Sunday, April 10, 2011

Ц.Хонгорзул : Сэтгэлдээ гунигт бодол шургах завсаргүй болтол өөрийгөө сайхан бүхнээр дүүргэж амьдардаг




Сониныхоо энэ удаагийн зочноор буудлагын спортын залуучуудын дэлхийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг өнгөрсөн жил эх орондоо анх удаа авчирч, монгол түмнээ баясгасан, оны шилдэг тамирчин, Олон улсын спортын мастер Цагаандалайн Хонгорзулыг урилаа. Гэхдээ энэ удаа ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн залуучуудын дэлхийн аварга цолын дор ямархан бүсгүй нуугдаж байдгийг илүү тодруулахыг хичээсэн юм. Тамирчин бүсгүйчүүд эршүүд, хатуу гэсэн нийтлэг дүр төрхтэй мэт санагддаг бол Ц.Хонгорзул харин ч эмэгтэйлэг юм. Турьхан бие, зөөлөн дуу хоолой, урт шаргал үс бас хоёр үг хэлээд инээд алдах нь түүний онцлог шинж.


-Юуны өмнө таньд энэ өдрийн мэнд хүргэе. Саяхан Австрали улсад тэмцээнд оролцоод ирсэн гэж сонссон. Ямар тэмцээнд явсан юм бэ?

-Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр Австралийн Сидней хотноо буудлагын "Дэлхийн цом"-ын аварга шалгаруулах тэмцээн болсон юм. 68 улсын 750 гаруй мэргэн бууч 15 төрлийн дасгалд цэц мэргэнээ сорьсон. Манай улсаас О.Гүндэгмаа эгч тэргүүтэй зургаан эмэгтэй, нэг эрэгтэй тамирчин оролцсон. Би анх удаа Австралид очиж үзсэн. Маш их таалагдсан.

-Ойрын үед ямар тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байна вэ?

-Одоо олимпийн эрхийн төлөөх тэмцээнүүд эхэлчихсэн байгаа. Ирэх 5-р сард АНУ-ын “Дэлхийн цом”-ын тэмцээнд Олимпийн эрх бөгөөд медалийн төлөө манай Монголын тамирчид өрсөлдөх гээд бэлтгэлээ базааж байна.

-Спортын гараагаа эхлэхээс өмнөх хүүхэд насыг тань эргэн дурсвал уншигчдад сонирхолтой байх болов уу? Багадаа, арван жилдээ ямар хүүхэд байв? Хэр дураараа, эсвэл томоотой хүүхэд байсан бэ?


-Бага байхдаа нилээн эрх дураараа хүүхэд байсан. Гэртээ усан нүдэн гүнж гэдэг хочтой, эмээ өвөөдөө эрхэлсэн хүүхэд л байсан даа. Би “Нийслэлийн гоц авъяастны 93-р сургуулийг” төгссөн. Ангидаа дуутай ч биш, даруухан ч биш нийтэч охин байсан. Одоо “ХААИС“-ийн төгсөх курсын оюутан.
Багадаа аавтайгаа үргэлж нэг тал болдог, ер нь аавын охин байсан гэж хэлж болно. Тэгээд аавыгаа дагаж сур харваж, спорт сонирхож явсаар бас л ааваараа хөтлүүлж буудлагын спортод хөл тавьж билээ. Гэхдээ эмэгтэй хүн том болох тусмаа ээжтэйгээ дотно болдог юм билээ.

-Бага байхаасаа тамирчин болно гэж боддог байсан уу? Спорттой амьдралаа холбосноос хойш таны амьдрал хэр өөрчлөгдөв?

-Спорт гэдэг хүнийг тэр чигээр нь өөрчилдөг. Сайн ч талаас, саар талаасаа ч. Тэсвэр тэвчээр, хүсэл мөрөөдөл, тэмцэх чадвар, ялж ялагдах гээд амьдралд хэрэгтэй бүх зүйлийг заадаг. Би багаасаа тамирчин болъё гэж боддоггүй байсан. Харин буудлагын спортоор хичээллэж эхлэснээс хойш спортын сайхныг бие сэтгэлээрээ мэдэрч, амьдралаа тэр чигт нь энэ л спортод зориулах хүсэл эрмэлзэл төрсөн.

-Та бол тамирчин, тэр дундаа буудлагын спортын тамирчин хүн. Тамирчдыг хүмүүс төсөөлөхдөө их эршүүд, хэвлүүхнээр төсөөлдөг. Гэтэл таныг харахад эмэгтэйлэг зөөлөн энхрийхэн юм шиг санагддаг. Та өөрөө энэ тал дээр ямар бодолтой байна вэ? Эсвэл харагдах байдлаасаа илүү хатуу чанга хүн үү?

-Баярлалаа (инээв). Бид чинь тамирчин гэдэг тодотголтой болохоос бусадтай л адилхан бүсгүй хүмүүс шүү дээ. Ихэвчлэн бэлтгэл сургуулилттай байдаг болохоор түүндээ зохицуулж хувцаслана. Тийм болохоор хүмүүст магадгүй эршүүд санагддаг байж болох. Би ер нь их зөөлөн хүн шүү дээ. Хатуу хандах үедээ хатуухан байж бас чадна.

Магадгүй тамирчин хүн энгийн эмэгтэй хүнээс бие махбодийн хувьд арай тэсвэр тэвчээртэй болсон байдаг байх л даа. Ийм байхыг ч спорт шаарддаг. Гэхдээ эмэгтэй хүн л юм чинь бидэнд зөөлөн зан чанар байлгүй яахав.
Би энгийн үедээ аль болох эмэгтэйлэг хувцаслахыг хичээдэг. Өндөр өсгийт, богинохон даашинз миний шүүгээнд зөндөө бий (инээв).

-Хичээл сургууль, бэлтгэл, тэмцээн гээд өөрт чинь чөлөөт цаг бага байдаг байх. Гэхдээ л та чинь залуухан, сайхан бүсгүй шүү дээ. Болзоонд явах, үерхэж нөхөрлөх зав танд гардаг уу? Өөрөөр хэлбэл найз залуутай юу?

-Найз залуу байгаа. Мэдээж тамирчин хүнд байнгийн бэлтгэл сургуулилт маш чухал. Тийм болохоор найз залуутайгаа кино жүжиг үзээд болзоонд явах, найз нөхөдтэйгөө уулзах зав зай маш багатай. Гэхдээ аль алийг нь зохицуулаад л авч явахыг хичээдэг. Өдөр бүр хүсэл тэмүүллийнхээ төлөө завгүй гүйх гоё шүү дээ.

-Та чамлахааргүй амжилт үзүүлж монгол улсаас анх дэлхийн залуучуудын аварга болсон. Тэр үед эх орондоо ирэхэд ямар санагдсан бэ?

-Ард түмнийхээ хүлээлгэсэн хариуцлагыг даагаад итгэлийг нь алдалгүй ирсэндээ баярлаад эх орондоо буусан даруй дотор уужирч билээ. Дараа нь юу бодогдсон гээч? Зарим хүмүүст инээдтэй сонсогдож магадгүй ч бууз л бодогдсон (инээв). Олон хоногоор явсан болохоор гэрийн хоолоо их санасан.

-Ийм хэмжээний амжилт гаргахад мэдээж гэр бүл найз нөхөд, багш дасгалжуулагчид том үүрэг гүйцэтгэж дэмсэн байх. Харин таны зүгээс ямар ямар зан чанар болоод тэсвэр хатуужил, зүтгэл шаардагдав?

-Мэдээж маш олон хүний дэмжлэг байгаа. Би “Мон-Лаа” компаний тамирчин, гавъяат дасгалжуулагч Х.Ундралбат багшийн удирдлаган дор бэлтгэлээ хийдэг. Энэ бүх хүмүүс, гэр бүл, найз нөхөд, дээрээс нь монгол түмэн маань намайг сэтгэл санаагаар дэмжиж сайн сайхныг ерөөдгийн хүчинд би өдий зэрэгтэй яваа юм шүү. Та бүхэндээ баярлалаа. Тэр бүх сайхан сэтгэлийнх нь хариуд би бүр ч их хичээл зүтгэл гаргаж шамдаж байгаа.

- Дэлхийн аварга цолтой хамт ард түмний хайр хүндэтгэл мөн маш том хариуцлага хариуцлага таны нуруун дээр ирсэн. Та аавын охин байсан бол шууд л “эх орны охин” болсон. Олны танил хүмүүсийн талаар элдэв янзын хов жив маш их гардаг ч хүмүүс таны талаар ам сайтай байж хүндэлдэг. Энэ нь мэдээж таны биеэ авч яваа байдалтай холбоотой байх. Та энэ тал дээр хэр их хичээдэг вэ?

-Маш их хичээж, хазгай гишгэхгүйг боддог. Тамирчин хүн бүр ард түмнийхээ дундаас мэндэлж ард түмний хүү, охин болдог. Тэр олон хүний итгэл, нэр төр хаа ч явсан дагаж байдаг гэдэг утгаар биеэ ямар нэг байдлаар зохисгүй авч явах учиргүй юм. Цаашдаа ч энэ том хүндэтгэлийг дааж явна гэж боддог.

-Таны санаанаас гардаггүй дурсамж?

-Хүн болгонд маш олон гоё дурсамж байдаг. Миний хувьд анхны юм болгоноос үлдсэн дурсамжууд чухал санагддаг. Тэр тусмаа спортын амжилт гаргах үе, хайртай дотно хүмүүстэйгээ хамт байсан мөч бүхнээ нандигнадаг. Сэтгэлдээ гунигтай бодол шургах завсаргүй болтол өөрийгөө сайн сайхан дурсамжаар дүүргэж амьдрахыг хичээдэг.


-Таны хамгийн том мөрөөдөл юу вэ? Хүмүүст сонирхолтой санагдах байх?

-Тамирчин хүний хамгийн том мөрөөдөл нь Олимпийн аврага болох байдаг. Энэ мөрөөдлөө биелүүлчихвэл цаана нь ахиад нэг шинэ мөрөөдөл байгаа. Түүнийг одоохондоо нууцалчихъя (инээв).

-Тэгвэл хэзээ ч биелэх боломжгүй нууцхан мөрөөдөл байдаг уу? Нууц биш бол хуваалцана уу?

-Боломжгүй зүйл гэж байдаггүй. Юм болгон л ямар нэгэн боломж, сиймхий гэрэл гэгээтэй байдаг. Тэр боломжийг ашиглачихвал мөрөөдөл заавал биелнэ гэж боддог шүү.
Харин бүр биелэх найдваргүй мөрөөдөл гэвэл далавчтай болох юм байна. Хүүхдийн гэнэн хүсэл шиг боловч энэ мөрөөдөл хүн бүрийн дотор байдаг байх аа.


-Та арван жилийн дараах өөрийгөө хэрхэн төсөөлж байна вэ?

-Юуны түрүүнд Олимпоос медал авах. Тэгээд дараа нь хувийн амьдралдаа анхаарч хурим хийж, хүүхэд төрүүлж хувийн бизнесстэй болох юмсан гэж бодож байна. Амжуулахыг л бодно доо(инээв).

-Залуу хүний хувьд өнөөгийн нийгэмд санаа зовниж явдаг асуудал бий юу?

-Хүмүүс эх болсон байгал дэлхийтэй зүй бус харьцаж байгаад эмзэглэдэг. Ашигт малтмал ухах гэж, уурхай байгуулах гээд байгалийн онгон цэвэр байдлыг дэндүү сүйтгээд байх шиг.Мэдээж улс орон байгалийн баялгаа ашиглалгүй яахав. Гэхдээ өнөөгийн Монголын байдал эцэг эх нь гэртээ байгаа талхаа айлын хүмүүст хувааж зарчихаад, олсон хэдэн төгрөгөөрөө архи уугаад, өлсөж бүлтэлзсэн хэдэн хүүхэддээ агсам тавиад байгаатай адилхан зүйл нүдэнд төсөөлөгддөг. Арай хатуу хэлж байж магадгүй ч ийм бодолтой залуус зөндөө олон байгаад итгэлтэй байна.

-Энэ талаар нийтэд хандаж юу гэж уриалмаар байна?

-Миний уриаг хүлээн авч дэмжих залуус олон ч хэрэгжүүлж чадах хүн маш цөөн байгаа нь харамсалтай. Улс төрийг өөрчилж чадахгүй юм гэхэд ядаж байгал дэлхийдээ бага ч гэсэн хүндэтгэлтэй хандая залуус аа! Гадаа ил бие засч, шүлсээ хаяхаа болъё. Наад зах нь ус, тогоо жоохон хэмнэдэг болъё!

-Бидний ярилцлага өндөрлөх цаг боллоо. Зууны мэдээ сонины уншигчдад хандаж хэлэх үгийг өөрт тань үлдээе

-Залуустаа хандаж ямар ч юмны эхлэл, үндэс ирээдүй нь залуу гэх тодотголтой байдаг. Тийм ч болохоор монгол залуус минь хаа ч явсан эх орноороо бахархаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг хичээгээрэй гэж хэлье. Монгол улсын төлөө зүтгэе!

Ярилцсан О.Агиймаа

7 comments:

  1. Зочин, сэтгүүлч аль аль нь Нийслэлийн гоц авъяастны 93-р дунд сургуулийн 11б ангийн төгсөгч бүлгээ. Ангийн анддаа амжилт бүтээл бүхнийг хүсч, олимпийн аврага болохыг ерөөе!

    ReplyDelete
  2. shan yriltslaga bolson bna.ih ogoojtei, hongorzul geh ene emegtei chuham hen yum be gdgiig olon niited taniulj chadah bh.mun ene yriltslagadaa ene onii shildeg zaluu tamirchin shagnaliig avsan, osvoriin olympiin avargatai mor zeregtsen ene shagnaliig avsan talaarh setgegdliig ni oruulsan bol humuust iluu ih medeelliig ogoh bsn bolov u.hamgiin suuliin asuult 'Etssiin ugiig tand uldeee' gsn ni evgui sonsogdoj bna.uheh gj bga hunees etssiin ugiig ni sonsoh gj bga met setgegdel torj bna.uunii orond 'yriltslagiinhaa suuliin hormiig tand uldeee' gsn bol arai oor bh bolov.gehdee ene bol minii bodol.nzaasaa amjuulaad yriltsaga avchihdag sergelen busgui shu.ta 2too amjilt.

    ReplyDelete
  3. Баярлалаа. Нээрээ тэгж өөрчилсөн нь зүгээр юм байна

    ReplyDelete
  4. Гэхдээ энэ зөвхөн миний бэлдсэн хувь нь. Эцсийн хувилбар хараахан биш. Одоо цаашаа редактортоо явуулаад, дугаар хариуцсан эрхлэгч бас засварлана. Тэгээд л хэвлэлтэнд орно. Аль болох өөлөх зүйлгүй бичдэг болчих юмсан гээд хичээж л байна

    ReplyDelete
  5. hey, sportiig uzen yaddag hun yasan bee

    ReplyDelete
  6. Тэнэг юм уу хаашаа юм? Ажил төрөл хийж байхад спорт сонирхдог сонирхдоггүй ямар хамаа байсан юм? Сурвалжлага бичих л бол хичнээн дургүй байсан ч хөлбөмбөгийн тоглолт бүхлээр нь үзэх ёстой л бол үзэх л ёстой. Би дургүй гээд ажлаа хаях юм уу? Тэгээд ч дээрээс нь Хонгорзул бол миний арван жилийн найз. Ийм амжилттай явахад нь спортод элэггүй ч баярлаж л таарна биз дээ? Эргүү дагз вэ?

    ReplyDelete
  7. goyo hellee agiimaa.keke.uneheer ta 2oroo baharhaj bn.bid chn mongol hun shuudee negneeree baharhaj negniigee demjij uram ugch yavah n zuv...93r surguuli 2007oni tugsult gdgee hend ch bardam heleh saihan...ajliin undur amjilt husii ta buhend. G

    ReplyDelete