө итгэх итгэл нь багасна. Тэр залуус ч бас Розын төсөөлөлд өөрийг нь чимж, сайхан эмэгтэй гэдгийг нь мэдрүүлдэг хэрэгсэл.

Роза өөрийн болгохыг хүссэн залуугаа хүсэл эсвэл шуналын аль нь болохыг мэдэхгүй. Магадгүй тэр Розын хувьд зүгээр л маш тансаг уран хийцтэй даашинз юм болов уу? Розад байдаг бусад даашинзнуудаас арай дээр үеийн загвартай, гар аргаар урласан гайхамшигтай сайхан даашинз гэж санагддаг байвал яана? Роза хүссэн бүхнээ өөрийнх болгодог сурсан зангаараа энэ даашинзыг авах л гэж улайран зүтгэж байгаа юм болов уу? Залуу нас, бардам зангаа үл хайхран зүтгэж өөрийн болгочихоод тэр нэгэн залууг өөртөө хэтэрхий дасгаж итгүүлж хайртай болгочихоод, дэндүү их хичээл зүтгэл гаргаж олж авсан тэр "даашинзаа" хэзээ ч өмсөхгүй, зүгээр л шүүгээндээ дүүжлээд орхичихвол яана вэ? Хүсэл гэж бодсон энэ бүх зүйл ердөө өөрт нь дурлаж өгөхгүй байгаа залуугийн сэтгэлийг урвуулах шунал байвал яах бол?

Роза ердөө л өөрийг нь гэдэггүй зүрхэнд нь шунасан бол, сурсан зангаараа зүрхийг нь өөрийн болгочихоод дараа нь сонирхлоо буурахаар шүүгээ рүүгээ хумхиад чихчихвэл яана гэсэн айдаст автан сууж байна. Роза төөрөлдсөөр, сэтгэлээ чагнаж чадахгүй сууна. Тэр нэгэн залуу Розын хувьд түүнийг дааруулахгүй байж чадах үстэй дотортой хүрэм үү? Энэ насандаа ганцхан удаа өмсөөд үлдсэн бүх амьдралынхаа турш нандигнан хадгалах хуримын даашинз уу? Эсвэл хэзээ ч өмсөхгүй ганган чамин даашинз нь юм болов уу гэдгийг тэр өөрөө ч сайн мэдэхгүй байна. Зүгээр нэг даашинз нь биш л байгаасай даа...

О.Агиймаа

3 comments:

  1. Надтай учирсан золгүй дурлалтай, яг одоогийн миний сэтгэл санааны байдалтай бичсэн зүйлүүд чинь яг тараад бхын..хэхэ..make me sad..

    ReplyDelete