Monday, June 21, 2010

Би тэжээвэр амьтан


Би гэрийн тэжээвэр амьтан. Яг ямар амьтнаа өөрөө мэдэхгүй. Гэхдээ ямар ч л байсан нохой муур туулай эсвэл тагтаа биш гэдгээ мэдээд байгаа юм. Өөрийн хүчээр хоолоо олж чадахгүй, бие даах чадваргүй өрөөний нэг буланг эзэгнэсэн залхуу нойрмог, энэ гэр бүлийн тэжээдэг амьтан нь. Гэр гэж нэрлэдэг дөрвөн чулуун хананы дундаас зэрлэг амьтдыг хараад бүх зүйл хөл дор нь бэлэн байгаад баярлаж заримдаа уйддаг “хоригдол” амьтан. Сүүлээ шарвалзуулж байж хоол олж иддэг шиг хааяа нүүрэн дээрээ инээмсэглэл зурж хүсэлт тавьдаг “бялдууч” амьтан. Зөв гэж бодож хийсэн зүйл минь бусдын хувьд буруу бол шийтгүүлдэг тийм л “хэлмэгдсэн” амьтан.

Би хаана хэзээ, хэний үр удам болохоо өөрөө сонгож төрөөгүй. Намайг зүгээр л төрүүлчихсэн, миний зөвшөөрөлгүйгээр. Яг л тэжээвэр амьтан эзнээ сонгодоггүй шиг. Хэн ч миний яаж амьдрах гэж хүсдэгийг асуугаагүй. Харин намайг өөрийхөөрөө амьдруулахыг хүссэн. Номхон суу, бос, хэвт гээд элдэв янзын комманд заадаг шиг... Гуниг минь зүрхнээсээ халиад нулимс болон урсахад учирыг нь ойлгоогүй хэрнээ чимээгүй болгохыг л хүссэн. Нохой хүртэл шалтгаантай хуцдаг бол би бусдад нулимсаа харуулахгүй гэж залгиж сурсан.

Би зэрлэг амьдралыг даанч мэдэхгүй. Тэнд нэг өдөр ч амьдарч чадахгүй. Нүдээ нээсэн өдрөөс эхлээд “эзэд” энэ бетонон хананы цаадах зэрлэг амьдрал бол там гэсэн сургаалиар тархийг минь угаачихсан. Диваажин энд л байгаа, араатан махчидаас нуугдах нуувч энд л байдаг. Хоргодох байрнаасаа онцын шалтгаангүй бол хамрын үзүүрээ ч цухуйлгах хэрэггүй. Харин бид тэр аюултай ой ширэнгэн дундуур амь тэмцэн туучиж идэх хоолыг чинь бэлдэж өгнө. Чиний хийх зүйл бол ердөө л мөрөөрөө томоотой байж тэжээлгэх.

Тэжээвэр амьтдыг салхилуулдаг шиг надад бас хааяа хааяахан араатан араншингаа гаргаж эрх чөлөөний үнэрийг үнэрлэж, зэрлэг амьдрал гээчийн булангаас мэрэх боломж олдоно. Амьтан л юм чинь зөнгөөрөө цоо шинэ ертөнцийн юм бүгдтэй танилцах гэж оролдоно, сонирхоно, үнэрлэж бас хүрч үзнэ.. Тэр үед “эзэд” минь “болно болохгүйн” гинжээр хүзүүнээс минь оосорлоод, чи “чадахгүй мэдэхгүйн” хошуувч углаад харьдаг.

Араатан мэдрэхүйг минь боох гэж оролдох бүрт улам ч их сэргэж өөрийгөө зэрлэг байгалийн нэг хэсэг гэдгээ мэдрэнэ. Заналхийлэх аюулгүй тухтай дулаахан “бяцхан диваажингийнхаа” нэг мухарт гэдэс цатгалан нойрмоглоод хэвтэх нь миний тавилан биш. Махчин мангасаар дүүрсэн тэр л ширэнгэн ой, цөл талд би харъяалагдаж өөрийн хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаараа амиа хадгалж бас өөрөөсөө туниа муутайг нухчин дарж амьдрах ёстойгоо улам бүр ойлгоно. Магадгүй тэнд дасахад хэцүү. Даарна, өлсөнө, ядрана, зугтана, зүдрэнэ, зовно, байгалийн шалгаралаар амьд үлдэхгүй ч байж мэднэ. Эсвэл зэрлэг амьдралд биеэ даах чадал нь хүрэхгүй эзэд дээрээ эргэн ирж нэг насаа тэжээвэр амьтан чигээр дуусгахыг хүсдэг нэг нь нь бий.

Идэж эрхлэхээс өөрийг сураагүй над шиг тэжээвэр амьтан онгон байгалд дасч чадахгүй хумхын тоос болохыг алийг тэр гэх вэ? “Эзэд” минь энэнээс айж намайг нуудаг, гинжилдэг, хорьдог байх. Хайртайдаа харамладаг байх. Гэхдээ тэр хайр миний бие даасан байдалд халдах ёсгүй. Харшилдах л юм бол би бас “эзэддээ” хичнээн хайртай ч зугтан одох болно.
Тэгээд магадгүй төрөлх инстинктээрээ байгалдаа дасан зохицоод айдаг биш айлгадаг араатан нь болчих ч юм бил үү? Тэгээд өчнөөн жил намайг тэжээсний хариу гээд хийсэн ангаа өмнө нь бардамхан тавина. Энэ надаас л шалтгаална.

Эсвэл тэр том ойд байгаа байхгүй нь мэдэгдэхгүй ходоодоо хоржигнуулаад явахыг ч байг гэхгүй. Гэхдээ тэр бол миний эрх чөлөө юм шүү дээ. Ядруухан явбал хохь нь тэр, заяа нь тийм юм. Бусдын биш өөрийн нүд, хөл, соёо, тархиар амьдарсан болохоор гомдоод ч яах билээ?
Харин би одоохондоо бол дулаахан аюулгүй өрөөнийхөө нэг өнцгийг эзэлсэн нойрмог залхуу ч зэрлэг амьдралд хөл тавихыг яарч буй энэ гэрийн тэжээвэр амьтан...


О.Агиймаа

No comments:

Post a Comment