Monday, June 21, 2010

Савраа тат! ! !


Тамхины охь биеэсээ ханхлуулж, архины үнэр амнаасаа сэнгэнүүлсэн хоёр хөл дээрээ ч бат зогсч чадахгүй хөлчүү хүн чи надад бүү хүр! Амьд бүхнийг тээж төрүүлсэн, ариун нандин гэж үнэхээр байдаг бол түүний эхлэл омог бардам эмэгтэй хүн байна би! ! !

Дотор чинь буцлан ургах бузар хүслийг би харцнаас чинь уншиж байна. Санаархах ч хэрэггүй! ! ! Бүсгүй хүнтэй үлгэрт гардаг тохиолоор учирч, үнэн хайрын үгэнд уярч, үрээ тэврэн бүүвэйн дуу аялж, нэг насаа хамт элээх хувьтай болохоос дуудсан цагт чинь гүйж очоод дурыг чинь хангаж, тэрхэн үеийн шохоорхлыг чинь дарах албагүй бид.

Согтуу байтугай эрүүл байсан ч чамд боломж олдохгүй. Чамаас цаадах сайхан эрс гар хүрч чаддаггүй юм. Хүндлэл гэдгийг мэддэг болохоор тэр. Шувуу байсан бол үргээд нисчихмээр, зээр байсан бол хулжаад давхимаар чиний садар харц намайг байж ядуулж байна.

Нэрийг минь чи мэдэхгүй нь ямар их аз??? Агиймаа гэдэг 7 үсэгтэй үг амнаас чинь архины аагтай цуг унахыг сонссон бол би шууд маргааш гэхэд бичиг баримтаа цуглуулаад Улсын бүртгэлийн ерөнхий газрыг зорих байсан.

Сарвууныхаа үзүүрийг миний ширхэг үсэнд, хэсэгхэн арьсанд ч бүү хүргэ! ! ! Хүрсэн хэсгийг чинь яаж ч угааж цэвэрлээд арилахгүй толбо үлдчих юм шиг сэжиг төрөөд байна. Чамтай өчүүхэн л төдий шүргэлцвэл өмссөн хувцсаа би бүгдийг нь шатааж хаяна. Ямар брэндийн, хичнээн үнэтэй байсан ч хамаагүй.

Чадахгүй, үгүй! ! ! Тэвэрт чинь орох байтугай харц чинь над дээр тусахвий гэж би цэрвэж байна. Амлая, хэрвээ үхэл та хоёрын аль нэгийг сонго гэвэл би огтхон ч эргэлзэлгүй авсруу тэмүүлэх байсан. Өөрт байгаа нэр төр, гэрэл гэгээг чиний булингарт уусан шингэхийг харсанд орвол гэрэлтсэн чигээрээ байгал дэлхийдээ нэгдсэн нь дээр. Тэгээд гэрэлт бяцхан цох болоод хүсэл мөрөөдлөө шөнийн тэнгэрт ихэмсэгээр тунхагласаар байх болно.

Одоо чи өөрийг чинь хичнээн жигшиж байгааг ойлгосон уу? Бохир хумстай халтар савраа гоо сайхан, сэтгэл мэдрэмжийн эх булаг бүсгүй хүнд хүргэж түүний гэрэл гэгээ, эрх чөлөөг боомилох эрхгүйгээ мэдэв үү?

Орчлон хорвоод бүсгүй хүн үйлчлэх гэж биш хайрлуулах гэж төрдгийг ойлгосон хойноо бас халтар гараа угаасныхаа дараа эелдэг боловсноор гараа сунгадаг юм. Харин өөрийн жижигхэн мутраа дээр нь тавих эсэхээ эмэгтэй нь шийддэг юм! ! !

2010/05/11

О.Агиймаа

2 comments: