Monday, June 21, 2010

Бид бурхны "саалийн үнээ"


/Зовлонг хийсвэр зүйл гэж өөртөө итгүүлэхийн тулд зохиосон "үлгэр"/

Бурхан бидний нулимсаар цангаж байдаг юм гэсэн. Энэлэн шаналсан хэн нэгний нулимс түүний хувьд зүйрлэшгүй тансаг сархад юм гэсэн. Тэр сархадыг хүслээрээ хүртэж хөлчүүрэх гэж бурхан хүмүүсийг үржүүлсэн юм гэсэн. Тэгээд биднийг зовлон шаналалд итгүүлж улам их нулимс урсгуулах гэж бүтээсэн хийсвэр ертөнцдөө амьдруулна. Бүх насаар нь зохион байгуулалттайгаар тамлаж шүүсийг нь шахаж, хатаж хорчийлгон дусал ч нулимс гарахгүй болгосны дараа өчиггүй заазалж гал тогоо руу шилжүүлнэ. Тэгээд там нэртэй тэр өрөөнд “бурхны тогооч” эрлэгүүд бидны сүнсийг хэрчиж, огтолж, тайрч, мөчилж, чанаж, шарж, жигнэж, хөлдөөж төрөл бүрийн амтат идээ бэлддэг юм гэсэн. Бид ердөө л бурхны “саалийн үнээ”.

Бид дор бүрнээ чухал хүмүүс, тус тусын амьдралтай, үнэт зүйлтэй. Гэвч бид л өөр хоорондоо чухал дүр эсгэн бие биенээ аргацаан амьдарцгаавч хүн болж төрсөн шалтгаан нь ердөө л бурхны идэш уушны хэрэгцээг хангах гэсэн. Бурхан харин нэгж хүнээс хураах “саалийнхаа” хэмжээг ихэсгэхийн тулд хиймэл ертөнцдөө улам дурлуулж, амьдралд бүр ч их хайртай болгох гэж эсэн бусын заль зохионо. Гэр бүл, найз нөхөд, хайр сэтгэл, ажил үйлс гэх мэтээр бидний сэтгэлийг тэр чигт нь энэ хорвоотой уяж орхино. Тэгээд биднийг үе үе санаатайгаар үнэт зүйлсээс маань салгаж бид ч мэлмэртэл уйлж бурхны сэтгэлийг тэнийлгэнэ. Энэ бүх заль мэхэнд дэндүү дасаад бурханд өгөх нулимс чинь дуусчих юм бол хөгшин, залуу, эр эм ялгалгүй “бурхны гал тогоо руу” хөөгдөнө. Бид бурхны саалийн үнээ.

Хашаанд хоригдсон хэдэн мал өвс зулгаан эргүүтэхийг ажих мэт бурхан үүлэн харшит диваажингаасаа хүмүүн төрөлхтний өчүүхэн амьдралыг харангаа зовлонгоор нь нэрсэн дарс шимж байдаг гэсэн. Тэгээд хөөрхий тэдгээр хүмүүсийн шаналлыг нэмж хувь заяаг ээдрээтүүлэх бүртээ арвин сааль авах нь гэж ёжлон инээмсэглэж байдаг гэнэ.Чи өөрийгөө юу ч гэж их юманд бодож болно. Гэхдээ бурханд бидний эрдэм мэдлэгтэй байх, гоо үзэсгэлэнтэй эсэх авъяас чадалтай эс бөгөөс арга билигтэй огтхон ч падлийгүй. Ердөө насан туршдаа түүний төлөө нулимсаа шавхан ундаллаж, эцэс сүүлд нь зоогийн ширээн дээр гоёмсог тавган дунд хэвтэх нь бидний тавилан. Чи бол ердөө л бурхны “саалийн үнээнүүдийн” нэг.

2010/06/17

О.Агиймаа

6 comments:

  1. vneheer iim bj bolomgv zvil vnen bol ee burhan men ta daanch yaawda...gaihaltai setgejee

    ReplyDelete
  2. ee l dee naadah chini burhan bish bug ym bishuu

    ReplyDelete
  3. god bless you...daraa zaw bwal orj irnee.

    ReplyDelete
  4. Амьдрал сайн сайхан зүйлсээр дүүрэн шүү дээ.Дандаа нулимс дандаа зовлон байдаггүй. Бидний зүрх сэтгэлээс гарч буй сайн сайхнаар тэр тэжээгдэж, биднийг нулимсанд биш жаргалд умбаасай л гэж хүсдэг.Тэр жаргал нь эд хөрөнгө эрх мэдэл нэр алдар шиг хуурмаг биш, сэтгэлийн амар амгалан, цэцэн мэргэнд дурласан их жаргал байгаасай гэж хүсдэг биз.

    ReplyDelete
  5. Бүсгүй минь, чи бичих авьяастай, сэтгэх чадалтай юм. Чиний хэлж байгаа үнэн. Энэ дэлхийг захирдаг тэр бурханы тухай чи бичсэн байна. Нэрийг нь anonymous бичсэн байсан. Харин бүх орчлон ертөнцийн амьд Бурхан бол чиний бичсэнээс 100% эсрэгээрээ... http://www.youtube.com/watch?v=Dv-m5D8tLAA энэ Түүний тухай дуулсан дуу байгаа. Үг бүрийг нь шүүгээд үзээрэй! Бурхан чамд өөрийн цор ганц Хүүг өгөх хүртлээ ХАЙРТАЙ.

    ReplyDelete